Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 01400

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04  дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/00946 дугаар шийдвэртэй, Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Н-т холбогдох

Үл хөдлөх хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нь Н-аас явуулсан үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан, өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 21-6 тоот хаягт байрлах 39.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн “Баян модот” ХХК-ийн үнэлгээг зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар Н нь талуудын хооронд эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцуулах арга хэмжээ авалгүй шинжээч томилсон. Уг хөрөнгийг Д.Б нь 2016 онд 114 260 000 төгрөгөөр худалдаж авсан байхад уг ханшаас хэт доогуур буюу 54 040 000 төгрөгөөр үнэлж, миний өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэнд гомдолтой байна.

Н нь уг үнэлгээг үндэслэн, түүний 70 хувиар тооцон дуудлага худалдаанд оруулах гэж байгаа явдал нь миний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж, би эд хөрөнгөөрөө хохирч үлдэх байдалд хүрч байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 21-6 тоот хаягт байрлах 39.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн “Баян модот” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2017/09884 дүгээр захирамжаар Д.Б-өөс 21 939 600 төгрөгийг гаргуулж, “М” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Д.Б-ийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 21-6 тоот хаягт байрлах 39.4 м.кв талбай, 2 өрөө орон сууц төлбөр авагч “М” ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй болох нь тогтоогдсоны дагуу уг хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилон үнэлгээ хийхэд 54 040 000 төгрөгөөр тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан, хариуцагч Н-т холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201048395 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 21-6 тоот хаягт байрлах 39.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлж, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 177 дугаар зүйлд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг талуудын хооронд харилцан тохиролцуулах арга хэмжээ авах талаар заасан байхад Н нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/Ш32017/09884 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Д.Б-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр байрны 06 тоотод байрлах, 2 өрөө орон сууцны үнэлгээний талаар талуудын хооронд үнэ харилцан тохиролцуулах арга хэмжээ авалгүйгээр шинжээч томилжээ. Энэ талаар Н-аас санаачлан ямар нэгэн арга хэмжээ авсан талаар тодорхой баримт хавтаст хэрэгт байдаггүй. Гэтэл шүүх зөвхөн төлбөр төлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар өгсөн саналыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг талуудын хооронд орон сууцны үнэлгээний талаар үнэ тохиролцуулах арга хэмжээ авсан гэж үзсэнд гомдолтой байна. Хариуцагч байгууллагаас шинжээчийн үнэлгээ бодитой болохыг нотолсон баримт ирүүлээгүй байхад нэхэмжлэгч нэхэмжлэгчийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Д.Б-ийн өмчлөлийн орон сууцыг зах зээлийн бодит үнэ ханшийг тооцоход 114 260 000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Гэтэл шинжээч "Баян модот" ХХК нь орон сууцны үнэлгээг зах зээл дэх бодит үнэ ханшаас  бага буюу 54 040 000 төгрөгөөр үнэлж түүний хууль ёсны эрх ашгийг нь зөрчиж, их хэмжээний хохирол учруулсан байна. Улмаар Н нь уг үнэлгээг үндэслэн 70 хувиар тооцож дуудлага худалдаанд оруулж байгаа нь Д.Б-ийн өмч өмчлөх эрхэд нь халдаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/Ш32017/09884 дүгээр  шийдвэр, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудаст зээлийн төлбөрийг Д.Б-ийн орон сууцнаас гаргуулах талаар заагаагүй. Гэтэл хариуцагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулалгүй хүний өмчлөх эрхэд халдаж, орон сууцнаас төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгааг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзаж үзээгүй. Хэрэгт Д.Б-ийн орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд барьцаалсан бөгөөд түүнээс шууд төлбөр гаргуулах арга хэмжээ авагдаагүй, баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, "Б" ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2017/09884 дүгээр “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамжаар  хариуцагч Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 11 909 600 төгрөгийг тэмдэгтийн хураамж 30 000 төгрөгийн хамт нийт 21 909 600 төгрөгийг “М” ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон байна. /хх-29/

Төлбөр төлөгч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул Н нь Д.Б-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 6 тоот хаягт байрлах, 39,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, албадан дуудлага худалдаанд оруулах үнийн талаар санал ирүүлэхийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэний дагуу төлбөр төлөгч 114 260 000 төгрөгөөр үнэлснийг, төлбөр авагч эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлтээ бичгээр гаргажээ. /хх 42, 43/

Иймээс хариуцагч Н талуудыг үнийн талаар харилцан тохиролцоогүй гэж үзэж, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар тогтоолоор шинжээчээр “Баян модот” ХХК-ийг томилсон ба шинжээч орон сууцыг 54 040 000 төгрөгөөр үнэлэн тогтоосон. /хх 31-34, 41/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоодог.

Төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь хууль зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулалгүй өмчлөх эрхэд халдаж, орон сууцнаас төлбөр гаргуулж шийдвэрлэснийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй” гэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө нь 2016 онд “М” ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэгдсэн талаар Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан тоотоор тогтоогдсон байна. /хх-46/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04  дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/00946 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            А.МӨНХЗУЛ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА