Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 114/2016/0080/З |
Дугаар | 44 |
Огноо | 2017-02-08 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 44
Иргэн Д.Дэлгэрбаярын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Д.Дэлгэрбаяр, түүний өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч Ч.Энхбат, гуравдагч этгээд Д.Батжаргал, О.Энхзаяа, түүний өмгөөлөгч А.Мөнх-Өлзий нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 87 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0788 дугаар магадлалтай, Д.Дэлгэрбаярын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 87 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 161 дүгээр зүйлийн 161.1, 161.3, 161.4, 104 дүгээр зүйлийн 104.6-д заасныг тус тус баримтлан Д.Дэлгэрбаярын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоолын “3 дугаар тойрогт холбогдох хэсгийг” хүчингүй болгуулах, 3 дугаар тойргийн дахин сонгуульд нэмэлт санал хураалт явуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар тойргийн Нэмэлт санал хураалтын дүнг баталгаажуулж, тус тойрогт Д.Дэлгэрбаярыг сонгогдсонд тооцох шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0788 дугаар магадлалаар дээрх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 161 дүгээр зүйлийн 161.1, 163 дугаар зүйлийн 163.1.1-д заасныг баримтлан Д.Дэлгэрбаярын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоолын 3 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн Сонгуулийн хорооны 3 дугаар тойргийн зарим хэсэгт нэмэлт санал хураалт явуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярт олгосугай” гэж тус тус өөрчилсөн байна.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.Энхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Өмнөх Сонгуулийн хороо нь нэр бүхий 15 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж, нэрийн жагсаалтаас хасах шийдвэрүүд гаргасан нь хууль бус болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоож, Дархан сумын 3, 9, 14, 15, 17, Шарын гол сумын 19, Хонгор сумын 20 дугаар тойрогт холбогдох сонгуулийн дүнг хүчингүй болгож нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан. Ийнхүү шүүхийн холбогдох шийдвэрийн дагуу дээрх тойргуудад аймгийн ИТХ-ын дахин сонгуулийг зохион байгуулах шийдвэрийг Аймгийн сонгуулийн хороо гаргаж сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуультай хамт нэг өдөр зохион байгуулахаар болсон. Нэхэмжлэгч Д.Дэлгэрбаяр, түүний өмгөөлөгч Б.Содболд нар Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна” гэсэн заалтыг мөн хуулийн 163 дугаар зүйлийн 163.2-т “Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна” гэсэн заалтыг үндэслэл болгосон байна. Аймгийн сонгуулийн хороо нь байгуулагдсан өдрөөсөө хууль дээдлэх, шударга ёсыг хангах, сонгуулийн үйл ажиллагаа товлосон хугацаанд нэгдсэн журмаар эхлэх, дуусах зэрэг зарчмыг баримтлан аймгийн ИТХ-ын дахин сонгуулийг зохион байгуулахдаа Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.2-т зааснаар хуулийн ерөнхий журмын дагуу зохион байгуулж 2016 оны 10 дугаар сарын 19-ний 22:00 цагт санал хураалтыг дуусгасан бөгөөд энэ хугацаанд тус сонгуулийн хороонд хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх утга бүхий ямар нэгэн өргөдөл, гомдол ирээгүйгээр нотлогдож байна. Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.2-т “дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулна” гэсэн байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйл. Тойрогт дахин мандатын тоо хуваарилах, өмнө явагдсан аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулиар нэгэнт мандат тогтоосон тул дахин мандатын тоо тогтоох эсэх, хуулийн 153 дугаар зүйл. Нам сонгуульд оролцохоо илэрхийлэх, өмнө явагдсан аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулиар намууд сонгуульд оролцох тухай хүсэлтээ илэрхийлсэн дахин хүсэлт ирүүлэх эсэх, 154 дүгээр зүйл. Нэр дэвшүүлэх нийтлэг журам, өмнө явагдсан аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулиар нам, бие даан нэрээ дэвшүүлэгч нар нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж, шаардлага хангасан баримт материалаа ирүүлсэн тул дахин материал авах эсэх, хуулийн 155 дугаар зүйл. намаас нэр дэвшүүлэх, өмнөх аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулиар сонгуулийн тойрог тус бүрт ногдсон мандатын тоотой адил тооны хүнийг нэр зааж нэр дэвшүүлсэн тул дахин нэр дэвшүүлэх эсэх, хуулийн 156 дугаар зүйл. Бие даан нэрээ дэвшүүлэх, өмнөх аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар Бие даан нэр дэвшигч нар баталсан маягтын дагуу хуулинд заасан тооны сонгогчдын гарын үсэг зуруулан ирүүлж хянуулсан, 157 дугаар зүйл. Нэр дэвшигчийг бүртгэх зэрэг заалт тус бүрийг ээлжит сонгуулийн нэгэн адил дахин сонгуульд хэрэглэх эсэхийг тодорхой тусгаагүй. Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйл. аймгийн ИТХ-ын дахин сонгуулийн ирцийн асуудал нь өмнөх УИХ-ын болон аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулиар /2016 оны 06 дугаар сарын 29-нд болсон/ аймгийн хэмжээнд 70.8%-тай байсан ба үүнээс Дархан сумын 3 дугаар тойрогт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 71% нь санал хураалтад оролцож хүчин төгөлдөр болсон байх тул аймгийн сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.13 дахин болон нэмэлт санал хураалт, дахин болон нөхөн сонгууль зохион байгуулж явуулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд, мөн хуулийн 161.1-т заасныг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ИТХ-ын дахин сонгуулийн дүнг баталгаажуулж хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцож төлөөлөгчийн түр үнэмлэхийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гардуулсан болно. Мөн хуулийн 106 дугаар зүйлд Нэмэлт санал хураалт явуулах тухай заалт нь ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн талаар тодорхой дурьдаагүй тул санал хураалтын дүнг зохицуулсан хуулийн 104 дүгээр зүйлийн 104.6-д дахин санал хураалтын ирцийг дахин санал хураалтад оролцсон сонгогчдын ирцийн хувиар хүчинтэйд тооцно гэсэн төсөөтэй харилцааг зохицуулсан заалтыг баримтлан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байх тул шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0788 дугаар магадлалыг зарим хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Дэлгэрбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлоор Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй хэмээн дүгнэсэн нь Сонгуулийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна. Учир нь, Аймгийн сонгуулийн хорооны 3 дугаар тойрогт нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргаагүй хууль бус эс үйлдэхүйгээс үл шалтгаалж сонгуулийн санал тоолох төхөөрөмж 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр явагдсан нэмэлт санал хураалтын дүнг тоолж Д.Дэлгэрбаяр тус өдрийн дүнгээр 850 хүний санал авч 3 дугаар тойрог 2 дахь мандатаар сонгогдон гарч ирсэн ба тус тойрогт аймгийн ИТХ-д нэр дэвшсэн бүх нэр дэвшигчдийн санал тодорхой хувиар нэмэгдэж мөн өдрийн байдлаар аймгийн ИТХ-ын сонгуулийн ирц 50 хувьдаа хүрсэн байдаг. Энэ тухай нэхэмжлэгчийн зүгээс 2016.10.23-ны өдрийн сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн дүнгээр ИТХ-ийн төлөөлөгчөөр сонгогдсон гэдгээ холбогдох хууль зүйн үндэслэлээр баталсан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхтэй холбоотой хэрэглэвэл зохих дараах хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсний нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байна. Үүнд: Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т “санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна”, 99 дүгээр зүйлийн 99.5-д “санал тоолох төхөөрөмжинд уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна” гэж тус тус заасан ба 2016.10.19-ний өдрийн санал хураалтын ирц 50 хувьдаа хүрээгүй тул нэмэлт санал хураалт зохион байгуулж явуулах шийдвэр гаргасан. Аймгийн сонгуулийн хорооны эс үйлдэхүйгээс үл хамаарч нэмэлт санал хураалтын дүнг тоолсон санал тоолох төхөөрөмжийн 2016.10.23-ны өдрийн дүнгийн мэдээгээр Д.Дэлгэрбаяр 851 хүний санал авсан нь хуулийн дагуу хүчинтэй гэж үзэх нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байгаа болно. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль болон ард нийтийн санал асуулгыг зохион байгуулан сонгуулийн дүнг гаргах ажиллагаанд автомат тоолох хэрэгсэл ашиглах зарчим, тодорхойлж, түүнийг ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино”, 3.1-д “Сонгуулийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль болон энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, Сонгуулиин ерөнхий хорооны шийдвэр нь сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэх эрх зүйн үндэслэл болно”, 4.1.1-д “сонгуулийн автоматжуулсан систем” гэж сонгуульд бэлтгэж, түүнийг хуулийн дагуу зохион байгуулахад ашиглах зориулалттай мэдээллийн санг бүрдүүлж, сонгогчийн хувийн мэдээлэлтэй тулган нягтлах, сонгогчдын саналыг авах, авсан саналыг тоолох, сонгуулийн дүнг нэгтгэн хадгалах, дамжуулах, баримтжуулах ажиллагааг автоматжуулах үүрэг бүхий цахим мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж, тэдгээрийг ажиллуулах хүний нөөц, санхүүгийн эх үүсвэрийн харилцан уялдаа бүхий цогцыг”, 19.1-д “Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан бэлтгэж цаасан дээр буулгасан баримт бичигт хуульд заасны дагуу эрх бүхий албан түшаалтан гарын үсэг зурж тамга, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасны дагуу 2016.10.23-ны өдрийн санал тоолох төхөөрөмжөөс гарсан сонгуулийн дүнгийн мэдээ хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд Аймгийн сонгуулийн хороо ямар нэгэн шийдвэр гаргаж 2016.10.23-ны өдөр хуулиин хүчин төгөлдөр сонгуулийн дүнгийн мэдээг хүчингүй болгоогүй байхад шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ...Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Сонгуулийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгууль мөн оны 06 дугаар сарын 29-ний өдөр явагдсан боловч уг сонгуулийн дүнг Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар тогтоолоор хүчингүйд тооцож, мөн өдрийн 19 дүгээр тогтоолоор 3, 9, 14, 15, 17 дугаар тойрогт дахин сонгууль явуулахаар зарлажээ.
Дээрх тогтоолын дагуу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан дахин сонгуулиар 3 дугаар тойрогт сонгогчдын ирц 48,24 хувь буюу 477 дугаар хэсэгт 49,36%, 478 дугаар хэсэгт 47,13%-тай байсан нь хэрэгт авагдсан сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээ, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна” гэж заасны дагуу 3 дугаар тойргийн сонгогчийн ирц хүрээгүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулах шаардлагатай байжээ.
Сонгуулийн тухай хуульд дахин сонгуулийн ирцийг тусгайлан өөрөөр зохицуулаагүй тул нийтлэг журам үйлчлэх бөгөөд тухайн тохиолдолд, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Тухайн сонгуулийн тойрогт сонгуулийн дүн гаргах эрх бүхий сонгуулийн байгууллага нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргана”, 32 дугаар зүйлийн 32.1.13-т “дахин болон нэмэлт санал хураалт, дахин болон нөхөн сонгууль зохион байгуулж явуулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах” гэж заасны дагуу нэмэлт санал хураалт явуулах шийдвэр гаргах учиртай атал Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо нэмэлт санал хураалт явуулаагүйгээр, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 08 дугаар тогтоолоор МАН-аас Д.Батжаргал, бие даан нэр дэвшигч О.Энхзаяа нарыг сонгогдсонд тооцсон нь хууль бус байхаас гадна тус тойрогт нэр дэвшигч Д.Дэлгэрбаярын сонгуульд шударгаар өрсөлдөх, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд мөн хуулийн 104 дүгээр зүйлд заасны дагуу “хэсэгт дахин санал хураалт” явагдах учиртай.
Тухайн тохиолдолд, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрийн дагуу Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1-д заасан үндэслэлээр явагдсан 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “дахин сонгууль”-ийн ирцийг тооцохдоо “хэсэгт дахин санал хураалт явуулах, түүний ирцийг тооцох” хуулийн зохицуулалтыг адилтган хэрэглэхгүй.
Сонгуулийн тухай хуульд “дахин сонгууль”-ийн үйл ажиллагаанд тусгайлсан зохицуулалт байхгүй тохиолдолд Сонгуулийн байгууллага нийтлэг журмыг баримтлан ажиллахаар байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “нэмэлт санал хураалтыг ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн алинд явагдах нь тодорхойгүй тул төсөөтэй харилцааг зохицуулсан Сонгуулийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.6-д “дахин санал хураалт”-ын зохицуулалтыг баримтлан сонгуулийн дүнг баталгаажуулсан нь хууль зөрчөөгүй” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Иймд, нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярын нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар тогтоолын 3 дугаар тойрогт хамаарах хэсгийг хүчингүй болгож, нэмэлт санал хураалт явуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон давж заалдах шатны шүүхийн магадлал зөв болжээ.
Нэхэмжлэгч Д.Дэлгэрбаяр “аймгийн Сонгуулийн хороо нэмэлт санал хураалт явуулаагүй боловч Дархан сумын сонгуулийн хорооны шийдвэрээр 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр явагдсан нэмэлт санал хураалтын дүнгээр 850 сонгогчийн санал авч ялсан тул үүнийг баталгаажуулж, намайг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох ёстой” гэж маргажээ.
Гэтэл дээрх 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт санал хураалт нь Дархан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоолоор явагдсан сумын иргэдийн төлөөлөгчийн Хурлын сонгууль байх бөгөөд энэхүү нэмэлт санал хураалтад “урьдах саналын хуудсыг өөрчлөлгүйгээр ашигласан”-ны улмаас сонгогчид Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчийг хамт дугуйлсан үйл баримт тогтоогдсон байна.
Нэгэнт Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо нэмэлт санал хураалт явуулах шийдвэр гаргаагүй, нэмэлт санал хураалтын ажлыг зохион байгуулаагүй байхад дээрх сумын иргэдийн төлөөлөгчийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалтын явцад сонгогчийн дугуйлсан саналыг үндэслэн Д.Дэлгэрбаярыг Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад Сонгуулийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.6, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна.
Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0788 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН