Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/01305

 

               Орхон аймгийн ...........-ын хэлтсийн

                  нэхэмжлэлтэй иргэний хэргийн

                  тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2021/00275 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаар магадлалтай,

Орхон аймгийн ...........-ын хэлтсийн нэхэмжлэлтэй,

ХК-д холбогдох,

Татварын өр, төлбөр 414,265,509.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайханы гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, прокурор Ш.Одонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “Э х” ХК-д холбогдуулан онцгой албан татварын өмнөх оны үлдэгдэл өр 16,404,816.60 төгрөг, сэргээгдсэн өр 281,384,900 төгрөг, нийт 297,789,716.60 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1,881,868.90 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 43,437,316.40 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 8,259,746.40 төгрөг, татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон албан татварын өр 55,290,045.50 төгрөг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 43,016 төгрөг, 2009 онд ногдуулсан 7,563,800 төгрөг, нийт 414,265,509.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч “Э х” ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1,881,868.90 төгрөг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 43,016 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 8,259,746.40 төгрөг, улсын байцаагчийн актаар тогтоогдсон албан татварын өр 55,290,045.50 төгрөгийн өрнөөс үндсэн төлбөр 39,517,347 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

3. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2021/00275 дугаар шийдвэрээр Татварын Ерөнхий хууль (2008 оны)-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 55 дугаар зүйлийн 55.1, 62 дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч “Э х” ХК-аас 353,961,629 (гурван зуун тавин гурван сая есөн зуун жаран нэг мянга зургаан зуун хорин ес) төгрөгийг гаргуулан Орхон аймгийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлээс үлдэх 52,044,134 (тавин хоёр сая дөчин дөрвөн мянга нэг зуун гучин дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч “Э х” ХК 8,259,746 (найман сая хоёр зуун тавин есөн мянга долоон зуун дөчин зургаа) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2021/00275 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Татварын Ерөнхий хууль (2008 оны)-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 55 дугаар зүйлийн 55.1, 62 дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 70.1, Татварын өршөөл үзүүлэх тухай хууль (2008 оны 02 дугаар сарын 06)-ийн 6 дугаар зүйлийн 6.1., 6.1.2-т заасныг баримтлан хариуцагч “Э х” ХК-аас 72,576,813 төгрөгийг гаргуулан Орхон аймгийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 333,428,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж (тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлт оруулж) шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021.07.19-ний өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.10.01-ний өдрийн 001/ШХТ2021/00590 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.05.27-ны өдрийн 56 дугаар магадлалыг хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль буруу хэрэглэн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

6.1. “Э х” ХК нь үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа үүсгэсэн албан татварын өр төлбөрөө эд хөрөнгө улсад шилжүүлэх замаар хаах хүсэлт гаргасны дагуу зохих шийдвэрүүд, зохих зөвшөөрлүүдийн дагуу тухайн үеийн Сангийн яам, Татварын ерөнхий газрын шийдвэрүүдээр улсад төлөх ихээхэн хэмжээний өрөө суутгуулан тооцуулж хаалгуулж байсан. Энэ үйл явц нь хууль бус үйлдэл байсныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 399 дүгээр шийдвэрээр тогтоогдож “... эрх бүхий байгууллага “Э х” ХК-ийн өр төлбөрийг нөхөн барагдуулах эрхтэй” гэж заасны дагуу Татварын ерөнхий газраас 2004 оны 321,097,300 төгрөгийн албан татварыг сэргээх тухай албан бичгүүд явуулсан бөгөөд Татварын өрийг сэргээн өр барагдуулах ажиллагааг 2014 оноос эхлэн гүйцэтгэж эхэлсэн. Тус компани нь татвараас зайлсхийх, удирдлага зохион байгуулалт, санхүүгийн тогтвортой бус байдлуудаас болж дараа дараагийн удирдлага нь Татварын хэлтэс бидэнд огт мэдэгдэж байгаагүй гэсэн тайлбаруудыг шат шатны шүүхүүдэд гаргасаар ирсэн байдаг. Гэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудаас татварын хэлтэс эрх, үүргийнхээ дагуу “Э х” ХК-д зохих ажиллагааг хийж байсныг харж болно.

6.2. Гэтэл давж заалдах шатны шүүхийн 56 дугаар магадлал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дах хэсэгт заасан “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн (2008 он) 18 дугаар зүйлийн 18.1.1 “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 55 дугаар зүйлийн 55.1 “хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамааруулна” гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн нэхэмжлэгчийн эрх ашиг цаашлаад төрийн төсөв бүрдүүлэх үйл ажиллагаанд саад учруулсан магадлал болсон.

6.3. Магадлалын хянавал хэсэгт “2013 онд сэргээгдсэн онцгой албан татварын өр” гэж бичсэн нь хэдийгээр ноцтой алдаа биш гэж дүгнэх боловч энэ нь  нэхэмжлэгчийн зүгээс харвал шүүх хэрэгт хөнгөн хандсан гэж ойлгогдохоор байна. Учир нь 2014 онд татвар төлөгчийн төлөөгүй өрийг сэргээсэн. “Э х” ХК нь холбогдох татварын албанд татвараа өөрөө тодорхойлоогүй, тайлагнаагүй, хохирол төлөхөө илэрхийлээгүй бол Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй юм гэж хууль тайлбарласан нь өөрөө ноцтой төөрөгдөл, алдаа юм. Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн (2008.02.06) 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.2-т заасныг баримтлан 333,428,950 төгрөгийг хүчингүй болгон хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

6.4. Мөн хуулийн 6.1. “2007.12.28-ны өдөр батлагдсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дараах өр, хүү, торгууль, алдангийг дор дурдсан хувиар тооцож чөлөөлнө”, 6.1.1-д “2006.12.31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008.01.01-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь...” гэж тодорхой заасан байхад шүүх хууль буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн. 2008 оны байдлаар хариуцагчийн төлбөл зохих албан татварын өр байхгүй байсан. Энэ нь санаатай болон санамсаргүйгээр албан татварын өрөнд бусдын эд хөрөнгийг шилжүүлсэн байсантай холбоотой. Хөрөнгө шилжүүлэх хүсэлт гаргаагүй, албан татварын өр 2008.01.01-ний байдлаар төлөгдөөгүй байсан бол шүүхийн хэрэглэсэн хуульд хамрагдаж болох хуулийн зохицуулалттай.

6.5. Мөн хуулийн 6.1.2 “Татварын ерөнхий хуулийн 13.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан албан татварын үндсэн өрийг 100 хувь” хариуцагчид холбогдох албан татварын өр нь хөөн хэлэлцэх хугацаатай ямар нэгэн байдлаар хамааралгүй болно. Төлбөл зохих өр төлбөрөө бусдын хөрөнгөөр хаасан нь өөрөө хууль бус үйлдэл гэдгийг хууль ёсны шүүх тогтоосон байгаа. Өөрөөр хэлбэл үүссэн өр төлбөрөө улсаар даалгуулсан нь хууль бус байсан тул эргэн сэргэсэн, энэ хугацаанд тухайн төрлийн татвараар ямар нэгэн төлөлт хийгдээгүй тул үүссэн албан татварын өр хэвээр байсан гэж үзнэ. Тиймээс нуусан, бууруулсан, татвар төлөхөөс зайлсхийж тоологдох хөөн хэлэлцэх хугацааны асуудал биш юм.

6.6. Татварын ерөнхий хуулийн (2008 он) 11 дүгээр зүйлийн 11.1.Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй, 11.2.Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж заасны дагуу үүссэн татварын харилцаа биш бөгөөд татвар нөхөн ногдуулсан, алданги, торгууль шинээр ногдуулсан үйлдэл огт болоогүй юм. Үүнийг давж заалдах шатны шүүх буруу ойлгон дүгнэж магадлал гаргасан.

6.7. Холбогдох татвар төлөгчийн тодорхойлсон хугацаандаа төлөгдөөгүй албан татварын өр гэдгийг онцгой анхааран үзэх шаардлагатай байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан. Үүнд:

7.1. нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-172.2.3-т заасан үндэслэлд хамаарахгүй,

7.2. Үндсэн хуульд харшилж байгаа асуудлыг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхим хянан хэлэлцэхгүй,

7.3. нэхэмжлэгч 17 жилийн дараа 2001 оны өрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй,

7.4. хариуцагчийн хувьд өршөөлд хамрагдаж байгаагүй, хэрэв 2008 оны Өршөөлийн хуульд хамрагдахгүй гэж үзвэл бусад аж ахуйн нэгжийн адил боломжийг эдлэхгүй болно,

7.5. хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул 2008 оны Өршөөлийн хуулийг хэрэглэж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн,

7.6. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаас гаргасан тогтоолд “...уг тушаалаар шинэ төрлийн татвар бий болгоогүй, гагцхүү хуулийн дагуу тогтоогдож нэгэнт үүссэн татварын өрийг барагдуулах зорилгоор сэргээсэн, өөрөөр хэлбэл өмнө нь тогтоогдож төлөгдөх байсан татварын өрийг бэлэн бусаар барагдуулах ажиллагаа хууль тогтоомж зөрчсөн талаар шүүх тогтоож, хүчингүй болгосон учир төлөгдөж барагдаагүй үлдсэн өрийг тодорхойлж, сэргээсэн захиргааны акт байна...” гэж дүгнэсэн нь ...........-ын хэлтсийн нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг нотлохгүй,

7.7. анхан шатны шүүх өр төлөх хөөн хэлэлцэх хугацааны талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 1992 оны Татварын ерөнхий хуулийг хэрэглээгүй, уг хуулийн дагуу тооцвол 2001 онд үүссэн өр 2005 онд дууссан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогсоох зохицуулалт огт байхгүй байхад хуулийг буруу тайлбарласан,

7.8. захиргааны хэргийн шүүх 2014 оны А/41 тоот тушаал илт хууль бус эсэхийг хянаснаас бус нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй эсэх, шаардах эрх байгаа эсэх, хөөн хэлэлцэх хугацаа тасалдах эсэх асуудлыг хянаагүй, эдгээр нь захиргааны хэргийн шүүхэд хамаарахгүй,

7.9. анхан шатны шүүх 2014 оны 20/0007628 тоот актын торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй нь хуулийг буруу тайлбарласан, үүнийг давж заалдах шатны шүүх анхаараагүй гэжээ.     

8. Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцож буй прокурор Ш.Одонсүрэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж оролцов.

 

ХЯНАВАЛ:

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

10. Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсээс хариуцагч “Э х” ХК-д холбогдуулан нийт татварын өр, төлбөр 414,265,509.80 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 353,961,629 (гурван зуун тавин гурван сая есөн зуун жаран нэгэн мянга зургаан зуун хорин ес) төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг (52,044,134 төгрөг) хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх 72,576,813 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг (333,428,950 төгрөгийг) хэрэгсэхгүй болгож өөрчилжээ.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхийн магадлалын өөрчлөлт оруулсан хэсэгт буюу хариуцагч байгууллагын 2001 онд үүссэн татварын 281,384,900 төгрөгийг 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулсанд хяналтын журмаар гомдол гаргасан, өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн бусад үндэслэл, шийдлийг зөвшөөрсөн гэж үзэх тул хяналтын шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянан хэлэлцэв.

12. Гомдлын үндэслэл болж буй хэргийн үйл баримтын тухайд:

- Хариуцагч “Э х” ХК нь Санхүү, эдийн засгийн сайдын 2004.08.23-ны өдрийн 190 дүгээр “Татварын өрөнд үл хөдлөх эд хөрөнгө авах тухай” тушаалын дагуу 2001 оны татварын тайлангаар баталгаажсан улсын төсөвт төлөх 613,597,300 төгрөгийн татварын өрөндөө Орхон аймгийн Жаргалант сум болон Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний хоёр үл хөдлөх хөрөнгийг тооцуулан өгсөн.

- Гэвч дээрх 2004 оны 190 дүгээр тушаалын холбогдох заалтыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013.10.02-ны өдрийн 399 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон ба шийдвэрийн гол үндэслэл нь “хариуцагч (Сангийн яам) нь “Ж-Ү” ХХК-ийн улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Жаргалант сумын багт орших 361,266,000 төгрөгийн үнэ бүхий 1820 м.кв худалдааны зориулалттай барилгыг “Э х” ХК-ийн татварын өр төлбөрт тооцон шилжүүлэх тухай тус компанийн гүйцэтгэх захирлын хүсэлт, комиссын саналын дагуу маргаан бүхий тушаалыг гаргахдаа тухайн обьект “Э х” ХК-ийн өмчлөлд шилжсэн эсэхийг нягтлан шалгалгүйгээр, жинхэнэ өмчлөгчийг тогтоолгүйгээр  татварын өрөнд тооцсон нь нэхэмжлэгчийн (Ж-Ү” ХХК-ийн) эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус акт байна” гэж дүгнэжээ.

- Иймд уг шүүхийн шийдвэр болон Татварын ерөнхий газрын холбогдох албан бичгийг үндэслэн Орхон аймгийн ...........-ын хэлтсийн даргын 2014.05.30-ны өдрийн А/41 тоот тушаалаар “Э х” ХК-ийн улсын төсөвт төлөх 613,597,300 төгрөгийн татварын өрөөс 281,384,900 төгрөгийн онцгой албан татварын өрийг сэргээсэн.

- Энэхүү 2014 оны А/41 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор хариуцагч “Э х” ХК нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 340 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

13. Анхан шатны шүүх дээрх 2014 оны А/41 дүгээр тушаалаар сэргээгдсэн “Э х” ХК-ийн онцгой албан татварын 281,384,900 төгрөгийн өртэй холбоотойгоор “... уг өр нь 2001 онд үүссэн боловч Орхон аймгийн ...........-ын хэлтсийн даргын 2014.05.30-ны өдрийн А/41 тоот тушаалаар сэргээгдсэн байх ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, нэхэмжлэгч нь сэргээгдсэн цаг хугацаанаас хойш хуулийн хугацаанд буюу 2018.12.11-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан, иймд 2008 онд батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 6.1.3-т заасан заалтад уг өр хамаарахгүй...” гэж тайлбарлан холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

14. Давж заалдах шатны шүүх  “...Талуудын хооронд маргааны зүйл болж байгаа 2013 (2014) онд сэргээгдсэн онцгой албан татварын өр нь 2001 онд үүссэн татвар байх бөгөөд энэ үед 1992 оны Татварын ерөнхий хууль үйлчилж байсан ба тухайн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Татвар, хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна. Энэ нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй” гэж, 2008.02.06-ны өдөр батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2.-т “Татварын ерөнхий хуулийн 13.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан албан татварын үндсэн өрийг 100 хувь чөлөөлөхөөр зохицуулжээ. 2001 онд үүссэн 281,384,900 төгрөгийн өр нь 2008 онд батлагдсан Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой байхад анхан шатны шүүх хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна... Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.-д ... заасны дагуу хариуцагч “Э х” ХК нь татвар ногдох зүйл албан татвараа хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхойлж татварын хэлтэст тайлагнаж байсан ба нэхэмжлэгч ..............ын хэлтэс энэ талаар тайлбар гаргасан байна. Хэрэв хариуцагч “Э х” ХК нь холбогдох татварын албанд татвараа өөрөө тодорхойлоогүй, тайлагнаагүй, хохирол төлөхөө илэрхийлээгүй бол Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн (2008 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн) үйлчлэлд хамаарахгүй юм...” гэсэн дүгнэлтийг хийж, холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

15. Үүнээс үзвэл, хоёр шатны шүүх маргааны үйл баримтад татвар төлөх хөөн хэлэлцэх хугацааг өөр өөрөөр тооцож, улмаар 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийг (6 дугаар зүйлийн 6.1.2. дахь заалтыг) зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, иймд уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 7.1.-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

16. Хяналтын шатны шүүх холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хууль ёсны гэж үзэв. Үүнд:

16.1. Орхон аймгийн ...........-ын хэлтсийн даргын 2014 оны А/41 тоот тушаал нь хүчин төгөлдөр захиргааны акт байх тул нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн (2008 оны) 35 дугаар зүйлийн 35.1, 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу тухайн актын биелэлтийг хариуцагчаас шаардах, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

16.2. Хариуцагч 2004 онд татварын өрийг бэлэн бусаар тооцуулж төлснөөр (Санхүү, эдийн засгийн сайдын 190 дүгээр тушаал гарснаар) “Татвар төлөх, ... хөөн хэлэлцэх 5 жил”-ийн хугацаа зогссон (1992 оны Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан), үүнээс хойш 2014 он хүртэл хариуцагч татварын өргүй байсан. Харин Орхон аймгийн ...........-ын хэлтсийн даргын 2014.05.30-ны өдрийн А/41 тоот тушаалаар хариуцагчийн төлөх ёстой байсан “өр сэргээгдсэн” тул уг акт гарснаас хойш нэхэмжлэгчийн шаардах 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолох тул 2004 онд дууссан өр 2014 онд дахин сэргээгдэж байгааг “2001 онд сэргээгдсэн” мэтээр тухайн цаг хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. (Тодорхойлох хэсгийн 7.3, 7.7-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,  өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.)

16.3. Нэгэнт маргаан бүхий татварыг төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн (2008 оны) 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй. Нөгөөтэйгүүр, уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1., 6.1.3.-т заасан үндэслэл ч энэхүү маргааны үйл баримтад хамаарахааргүй байна.  

16.4. Учир нь, хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь Үндсэн хуулиар хүлээлгэсэн Монгол Улсын иргэний үндсэн үүрэг бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээнэ. Харин төрөөс (хууль тогтоогчоос) өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд онцгой, цөөн тохиолдолд, тодорхой нөхцөл, болзолтойгоор зарим (гэм буруутай) этгээдийг хуулиар хүлээлгэсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх зорилгоор өршөөлийн хуулийг баталдаг. Тухайлбал, 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр, төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.-д “2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24.00 цагаас өмнө... зөрчил гаргасан этгээдэд энэ хууль үйлчилнэ” гэж тус тус заажээ.

16.5. Мөн, дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д татвар болон даатгалын өр, хүү, торгууль, алдангиас чөлөөлөгдөх нөхцөлийг тодорхой цаг хугацааны хязгаарлалт болон болзолтойгоор заасан. Жишээ нь, 6.1.1. “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь,...”; 6.1.3. “2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тасалбар болгон гаргаж татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний дотор төлсөн тохиолдолд үлдэх 90 хувийг”; 6.1.4. “2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ... эргэж төлөгдөх найдваргүй өрийг 100 хувь”; 6.1.5 “.... шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэрээр оногдуулсан албан татварын үндсэн өрийн 50 хувийг төлсөн тохиолдолд үлдэх 50 хувийг”; 6.1.6. “эрх бүхий байгууллагын шийдвэр гарч банкны өр барагдуулах алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэгдэж байгаа албан татварын өрийг 100 хувь” гэж, хууль батлагдах тухайн цаг үед өртэй байсан этгээдийг өр, төлбөр, хариуцлагаас чөлөөлөхөөр заасан.

16.6. Дээрх хуулийн зүйл, заалтын агуулгыг нэгтгэж үзвэл, 2007.12.31-ний өдрийн 24.00 цагаас өмнө Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуульд (44 дүгээр зүйл) заасан зөрчил гаргасан этгээдийг, мөн 2008.01.01-ний байдлаар татварын албаны баталгаажуулсан (тайлангаар, эсхүл татварын актаар) барагдаагүй үлдсэн албан татвар, даатгал (өр, хүү, торгууль, алданги)-ыг, мөн энэ хугацаанаас өмнө гарсан шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэрээр оногдуулсан албан татвар, эрх бүхий байгууллагын шийдвэрээр гүйцэтгэгдэж байгаа албан татварын өрийг тодорхой нөхцөл болзолтойгоор өршөөлд хамруулахаар байна. Өөрөөр хэлбэл, өршөөлийн хууль нь батлагдсанаас хойш хүчин төгөлдөр үйлчлэх боловч өршөөлд хамрагдах нөхцөл нь хууль батлагдахаас өмнөх цаг хугацааг хамардгаараа онцлогтой.     

16.7. Иймд, Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2. дахь заалт дахь “Татварын ерөнхий хуулийн 13.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан албан татварын үндсэн өрийг 100 хувь” гэснийг тухайн зүйлийн бусад заалт болон хуулийн бусад зүйлтэй системчлэн тайлбарлавал, уг хууль батлагдаж, дагаж мөрдөж эхлэх цаг хугацаанд буюу 2008.01.01-ний байдлаар “татвар, хүү, торгууль төлөх 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан албан татварын үндсэн өр” гэж ойлгохоор байна.

16.8. Түүнчлэн, аливаа өршөөлийн хууль батлагдах үед нэгэнт төлөгдсөн өр, төлбөр, гэм буруутай этгээдийн эдэлсэн ял, шийтгэлийг “нөхөж” өршөөх тухай ойлголт байхгүй, зөвхөн барагдаагүй үлдсэн өр, төлбөр, биелэгдээгүй байгаа ял, шийтгэлийг өршөөнө.

16.9. Хэрэв хариуцагч өршөөлийн хууль батлагдах үед татварын өртэй байсан бол хуульд заасан болзлын дагуу бусад этгээдийн нэгэн адил өршөөлд хамрагдах боломжтой байсан. Гэвч 2004 онд татварын өрөө (бэлэн бус хэлбэрээр) төлж барагдуулсан буюу өргүй байсан тул 2008 онд өршөөлийн хууль батлагдахад уг хуульд хамрагдаагүй, хамрагдах үндэслэлгүй байжээ. Харин 2004 онд татварын өрийг өөрийн бус, бусдын хөрөнгөөр төлсөн нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2014 онд 2001 оны өр сэргээгдсэн тул хариуцагч нь өршөөлд хамрагдах эрхээ алдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, ийнхүү төлөх ёстой өр нь хожим нь нөхөн сэргээгдсэн үйл баримтыг  Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн урьдчилсан нөхцөл буюу болзол (6 дугаар зүйлийн 6.1.3-т заасан “татвар төлөгч 2006.12.31-ний байдлаар тайлангаа гаргаж, татварын албаны баталгаажуулсан албан татварын үндсэн өрөөс 2008.01.01.-ний байдлаар төлөгдөөгүй байгаа өрийн 10 хувийг 2009.01.01-ний дотор төлсөн” байх гэсэн)-ыг хангасан гэж үзэх боломжгүй.

16.10. Гэтэл давж заалдах шатны шүүх 2014 онд нөхөн сэргээгдсэн хариуцагчийн татвар төлөх хөөн хэлэлцэх хугацааг 2001 оноос хойш тоолж, 5 жилийн хугацаа өнгөрсөн гэж дүгнээд Татварын өршөөл үзүүлэх тухай (2008 оны) хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-ийг хэрэглэсэн нь буруу болжээ.

16.11. Иймд, уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 6.3-6.5, 6.7-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар (Тодорхойлох хэсгийн 7.4-7.6) үндэслэлгүй.

17. Анхан шатны шүүх Татварын улсын байцаагчийн 2014 оны 20/0007628 тоот актаар тогтоосон торгууль, алданги (15,772,698 төгрөг) нь “... 1992 онд батлагдсан Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан захиргааны шийтгэлийн төрөл, хэлбэрт хамаарагдахгүй учир Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй...” гэж дүгнэсэн нь буруу, үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөөгүй байна. Учир нь, энэхүү хуулийн үйлчлэлд 2015.07.02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гарсан татварын зөрчил, татварын байцаагчийн актаар хүлээлгэсэн захиргааны шийтгэл буюу татварын торгууль, алданги хамаарна.

18. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар (Тодорхойлох хэсгийн 7.9) үндэслэлтэй ч, хяналтын журмаар гомдол гаргаагүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй юм. 

19. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2021/00275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ЭРДЭНЭСУВД

                            ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                                                                                                           Б.МӨНХТУЯА                                                                                                                                                                Д.ЦОЛМОН