Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00914

 

 

                                                        А.Э-ын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02728 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2370 дугаар магадлалтай,

А.Э-ын нэхэмжлэлтэй,

МТ секьюрити ХХК-д холбогдох

Ажлаас халсан 2020.05.13-ны өдрийн 208/10 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Янжинхорлоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсувд, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхжавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартааА.Э нь МТ секьюрити ХХК-ийн Хэнтий аймаг дахь 97 дугаар салбарт 2009 оноос хойш тасралтгүй ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ажил олгогчийн зүгээс 2020.05.13-ны өдөр А.Э-ыг НӨАТ-ын баримт хэвлэн хувьдаа ашигласан, Ю-пойнт картыг уншуулж урамшууллыг авсан, компанийн эд хөрөнгө, мөнгө, бараа материалыг хувийн зорилгоор ашигласан гэх үндэслэлүүдээр ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсныг зөвшөөрөхгүй. Уг тушаалд Хөдөлмөрийн гэрээний 6.2.8, 6.2.11-д заасныг баримталсан боловч Хөдөлмөрийн дотоод журмын 6.3-т ажлаас халах ноцтой зөрчлүүдийг заасан байдаг. Үүний аль заалтыг хэрхэн зөрчсөн талаар тодорхой дурдаагүй, холбогдох заалтыг баримтлаагүй. Хөдөлмөрийн гэрээний 6.2.11-д заасан зөрчлийг гаргасан гэж байгаа бол дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон, үүссэн өр төлбөрийг төлөөгүй, санаатай нуун дарагдуулсан байхыг ойлгоно гэж үзэж байна. Тушаалд дурдсан худалдаа борлуулалтын газрын Илтгэх хуудас гэх зүйлийг танилцуулаагүй, зөвхөн эрхлэгчийн хэлсний дагуу борлуулалтын менежертэй холбогдож, мөнгө дутсан зөрүү гарсан гэдгийг мэдсэн бөгөөд бага хэмжээний мөнгө байхаар нь өмнөх тооцоонуудын хуримтлагдсан зөрүү байх гээд тоогоогүй. Мөн Хөдөлмөрийн гэрээний 6.2.8-д заасан НӨАТ-ын баримт болон бусад баримтыг санаатайгаар илүү бичсэн, бусдад шилжүүлсэн өөртөө ашигласан үйлдэл гаргаж баримт илүү бичиж, байгууллагад мөнгөн хохирол учруулсан зүйл байхгүй. Санхүүгийн тооцоонд зөрүү, алдаа гарах нь дан ганц нэхэмжлэгчээс шалтгаалахгүй ба түүний харьяалах дээд шатны удирдлага буюу салбарын эрхлэгч үүнд давхар хяналт тавих үүрэгтэй байдаг. Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мөнгө төгрөгтэй алхам тутамдаа харилцаж байдаг ажилтны хувьд бага хэмжээний тооцоо алдаж, тоо баримт зөрүүлэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй энэ болгоныг ноцтой зөрчилд тооцохгүй. 92,500 төгрөгийн зөрүү гарсан нь хариуцлага хүлээлгэх зөрчил юм бол Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.4-т зааснаар орлогын мөнгийг санаатай бус, бага хэмжээгээр дутаасан үйлдэл нь зөрчилд хамаарахаас биш хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохуйц ноцтой зөрчил огт биш. Хөдөлмөрийн дотоод журмын 6.3.8-д санамсар болгоомжгүй, хайнга ажиллагааны улмаас эд хөрөнгийн бага бусаас дээш хэмжээний хохирол учруулах гэсэн заалт байдаг. Энэ хохирлын хэмжээг Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйл буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш гэж тодорхой заасан байдаг. Санхүүгийн тооцоогоор 92,500 төгрөгийн зөрүү гарсан гэхээр нь 2020.04.28-ны өдөр төлчихсөн ба тушаал гаргасан 2020.05.13-ны өдрийн байдлаар байгууллагад ямар ч өр төлбөр, тооцоо байхгүй, тушаалын үндэслэлд заасан Хөдөлмөрийн гэрээний 6.2.8, 6.2.11-д заасан зохицуулалтын алийг нь ч зөрчөөгүй байхад халах тушаал гаргасан нь буруу.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг нь үндэслэлгүй. Учир нь ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдлийг хамааруулж үздэг. А.Э хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчөөгүй, компанийн эд хөрөнгө бараа материалыг хувийн зорилгоор ашигласан зүйл байхгүй, мөн компанид нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй, санхүүгийн тооцоонд алдаа гарсны улмаас гарсан зөрүү мөнгийг нь төлчихсөн байтал байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашигласан гэж үзэж, ажлаас халсанд гомдолтой байна. А.Э анхнаасаа 200 литрийг авсан гэж хэлээгүй. Тухайн шөнө сүлжээ унаж хувийн дансаар хэрэглэгчийн мөнгийг авсан учраас хольж, сольж алдаа гаргасан нь санаатай үйлдэл биш юм. Нэхэмжлэгч нь өдөр тутамдаа харуул хамгаалалтын ажилтан гэх ажлын байранд ажилладаг. Гэтэл хариуцагчийн гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт түгээгч, харуул хамгаалалтын ажилтан гэсэн байна. Ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэх ёстой. Харуул хамгаалалтын ажилтанд давхар түгээгчийн ажлыг хариуцуулдаг юм шиг харагдаж байна. Өөрөөр хэлбэл хоёр ажлын байранд нэг хүнийг ажиллуулж, нэг цалин өгдөг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болно.

Тушаалд гарын үсэг зурсан албан тушаал нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй этгээд байсан. Улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. Тиймээс компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан. Өөрийн Ю-пойнт картаа уншуулан урамшууллын оноо авсан гэж байна. А.Э өөрийн Ю-пойнт картаа уншуулснаар байгууллагад хэдэн төгрөгийн хохирол учирсан гэх зүйл яригдана, гэтэл байгууллагад учирсан хохирол байхгүй. А.Э уншуулах, иргэн Б уншуулах нь ялгаагүй. Иймд 2020.05.13-ны өдрийн 208/20 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй тул тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ШТС-97-ийн түгээгч харуул хамгаалалтын албан хаагч А.Э нь 2020.04.09-ний орой 23 цаг 05 минутад 150 литр АИ-92 шатахуун мөнгөн талонаар авсан хэрэглэгчийн тооцоог 200 литр АИ-92 шатахуун авснаар тайлан тооцоонд тусгаж, 50 литр шатахууныг өөртөө авсан. Мөн бэлэн мөнгөөр төлбөрийг хийснээр НӨАТ-ын баримт хэвлэн авсан, өөрийн Ю-пойнт картаа уншуулан урамшууллын оноо авсан болох нь картын хуулга болон хошууны мэдээлэл, камерын бичлэг зэргээр тогтоогдсон байна. 2020.05.13-ны өдрийн 208/20 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээний 6.2.8-д заасны дагуу НӨАТ-УС-ын баримт болон бусад баримтыг санаатайгаар илүү бичсэн, бусдад шилжүүлсэн, өөртөө ашигласан бол, 6.2.11-д заасны дагуу компанийн эд хөрөнгө, мөнгө, бараа материалыг хувийн зорилгоор ашигласан гэх үндэслэлүүдээр ажлаас халагдсан. Энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 6.2.8, 6.2.11-д заасны дагуу ноцтой зөрчлүүдийг гаргасан байна. Нэхэмжлэгч тал санамсаргүй, болгоомжгүй үйлдлийн улмаас тооцоолол буруу гаргасан гэж байна. Хавтаст хэрэгт А.Э-ын өөрийн хийсэн тооцоолол авагдсан. Тус баримтаас харахад санамсаргүй, болгоомжгүй үйлдлийн улмаас гаргасан зөрчил гэж харагдахгүй байгаа юм. Ю-пойнт карт уншуулснаар компанид учирсан хохирол байхгүй гэж байна. Бид олон хэрэглэгчтэй болохын тулд урамшуулал олгодог. Гэтэл урамшууллыг хэрэглэгч нарт өгөхгүй, дундаас нь авч байсан. Энэ нь компанид нөлөөлж байгаа нөлөөлөл бөгөөд санаатай үйлдэл. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02728 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 заасныг баримтлан А.Э-ын МТ секьюрити ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас халсан 2020.05.13-ны өдрийн 208/10 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, харуул хамгаалалтын алба хаагч түгээгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 зааснаар А.Э-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2370 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02728 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Э-ын давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр гэрээг цуцалсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 33 тоот тогтоолд заахдаа “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино.” гэжээ. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй буюу 92,500 төгрөгийг миний бие шөнө нойргүй ажилласны улмаас тооцооллын алдаа гаргаж дутуу тушаасныг олж мэдмэгцээ байгууллагад буюу эрх бүхий албан тушаалтанд буцаан тушааж, санхүүгийн бага хэмжээний зөрчил тэр даруй арилсан, байгууллагад эд хөрөнгийн ямар нэг хохирол учраагүй, эсхүл байгууллагын нэр төрд харш ямар нэг үйл явдал болоогүй. Ю-пойнт карт уншуулсан тухайд бол, үйлчлүүлэгчийн орхиод явсан баримтыг уншуулах үйлдэл гаргасан нь үнэн ч, тухайн үйлчлүүлэгч и-баримтын тухайд татварын албанд гомдол гаргасан зүйл болоогүй юм. Яараад яваад өгсөн л хүмүүс шүү дээ. 92,500 төгрөгийг тушаасан тухай баримт хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлгүүд, тайлбарууд байсаар байтал энэ тухай шүүхийн шийдвэрт санаатайгаар огт дурдалгүй шүүх хэт нэг талыг барьж шийдсэн. Хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох хэмжээний үйлдэл гэж үзэхгүй болохыг хуулийн зүйл заалтын утга, түүний тайлбар хэлж байна.

Тушаалыг хуулийн хугацаа хэтрүүлж гаргасан, энэ тухай шүүхэд тайлбарласаар байхад шүүх дээрх хуулийг буруу хэрэглэсэн. Тухайн шөнө ээлжийн ахлагчаар ажилласан ахлагч, мөн 2020.04.09-ний өдрөөс 10-нд шилжих шөнийн ажлыг тухайн өдөрт багтааж шалгасан багийн тайлан, гар бичгээр бичигдсэн дэвтэр зэргээр байгууллага 92,500 төгрөгийн зөрчлийг 04.10-ны өдрөө илрүүлсэн болох нь нотлогддог. Гэтэл хуульд заасан 1 сарын хугацаа өнгөрсний дараа буюу 05.13-ны өдөр тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасныг зөрчсөн. Тушаал 4 өдрөөр хэтэрч гарсан байхад, хугацааг яаж тоолохоороо нэг сар буюу 30 хоног дотроо гарсан гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуульд заасан, хугацаа тоолох журмыг зөрчиж гаргасан энэ шийдвэр илтэд нэг талд үйлчилснийг харуулж байна. Энэ тухай тооцоо гаргасан Б.Боргил, хянасан Б.Дэмбэрэл нарын гарын үсэгтэй, тамгатай хуудаст 04.10-ны өдөр санхүүгийн бага хэмжээний зөрчил буюу 92,500 төгрөгийн зөрчил илэрсэн болох нь нотлогддог. Ерөнхий захирлыг хуульд заасан хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь түүнийг компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, хөдөлмөрийн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн тушаал гаргах эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь алдаатай байна. Тушаалыг гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэж байхад шүүх хүчин төгөлдөр тушаал гэж үзсэнд гомдолтой байна. Шүүхээс намайг санаатайгаар хохирол учруулсан, хохирлын хэмжээ нь хэдийгээр бага хэмжээнийх ч гэсэн ноцтой зөрчилд хамаарна гэж дүгнэсэн нь алдаатай байна. Хөдөлмөрийн дотоод журамд орлогын мөнгийг санаатай бус бага хэмжээгээр дутаасан үйлдэл гаргасан бол зөрчилд тооцдог зохицуулалт байсаар байхад намайг шууд л санаатайгаар дутаасан гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүрэг бол харуул хамгаалалтын ажил хийдэг. Би тухайн байгууллагын аюулгүй байдлыг хангадаг, хамгаалалтын ажилтан болохоос биш мөнгө төгрөгтэй харилцах ёсгүй, хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй ажил үүргийг надаар гүйцэтгүүлж байсан. Харуул хамгаалалт гэсэн нэртэй атлаа бензин түгээж, төлбөр тооцоо хийх үүрэг бүхий өөр ажлыг хамт гүйцэтгүүлдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байгаа явдал юм. Мөн сүүлд гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолтод зааснаар намайг шууд харьяалах дээд албан тушаалтан нь ээлжийн ахлах гэж байх ёстой. Гэтэл ээлжийн ахлах гэж байдаггүй, ганцаараа л гардаг байсан. Мөнгө төгрөгийн тооцоог ээлжийн ахлах болон эрхлэгч бас давхар хянаж, алдаа дутагдал гаргахаас давхар сэргийлж, надад зааварлаж байх ёстой ажилтнууд үүргээ хайнга биелүүлсэн. Хэрвээ журмынхаа дагуу ээлжийн ахлах хянадаг байсан бол 92,500 төгрөгийн дутагдал гарсан даруйд засагдах боломжтой байсан зэрэг үйл баримтад шүүхээс дүгнэлт өгөөгүй.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд шударга бус, тэгш бус хандсанд гомдолтой байна. Би нэхэмжлэлдээ дурдсанчлан МТ колонкийн үнийн самбарын үнэ солих гэж байгаад унаж, нуруундаа хүнд гэмтэл авсан. Одоо байнгын эмчилгээтэй, хүнд зүйл өргөхийг хориглодог. Тухайн үедээ ажиллаж байгаа байгууллагадаа зардал, чирэгдэл үүсгээд яахав гэж бодоод зөвхөн хагалгааны төлбөр л аваад өнгөрсөн. Гэтэл байгууллага надад ямар ч аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөлгүйгээр өндөрт бэхэлгээгүй гаргачихсан атлаа зааварчилгаа ав гэсээр байхад авахгүй ээ гээд, намайг өөрөө сайн дураараа гүйж гараад гэмтэл авсан, үүндээ буруутай мэтээр тайлбар өгдөг. Энэ явдалтай харьцуулахад 92,500 төгрөгийн зөрүү гаргаад түүнийгээ сайн дураараа төлчихөөд байхад компанид эд хөрөнгийн хохирол учруулсан, нэр төрд харш үйл ажиллагаа явуулсан гэж хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

А.Э нь “МТ секьюрити” ХХК-д холбогдуулан ажлаас халсан 2020.05.13-ны өдрийн 208/10 дугаартай тушаалыг хүчингүй болгох,  эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн холбогдох бичилтийг хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдврлэсэн байна.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцсэн байна.

А.Э-ыг “МТ секьюрити” ХХК-ийн ерөнхий захирлын 2020.05.13-ны өдрийн 208/20 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 6.2.8, 6.2.11, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1, 6.1.3, Худалдаа, борлуулалтын  газрын 01/20 тоот илтгэх хуудсыг тус тус үндэслэн “...хэрэглэгчийн мөнгөн талоноор авсан шатахуунд НӨАТ-ын баримт хэвлэж хувьдаа ашиглан, өөрийн Ю-пойнт картыг уншуулж урамшууллыг авсан, мөн 50 литр шатахууны 92,500 төгрөгийг хувьдаа ашигласан ноцтой зөрчлүүд гаргасан...” гэж үзэн 2020.05.13-ны өдрөөр тасалбар болгон түгээгч харуул хамгаалалтын ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч маргахдаа “...тушаалыг гаргах эрхгүй этгээд гаргасан, ...ажлаас халах тухай тушаал “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасныг зөрчсөн, ...92,500 төгрөгийг ...дутуу тушаасныг олж мэдмэгцээ ...92,500 төгрөг ...сайн дураараа төлчихөөд байхад компанид эд хөрөнгийн хохирол учруулсан, нэр төрд харш үйл ажиллагаа явуулсан гэж хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл А.Э-ын 2020.04.09-ний өдрийн зөрчилд компанийн зүгээс ШТС-97 салбарын эрхлэгчээс 2020.04.13, ажилтнаас 2020.04.30-ны өдөр тус тус тайлбар авч, улмаар компанийн ажилтан Б.Боргил 2020.05.01-ний өдөр илтгэх хуудас бичиж арга хэмжээ авахуулах санал хүргүүлсэн бөгөөд 2020.05.13-ны өдөр ажлаас халах тушаал гарсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацааг зөрчсөн гэж үзэхгүй.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.8-д “НӨАТУС-ын баримт болон бусад баримтыг санаатайгаар илүү бичсэн, бусдад шилжүүлсэн”, мөн гэрээний 6.2.11-д “Компанийн эд хөрөнгө, мөнгө, бараа материалыг хувийн зорилгоор ашигласан” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор тусгагджээ.

А.Э-ын гаргасан хэрэглэгчийн мөнгөн талоноор авсан шатахуунд НӨАТ-ын баримт хэвлэж хувьдаа ашиглан, өөрийн Ю-пойнт картыг уншуулж урамшууллыг авсан, мөн 50 литр шатахууны 92,500 төгрөгийг хувьдаа ашигласан зэрэг нь  дээрх гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчилд хамаарч байна.

МТ секьюрити” ХХК-ийн ерөнхий захирлын 2020.05.13-ны өдрийн 208/20 дугаар тушаал, түүнд дурдагдсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Мөн давж заалдах шатны шүүх А.Э компанид учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь түүнийг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон ноцтой зөрчлийг гаргаагүй гэж үзэх, ажлаас чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй гэж хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргажээ.

Улсын бүртгэлийн 2006.05.19-ний өдрийн 9011015118 дугаартай гэрчилгээ, 2012.06.27-ны өдрийн компанийн дүрэм зэргээс үзвэл гадаад худалдаа үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй МТ секьюрити” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Р.Ганзориг бөгөөд 1 гишүүнтэй хуулийн этгээд байна. Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Компани нэг үүсгэн байгуулагчтай байж болно”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т “хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд ...компанийн гүйцэтгэх захирал ...сонгох, ...”, улсын бүртгэлд бүртгэлтэй МТ секьюрити” ХХК-ийн дүрмийн 6.1-т “Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ”, 6.2-т “Компанийн гүйцэтгэх захирлыг хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр сонгож, өөрчилнө” гэж тус тус зохицуулан заажээ.

МТ секьюрити” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Р.Ганзоригийн  2017.03.17-ны өдрийн 01/17 тоот шийдвэрээр Г.Магнайг 2017.03.17-ны өдрөөс эхлэн тус компанийн ерөнхий захирлаар томилсныг хуульд заасан хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлээгүй хэдий ч түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан “...эрх олгогдсон албан тушаалтан...” биш гэх үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргалын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02728 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2370 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ   

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ               

                               ШҮҮГЧИД                             Б.МӨНХТУЯА

                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                              Б.УНДРАХ