Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0194

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                    Х.Х-ы гомдолтой

     захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж

Гомдлын шаардлага: Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0219296 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Х.Б

Хариуцагч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 110/2023/0065/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Гомдол гаргагч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ж-д холбогдуулан “Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0219296 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гарган маргасан байна.

2.   Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Х.Х-ы шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0219296 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.   Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.    “...Шийтгэлийн хуудсыг хүргүүлсэн, гардуулж өгөх талаар холбогдох арга хэмжээнүүд авагдсан талаарх нотлох баримтууд байсаар байхад “зөрчилд холбогдогч Х.Х нь шийтгэлийн хуудастай танилцсан, уг шийдвэрийн талаар мэдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзсэн байна. Нэгэнт шуудангаар явуулсан бичгийн хүргүүлсэн, хүлээж авсан эсэхийг илгээгч байгууллага хариуцах үндэслэлгүй. “Гомдол гаргагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн маргаан бухий шийтгэлийн хуудсыг албан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 223 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамж нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой байх ба Х.Х-с шийтгэлийн хуудастай холбогдуулж, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гомдол гаргасныг хуульд заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхээр байна” гэж үзсэн боловч тухайн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох талаар шүүхийн шийдвэрт огт тусгаагүй. Шийтгэлийн хуудсыг 08 дугаар сард шуудангаар хүргүүлсэн хугацааг хэлэлцээгүй байна.

3.2. “Газрын байршлыг Ш.С-д газар эзэмшүүлсэн Алтанцөгц сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/99 дугаартай захирамж, 000660957 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд, мөн Засаг даргын 2023 оны А/21 дугаартай захирамжийн дагуу газар эзэмшигч Х.Х-тай газрын даамлын байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, мөн өдөр олгогдсон газар эзэмших эрхийн 0000169279 дугаартай гэрчилгээнд тус тус “Алтанцөгц сумын 1 дүгээр баг, “Бага сэвсийн ам” /Бага сэвс/ /Хуучин Халиасхарын буйр/ гэж заажээ” гэж үзсэн нь буруу болсон Алтанцөгц сумын Газар нутгийн нэрийн зураг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Барилг архитектур, техникийн хяналтын Улсын хорооны харьяа Улсын геодези зураг зүйн газрын 1986 оны М1:125000 масштабын зураг болон Монгол улсын Их хурлын 2003 оны 42 дугаар “Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” тогтоолоор батлагдсанаар Сэвсийн зоо, Хойд сэвс ам, Дунд сэвс, Сэвст хошуу, Өмнө сэвс ам, Сэвс гануу, цонж толгой, Зүрх толгой, Сэвст цагаан толгой, Хар орой уул гэх газрууд байх ба “Бага сэвсийн ам” гэх газар огт байхгүй байхад хууль тогтоомжуудыг зөрчсөн, илт хууль бус захирамжийг үндэслэсэн нь буруу юм.

3.3. ... Малчид зуслан, намаржааны бэлчээрийг ашиглахдаа ургамлын гарцыг харгалзан жил бүр өөр өөр газруудад буудаг байсан ба зуслан, намаржааг хэзээ ч эзэмшүүлж байгаагүй, эрхийн гэрчилгээ олгодоггүй, гэрээ байгуулладаггүй. Газрын тухай хуулийн 52 дугаар зйүлийн 52.1 дэх заалтад “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар збхион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална”, 52.2 дахь заалт “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно”, 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж заасан байхад, нотлох баримт байхгүй байхад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, Газрын кадасрын зурагт байгаа газраас өөр байршилд байшин барьсан газрыг хууль ёсны гэж үзсэн нь буруу юм.

3.4. Гомдол гаргагч Х.Х-д торгох арга хэмжээ авсны дараа “Газрын кадастрын зураг нь зөрчилтэй байсныг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар зөвтгөж өгсөн” гэж хүлээн зөвшөөрсөн нь Х.Х зөрчил гаргасан нь тухайн үед үйлдэгдсэн кадастрын зургаар бүрэн нотлогдож байгаа … Уг нь газрын кадастртай холбоотой магааныг Кадастрын зураглал ба Газрын кадастрын тухай хуулийн 20 дугаар зүйлин 20.1 дэх заалтад “Кадастрын зураглалтай холбогдсон маргааныг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана”, 20.2 дахь заалтад “Тазрын кадастртай холбогдсон маргааныг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана” гэх заалтуудыг үндэслэн шийдвэрлэгдэх ёстой байсан боловч тухайн заалт зөрчигдсөн байна.

3.5. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалт “эзэмшиж, ашиглаж байгаа газартаа геодезийн цэг, тэмдэгт болон эдлэн газрын хил заагийн тэмдэглээсийг гэмтээх, устгах, зохих зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлэх” 19.1.2 дахь заалт “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр кадастрын зураглалын мэдээллийг засварлах, бусдад дамжуулах”-ыг зөрчиж сумын Засаг даргын шийдвэр гараагүй байхад газрыг байршлыг өөрчилж үйлдэгдсэн кадастрын зургийг үндэслэн шүүх шийдвэр гаргасан байна.

3.6. Иймд анхан шатны захиргааны хэргийн шүүх нь хэрэгт байгаа баримтуудыг буруу үнэлж, улмаар холбогдох хууль тогтоомжуудыг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Захиргааны хэргийн анхан заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож болгож, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0223 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.   Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

2.1. Анх Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр захирамжаар Ш.С-д 700 м2 Бага сэвсийн ам халиасхарын буйр гэх газрыг өвөлжөөний зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгожээ.

2.2. Улмаар гомдол гаргагч Х.Х нь дээрх Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр баг Бага сэвс /хуучин Халиасхарын бууц/ 189 хаягт байрлах, 700 м.кв газрыг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/21 дугаартай захирамжийн дагуу 23 жилийн хугацаагаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшсэн байна.

2.3. Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0219296 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн оршин суугч Х.Х-г эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, эзэмших эрхгүй газарт байшин барьсан” гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэлийг Х.Х-д оногдуулжээ.

2.4. Гомдол гаргагч Х.Х нь энэхүү маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар ... Сумын Засаг даргын захирамж гарсны дараа сумын газрын даамал надад 0000169279 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгч, газар эзэмших гэрээ байгуулж, кадастрын зураг гаргаж өгсөн. Уг газарт 2023 оны 05 дугаар сарын сүүл 6 дугаар сарын эхээр байшин барьсан … Би дур мэдэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглаагүй. Тухайн газрыг зохих журмын дагуу өөрийн нэр дээр шилжүүлж авч эзэмшиж байсан. Кадастрын зурагт зөрчил гарч, аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газраас кадастрыг сольж өгсөн. Шийтгэлийн хуудасны хувийг надад гардуулж өгөөгүй гэж үзэж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар “кадастрын зураглал” гэдгийг геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагааг”, 4 дүгээр зүйлийн 4.7-д “Кадастрын зураглалд орох өөрчлөлтийг тухай бүр нь хийж кадастрын зураглалын мэдээллийн санд жилд нэг удаа оруулна”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ”, 10.2-т “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 10.2.1-д “газрын кадастрыг удирдах, зохион байгуулах”, 10.2.2-т “газрын мэдээллийн улсын санг бүрдүүлэх, хөтлөх, нийтэд үйлчлэх үйл ажиллагааг зохицуулах” гэж тус тус заажээ.

2.6. Дээрх хуулийн зохицуулалтууд болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гомдол гаргагч Х.Х нь хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байх ба, тухайн газрыг эзэмшүүлсэн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/21 дугаар захирамж хүчин төгөлдөр байсан хугацаанд байшин барьж, газраа ашигласан байх тул түүнийг “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, эзэмших эрхгүй газарт байшин барьсан” гэж үзэхээргүй байна.

2.7. Түүнчлэн, кадастрын зураг буруу үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Алтанцөгц сумын газрын даамал Б.К, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.Е, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Алтанцөгц сумын Засаг даргын даамлын тодорхойлолт, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн кадастрын зураг зэргээр тогтоогдож байна.

 2.8. Газрын мэдээллийн санд буруу бүртгэгдсэн нь газар эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа биш тул газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшсэн газартаа байшин барьж, тухайн газраа ашигласан Х.Х-д шийтгэл оногдуулах үндэслэлгүй.

2.9. Мөн гомдол гаргагч нь “... Шийтгэлийн хуудасны хувийг надад гардуулж өгөөгүй. Би энэ талаар мэдэхгүй байсан ба 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудах үед мэдсэн” гэж, хариуцагчаас ... шийтгэлийн хуудсыг албан бичгээр хүргүүлсэн” гэж тус тус тайлбарлажээ.

2.10. Хэрэгт гомдол гаргагч Х.Х нь шийтгэлийн хуудсыг шийтгэлийн хуудастай танилцсан, эсхүл мэдсэн талаар хөтөлбөргүй тогтоосон баримт авагдаагүй ба “Монгол Шуудан” ХК-ийн Баян-Өлгий аймгийн шуудангийн үйлчилгээний газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай албан бичигт ... Д.Ж нь Х.Х-д бичиг ирснийг мэдэгдсэн боловч Х.Х авахаас татгалзсан гэсэн хариу өгсөн байна” гэх боловч үүнийг шийтгэлийн хуудастай танилцсан, уг шийдвэрийг мэдсэн гэж үзэхээргүй байна.

 

2.11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагуудаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                             Ц.САЙХАНТУЯА

 

          ШҮҮГЧ                                                              О.ОЮУНГЭРЭЛ