Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 593

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Уд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор И.Ариунсанаа

          хохирогч О.Батсүх,

          нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШТ/48 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ө.Уд холбогдох ..........дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ө.У, 1995 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, .................... тоотод оршин сууж байгаа,

Өмнөговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД:....................../;

 

Ө.У нь 2019 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 14 дүгээр гудамжны 10б-ийн 509а тоотод оршин суух гэртээ О.Тийг хэвлий хэсэгт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюунтунгалагаас шүүгдэгч Ө.У нь 2019 оны 01 дүгээр сарын 13-аас 14- нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 14 гудамжны 106-ийн 509а тоотод оршин суух гэртээ О.Тийг хэвлий хэсэгт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Нэгдүгээр хавтас хэргийн 101-103 дугаар хуудаст авагдсан Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №319 дугаартай дүгнэлтэнд: Талийгаачид хэвлийн зүүн доод хэсгээр нэвтэрч нарийн гэдэсний хана нэвт, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хоёр өвдөгний зулгаралт, хоёр сарвууны хөлдөлт тогтоогдлоо..., хоёр сарвууны хөлдөлт нь нам хэмжээний үйлчлэлээр үүснэ..., нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ гэж дүгнэжээ.

Дээрх дүгнэлтээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” буюу хүнд зэргийн согтолттой байхад алсан нь шүүгдэгч Ө.Уг бусдын амь насыг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хохироосон байна гэж үзэхээр байна.

Иймд Ө.Угийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуульд заасан тохирох зүйл хэсгээр зүйлчлэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харцага овогт Өлзийбаярын Ө.Уд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор И.Ариунсанаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШТ/48 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Шүүгдэгч Ө.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” буюу хүнд зэргийн согтолттой байхад алсан гэж дүгнэх үндэслэлгүй байгаа юм. Учир нь, Ө.У талийгаач О.Т нар нь аль аль нь хүнд зэргийн согтолттой байсан нь гэрч А.Ганцоожийн “...Архиа уугаад дуусах гэж байхад О.Т унтлаа гээд унтсан, тэр үед Ө.Угийн эхнэр ойрхон гарчихаад ирье гээд гарсан бөгөөд би Ө.Утэй архиа ууж дуусгаад дахин Ө.У дэлгүүр яваад 1 шил архи авчирсан.Ө.У 0.75 литрийн шилтэй “Хараа” архийг авчирсан бөгөөд бид хоёр тэр архийг ууж байхдаа би тамхи асаасан юм, тэгэхэд Ө.У хэлэхдээ хүүхдийн хажууд тамхи татлаа гэхээр нь чи түрүүнд татаад байсан биз дээ гэж хэлсэн, тэгээд түүнээс болж бид хоёр маргалдахад Ө.У миний баруун талын шанаа руу нэг удаа цохисон, тэгэхээр нь би зөрүүлээд 2 удаа нүүр лүү нь цохисон бөгөөд Ө.У миний хамар луу цохиход хамарнаас цус гарсан. Би түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа бөгөөд би бодохдоо Ө.У намайг боож унагаасан юм болов уу гэж бодож байна, би тэр үед ер нь нилээд согтолттой байсан, Ө.У бас согтуу байсан. Тэгээд нэг мэдэхэд Ө.У намайг сэрээсэн бөгөөд би Ө.Угээс цаг асуухад 02 цаг өнгөрч байна гэж хэлсэн, тэгээд Ө.У надаас О.Т ах хаана байна гэж асуухаар нь би мэдэхгүй байна, чамд ийш тийш явлаа гэж хэлсэн юм уу гэж хэлэхэд тийм юм яриагүй, би юу ч гэсэн гараад үзээд ирье гээд гарсан. Тухайн үед намайг сэрэхэд Ө.У бид хоёр л байсан, Ө.Угийн хүүхдүүд байхгүй байсан, тэгээд Ө.У 5-10 орчим минутын дараа О.Тийг цээжээр нь тэврээд гаднаас орж ирсэн бөгөөд О.Т ах үхчихсэн юм шиг байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон.

Энэ нотлох баримтаас дүгнэхэд Ө.Уг “талийгаачийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдэх” чадваргүй байсан гэж үзэхээр байна. Түүнээс гадна “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэдгийг “хүнд зэргийн согтолттой байх...” гэж ойлгох талаар шүүхийн зөвлөмж, тайлбар одоогоор гараагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Угийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгасан бөгөөд хангалттай үндэслэл бүхий Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх 9-29/, Цогцос үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх 30-35/, О.Батсүхийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх 70/, Ө.Угийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 39-43/, прокурорын зөвшөөрөл /хх 52-53/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 54-56/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 62-66/, гэрч Б.Нямсүрэн /хх 71-74, 75-76/, Э.Манхцэнгэл /хх 77/, Түвдэндулам /хх 78/, Б.Эрдэнэбаатар /хх 82-84/, Ч.Бямбасүрэн /хх 85-89/, А.Ганцоож /хх 95-96/ нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн 319 дугаартай дүгнэлт /хх 101-103/, шинжээч Ц.Ганболдын мэдүүлэг /хх 108-109/, ШШҮХ-ийн шинжээч Г.Ганцэцэгийн дүгнэлт /хх 133-135/, ШШҮХ-ийн шинжээч Ш.Пүрэвдуламын 680 дугаартай дүгнэлт /хх 175-177/, ШШҮХ-ийн шинжээч Ш.Пүрэвдуламын 679 дугаартай дүгнэлт /хх 185-187/, ШШҮХ-ийн шинжээч Ж.Баттулгын 507 дугаартай дүгнэлт /хх 191-193/, ШШҮХ-ийн шинжээчийн 684 дугаартай дүгнэлт /хх 197-198/, ШШҮХ-ийн шинжээч Ш.Пүрэвдуламын 681 дугаартай дүгнэлт /хх 207-209/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 350 дугаартай дүгнэлт /хх 221-222/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагчид, шүүгдэгчид. ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцүүлэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн хэргийг шүүхийн тогтоолоор прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгожээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийг “хэргийг прокурорт буцаах” талаар заасан байгаа бөгөөд 2 дахь хэсэгт нь заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заасан. Гэтэл энэ хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй бөгөөд яллагдагч Ө.Уд холбогдох хэргийг “Шүүхэд шилжүүлэх захирамж” гарсны үндсэн дээр түүнийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдааны тов зарлагдаж, шүүх бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдаан явагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэл тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ ШТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.  

 

Хохирогч О.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шүүгдэгч Ө.Уд холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Ө.Уд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоожээ.

 

Шүүх, Ө.Уд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокурорын шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, яллагдагчийн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 

Иймд “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ө.Уд холбогдох хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШТ/48 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Ө.Уд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нь буцаасугай.

 

2. Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очтол Ө.Уд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                   Д.ОЧМАНДАХ

 

                                 ШҮҮГЧ                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                ШҮҮГЧ                                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ