Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 562

 

                                                           

 

 

 

 

 

 

 

Л.Эод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Ч.Батбаяр,

          хохирогч В.О,

          шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар,

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/601 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Эод холбогдох ...................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л.Э, 1972 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Өрмийн мастер, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, ................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

 

Л.Э нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1362 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 20 /хорь/ цагийн албадан сургалтанд хамруулж, 14 /арван дөрөв/ хоног баривчлагдсан,

2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1473 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 20 /хорь/ цагийн албадан сургалтанд хамруулж, 14 /арван дөрөв/ хоног баривчлагдсан,

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1557 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 15 /арван тав/ цагийн албадан сургалтанд хамруулж, 7 /долоо/ хоног баривчлагдсан,

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зан үйлд нөлөөлөх 15 /арван тав/ цагийн албадан сургалтанд хамруулж, 21 /хорин нэг/ хоног баривчлагдсан буюу нийт 4 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн эхнэр В.Отэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Монгол овгийн Лхагвасүрэнгийн Л.Эыг гэр бүлийн харилцаатай хүнтэй байнга догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Л.Эыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.Эод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад 6 сарын хорих ял оногдуулсан. Би энэ ял шийтгэлдээ их гэмшиж, буруутайгаа ойлгож байна. Миний бие ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Би 2 давхар үйлчилгээний зориулалттай объект ажиллуулж, түрээсэлж амьдралаа авч явдаг. Би энэ байшин барилгадаа төвийн дулааны шугамтай холбох ажлыг 8 жил хөөцөлдсөний үр дүнд улсын төсөвт суулгаж батлуулаад одоо ажил нь эд явагдаж байгаа, чухал эгзэгтэй үе юм. Ийм ажилтай чухал үе тул миний хүсэлтийг харгалзан үзэж, хорихгүйгээр торгуулийн ял шийтгэл болгож өгөхийг хүсэж байна. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 601 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх дараах нөхцөл байдлыг үл харгалзан ял оногдуулсан байна. Үүнд:

1. Л.Эын үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон тус зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан байнга догшин авирлах шинжийг агуулахгүй байна. Өөрөөр хэлбэл, 3 болон түүнээс дээш удаа догшин авирласан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Тодруулбал, 2018 оны 08 дугаар сарын 31, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрүүдийн 1362, 1473 дугаартай шийтгэврүүдэд дурдсан “...хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан” үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй байна. Зөвхөн 2018 оны 10 дугаар сарын 10, 2018 оны 12 дугаар сарын 26-ны шийтгэврүүдээр оногдуулсан зөрчил нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгагджээ. Иймээс дээрх 2 удаагийн үйлдлийг “Байнга” гэх шинжид хамааруулах боломжгүй байх тул Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна.

2. Л.Эод Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн үйлдэлд нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1362 дугаартай шийтгэврээр, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1473 дугаартай шийтгэвэр буюу нэг зөрчилд нь давхардуулан хариуцлага тооцжээ. Ийм эргэлзээтэй баримтыг үндэслэн шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий болж чадахгүй байна.

3. Хэргийн нөхцөл байдлыг үнэлбэл, Л.Эыг архи хэрэглэсэн үед эхнэр В.О нарын хооронд таарамжгүй харилцаа байсан байна. Түүнээс Л.Эод Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах шаардлага байхгүй байна.

4. Хохирогчид ямарваа нэгэн гомдол, санал байхгүй. Л.Э нь өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа тул түүнийг ялыг хөнгөрүүлэн тэнсэн харгалзах боломжтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 601 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч В.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай 2 давхар объект төвийн дулааны шугамтай холбох ажлыг 8 жил хөөцөлдсөний үр дүнд улсын төсөвт суулгаж батлуулаад уг ажил эхлээд 80 гаруй хувьтай гүйцэтгэгдсэн байгаа. Одоо хашаа руугаа шугам татуулах төсвөө өөрсдөө төлөхөөр гэрээ хийгдсэн. Гэтэл санхүүгийн асуудал дээр гацчихаад байна. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл тусламж авах гэхээр үл хөдлөх хөрөнгө Л.Эын өмчлөлд байдаг учраас Л.Э хэрэг болоод байна. ...” гэв.

 

Прокурор Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм буруу болон хувийн байдалд тохирсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Л.Э нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1362 дугаартай шийтгэврээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35-1в тоотод өөрийн эхнэр В.Од агсам тавьж, хэл амаар доромжилж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчил гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 20 /хорь/ цагийн албадан сургалтанд хамруулж, 14 /арван дөрөв/ хоног баривчлагдсан,

2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1473 дугаартай шийтгэврээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35-1в тоотод өөрийн эхнэр В.Од агсам тавьж, хэл амаар доромжилж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчил гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 20 /хорь/ цагийн албадан сургалтанд хамруулж, 14 /арван дөрөв/ хоног баривчлагдсан,

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1557 дугаартай шийтгэврээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35-1в тоотод өөрийн эхнэр В.Од агсам тавьж, хэл амаар доромжилж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд нь халдаж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчил гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 15 /арван тав/ цагийн албадан сургалтанд хамруулж, 7 /долоо/ хоног баривчлагдсан,

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэврээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35-1в тоотод өөрийн эхнэр В.О рүү аяга шидэж, нуруу руу нь цохиж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон зөрчил гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зан үйлд нөлөөлөх 15 /арван тав/ цагийн албадан сургалтанд хамруулж, 21 /хорин нэг/ хоног баривчлагдсан буюу нийт 4 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр В.Отэй байнга догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

 

Хохирогч В.О /хх 5-8, 9-11/, гэрч В.Одгэрэл /хх 13-15/, Э.Буяндэлгэр /хх 16-18/, Л.Эрдэнэтуяа /хх 19-20/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх 34/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 35-39/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврүүд /хх 43-50/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Эын гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг гэр бүлийн харилцаатай хүнтэй байнга догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Шүүгдэгч Л.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.Эод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Шүүгдэгч Л.Э “...хорихгүйгээр торгуулийн ял шийтгэл болгож өгөхийг хүсэж байна. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар “... давхардуулан хариуцлага тооцсон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсхүл тэнсэж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий гомдол гаргажээ.

 

Хохирогч В.Оийн “...Л.Э нь сүүлийн 10 жил архи ихээр уудаг болсон, 7 хоног архи уухгүй байж байгаад архи уучихдаг. 1 архи уухаараа 7-10 хоног үргэлжилдэг. Архи уух тоолондоо агсам согтуу тавьж, янхан, банзал, гичий минь зайл гэх мэтээр хэл амаар доромжилдог. Би эхэндээ цагдаад хэлдэггүй байж байгаад сүүлдээ цагдаад дуудлага өгдөг болсон. ...Би зугтчихдаг болохоор зодуулдаггүй. ...ер нь бол намайг их харддаг. ...Ер нь архи уухаараа гэр орондоо агсам тавьж, намайг хэл амаар доромжилж, гэрийн эд зүйлсийг эвдэж хэмхэлдэг. ...” /хх 5-8, 9-11/,

гэрч В.Одгэрэлийн “...Л.Э архи уух их дуртай. Архи уух давтамж нь их ойрхон байдаг. Архи уух болгондоо агсам согтуу тавьдаг. Архи уухаараа агсам согтуу тавиад шөнөжингөө орилж, чарлаж, гэрийнхнийгээ хэл амаар доромжилж, эхнэрээ хүүхдүүдийнх нь дэргэд хэл амаар доромжилж, хэлэх хэлэхгүй муухай үгээр хэлдэг. Архи уухаараа эхнэрээ зоддог, гэрийнхээ эд зүйл, тавилгыг бүгдийг нь эвдэж сүйтгэдэг. ...Л.Э ах намайг хүүхэд байхад л архи уугаад агсам согтуу тавиад, манай эгчийг зодож нүддэг байсан. Эрүүл байхдаа хүртэл элий балай юм шиг зүйл яриад л эгчтэй хэрүүл хийдэг. ... 2-3 жилийн өмнө охин Буяндэлгэрийгээ зодоод хөх эрээн болгосон байсан. Тэгээд охиных нь сэтгэл зүйд хүртэл өөрчлөлт ороод ээж нь сэтгэл зүйчид хүртэл хандаж байж гайгүй болсон. ...” /хх 13-15/,

гэрч Э.Буяндэлгэрийн “...Манай аав архи уухаараа агсам тавьж, гэрийнхээ эд зүйлийг эдвэж хэмхэлдэг. ...Намайг бага байхаас л архи уудаг байсан. Намайг юм ойлгодог болсон хойно ч гэсэн архи их уудаг байсан. ...” /хх 16-18/ гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Э нь гэр бүлийн харилцаатай буюу эхнэр В.Отэй байнга догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогджээ.

 

Шүүгдэгч Л.Э нь 4 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар 3 удаа, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 1 удаа, нийт 4 удаа шийтгүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:”

1.1.зодсон;

1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; 

1.3.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

 

Тухайн зүйлд заасан “байнга” гэх шинжид 3 ба түүнээс дээш үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч Л.Эын хувьд, өөрийн эхнэр В.Оийг хэл амаар доромжлох, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд нь халдах зэргээр байнгын шинжтэй байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн шинжид хамаарах үйлдэл хийсэн байдал нь 3 ба түүнээс дээш болсон тохиолдолд байнга гэж үзэж, хэргийг зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэж байна.

 

Эрүүгийн болон зөрчлийн хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээний хувьд ялгаатай бөгөөд зөрчлийн хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг нь эрүүгийн хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигаас ямагт бага байх хууль зүйн ойлголтыг агуулдаг болно.

 

Дээрх хуулиудын зохицуулалт, харилцан хамаарал, агуулга болон хүний эрх, эрх чөлөө, нийгмийн харилцааг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Эрүүгийн хуулийн зорилгын үүднээс тайлбарлан авч үзвэл, зөрчлийн хэрэгт 3 ба түүнээс дээш удаа шийтгүүлсэн байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдэл хийснээр төгс үйлдэгдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

 

Иймд, шүүгдэгч Л.Эын 4 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар 3 удаа, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 1 удаа, нийт 4 удаа шийтгүүлсэн байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй гэж үзэв.

 

Монгол Улсын Үндсэн хуульд “... хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх”-аар заажээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зөрчлийн хэрэгт 3 ба түүнээс дээш удаа шийтгүүлсэн этгээд дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд шийтгэлийг давхардуулан оногдуулахгүй гэж үзвэл тухайн үйлдэлдээ дахиад Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх бөгөөд энэ зарчмаар авч үзвэл хэзээ ч түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх боломжгүй. 

 

Харин зөрчлийн хэрэгт ерөөсөө шийтгүүлж байгаагүй хүний хувьд, хэргийг шалгах явцад 3 ба түүнээс дээш удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдал тогтоогдсон тохиолдолд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх боломжтой байна.

 

Дээрх нөхцөл байдлаас үзвэл, байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийг 2 өөр байдлаар шийдвэрлэх, тухайн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн эрх зүйн байдлыг өөр өөр авч үзэх зэргээр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг хөндөхөд хүргэнэ.

 

Өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн байдалд хууль зүйн дүгнэлт өгч, зөрчлийн хэрэгт шийтгүүлсэн эсэхээс үл хамааруулан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан шинжийнх нь хүрээнд гэмт хэргийг тодорхойлж хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Эын хувьд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй байх тул тэнсэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/601 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ