Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 47

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ,  шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Турпан овогт Амижаны Алимбек, Харахас овогт Муханы Асилбек нарт холбогдох  эрүүгийн 201621000079 дугаартай 153/2016/0050/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

            1. Монгол улсын иргэн 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казак, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал ял шийтгэлгүй, Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух ПЛ:87112511 регистрийн дугаартай Турпан овогт Амиржаны Алимбек

            2. Монгол улсын иргэн 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух ПЛ:90052519 регистрийн дугаартай Харахас овогт Муханы Асилбек

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч А.Алимбек, М.Асилбек нар нь бүлэглэн шунахайн сэдэлттэйгээр. амар хялбар аргаар мөнгө олох зорилготойгоор 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл ашиглан Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг Улаанхаргана гэх газраас хохирогч Я.Солтангалийн 6 тооны эр ямаа хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 7-9 х/

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Я.Солтангалийн өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой малаа хотлуулаад 04-ний өдөр өглөөгүүр мал тоолоход 51 толгой мал дутсан байсан. Тэгээд ойр хавиар хайж байтал оройхон 40 толгой мал хүрч ирж 11 тооны эр ямаа дутсан байсан. Манайх; малаа өдөр болгон хашаанаас гаргахдаа тоолдог юм. 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Алимбекыг Асилбөк өөрийн төрсөн ах болох Өмирбекийн гэрээс дагуулаад гадагшаа гарсан гэж Өмирбекийн эхнэр Бибитгүл надад хэлэхээр би Алимбек, Асилбек хоёрыг хайгаад аймагруу Өмирбекийн хамт хүрч ирээд Аскерхан гэх айлд тэр хоёр сууж байхаар нь шууд тулгаад асуутал бид хоёр танай ямааг хулгайлж авсан нь үнэн харин таны хохирлыг барагдуулж өгмөөр байна та бид хоёрыг уучлаарай гэж хэлсэн. Тэгээд би М.Асилбек, А.Алимбек хоёрыг хулгайлж авсаныг мэдсэн...” “...Би урд байцаалт өгөхдөө малаа сайн тоолж чадаагүй. Тухайн үед яараад тоолсон болохоор дутуу тоолсон. Тэгээд сүүлд тоолсон чинь 6 ямаа дутсан байсан. Одоо ямар нэгэн хохирол байхгүй би хохиролгүй болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-13, 76 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Өмирбекийн өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр тэднийх ямаагаа алдаад миний өөрийн төрсөн дүү болох Асилбек нагац ахын хүүхэд болох Алимбекийг манай мал хулгайлсан байх уулзана гээд аймгийн төврүү намайг аваад орж ирсэн. Тэгээд би аймгийн төврүү орж ирээд та хоёр хаана байгаа юм вэ гэж утсаар асуухад Аскерхан гэдэг айлд байна гэхээр нь Солтангал ах бид хоёр Аскерхдны гэрт очсон. Тэднийд очоод Асилбек, Алимбек хоёрыг та хоёр манай 11 тооны эрямааг хулгайлсан байна гэж хэлтэл миний төрсөн дүү М.Асилбек нагац ахын хүүхэд Алимбек нар нь бид хулгайлж авсан гэж хэлсэн. Ховд аймгийн Ховд сумын Үлаанхарганаас гэрийнхэн гадаа байсан малнаас нь авсан гэж миний хажууд хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Батдоржын өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 22 цаг өнгөрч байхад М.Асилбек, А.Алимбек болон хажуудаа 2 залуу дагуулсан. Манай гэрт эксель машинтай хүрч ирээд өөрийн малаасаа мал авч ирсэн юм гээд М.Асилбек нь надад хэлэхээр нь хэдэн төгрөгөөр зарах юм вэ гэхэд нэг ямаа нь 70.000 төгрөг гэхээр нь тухайн машины багажнаас 4 нас гүйцсэн эр ямааг 65.000 төгрөгөөр уийт 4 эр ямааг 260.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед машины багаж нь дотор 4 ямаа байсан юм. Ховд аймгийн Ховд сумын Улаанхарганаас эдгээр малыг өөрийн хотноосоо авч ирсэн юм гээд хэлэхээр нь би тухайн малыг өөрийн мал юм байна гэж бодоод итгээд худалдаж аваад махлаад зарсан юм Им тамгыг нь би огт хараагүй юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 15 х/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Чулуунжавын өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 22 цаг өнгөрч байхад М.Асилбек, А.Алимбек нар нь ямаа зарах гэсэн юмаа гэж хэлхээр нь би наадах чинь хулгайны мал мөн үү гэж хэлхэд энэ мал манай мал байгаа юм. Манайх мал ихтэй юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 х/

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг: “... ямаагаа хаана хийж байгаад барьсан газрыг заана уу гэхэд зэрэгцээ ургасан харгана, бутыг заав...” /хх-ийн 68-71 х/ зэрэг хэрэгт  цугларсан болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь  үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцадаа үйлдлээрээ санаатай хамтран оролцсон нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэг учрлын газар үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан мэдүүлэг болон гэрч М.Өмирбек /хх-14х/ М.Батдорж /хх-15х/, Р.Чулуунжав /хх-16х/ мэдүүлгүүдээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Я.Солтангали нь хохиролд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдаж, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 410.000 төгрөгийг  шүүгдэгч А.Алимбек,  М.Асилбек нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

             Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1,134.10-д зааснаар шүүгдэгч А.Алимбекийн хул зүсний морь-1, цавьдар зүсний морь-1,  шүүгдэгч М.Асилбекийн цагаан бор зүсний морь-1, хөх бор зүсний морь-1 тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Э.Нуртуганы эксель маркын 37-41ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

            Шүүхээс шүүгдэгч А.Алимбек,  М.Асилбек нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан байх тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүгдэгч нар урд нь цагдан хоригдоогүй бөгөөд урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэв.   

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296 , 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Турпан овогт Амиржаны Алимбек, Харахас овогт Муханы Асилбек нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Амиржаны Алимбек,  Муханы Асилбек нарт

 эд хөрөнгө хураахгүйгээр 03 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Амиржаны Алимбек,  Муханы Асилбек нарт оногдуулсан 03 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд тус бүрийг ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Амиржаны Алимбек,  Муханы Асилбек нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Я.Солтангали нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай

            5. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 410.000 төгрөгийг  шүүгдэгч А.Алимбек,  М.Асилбек нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1,134.10-д зааснаар шүүгдэгч А.Алимбекийн хул зүсний морь-1, цавьдар зүсний морь-1,  шшүгдэгч М.Асилбекийн цагаан бор зүсний морь-1, хөх бор зүсний морь-1 тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Э.Нуртуганы эксель маркын 37-41ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг хүчингүй болгосугай.

            7. Шүүгдэгч А.Алимбек,  М.Асилбек нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Алимбек,  М.Асилбек нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ГАНТӨГС