Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/148

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.С, 

Орчуулагч К.Е,

Улсын яллагч Х.Ө,

Шүүгдэгч К.Өийн өмгөөлөгч Х.З, А.С, С.Н,

Шүүгдэгч Х.Еы өмгөөлөгч Я.С,

Шүүгдэгч К.Ө, Х.Е нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт  Кын Ө, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт  Хы Е нарт холбогдох эрүүгийн 201504000296 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч К.Ө: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ш овогт Кын Ө, 1984 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн С суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Г” ХХК-нд Баян-Өлгий Улаанбаатар хотын хооронд хүн тээврийн жолооч хийдэг, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ө сумын **** дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар 000.

 

  1. Шүүгдэгч Х.Е: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, А овогт Хы Е, 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Х аймгийн Б төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, БаянӨлгий аймгийн Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасгийн дарга ажилтай, цагдаагийн газрын жижүүрийн ахлах офицер, цагдаагийн ахмад цолтой, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ө сумын 6 дугаар баг, Хөх толгойн 33-3 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар 0000. 

 

Шүүгдэгч К.Ө, Х.Е нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 Шүүгдэгч К.Ө нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, захиргааны журмаар шалгагдах хугацаандаа өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун дарагдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх зорилгоор нийтийн албан тушаалтан Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч Х.Ед хээл хахуульд 800000 төгрөг өгч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт хамаарах,  Шүүгдэгч Х.Е нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч  К.Өийн ашиг сонирхлын үүднээс түүний 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр холбогдсон гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг нуун дарагдуулж,  ***** дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан өгч хээл хахуульд 800000 төгрөг авч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Шүүгдэгч К.Өийн анх өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 20-ны үед миний бие аавынхаа аксент маркийн машинтай Цагааннуураас аймгийн төв рүү явдаг зам дээр явж байхдаа дугуй хагарсны улмаас машин замын хажуу руу орж хазайж урд гуперээрээ газар мөргөж зогссон. Тэгээд цагдаа нар цагдаагийн газарт авч ирж согтуурлын зэрэг шалгасан. Би тухайн үед 2 пиво уусан байсан. Согтуурлын зэрэг хэд гарсныг санахгүй байна. ...Миний бие Улаанбаатар-Өлгий хотын хооронд зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж амьдардаг учраас эрхээ хасуулахгүй байх арга байна уу гэж Х.Еаас асуусан. Тэгээд би бодож байгаад 500.000 төгрөг авч ирж өгөхөд

Х.Е дахин нэмж 300.000 төгрөг нэмж өг гэж хэлэхээр нь 2 өдрийн дараа 300.000 төгрөг нэмж өгсөн. Намайг явж бай гэж хэлсэн.” гэх тайлбар /1-р хх-ийн 44-46-р хуудас/

  1. Шүүгдэгч К.Өийн №***** дугаартай жолооны үнэмлэхийн түүх /2-р хх-ийн 58-р хуудас/,
  2. Цагдаагийн газрын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн рапортын бүртгэлд тусгагдсанаар “Зам тээврийн осол гаргасан К.Өийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн” тухайг бүртгэсэн тэмдэглэл /2-р хх-ийн 69-71-р хуудас/,
  3. 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Ө” ХХК-ний FM-104,5  радионы зар мэдээгээр К.Ө жолооны үнэмлэх гээгдүүлсэн зар өгсөн тухай баримт /2-р хх-ийн 73-р хуудас/,
  4. 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Д телевизийн “Үгэн зар” зар мэдээгээр К.Ө жолооны үнэмлэх гээгдүүлсэн зар өгсөн тухай баримт /2-р хх-ийн 75-р хуудас/,
  5. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн К.Өт холбогдох захиргааны зөрчлийн материалыг эд мөрийн баримтаар хураан авч хадгалах тогтоол болон К.Өт захиргааны арга хэмжээ авсан №1170 дугаартай 17 хуудас материал /2-р хх-ийн 116117, 148-164-р хуудас/,
  6. Баян-Өлгий аймгийн        шүүхийн        шинжилгээний        албаны          шинжээч             эмч

Е.Бы 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаартай “...1. Иргэн С.Тын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хийлгэсэн компьютер томографын тодорхойлолтод дурьдсан С2 /Хүзүүний дугаар нугалам/ нугаламын их бие хоёр талдаа шугаман хугаралтай, ТН-1 ТН-2 /Сээрний 1 дүгээр/ нугаламын баруун хөндлөн сэртэн хугаралтай гэсэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултайгэмтэл учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 139-р хуудас/,

  1. Камерийн бичлэгт тусгагдсан дуу, дүрс бүхий бичлэгийг буулгасан диск /СD/-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. Мөн эд мөрийн баримтыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлав /4-р ХХ-ийн 84-87-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Ажлын байр албан тушаалтны тодорхойлолт /4-р ХХ-ийн 101-110-р хуудас/,
  3. Гэрч Э.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 12 дугаар сард манай цагдаагийн дэд дарга дуудаж уулзаад манай замын цагдаагийн ахлах зохицуулагч Х.Етай холбоотой өргөдөл гомдол ирсэн. Энэ талаар албаны шалгалт явуулахыг Цагдаагийн дарга чи бид хоёрт үүрэг болгосон. Тийм учраас чи Ө гэж хүнийг дуудаад тайлбар аваад авсан тайлбараа надад өгчих гэж хэлж байсан. Үүнийх нь дагуу Өийг дуудаж 1 дүгээр давхарт хэрэг бүртгэгч Ч.Ганцэцэгийн камерийн бичлэгтэй өрөөнд энэ тайлбарыг авсан юм. Ингэж тайлбар авахад орчуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Аийг оролцуулсан байгаа. К.Ө тухайн үед мэдүүлэхдээ зам тээврийн осол гаргаж дуудлагаар Х.Е гэх цагдаа ирсэн. Тэгээд жолооны эрхээ хасуулахгүйн тулд 800000 төгрөгийг Х.Ед өгсөн боловч миний жолоодох эрхийг хассан гэсэн утгатай зүйл ярьж байсан...” мэдүүлэг /4-р ХХ-ийн 88-90р хуудас/,
  4. Гэрч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед Э.А дарга намайг дуудаад нэг хүнээс тайлбар авах гэж байна. Орчуулагчаар чамайг оруулах гэж байна гэж хэлэхээр нь би оролцож К.Өийн хэлсэн ярьсан зүйлийг Э.А даргад оряуулж өгч байсан. Тэр үед Э.А дарга К.Өээс тайлбар авахдаа Цагдаагийн газрын камерийн бичлэгтэй өрөөнд тайлбарыг авч байсан. ...Би өөрийнхөө эрх, үүргийн хүрээнд К.Өийн хэлсэн ярьсан зүйлийг Э.А даргад үнэн зөвөөр нь орчуулж өгч байсныг Э.А дарга тэмдэглэлдээ тусгаад тайлбар дууссаны дараа тайлбарын тэмдэглэлийг надад өгөхөд би түүнийг нь К.Өд орчуулж өгөхөд К.Ө миний ярьсан хэлсэн зүйл үнэн зөв байна гэж хэлээд тэмдэглэл дээр гарын үсэг зурсан байгаа...” гэх мэдүүлэг /4-р ХХ-ийн 91-92-р хуудас/,
  5. Гэрч С.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....К.Ө 2015 оны 06 дугаар сарын үед надаас 2 сая төгрөг зээлж авсан нь үнэн. Би Сагсай сумын төрийн банкны салбараар дамжуулан К.Өийн хувийн дансанд 2 сая төгрөг шилжүүлсэн байсан. Автобус авах гэж байна гэж утсаар ярьж надаас гуйхаар нь би 2 сая төгрөг өгсөн нь үнэн. Тухайн үед автобус худалдаж авсан нь бас үнэн. 2015 оны 09 дүгээр сард Төрийн банкинд байдаг миний хадгаламжинд буцааж хийсэн” гэх мэдүүлэг /2-р ххийн 218-219/,
  6. Гэрч Г.Ргийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ....Тухайн үед манай нөхөр зам тээврийн осол гаргаад замын цагдаа дээр шалгагдсан. Тэгж байхдаа байцаагч Х.Е гэж хүнд 800000 төгрөг өгөөд үнэмлэхээ авчихлаа намайг явж болно гэсэн гээд надад ярьж байсан. Сагсай суманд байдаг хамаатны ахаасаа 2 сая төгрөг зээлээд тэрнээсээ өгсөн байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 221-222 дугаар хуудас/,
  7. Гэрч Г.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Миний охин С.Т 2015 оны 06-р сарын дунд үеэр байсан байх аймгийн төвд нэг залуутай /нэрийг нь мартсан байна/ хамт явж байгаад авто осолд орж биедээ гэмтэл авсан. Охин маань ослын улмаас хүзүүндээ гэмтэл авсан. Тархи, толгой нь жаахан доргисон байсан. Жолоочийн нэр нь К.Ө байсан одоо саналаа. Би тэр К.Өээс эмчилгээний зардалд 1000000 төгрөг авахаар болж тохирсон. Тэгээд энэ мөнгийг энэ цагдаагийн газрын автын байцаагч Еы өрөөнд Ө надад гардан өгсөн.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 55рх, 66-67 дугаар хуудас/,
  8. Гэрч С.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбайшинтын боомт руу явах гэж байсан унаанаасаа хоцорсон болохоор Баян-Өлгийн төвөөс Улаанбайшинтын боомт руу Ө гэдэг жолоочийг хөлсөлж авч яваад буцах замдаа Цагааннуур сумын нутаг дэвсгэрт явж байтал иргэн К.Өийн автомашины дугуй буудах шиг л болсон тэр үед би шууд цонхоор шидэгдсэнээ санаж байна. Тэгээд юу болсоноо санахгүй байна. Хэсэг хугацааны дараа жолооч К.Өтэй эмнэлэгт хүргэгдэн ирсэн байсан тухайн үед яг юу болсоныг сайн санахгүй байна. Улаанбайшинтын боомт дээр унаа хүлээж байх хугацаандаа Ө нь пиво уучих гээд өгөхөөр 0,5 грамм пиво уусан. Тухайн үед Баян-Өлгий аймагт эмчид үзүүлсэн боловч тодорхой эмчилгээ хийхгүй болохоор нь Улаанбаатар хот руу очиж “Энхжил” гэсэн хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэх хугацаанд шинжилгээ энэ тэр өгөхөд миний хүзүүний нэг сэртэн яс цуурсан ба мөн бөөр доргилттой гэж онош гарахаар нь тус эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Би шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүй. Манай байцаагч Е дүгнэлт гаргуулах энэ тэр гэж хэлээгүй, би энэ талаар сайн мэдэхгүй болохоор гаргуулаагүй. Осолд ороод дараа нь буюу 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот руу нисэх гэж байна гэхэд надад 1500000 төгрөг өгсөн. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн байцаагч Еы өрөөнд байцаалт өгөөд сууж байх хугацаанд Е нь Өийг дуудаад энэ хүний хохирол барагдуул гээд шаардахад манай аав, Е байцаагч нарын хажууд надад 1500000 төгрөг өгсөн. Мөнгө авч өгч байх үед тэмдэглэл үйлдээгүй, гарын үсэг зуруулж аваагүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 57-59 дүгээр хуудас/,
  9. Гэрч А.Есөн-Оргилийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Бугат суманд ажпаа хийж байхад манай сумын одоо хэн хэлснийг мэдэхгүй байна нэг иргэн над руу яриад Бугат сумын 2 дугаар багийн нутагт замын хажууд цагаан өнгийн машин зам тээврийн осол гаргаад унасан байна гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу би цагдаагийн газар дээр ирээд 102-т мэдэгдээд тухайн өдрийн жижүүрийн жолооч Багдаулет, замын ахлах байцаагч Х.Е нарын хамт зам тээврийн осол болсон газар луу очсон. Уг газар очиход цагаан өнгийн Верна аксент маркийн /одоо машины дугаарыг санахгүй байна/ машин замын хажуу руу унасан байдалтай байсан бөгөөд машин дотор эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан. Биднийг очиход замын хажуу руу орсон Верна аксент маркийн машиныг Маяти машинаар замын хажуугаас татаад зам дээр гаргасан байсан. Ахлах байцаагч Х.Е намайг чи наад жолоочийнхоо бичиг баримтыг аваад жолоочоо хараад зогсож бай гэсэн. Үүний дагуу би жолоочийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилэгээ, жолооны үнэмлэхийг аваад халаасандаа хийгээд жолоочийг хараад зогсож байсан. Ахлах байцаагч Х.Е машиныг нь шалгаад байсан. Жолооч нь гэх казах иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь энгийн нүдээр харахад мэдэгдэж байсан ба өөрөө архи уусан гэдгээ надад хэлсэн. Хажууд нь явсан эмэгтэйн бие нь зовиуртай байсан ба эмнэлгийн байгууллага руу хүргэж өгнө гэхэд надад гомдол байхгүй гээд эмнэлэг рүү явахгүй гэж байсан. Тэгэхэд жолооч болон эмэгтэй нар бид нарт ямар ч гомдол тэмцэл байхгүй бид нарыг явуулаач гэж гуйгаад байсан. Тэгээд тэр жолооч, эмэгтэй хоёрыг цагдаагийн машинаар цагдаагийн газар луу авч ирсэн. Цагдаагийн газар дээр жолоочийг цагдаа дээр үлдээгээд эмэгтэйг нь эмнэлэг дээр аваачиж үлдээгээд би буцаж цагдаа дээр ирээд илтгэх хуудас бичиж өгөөд сум руугаа явсан. Би К.Өийн биед байсан бүх бичиг баримтыг авчаад цагдаагийн газар дээр ирээд ахлах байцаагч Х.Ед тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээ, жолооны үнэмлэх зэргийг хүлээлгэн өгөөд илтгэх хуудас бичиж өгөөд сум руу явсан. Яг өгсөн. Тухайн үед надтай хамт өөр хүн байгаагүй. Тэр эмэгтэй зовиуртай байсан хэрнээ гомдолгүй гээд байсан. Эмч биеийг нь үзээд гэмтэлтэй байна гээд байсан. Яг ямар гэмтэл зовиурыг нь сайн мэдэхгүй байна. Эмчийн нэрийг одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан жижүүрийн эмч байсан." гэх мэдүүлгээр /3-р ххийн 63-65 дугаар хуудас/,
  10. Шүүгдэгч К.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би зам тээврийн осол гаргасан асуудалд ахлах байцаагч

Х.Ед шалгагдаж байхдаа жолооны эрхээ хасуулахгүй байх зорилгоор хээл хахуульд 800000 төгрөг өгсөн нь үнэн. 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр миний танил Ховд аймгийн Дарви суманд амьдардаг Т гэдэг эмэгтэй Улаанбайшинтын боомт руу хүргээд өг гэж гуйсан юм. Тэгээд бид 2 боомт руу очиход боомт хаасан байна. Тэгээд буцаад аймгийн төв рүү явж байхдаа замд зогсож хоёр хоёр пиво уусан. Тэгээд явж байгаад Бугат сумын нутагт явж байхад миний унаж явсан Верна аксент маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд дугуй хагараад замын хажуу руу орсон юм. Тэгээд аймгийн төв рүү ах руугаа залган машин дуудуулахад нэг маяти машин авч ирсэн тэгээд уг машин дээр Верна аксент маркийн машинаа ачаад яг хөдлөх гэж байхад замын цагдаа нар ирсэн. Нэг цагдаа нь зам дээр машинтайгаа байсан. Замын цагдаагийн байцаагч Х.Е зам тээврийн ослын талаар асууж байсан. Наана бас монгол нэртэй намхан замын цагдаа байсан. Тэр цагдаа нь надаас миний жолооны үнэмлэх, тээврийн хэрэгсэл, татварын гэрчилгээ зэргийг хурааж аваад намайг цагдаагийн машинд суулгасан. Мөн миний машинд сууж явсан Тыг суулгаад аймгийн төв рүү цагдаагийн газар луу явцгаасан. Цагдаагийн газар дээр ирээд согтолтын зэрэг тогтоох драйгер багажаар миний согтолтын зэргийг шалгаад нөгөө эмэгтэйг эмнэлэг рүү авч явсан. Маргааш нь буюу 19-ний өдөр замын цагдаагийн ахлах байцаагч Етай уулзаад би “Г” ХХК-нд жолоочоор Баян-Өлгий Улаанбаатарын чиглэлд хүн тээвэрт жолоочоор явдаг бөгөөд тухайн үед өр зээлтэй байсан учир ахлах байцаагч Х.Еы албаны өрөөнд уулзахдаа учир байдлаа хэлээд миний жолооны эрхийг битгий хасаач, миний эрхийг хасахгүй байх ямар арга байна гэж ауухад надад мөнгө өгвөл чиний жолооны эрхийг хасахгүй гэсэн тэгэхээр нь за тэгье гээд явсан. Маргааш нь 20-ны өдөр Е байцаагч дээр очоод надад 500000 төгрөг байна. Энэ мөнгийг өгье намайг зүгээр явуулаач гэж хэлээд учир байдлаа дахин хэлсэн. Тэгэхэд Е надаас 500000 төгрөг аваад энэ мөнгө чинь бага байна. Чи нэмээд 300000 төгрөг өг гэсэн. Тэгэхдээ чи жолооны үнэмлэхийг хаясан, гээсэн гэсэн зарыг аймгийн телевиз, радио, сонинд өгөөд ир гэсэн. Тэгэхээр нь би гарч яваад аймгийн РМ-104,5 радиод очин өөрийн овог нэрээ хэлээд жолооны үнэмлэхний дугаараа хэлээд хаясан гэсэн зар өгөөд 4000 төгрөг өгсөн. Зар өгсөн гэсэн баримтаа аваад цааш яваад аймгийн “Дербес” ТВ-ийн газар очиж овог нэрээ хэлээд жолооны үнэмлэхээ гээгдүүлсэн гэсэн зар өгөөд 5000 төгрөг өгсөн. Тэгээд баримтаа аваад цааш яваад аймгийн “Жана Дауир” сонины газар очин өөрийн овог нэр, жолооны үнэмлэхний дугаараа хэлж бүртгүүлэн жолооны үнэмлэхээ гээгдүүлсэн гэсэн зар өгсөн тэгээд 5000 төгрөг өгсөн. Тэгээд энэ 3-н зар өгсөн гэсэн баримтуудыг аваад Е дээр очиж өгсөн тэгэхэд за чи явж бай маргааш надтай холбоо бариарай гэсэн. Тэгээд Еы өрөөнөөс гараад мөнгө хайж явсан бөгөөд Сагсай суманд байдаг хамаатны ах болох С гэдэг хүн рүү яриад 2 сая төгрөг байвал түр зээлээч мөнгөний яаралтай хэрэг гараад байна гэж хэлсэн. С ах над руу 2 сая төгрөгийг Төрийн банкаар миний дансны дугаар луу шилжүүлснийг хүлээн авсан. Тэгээд зам тээврийн ослын хохирогч Тт 1500,000 төгрөгийг Еы өрөөнд Т болон түүний аав С нарт тоолж өгсөн. Т, С нар гарч явсаны дараа Ед 300,000 төгрөгийг өгсөн тэгэхэд Е миний жолооны үнэмлэхийг надад өгөөд за чи одоо явж болно гээд намайг явуулсан. Үүний дараа Улаанбаатар хот руу хүн тээвэр хийгээд Говь-Алтай аймагт явж байхад замын цагдаа намайг зогсоож шалгасан. Тэгэхэд таны жолооны эрх хасагдсан байна гэж надад хэлсэн. Энэ үед би замын цагдаагийн ахлах байцаагч Х.Е миний жолооны эрхийг хассан байна гэдгийг мэдсэн. Тэгээд смен жолоочоороо машинаа бариулаад наашаа явсан. Улаанбаатар хот ирээд буцаад БаянӨлгий аймаг руу очоод Х.Етай уулзах гээд уулзаж чадаагүй байж байтал Өршөөлийн хууль гараад энэ хуулиар жолооны эрхээ сэргээж байна гэхээр нь жолооны эрхээ сэргээлгэсэн юм.“ гэх мэдүүлэг /3-р хх-ийн 01-02 дугаар хуудас, 88-92 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

 

Шүүгдэгч К.Ө нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, захиргааны журмаар шалгагдах хугацаандаа өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун дарагдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх зорилгоор нийтийн албан тушаалтан Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч Х.Ед хээл хахуульд 800000 /найман зуун мянга/ төгрөг өгсөн, 

 Шүүгдэгч Х.Е нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч  К.Өийн ашиг сонирхлын үүднээс түүний 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр холбогдсон гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг нуун дарагдуулж,  ***** дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан өгч хээл хахуульд 800000 /найман зуун мянга/ төгрөг авсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтэд дурдагдсан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж байгааг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. 

            Учир нь:

  1. Шүүгдэгч К.Өээс анх тайлбар авахдаа түүнд эрх, үүргийг нь тайлбарлаагүй, хүлээх хариуцлагыг урьдчилан сануулаагүй тул тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзэхгүй.

Мөн 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтуудад нотлох баримтын төрлүүдийг нэрлэн заасан байх бөгөөд тайлбар нь үүнд хамаарахгүй байгаа тул дээрх тайлбарыг шүүх нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. 

  1. Гэрч С.Сын мэдүүлгийн эх сурвалж нь нэг бүрчлэн тогтоогдоогүй байна. Түүний мэдүүлэгт “...Автобус авах гэж байна гэж утсаар ярьж надаас гуйхаар нь би 2 сая төгрөг өгсөн нь үнэн. Тухайн үед автобус худалдаж авсан нь бас үнэн.” гэж мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч К.Ө тухайн үед үнэхээр автобус авсан уу, үгүй юу гэдгийг бусад баримтаар тогтоож гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг бүгдийг тодруулаагүй байх тул уг 2.000.000 /хоёр сая/ төргөгийг  хахуульд өгөхийн тулд зээлсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй байна. 
  2. Гэрч С.Саас 2 сая төгрөгийг зээлж аваад С.Т, Х.Е нарт өгсөн гэх асуудал нь цаг хугацааны хувьд тохирохгүй байна. Энэ нь 3 дугаар хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд шүүгдэгч К.Ө мэдүүлэхдээ “...Зам тээврийн осол 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр болсон бөгөөд 18-ны өдрөөс замын цагдаагийн ахлах байцаагч Х.Ед шалгуулсан. Тэгээд шалгуулж байхдаа буюу 18-ны өдөр 500.000 төгрөгийг эхэлж өгсөн. Дараагийн 300.000 төгрөгийг зар сонинд зар тавиад зар өгсөн баримтаа аваачиж өгөхдөө буюу 20-ны өдөр өгсөн юм.” гэжээ. Шүүгдэгч К.Ө нь 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр телевиз болон сонинд зар өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Гэтэл 3 дугаар хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд авагдсан мөрдөн байцаагчийн тэмдэглэл болон шүүгдэгч К.Өийн Төрийн банкны дипозит дансны харилцагчийн монгол хуулгаар 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч К.Өийн дансанд 2.000.000 /хоёр сая/ төгрөг орж мөн өдрөө гарсан болох нь тогтоогдож байна. Иймээс хахуульд өгсөн гэх мөнгөний эх сурвалж болох С.Саас зээлсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хахуульд өгсөн асуудал цаг хугацааны хувьд зөрүүтэй байх тул нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. 
  3. Мөн шүүгдэгч Х.Еы өрөөнд С.Тт 1.000.000 /нэг сая/ төгрөг өгсөн үү, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг өгсөн үү гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр зөрүүтэй байна. Гэрч Г.Сийн мэдүүлэгт “...Би тэр К.Өээс эмчилгээний зардалд 1000000 төгрөг авахаар болж тохирсон. Тэгээд энэ мөнгийг  цагдаагийн газрын автын байцаагч Еы өрөөнд Ө надад гардан өгсөн.” гэжээ. Гэтэл  гэрч С.Тын мэдүүлэгт “...Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн байцаагч Еы өрөөнд байцаалт өгөөд сууж байх хугацаанд Е нь Өийг дуудаад энэ хүний хохирол барагдуул гээд шаардахад манай аав, Е байцаагч нарын хажууд надад 1500000 төгрөг өгсөн.” гэжээ. Мөн С.Т нь дараа мэдүүлэхдээ “Эмчилгээнд 2.000.000 /хоёр сая/ төгрөг зарцуулсан” гэсэн байна. Иймд шүүгдэгч Х.Еы өрөөнд С.Тт хэдэн төгрөг өгсөн нь тодорхойгүй, С.Т нь эмчилгээнд зарцуулсан 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн зөрүүг К.Өээс авсан эсэхийг тодруулаагүй, С.Саас зээлсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хэрхэн зарцуулсан нь эргэлзээтэй байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй бөгөөд хахуульд дээрх 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөс өгсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. 
  4. Гэрч Г.Ргийн “...Тухайн үед манай нөхөр зам тээврийн осол гаргаад замын цагдаа дээр шалгагдсан. Тэгж байхдаа байцаагч Х.Е гэж хүнд 800000 төгрөг өгөөд үнэмлэхээ авчихлаа намайг явж болно гэсэн гээд надад ярьж байсан. Сагсай суманд байдаг хамаатны ахаасаа 2 сая төгрөг зээлээд тэрнээсээ өгсөн байсан.” гэх мэдүүлгийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Учир нь гэрч Г.Р нь шүүгдэгч К.Өийн эхнэр бөгөөд түүнээс гэрчийн мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх”-ийг нь сануулахгүйгээр мэдүүлэг авчээ. Иймээс уг мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээлэл байх тул нотлох баримтаар тооцох боломжгүй байна. 
  5. Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бы 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. Иргэн С.Тын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хийлгэсэн компьютер томографын тодорхойлолтод дурьдсан С2 /Хүзүүний дугаар нугалам/ нугаламын их бие хоёр талдаа шугаман хугаралтай, ТН-1 ТН-2 /Сээрний 1 дүгээр/ нугаламын баруун хөндлөн сэртэн хугаралтай гэсэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтэл учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  1. ЭНХЖИЛ эмнэлгийн үндсэн онош холимог хэлбэрийн мэдрэлийн сульдаа гэсэн оношоор хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ өвчин нь гэмтлийн бус архаг хууч өвчин болно.
  2. Дээрх гэмтэл нь 2015 оны 06 сарын 17-ны өдрийн зам тээврийн ослын улмаас авсан гэснийг тогтоох боломжгүй байна. Дээрх компьютер томографийн 2015 оны 06-р сарын 19-ний өдрийн их эмч Г.Лхагвасүрэнгийн тодорхойлолтод дурьдсан хугарлууд нь шинэ аль эсвэл бороолж эдгэж буй талаар тодорхой бичээгүй болохоор цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна.” гэжээ. 

Уг шинжээчийн дүгнэлтээр С.Тт учирсан гэмтэл нь 2015 оны 06 дугаарр сарын 17-ны өдрийн зам тээврийн ослын улмаас бий болсон гэдэг нь тогтоогдохгүй байхад “Х.Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон яваад зам тээврийн осол гаргаж, зорчигч С.Тын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг шалгахгүйгээр дарагдуулсан” гэж шууд дүгнэх боломжгүй байна. 

7. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан” гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. 

1992 оны Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан ...бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна” гэж заасан. Шүүгдэгч К.Өийн ***** дугаартай жолооны үнэмлэхийн түүхийн лавлагаанаас 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.Еыг “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй” гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

Дээрх байдлаас дүгнэхэд шүүгдэгч К.Ө, Х.Е нар нь энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул тэднийг энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгож, К.Ө, Х.Е нарыг цагаатгаж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Х.Е, К.Ө нарыг цагаатгасан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлгүй, Х.Е, К.Ө нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Е нь 28 хоног цагдан хоригдсон,  К.Ө нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД, бичгийн баримтаар ирүүлсэн Х.Еы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, К.Өийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг тус тус хэргийн хамт прокурорт хүргүүлж, Х.Еы өмчлөлийн “Шарп” маркийн 41 инчийн хавтгай дэлгэцтэй телевизор, “Веко” маркийн 2 хаалгатай хөргөгч зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар К.Ө, Х.Е нар нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан гэж үзвэл уг хохирлыг төлүүлэх, үр дагаварыг арилгуулахаар Цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлаж өгөх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 5, 6, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х.Е, К.Ө нарыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр тус тус цагаатгасугай. 

 

  1. Х.Е, К.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

  1. Энэ хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлгүй, Х.Е, К.Ө нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Е нь 28 хоног цагдан хоригдсон,  К.Ө нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Е, К.Ө нарт холбогдуулан үйлдсэн прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 121 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

 

  1. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД, бичгийн баримтаар ирүүлсэн Х.Еы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, К.Өийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг тус тус хэргийн хамт прокурорт хүргүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар К.Ө, Х.Е нар нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан гэж үзвэл уг хохирлыг төлүүлэх, үр дагаварыг арилгуулахаар Цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

  1. Хэрэгт Х.Еы өмчлөлийн “Шарп” маркийн 41 инчийн хавтгай дэлгэцтэй телевизор, “Веко” маркийн 2 хаалгатай хөргөгч зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.ДОРЖБАЛ