Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/02728

 

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/02728

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 0 дүгээр баг, Хэрлэн хийд, 0 гудамж, 0 тоот хаягт оршин суух, Бовогт А-ийн Э /РД: 00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Хар хорин захын баруун талын ШТС-ын байранд байрлах, МТ.С ХХК /РД: 5063698/-д холбогдох,

Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А.Э нь МТ.С ХХК-ийн Хэнтий аймаг дахь 97 дугаар салбарт 2009 оноос хойш тасралтгүй 11 дэх жилдээ ажлын алдаа дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн. Миний хичээл зүтгэлийг үнэлэн байгууллагаас 2013, 2019 онуудад байгууллагын шилдэг ажилтан, 2015 онд Газрын тосны газрын жуух бичиг зэрэг шагналаар шагнагдаж байсан. Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сард ажлын байрандаа үнийн самбар солих гэж байгаад өндрөөс унаж, нуруундаа хүнд гэмтэл авч, мэс засал хүртэл хийлгэж байсан. Тухайн үед байгууллагаас хагалгааны төлбөрт 10 сая төгрөг өгсөн. Тэр үед байгуулагынхаа эсрэг ямар нэгэн асуудал үүсгээгүй, мэргэжлийн хяналтын байгууллагад ч хандалгүй дуугүй өнгөрөөсөн. Хагалгаа хийлгэснээс хойш миний бие өвддөг болсон ба одоог хүртэл байнга эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж байна. Миний бие ажилдаа хариуцлагатай ханддаг, архи, тамхи хэрэглэдэггүй, элдэв муу зуршилгүй, чин шударгаар, дүрэм журмаа баримталж хөдөлмөрлөдөг байсан. 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр манай салбарын эрхлэгч Ундрах ... Улаанбаатараас борлуулалтын менежер ярьж байна. Чиний ээлжинд мөнгөний зөрүү гарсан байна гэж хэлэхээр нь би өмнөх тооцоонуудад зөрүү гарч үлдэгдэл нь 92,500 төгрөг болж дээ гэж бодоод тэр даруйдаа зөрүү тооцоог эрхлэгч Ундрахад өгөх гэтэл ... Тооцоо хийхээс өмнө өгчихгүй юу даа, байж л бай гээд аваагүй. Дараа нь өөрөө надад ... 27-нд тооцоо хийнэ тэгэхээр өгөөрэй гэсэн. Ингээд 4 дүгээр сарын 27-нд ээлжтэй таарч, тооцоогоо хийх гэтэл эрхлэгч ажилдаа ирээгүй болохоор нь маргааш өглөө нь ажлаасаа буухдаа буюу 28-нд дараагийн ээлжийн хүн болох Гомбодоржид хэлээд үлдээсэн юм.

 

Намайг 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр ажилдаа гарч байхад Улаанбаатар хотоос Газрын тосны газрын 2 жийп машинтай хүмүүс ирж 150 литр шатахуун шахуулж, төлбөр хийгээгүй явсан. /Ер нь компаний болон албаны машинууд цаанаасаа зөвшөөрөлтэй тул шатахуун хийлгээд тооцоо хийхгүй явах тохиолдлууд байдаг/. Мөн тухайн шөнө карт уншигч машин ажиллахгүйгээс өөрийн данс руу тухайн өдрийн орлогын мөнгөнүүдийг шилжүүлэн авч байсан тохиолдол гарсан. Заримдаа сүлжээгүй болж карт уншигч ажиллахгүй байх явдал гардаг. Гэтэл захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 208/20 тоот тушаалаар ноцтой зөрчил гаргасан гэж үзэж намайг ажлаас халсан ба тушаалыг 10 гаруй хоногийн дараа эрхлэгчээс очиж авсан. Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3-т заасан үйлдлүүдийг хийсэн ажилтнуудыг ноцтой зөрчил гэж үзэж ажпаас хална гэж заасан байдаг. Гэтэл тушаал гаргахдаа энэхүү Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг баримтлаагүй, Хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй шууд л ажлаас халах тушаал гаргажээ. Хөдөлмөрийн гэрээний 6.2.11 дэх заалтыг зөрчиж, компанийн эд хөрөнгө бараа материалыг хувийн зорилгоор ашигласан гэж үзэж байгаа бол дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон, үүссэн өр төлбөрийг төлөөгүй, санаатай нуун дарагдуулсан байхыг ойлгоно гэж бодож байна. Тушаалд дурьдсан худалдаа борлуулалтын газрын Илтгэх хуудас гэх зүйлийг надад танилцуулаагүй, би зөвхөн эрхлэгчийн хэлсний дагуу борлуулалтын менежертэй холбогдож, мөнгө дутсан зөрүү гарсан гэдгийг мэдсэн бөгөөд бага хэмжээний мөнгө байхаар нь өмнөх тооцоонуудын хуримтлагдсан зөрүү байх гээд нээх тоогоогүй юм. Мөн Хөдөлмөрийн гэрээний 6.2.8-д НӨАТ-ын баримт болон бусад баримтыг санаатайгаар илүү бичсэн, бусдад шилжүүлсэн өөртөө ашигласан үйлдэл гаргаж баримт илүү бичиж, байгууллагад мөнгөн хохирол учруулсан зүйл байхгүй. Гэтэл надад хувьдаа ашигласан зүйл байхгүй, зөвхөн зөрүү тооцоо гарсан бөгөөд энэхүү зөрүүг мэдсэн даруйдаа эрхлэгчид өгөх гэсэн ч хүлээж бай тооцоо хийхээр авъя гэсэн. Эрхлэгч нааш нь хэрхэн яаж тооцоо хийснийг би мэдэхгүй. Санхүүгийн тооцоонд зөрүү, алдаа гарах явдал нь дан ганц надаас шалтгаалахгүй ба намайг харъяалах дээд шатны удирдлага буюу салбарын эрхлэгч үүнд давхар хяналт тавих үүрэгтэй байдаг. Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мөнгө төгрөгтэй алхам тутамдаа харилцаж байдаг ажилтны хувьд бага хэмжээний тооцоо алдаж, тоо баримт зөрүүлэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй энэ болгоныг ноцтой зөрчилд тооцох ёсгүй гэж бодож байна. 92,500 төгрөгийн зөрүү гарсан нь үнэхээр хариуцлага хүлээлгэх зөрчил юм бол Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.4 дэхь заалт буюу орлогын мөнгийг санаатай бус, бага хэмжээгээр дутаасан үйлдэл нь зөрчилд хамаарахаас биш Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохуйц ноцтой зөрчил огт биш.

 

Хөдөлмөрийн дотоод журмын 6.3.8-д Санамсар болгоомжгүй, хайнга ажиллагааны улмаас эд хөрөнгийн бага бусаас дээш хэмжээний хохирол учруулах гэсэн заалт байдаг. Энэ хохирлын хэмжээг Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйл буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш гэж тодорхой заасан байдаг. Санхүүгийн тооцоон дээр 92,500 төгрөгийн зөрүү гарсан гэхээр нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төлчихсөн ба тушаал гаргасан 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар байгууллагад ямар ч өр төлбөр, тооцоо байхгүй, тушаалын үндэслэлд заасан Хөдөлмөрийн гэрээний 6.2.8 болон 6.2.11 дэх заалтын алийг нь ч би зөрчөөгүй, ийм зүйл болоогүй байхад халах тушаал гаргасан нь буруу байна. Хөдөлмөрийн хуулийн 40.1.4-т заасныг үндэслэж, Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй. Ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдлийг хамааруулж үздэг. Миний бие Хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчөөгүй, компанийн эд хөрөнгө бараа материалыг хувийн зорилгоор ашигласан зүйл байхгүй, мөн компанид нэг ч төгрөгний хохирол учруулаагүй, санхүүгийн тооцоонд алдаа гарсны улмаас гарсан зөрүү мөнгийг нь төлчихсөн байтал байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашигласан гэж үзэж, ажлаас халсанд гомдолтой байна.

 

Тухайн өдрийн тооцоог 200 литр АИ-92 шатахуун авснаар тайлан тооцоонд тусгаж, 50 литр шатахууныг өөртөө авч ашигласан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Хяналт шалгалтын газраас 150 литр шатахууны зөвшөөрөл өгсөн гэх баримтыг гаргаж өгсөн. А.Э анхнаасаа 200 литрыг авсан гэж хэлээгүй. Тухайн шөнө сүлжээ унаснаас болж хувийн дансаар хэрэглэгчийн мөнгийг авч байсан учраас хольж, сольж алдаа гаргасан байна гэж хэлсэн. Энэ нь санаатай үйлдэл биш юм. Өөрийн болгоомжгүй байдлын улмаас тооцоог буруу гаргасан байна гэдэг. А.Э өдөр тутамдаа харуул хамгаалалтын ажилтан гэх ажлын байранд ажилладаг. Гэтэл хариуцагчийн гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт түгээч, харуул хамгаалалтын ажилтан гэж нэмсэн байгаа юм. Ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэх ёстой. Харуул хамгаалалтын ажилтанд давхар түгээгчийн ажлыг хариуцуулдаг юм шиг харагдаж байна. Өөрөөр хэлбэл хоёр ажлын байранд нэг хүнийг ажиллуулж, нэг цалин өгдөг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болно. Тушаалд гарын үсэг зурсан албан тушаал нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй этгээд байсан. Улсын бүртгэлд бүтгүүлснээр хүчин төгөлдөр болно. Тиймээс компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан. Өөрийн U роint картаа уншуулан урамшууллын оноо авсан гэж байна. А.Э өөрийн U роint картаа уншуулснаар байгууллагад хэдэн төгрөгийн хохирол учирсан гэх зүйл яригдана, гэтэл байгууллагад учирсан хохирол байхгүй. А.Э уншуулах, иргэн Б уншуулах нь ялгаагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлыг хангаж шийдвэрлэж 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 208/20 тоот ерөнхий захирлын тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тул тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч МТ.С ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн өмгөөлөгч Г.Эгийн шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус шүүхэд иргэн А.Э-ын гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг өгч байна. Үүнд: А.Э нь 2012 оноос манай компанид ажиллаж байгаад 2020 оны 5 дугаар 13-ны өдрийн 208/20 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 6.2.8 дахь заалтад заасны дагуу НӨАТУС-ын баримт болон бусад баримтыг санаатайгаар илүү бичсэн, бусдад шилжүүлсэн, өөртөө ашигласан бол, 6.2.11 дэх заалтад заасны дагуу Компанийн эд хөрөнгө, мөнгө, бараа материалыг хувийн зоригоор ашигласан гэх үндэслэлүүдээр ажлаас халагдсан. ШТС-97-ийн түгээгч-харуул хамгаалалтын алба хаагч А.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 9-ний орой 23 цаг 05 минутад 150 литр АИ-92 шатахуун мөнгөн талонаар авсан хэрэглэгчийн тооцоог 200 литр АИ-92 шатахуун авснаар тайлан тооцоонд тусгаж, 50 литр шатахууныг өөртөө авсан. Мөн бэлэн мөнгөөр төлбөрийг хийснээр НӨАТ-ын баримт хэвлэн авсан, өөрийн U роint картаа уншуулан урамшуулалын оноо авсан болох нь картын хуулга болон хошууны мэдээлэл, камерын бичлэг зэргээр тогтоогдсон байна. Энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 6.2.8, 6.2.11 дэх заалтад заасны дагуу ноцтой зөрчлүүдийг гаргасан байна. Нэхэмжлэгч тал санамсаргүй, болгоомжгүй үйлдлийн улмаас тооцоолол буруу гаргасан гэж байна. Хавтаст хэрэгт А.Э-ын өөрийн хийсэн тооцоолол авагдсан. Тус баримтаас харахад санамсаргүй, болгоомжгүй үйлдлийн улмаас гаргасан зөрчил гэж харагдахгүй байгаа юм. Uроint карт уншуулснаар компанид учирсан хохирол байхгүй гэж байна. Бид олон хэрэглэгчтэй болохын тулд урамшуулал олгодог. Гэтэл урамшууллыг хэрэглэгч нарт өгөхгүй, дундаас нь авч байсан. Энэ нь компанид нөлөөлж байгаа нөлөөлөл бөгөөд санаатай үйлдэл. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч МТ.С ХХК-д холбогдуулан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч МТ.С ХХК-ийн шатахуун түгээгүүрийн Хэнтий аймгийн Хэрлэн сум дахь 97 дугаар салбарын харуул хамгаалалтын алба хаагч-түгээгчийн ажилтнаар 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаагүй байгуулан ажиллаж байсан ба энэ талаар зохигчид маргаагүй. 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр МТ.С ХХК-ийн ерөнхий захирлын 208/20 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 6.2.8, 6.2.11, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1, 6.1.3 дахь заалт, Худалдаа, борлуулалтын газрын 01/20 тоот илтгэх хуудсыг тус тус үндэслэн түгээгч, харуул хамгаалалтын алба хаагч А.Э нь хэрэглэгчийн мөнгөн талоноор авсан шатахуунд НӨАТ-ын баримт хэвлэн хувьдаа ашиглан, өөрийн U Point /цаашид ю поинт гэх/ картыг уншуулж урамшууллыг авсан, мөн 50 литр шатахууны 92,500 төгрөгийг хувьдаа ашигласан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. /Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/

 

Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч МТ.С ХХК-ийн шатахуун түгээгүүрийн Хэнтий аймгийн Хэрлэн сум дахь 97 дугаар салбарын харуул хамгаалалтын алба хаагч-түгээгчийн ажилтнаар ажиллаж байхдаа 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 23.05 цагийн үед 150 литр АИ-92 шатахуун авсан хэрэглэгчийн тооцоог тайланд 200 литр АИ-92 шатахуун авсан гэж зориудаар худал мэдүүлж 50 литр АИ-92 шатахууны үнэ болох 92,500 төгрөгийг хувьдаа авсан, мөн тухайн өдрийн 150 литр АИ-92 шатахууны баримтыг талоноор биш бэлэн мөнгөөр тооцоо хийсэн мэтээр НӨАТ-ын баримт хэвлэж буцаан олголтыг өөртөө авсан, мөн дээрх шатахуунд тохирох урамшуулалыг өөрийн Ю поинт картаа уншуулж авсан гэж бутуутгагдсан ба А.Э нь дээрх зөрчлийг гаргасан болох нь 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 01/20 тоот илтгэх хуудас, 97 дугаар салбарын эрхлэгч О.Ундрахын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн тайлбар, нэхэмжлэгч А.Э-ын ... 4 дүгээр сарын 9-ний өдрийн 23 цагийн орчим Улаанбаатар хотоос Газрын тосны газрын 2 жийп машин ирж 150 литр шатахуун авсан, үүнийг тооцохдоо 200 литр гэж тооцоо хийсэн байна. Тухайн өдрийн шөнө сүлжээ унан карт уншигч ажиллахгүй байсан ба өөрийн дансанд өөр машины тооцооны мөнгийг хийлгэснийг мартан буруу бодон тооцсон байсан, уг шатахууны урамшууллыг өөрийн Ю поинт картаа уншуулж авсан гэж зөрчлөө хүлээн зөвшөөрч бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тайлбар, Борлуулалтын хяналтын системийн мэдээллээр тооцоо гаргасан Б.Б, Б.Д нарын тооцоо зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч А.Э-ын дээрх үйлдэл нь хариуцагч Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 108/10 дугаар тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 6.3-т Ажилчин, алба хаагчдын дараахь буруутай үйл ажиллагааг ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас шууд хална. Үүнд:, мөн 6.3.2-т Орлогын мөнгийг банкинд тушаагаагүй, санаатайгаар дутаах, хувьдаа ашиглах гэж заасныг, мөн Хөдөлмөрийн гэрээний 6.2.8-д НӨАТУС-ын баримт болон бусад баримтыг санаатайгаар илүү бичсэн, бусдад шилжүүлсэн, өөртөө ашигласан бол, 6.2.11-д Компанийн эд хөрөнгө, мөнгө, бараа материалыг хувийн зоригоор ашигласан гэж заасныг тус тус зөрчсөн, хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын ноцтой зөрчилд хамаарах ба ажил олгогч буюу хариуцагчаас түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1-д заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... А.Э-аар харуул хамгаалалтын ажилтан-түгээгч гэх 2 ажилыг зэрэг гүйцэтгүүлж байсан, ажлаас халах тушаалд ерөнхий захирал Г.М гарын үсэг зурсан, гэвч хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар Г.Д бүртгэлтэй, зөрчлийг 2020 оны 4 дүгээр сарын 9-нд гаргасан байхад 5 дугаар сарын 13-нд ажлаас халах шийтгэл ногдуулж хөөн хэлэлцэх 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн, болгоомжгүйгээр тооцооны алдаа гаргаж 92,500 төгрөг дутаасан нь санаатай үйлдэл биш гэх тайлбарыг гаргасан боловч дээрх тайлбар нь үндэслэлгүй байна. Учир нь А.Э нь харуул хамгаалалтын ажилтан-түгээгч гэх ажил үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд энэ нь 2 тусдаа ажил биш, нэршилийн хувьд тухайн ажлын байр нь харуул хамгаалалтын ажилтан-түгээгч гэж явдаг гэх тайлбарыг ажил олгогч буюу хариуцагч тал гаргасан, мөн хариуцагч МТ.С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаар Г.Д бүртгэгдсэн боловч шүүхийн журмаар улсын бүртгэлийн газраас хариуцагч МТ.С ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагааг гаргуулахад тус компани нь 1 хувьцаа эзэмшигч, гишүүнтэй ба Р.Г 100 хувь гэжээ. Хувьцаа эзэмшигч Р.Г нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 01/17 дугаартай шийдвэр гаргаж Ганзоригийн Магнайг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс МТ.С ХХК-ийн ерөнхий захирлаар томилсон. Харин дээрх шийдвэрийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, зохих тэмдэглэгээг хийлгээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илэрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна. гэж заасныг хариуцагч зөрчөөгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.Э нь сахилгын зөрчлийг 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр гаргасан ба тус зөрчилд 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шийтгэл ногдуулсан нь хуульд заасан журмыг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч А.Э нь ажил үүрэгтээ хайнга хандаж тооцооны алдаа гаргаж 92,500 төгрөг дутаасан, 150 литр шатахууны НӨАТ-ийн баримт, урамшууллыг өөрийг картыг уншуулж авсан үйлдлүүдийг болгоомгүйгээр гаргасан гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд хариуцагч МТ.С ХХК-ийг нэхэмжлэгч А.Э-д сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч А.Э-ын ажлаас халсан 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 208/10 дугаартай тушаалыг хүчингүй болгож, харуул хамгаалалтын алба хаагч-түгээгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э-ын хариуцагч МТ.С ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас халсан 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 208/10 дугаартай тушаалыг хүчингүй болгож, харуул хамгаалалтын алба хаагч-түгээгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар А.Э-ын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХТӨР