Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2018/00946

 

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2018/00946

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.г- холбогдох,

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлж, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нь Ш.г явуулсан үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан, өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-.......... дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр хороолол, ........ тоот хаягт байрлах .... м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн Б ХХК-ийн үнэлгээг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар, Ш.г нь талуудын хооронд эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцуулах арга хэмжээ авалгүйгээр шууд шинжээч томилсон, түүнчлэн уг хөрөнгийг Д.Б нь 2016 онд 114.260.000 төгрөгөөр бусдаас худалдаж авсан байхад уг ханшаас хэт доогуур буюу 54.040.000 төгрөгөөр үнэлж, миний өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэнд гомдолтой байна. Улмаар Ш.г нь уг үнэлгээг үндэслэн, түүний 70 хувиар тооцон дуудлага худалдаанд оруулах гэж байгаа явдал нь миний өмч хөрөнгийг улам бүр үнэгүйдүүлж, энэ бүхний эцэст миний бие эд хөрөнгөөрөө хохирч үлдэх байдалд шууд хүрч байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-...........дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр хороолол, ........ тоот хаягт байрлах .... м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн, Б ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ш.г итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 184/ШЗ2017/....дугаартай захирамжаар Д.Бөөс 21.939.600 төгрөгийг гаргуулж, ....... ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Д.Бийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-...........дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр хороолол, ........ тоот хаягт байрлах .... м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь төлбөр авагч ............ ББСБ ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй болох нь тогтоогдсоны дагуу уг хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэхэд 54.040.000 төгрөгөөр тогтоогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Ш.г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг тус тус зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч Ш.г нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 184/ШЗ2017/............. дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж болон уг захирамжийн үндсэн дээр гарсан, гүйцэтгэх бусад баримт бичгийг үндэслэн, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17271495 дугаартай тогтоолоор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасантай нийцжээ. /хх 28-30, 55 дугаар тал/

Улмаар хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан журам, дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 36-37, 39-40, 44-54 дүгээр тал/

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Д.Б нь, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар талуудад мэдэгдэл хүргүүлэх, тэмдэглэл үйлдэх зэрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулсан, журамласан шинжтэй хариуцагч байгууллагын үйлдэл, үйл ажиллагааны талаар гомдол гаргаагүй ба гагцхүү төлбөрт хураагдсан эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар үнэ тохиролцуулах арга хэмжээг авалгүй шууд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэсэн, шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцож анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон гэх үндэслэлээр гомдол гаргажээ. / хх 1 дүгээр тал, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/

Хариуцагч нь, нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-...........дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр хороолол, ........ тоот хаягт байрлах .... м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1727149514 дугаартай тогтоолоор хураан авч, мөн өдөртөө үнийн санал өгөх мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдод хүргүүлжээ. /хх 50 дугаар тал-арын нүүр, 48-49 дүгээр тал/

Төлбөр төлөгч нь 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг 114.260.000 төгрөгөөр үнэлэж байгаа тухай саналыг бичгээр гаргасныг төлбөр авагч зөвшөөрөхгүй байгаа тухайгаа 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 01/12 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна. /хх 42 дугаар тал/

Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид нь, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоонд хүрээгүй байх тул хариуцагч байгууллага нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр, .... дугаартай Шинжээч томилох тухай тогтоол гаргаж, үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /хх 41-43 дугаар тал/

Шинжээч томилсон эрх бүхий байгууллага болох Ш.г нь шинжээчийг дуудан ирүүлж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар, шинжээч дүгнэлт гаргахад харшлах шалтгаантай эсэхийг бичгээр тодруулж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10-т зааснаар эрх, үүргийг тайлбарлаж өгсөн, шинжээч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийг 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар үнэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хугацааны дотор эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон байх тул шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэхгүй юм. /хх 31, 40-41 дүгээр тал/

Нэхэмжлэгч талаас, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг 2016 онд 114.260.000 төгрөгөөр худалдаж авсан нь, 54.040.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болно хэмээн тайлбарлах боловч эд хөрөнгө худалдан авсан тухай холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шинжээч хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнээр үнэлсэн гэх үндэслэлээ нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүйгээс гадна нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдсан, 2 этгээдийн хооронд эд хөрөнгө худалдаж авах тухай тохиролцоо, тохирсон үнэ нь тухайн хөрөнгийг зах зээлд, нийтэд худалдан борлуулах үнийг шууд тодорхойлох хүчин зүйл болохгүй юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт: ...анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно... гэж заасан тул шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцож анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул төлбөр төлөгчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-...........дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр хороолол, ........ тоот хаягт байрлах .... м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийж, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйийн 55.7-д заасныг баримтлан, хариуцагч Ш.гт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Ү-...........дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр хороолол, ........ тоот хаягт байрлах .... м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлж, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Д.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ХИШИГБААТАР