Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0051/з |
Дугаар | 221/МА2016/0515 |
Огноо | 2016-08-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2016/0515
2016 оны 8 сарын 03 өдөр | Дугаар 221/МА2016/0515 | Улаанбаатар хот |
Иргэн Ж.*******ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ж.*******а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, гуравдагч этгээд Б.******* нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, гуравдагч этгээд Б.******* нарын гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ж.*******ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Ж.*******а 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны 40 тоот зогсоолыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, 7 тоот зогсоолыг сольсныг хууль журмын дагуу үнэн зөвөөр нь шийдэж 42 тоот зогсоолыг Ж.*******ын нэр дээр хэвээр үлдээхийг даалгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр шийдвэрээр:
“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.14-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.*******ын өмчлөх эрхийн Y-2206007011 дугаар бүртгэлийн 42 тоот зогсоолыг бүртгэсэн хэсэг, гуравдагч этгээд Р.Баттөмөрийн өмчлөх эрхийн Y-2206008040 дугаар бүртгэлийн 40 тоот зогсоолыг бүртгэсэн хэсэг, Б.*******ийн өмчлөх эрхийн Y-2206007027 дугаар бүртгэлийн 7 тоот зогсоолыг бүртгэсэн хэсгийг тус тус хэргийн нөхцөл байдлыг тодруулж, уг зогсоолуудын план зургийн давхардлыг арилгаж дахин бүртгэх хүртэл түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч Ж.*******ын өмгөөлөгч А.Ганбат дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Миний үйлчлүүлэгч Ж.*******аа нь 2004 онд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 75 дугаар байр 42 тоотын 3 өрөө байрыг зоорийн машины зогсоолд байх 42 тоот авто машины зогсоолын хамт худалдаж авсан юм. Түүнээс хойш 11 жил ямар ч хэл амгүй машинаа тавьсан байдаг. Гэтэл 2015 оны 6 дугаар сараас эхлэн уг байрны 07 тоотод оршин суудаг Б.******* “...би энэ 42 тоот зогсоолд машинаа тавих ёстой” гээд Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсээс Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтсээс лавлагаа гаргуулан палан зураг авчирч Ж.*******ааг машинаа зайлуул гэсэн.
Энэ талаар Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас лавлагаа авахад Хан-Уул дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн “Зоорийн давхарт машин байрлуулах тойм” зургаар Ж.*******аагийн эзэмшлийн 42 тоот зогсоолыг өөрчилж хажуугийн 05 тоот зогсоол дээр уг байрны 40 тоотын оршин суугч н.Баттөмөртэй хүнтэй давхардуулж хувиаралсан будлиантай асуудал гарч ирсэн юм.
Энэхүү хууль бус палан зургийг ашиглан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 51 дүгээр байрны 07 тоотод оршин суугч Б.*******, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 51 дүгээр байрны 40 тоотод оршин суугч н.Баттөмөр нарын үйлдлийг өөхшүүлж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоож Ж.Баямбаагийн үл хөдлөх хөрөнгө болох 42 тоот зогсоолыг дур мэдэн эзэмшигчийн зөвшөөрөлгүй Б.*******эд өгсөн байгаа асуудал нь хууль ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.
Эзэмшигч Ж.*******ын үл хөдлөх хөрөнгийн халдашгүй дархан эрхийг зөрчсөн үйлдэл гаргаж энэхүү эрх зүйн актаар далимдуулан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 75 дугаар байрны зоорийн 42 тоот зогсоолыг 75 дугаар байрны 07 тоотод оршин суугч Б.*******, 40 тоотод оршин суугч н.Баттөмөр нарт луйвирдан авах бололцоо олгосон Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн хууль бус захиргааны акт болон будлиантай гаргасан “Зоорийн давхрын гаражид авто машин байрлуулах тойм” бүдүүвч зургуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-т “маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу хүчингүй болгуулж, 42 тоот зогсоолыг хууль ёсны эзэмшигч Ж.*******ын эзэмшилд үлдээн шийдвэрлүүлэхийг, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т “захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллага албан тушаалтанд даалгах” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст даалгахыг хууль зүйн дагуу шаардсан нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй бөөрөнхийлсэн өнгө аястай хэргийг шуурхай шийдвэрлэхийн оронд түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан явдал нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцэж хуульд нийцсэн шийдвэр гаргах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна” гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээд Б.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Б.******* 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Бүүх” ХХК-тай Орон сууц захиалгаар бариулж авах 07 дугаар гэрээ байгуулан 2005 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 3 дугаар хороо 75 дугаар байр 7 тоот орон сууцанд орж одоог хүртэл амьдарч 07 тоот зогсоолд машинаа тавьж байна.
Б.******* миний бие “Бүүх” ХХК-иас гаргаж өгсөн баримт тус компанитай байгуулсан гэрээг үндэслэн 2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн Ү-2206007027 дугаарт улсын бүртгэлд бүртгүүлэн 000158383 дугаар гэрчилгээ авч, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 3 дугаар хороо 75 дугаар байр 7 тоот 64.5 м.кв орон сууц болон 13 м.кв талбайтай 7 тоот зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр эзэмшин амьдарч байна. Тус байрны доор байрлах миний эзэмшлийн 7 тоот зогсоолыг уг барилгыг барьсан “Бүүх” ХХК нь надад хүлээлгэн өгөхдөө ханан дээр 42 гэсэн дугаар бүхий 13 м.кв авто зогсоолыг тухайн компанийн борлуулалт хуваарилалт хариуцаж байсан хүмүүс хүлээлгэн өгсөн.
Уг авто зогсоол нь улсын бүртгэлд анх бүртгэхдээ “Бүүх” ХХК болон Б.******* нарын харилцан тохиролцон худалдсан, худалдан авсан авто зогсоолыг 7 дугаар зогсоолоор схем зураглал хийж надад хүлээлгэн өгч улсын бүртгэлд бүртгүүлэн Б.******* миний өмчлөлд шилжүүлсэн.
Харин гаражийн ханан дээр байгаа 42 тоо нь улсын бүртгэлд ямар нэгэн хамааралгүй зүйл бөгөөд зүгээр нэг бичсэн тоо юм. Дээрх тоог үндэслэн миний өмчлөлийн гаражийг булаах гэж байгаа үйлдлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ж.*******аа нь өөрөө “Бүүх” ХХК-тай харилцан тохирч зураглал хийж схемийн дагуу 42 тоот авто зогсоолыг хүлээн авсан бөгөөд энэ нь улсын бүртгэлийн байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байгаа болно. Ж.*******аагийн 42 тоот гаражийн ханан дээр 5 гэсэн тоот байдаг боловч энэ тоо нь мөн л улсын бүртгэлд хамааралгүй тоо юм.
Нэхэмжлэгч Ж.*******аа болон гуравдагч этгээд н.Баттөмөр нарт гаражийн зогсоолын талаар маргаан үүсэж байх үед буюу 2015 оны 6 дугаар сард Б.******* миний бие Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсээс авсан схем зураглалын лавлагааг орон сууц, авто зогсоолын Ү-2206007027 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хамт үзүүлэн тайлбарлаж байсан. Гэтэл миний улсын бүртгэлийн гэрчилгээ гарсныг мэдсээр байж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан 30 хоногт гомдлоо гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүхээс захиргааны хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн “Бүүх” ХХК-иас 7 дугаартай гараж буюу 42 гэсэн тоо бичигдсэн гаражийн өмчлөгч мөн болохыг тодорхойлсон байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Уг гражид автомашин байрлуулахдаа “Бүүх” ХХК-ийн гаргаж өгсөн план зургийн дагуу авто зогсоол эзэмшигч нар хуваарьт зогсоол дээрээ зургийн дагуу байрлуулахад даацын 2 багана саад болдог учраас авто зогсоол эзэмшигч нар хороондоо зохицох байдлаар авто машинаа байрлуулсаар ирсэн.
Иймд Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 3 дугаар хороо 75 дугаар байрны 7 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгч нь Б.******* миний бие учир Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгч Ж.*******аагийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хэргийн нөхцөл байдал, авто зогсоолын план зураг, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбар болон давж заалдах гомдлын агуулгаас үзэхэд зөвхөн “Бүүх” ХХК-ийн захирал С.Жамсрангийн шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлгийг /2016.05.18-ны өдрийн шүүх хуралдаанд/ үндэслэн “...нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын худалдан авсан зогсоолын өмчлөх эрхийн талаар маргаан байхгүй байна...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, “Бүүх” ХХК-ийн захирлаас гэрчийн мэдүүлэг авах бус түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагатай байсан, мөн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулсж хэргийг шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Учир нь, авто зогсоолын өмчлөх эрх бүртгэлийн хувьд зөрчилгүй мэт боловч бодит байдалд тухайн өмчлөх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй, өөрөөр хэлбэл 1 байрлалд 40, 42 тоотоор 2 үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, “Бүүх” ХХК-иас улсын бүртгэлийн газарт гаргаж өгсөн орон сууцны зоорийн давхрын план зургийн дагуу Ж.*******а, Б.*******, Б.Баттөмөр нарын зогсоолын өмчлөх эрхийг бүртгэсэн нь бодит байдалтай нийцээгүй буюу стандарт шаардлага хангасан 1 автомашины зогсоолын талбай байхгүй байгааг анхан шатны шүүхээс тогтоосон атлаа тус компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь хэргийг бүх талаас бүрэн гүйцэд шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.
Тухайлбал, Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.14-т “шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ байршилтай танилцах” гэж заасныг үндэслэн маргаан бүхий бүртгэлүүдийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, уг зогсоолын план зургийн давхардлыг арилгаж дахин бүртгэх хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэснээр анх зогсоолыг худалдсан “Бүүх” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөхөөс гадна уг шийдвэр хэрэгжих боломжгүй болно.
Тус компанийн захирлын мэдүүлгээс үзэхэд нэр бүхий 3 иргэнд тус тусын зогсоолыг худалдсан гэх боловч бодит байдалд 1 автомашины зогсоол байхгүй, түүнчлэн анхан шатны шүүхээс “...“Бүүх” ХХК-иас улсын бүртгэлийн байгууллагад автомашины зогсоолын план зураг болон жагсаалтад өмчлөгчийг давхардуулсан байдлаар гаргаж өгсөн буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн өмчлөх эрх зөрчигдөхөд хүргэсэн байж болзошгүй...” гэж дүгнэж буй энэ тохиолдолд тухайн үед план зургийг улсын бүртгэлийн газарт гаргаж өгсөн тус компани гуравдагч этгээдээр зайлшгүй татагдах ёстой.
Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллагад авто зогсоолын давхардлыг арилгаж, дахин мэдүүлэх үүргээс худалдагчийн хувьд “Бүүх” ХХК чөлөөлөгдөх ёсгүй. Давхардуулж хийсэн гэх план зургийг бүртгэлийн байгууллага бус харин тухайн зогсоолыг бусдад худалдсан “Бүүх” ХХК хийлгүүлсэн байх бөгөөд чухам аль аль байршилд хэн хэнд зогсоол худалдсан болохыг “Бүүх” ХХК-иар тайлбарлуулах шаардлагатай.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх”, 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт “эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичиг үндэслэн хийсэн, ... бол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулна”, 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж тус тус зааснаас үзэхэд “Бүүх” ХХК-иас “...нэр бүхий 3 иргэнийг бүгд зогсоол худалдаж авсан, бүгд өмчлөгч мөн...” гэсэн тайлбар гаргасан байхад үүнд хариуцагчийг дангаар буруутгах нь үндэслэлгүй.
Харин ч худалдсан гэх зогсоолууд аль нь болохыг тус компанийг гуравдагч этгээдээр татсаны дараа үзлэг хийх байдлаар газар дээр нь заалгасны үндсэн дээр холбогдох тайлбарыг гаргуулах, улсын бүртгэлд өгсөн план зургийн дагуу тухайлбал, гарааш руу орох хаалганы хажуу талд зурагт зааснаар нэг автомашин зогсох боломжтой эсэхийг хэмжилт хийж, бусад зогсоолуудтай харьцуулах байдлаар дүгнэлт хийх, шаардлагатай гэж үзвэл шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хийсний дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд 40 тоот зогсоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч татгалзсан, план зургийг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах, ханан дээрх дугаараар бүртгүүлж өөрийн нэр дээр болгуулах, давхцлыг арилгуулах, өөрийн бүртгэлийг хэвээр үлдээлгэх гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагаа олон янзаар гаргасан, гуравдагч этгээд Р.Баттөмөрийн бие даасан шаардлага ч мөн адил тодорхой бус байхад эдгээрийг тодруулаагүй байх тул хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ үүнийг анхаарах шаардлагатай болохыг тэмдэглэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ж.*******а, гуравдагч этгээд Б.******* нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тус тусын 70200 төгрөгийг тэдгээрт буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН