Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 01780

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан  дүгээр баг, Партизан  дугаар гудамжны  тоотод оршин суух, Чулуунбаатарын Эрдэнэбаяр /РД: ТА/-ын нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  байрны  тоотод оршин суух,  Батсүх /РД: ШБ/-д холбогдох,

 

   40.800.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2017.04.13-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чулуунбаатар овогтой Эрдэнэбаяр миний төрсөн ах Ч.Баасанбаярт Володя овогт Батсүх нь Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 30.000 м.кв талбай бүхий газрыг сарын хугацаанд авч өгөх санал тавьсан. Энэ саналыг ах бид хоёр үйл ажиллагаа явуулахад боломжтой газар байна гээд энэ саналыг нь хүлээн авсан. Ингээд В.Батсүх нь газрын төлбөрийг төл гэсэн шаардлагын дагуу миний бие ах Ч.Баасанбаяраар дамжуулах 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөгийг өгсөн. Тухай 30.000 м.кв газрыг В.Батсүх нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч, газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авсан байсан. Газрын төлбөр гэж 7.500.000 төгрөгийг В.Батсүх нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хаан банкны 5079099728 тоот дансанд тушаалгасан. 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр СХД-ийн ЭГХА-ийн Улаанбаатар хотын банкны 2601002693 тоот дансанд газар эзэмшигч В.Батсүхийн өмнөөс 3.300.000 төгрөгийг мөн тушаасан. Анх харилцан тохиролцсон 30.000 м.кв газрыг авч өгөөгүй тул В.Батсүх нь надад тус газрын 50 хувь болох 15.000 м.кв газрыг шилжүүлэн өгч, үлдэх 20.000.00 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч В.Батсүхээс 20.000.000 төгрөг гаргуулж, мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн зориулалттай 30.000 м.кв талбай бүхий нэгж талбарын №18629306576856 дугаартай, №000538908 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын 50 хувь болох 15.000 м.кв газрыг Ч.Эрдэнэбаяр миний нэр дээр шилжүүлж өгөхийг В.Батсүхэд даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Эрдэнэбаяр, Ч.Баасанбаярын төрсөн дүү Ч.Баасанбаяр, В.Батсүхтэй найз нөхдийн холбоотой. Анх В.Батсүх, Ч.Баасанбаярт маргаан бүхий 30.000 м/к талбай бүхий газрыг худалдаж авахыг санал болгосон. Ч.Баасанбаяр энэ талаар дүү Ч.Эрдэнэбаярт хэлснээр Ч.Эрдэнэбаяр энэ газрыг авахыг зөвшөөрсөн. В.Батсүх, Ч.Эрдэнэбаяр нар Сонгинохайрхан дүүргийн маргаан бүхий газрыг 30.000.000 төгрөгөөр үнэлж, шилжүүлэхээр харилцан тохирсон. Талуудын хооронд амаар харилцан тохирсны дагуу хэлцэл байгуулагдсан гэж нэхэмжлэгч ойлгож байсан. Нэхэмжлэгч Ч.Эрдэнэбаяр Дархан-Уул аймагт оршин суудаг. Хариуцагч В.Батсүх Улаанбаатар хотод амьдардаг. Ч.Эрдэнэбаяр ах Ч.Баасанбаярт газрын төлбөр 30.000.000 төгрөг шилжүүлж, Ч.Баасанбаярын зүгээс В.Батсүхийн нэр заасан н.Ганцоожид 30.000.000 төгрөг шилжүүлснээр Ч.Эрдэнэбаяр үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч газар шилжүүлэхтэй холбоотой 7.500.000 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчид дансаар шилжүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг 7.500.000 төгрөгийг хариуцагч авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн нэхэмжлэгч 3.300.000 төгрөгийг тухайн газрын төлбөрт хариуцагчид төлсөн. Хариуцагч В.Батсүх 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр газар эзэмших, шилжүүлэх гэрээ байгуулсан хэдий ч газрын албанаас уг газрыг бусдад шилжүүлэх боломжгүй гэсэн хариуг удаа дараа өгч байсан. Энэ асуудалтай холбогдуулан нэхэмжлэгч Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж шалгуулахад цагдаагийн байгууллагаас тухайн асуудал иргэд хоорондын харилцаа, залилж мэхэлсэн үйлдэл тогтоогдохгүй байна гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан. Иймд нэхэмжлэгч, хариуцагчид газрын төлбөрт төлсөн 40.800.000 төгрөгийг авахаар шүүхэд хандсан. Талуудын хооронд амаар газрын эзэмшил шилжүүлэх хэлцэл хийгдсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 491.1.1-д зааснаар газрын төлбөр 30.000.000 төгрөг, 7.500.000 төгрөгийг хариуцагч эзэмшиж, үндэслэлгүй хөрөнгөжсөн. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн 3.300.000 төгрөгөөр хариуцагч мөн адил үндэслэлгүй хөрөнгөжсөн. Иймд нийт 40.800.000 төгрөгийг хариуцагч В.Батсүхээс гаргуулж, нэхэмжлэгч Ч.Эрдэнэбаярыг хохиролгүй болгож өгнө үү. Бид хариуцагчид өгөөгүй мөнгөө нэхээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Ч.Эрдэнэбаяр, В.Батсүх данс руу 7.500.000 төгрөг шилжүүлсэн. Үнэхээр нэхэмжлэгч хариуцагчаас газар худалдаж авсан юм бол 30.000.000 төгрөгөө яагаад дансаар шилжүүлээгүй юм бэ. Талуудын хооронд газрын эрх шилжүүлэх гэрээ байсаар байтал тухайн эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой бусдын өмчлөлд газар шилжиж боломжгүй гэдгийг мэдсээр байж яагаад энэ байдлыг нуун дарагдуулж 20.000.000 төгрөгийн хэлцэл байгуулсан юм бэ. Нэхэмжлэгч 20.000.000 төгрөгийн хэлцэл байгуулахдаа хариуцагчийг хууран мэхэлсэн. Нэхэмжлэгчийн ярьсан шиг хариуцагч, нэхэмжлэгчид газар өгөхгүй байсан юм бол яагаад газрын төлбөрийг 2 удаа төлсөн юм бэ. Ч.Эрдэнэбаяр уг газрын өөрийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрч газрын төлбөр төлж байсан. Ч.Эрдэнэбаяр газрыг яагаад өөрийнхөө нэр дээр шилжүүлэхгүй байсныг мэдэхгүй. Ямар ч байсан талуудын хооронд газар өмчлөлийн эрх шилжүүлсэн. Газрын албан дээр очиж эрх шилжүүлэхэд газар эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй байсан. Талууд 2015 онд газрын эрх шилжүүлсэн, А-50 дугаартай тогтоол 2016 онд гарсан. А-50 дугаартай тогтоол гарахаас жилийн өмнө талууд газрын эрх шилжүүлэхэд ямар нэгэн саад тотгор байгаагүй. Ч.Эрдэнэбаяр газрын гэрчилгээ шилжүүлнэ гэж бүх бичиг баримтаа авч явсан. Ч.Эрдэнэбаяр ах Ч.Баасанбаярт итгээгүй учраас В.Батсүхийн нэр дээр газрын гэрчилгээ гаргуулсан. Хэрвээ нэхэмжлэгч ахдаа итгэдэг байсан бол ахынхаа нэр дээр газрын гэрчилгээ гаргуулаад дараа нь өөрийнхөө нэр дээр шилжүүлэх байсан байх гэв.

 

Хариуцагч В.Батсүх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ч.Эрдэнэбаяр нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхлэх замаар 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг хийсэн. Хууран мэхлэсэн хэлцэл гэдгийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, Баянгол дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол зэргээс үзэж болно. Нэхэмжлэгч нь төлбөр барагдуулах гэрээн дээр гарын үсэг зурвал гомдолгүй гэж хэлсэн, мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоол гарсан байсанг мэдсэн хэрнээ В.Батсүхийг хууран мэхлэх замаар тус актанд гарын үсэг зуруулсан. Иймд 20.000.000 төгрөг бүхий төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  Нэхэмжлэгч Ч.Эрдэнэбаяр нь В.Батсүхээс 20.000.000 төгрөг гаргуулах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах аж ахуйн зориулалттай 30.000 м.кв талбай бүхий газрын 50 хувь болох 15.000 м.кв газрыг надад шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа В.Батсүхээс 40.800.000 төгрөг гаргуулахаар өөрчилжээ.

 

Хариуцагч В.Батсүх Ч.Эрдэнэбаяр намайг хууран мэхлэж, төлбөр барагдуулах хэлцэл хийсэн. Би энэ хүнээс газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж хэлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, харин 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрлах 30.000 м.кв газрыг эрх шилжүүлэх гэрээгээр В.Батсүх, Ч.Эрдэнэбаярт олгосон боловч одоо хүртэл В.Батсүхийн нэр дээр байгаа нь Сонгинохайрхан дүүргийн газрын албаны 2017.10.16-ны өдрийн 2017/01 мэдэгдлээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэбаяр уг газрыг В.Батсүх авахад 20.000.000 төгрөгийн хөрөнгө оруулсан талаар зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн хэл цэл байгуулсан байна. /хх-ийн 4 дүгээр тал/

 

Ч.Эрдэнэбаяр уг газрын төлбөрт 3.300.000 төгрөгийг 2015.06.15-ны өдөр шилжүүлсэн /хх-ийн 8 дугаар тал/, мөн 2015.01.23-ны өдөр В.Батсүхийн дансанд 7.500.000 төгрөг шилжүүлсэн талаар хариуцагч маргаагүй байна. /хх-ийн 65 дугаар тал/

 

В.Батсүхийн эзэмшлийн газрын төлбөрийг нэхэмжлэгч төлөх хууль зүйн үндэслэлгүй, мөн түүнд 7.500.000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаангүй тул уг төлбөрүүдийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Зохигчдын хооронд 2017.04.13-ны өдөр хийгдсэн төлбөр барагдуулах хэлцэл талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хэлцэл байх тул уг хэлцлийн дагуу Ч.Эрдэнэбаярын хөрөнгө оруулсан гэх 20.000.000 төгрөгийг В.Батсүхээс гаргуулах нь зүйтэй байна.

Учир нь уг газар В.Батсүхийн эзэмшилд одоо хүртэл байгаа болно.

 

Иймд В.Батсүхээс 30.800.000 төгрөг гаргуулан Ч.Эрдэнэбаярт олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хариуцагч В.Батсүх 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэл-ийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хуурч мэхэлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэбаяр 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хэлцлийг хууран мэхэлж хийсэн талаар В.Батсүх нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2089 дугаар прокурорын тогтоолоос харж болно гэжээ.

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2089 дугаар прокурорын тогтоолоор Ч.Эрдэнэбаярыг 2017.04.13-ны өдрийн хэлцлийг хуурч мэхэлж хийсэн гэдэг байдал тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар өөрөө нотлох үүрэгтэй юм.

 

Иймд В.Батсүхийн 2017.04.13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 492.1.1.-д зааснаар В.Батсүхээс 30.800.000 төгрөг гаргуулан Ч.Эрдэнэбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар 2017.04.13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай В.Батсүхийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ч.Эрдэнэбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361.950 төгрөг, хариуцагч В.Батсүхээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Батсүхээс 311.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Эрдэнэбаярт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

                                         

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                   Г.СОЛОНГО