Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2018/00962

 

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2018/00962

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Б,

Нэхэмжлэгч: Д.О,

Хариуцагч: Н.Б,

Хариуцагч: Х ХХК нарт холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 15.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн ..........дугаар хороо,........... хаягт байрлах 700 м.кв тайлба бүхий газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, Д.О, хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч Н.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Б, гуравдагч этгээд О.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б, Д.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь манай нөхөр бөгөөд Н.Бтэй харилцан тохиролцож 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл бидний өмчлөлийн, Хьюндай /Hyungai/ маркийн, ......улсын дугаартай бетон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгийн Зэлтэр суманд ашигласан юм. Бид сарын 6.000.000 төгрөгөөр тооцож, нийт 18.000.000 төгрөг авахаас 2 сая төгрөгийг бэлнээр авч, 2 сая төгрөгт нь газар бодож авсан. Хариуцагч нь үлдэх 14.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, мөн тээврийн хэрэгслийг буцааж авч ирэх шатахууны зардал болох 520.000 төгрөгийг төлөөгүй, 1 ширхэг нь 240.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг аккумляторыг гээгдүүлсэн тул хариуцагч нараас нийт 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.Бхувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч Н.Б миний бие нэхэмжлэгч нартай ямар нэг байдлаар ажил гүйцэтгэх гэрээ огт байгуулаагүй гэв.

Хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгч С.Бтэй 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан бөгөөд гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд өдрийн 200.000 төгрөгийн хөлс олгохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагч С.Б нь гэрээний хугацаанд ердөө 40 хоног л ажил үүрэг гүйцэтгэсэн бөгөөд гэрээний хугацаанд автомашин нь байнгын эвдрэл гэмтэлтэй байсан, мөн цаг агаарын таагүй нөхцлийн улмаас ажил үүрэг гүйцэтгээгүй болно. Хариуцагч Х ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчид 2.000.000 төгрөг төлсөн, мөн нэхэмжлэгч нарын хүсэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 13.000.000 төгрөгийн үнэ бүхий Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам зуслангийн 700 м.кв газрыг Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу нэхэмжлэгчийн эхнэр Д.Оын хүүхэд О.Ат шилжүүлж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б миний бие 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, нэхэмжлэгч С.Бтэй харилцан тохиролцож, 13.000.000 төгрөгийн үнэ бүхий Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам зуслангийн 700 м.кв газрыг Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу, нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр, түүний эхнэр Д.Оын хүүхэд О.Ат шилжүүлж өгсөн. Энэхүү Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г татвараас зайлсхийх зорилгоор, 2.000.000 төгрөгт тооцон өгч байгаа мэтээр байгуулсан тул уг хэлцэл нь дүр үзүүлж хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм. Иймд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам зуслангийн 700 м.кв газар эзэмших эрхийг буцаан шилжүүлж өгнө үү гэв.

Хариуцагч С.Б, Д.О нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Бидний машин Сэлэнгэ аймгийн Зэлтэр суманд 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хот руу нэг ч ирэлгүй ажилласан. Хариуцагч Н.Б нь газрыг бидэнд 13.000.000 төгрөгөөр тооцож өгсөн гэж худлаа ярьж байна. Бид 2.000.000 төгрөгөөр тооцож уг газрыг авахаар Н.Бтэй тохирсон бөгөөд үүнийхээ дагуу 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хийж, нотариатаар баталгаажуулсан. Энэ гэрээн дээр 2 сая төгрөг эрх шилжүүлсний төлбөрт төлөв гэж маш тодорхой заасан. Тухайн үед би иргэний үнэмлэхгүй явж байсан учир хүү О.Аийн нэр дээр уг газрыг шилжүүлж авсан. Нэгэнт би 2 сая төгрөгөнд газар шилжүүлж авснаа өөрөө хүлээн зөвшөөрч буй учраас миний нэр дээр, эсхүл миний хүүгийн нэр дээр шилжсэн нь хууль зөрчөөгүй, чанарын ялгаагүй асуудал юм. Мөн Н.Б нь зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн учраас нотариат дээр очсон. Түүнчлэн нотариат дээр очиход газар эзэмших эрх шилжүүлэхэд татвар төлдөггүй гэж хэлж байсан тул татвараас зайлсхийх зорилгоор хуурамч гэрээ байгуулсан гэж Н.Б нь худлаа хэлж байна. Энэ гэрээнээс өөр бидэнд тохирсон зүйл, үнэ байхгүй тул Н.Бгаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.А шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 14-нд Н.Б нь ажлын хөлсөнд тооцож, Баянголын аманд байрлах зуслангийн зориулалттай газрыг манай ээжтэй тохироод 2 сая төгрөгөнд бодож өгөх үед манай ээж Д.Оын бичиг баримт байхгүй байсан тул намайг дуудан ирүүлж Н.Б, ээж Д.О хоёр нь тохиролцсоны үндсэнд Н.Б байрны гадаа хүлээж байгаад миний нэр дээр худалдах-худалдан авах гэрээ хийсэн болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах 700 м.кв хашаагүй хоосон газрыг нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2 сая төгрөгөөр бодож албан ёсоор гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Тэр үед гэрээ хийхдээ 2 сая төгрөгөөр үнэлж уг газрыг, нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр О.Ат шилжүүлж өгсөн. Одоо 13.000.000 төгрөг байх ёстой, мөн татвараас зайлсхийх зорилгоор хуурамч гэрээ хийсэн гэж байгаа нь хуулийн ямар нэг үндэслэл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчид, нэхэмжлэгч С.Б болон хариуцагч Х ХХК-ийн хооронд, 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр бичгээр гэрээ байгуулагдсан болон уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үнэ /1сарын 6.000.000 төгрөг/, хугацаа /3 сар/, гэрээний дагуу бэлнээр төлсөн нийт төлбөр болох 2.000.000 төгрөгийн талаар маргаагүй боловч гэрээний төлбөрийг ажил хийсэн өдрөөр тооцож төлөх, эсхүл бүтнээр тооцож төлөх эсэх дээр маргажээ.

Мөн хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаж, маргаан бүхий гэрээний дагуу төлөх ёстой төлбөрт шилжүүлүүлэхээр тохиролцсон 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлээр буюу дүр үзүүлж хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, улмаар газар эзэмших эрхийг буцаан шилжүүлж авах тухай шаардлага гаргасан байна.

1.    Үндсэн нэхэмжлэлийн талаар

1.1 Талууд 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр, Ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээний загварыг ашиглаж өөрсдийн тохиролцоогоо баталгаажуулсан байх ба гэрээний хугацаа, сунгалт, гэрээний үнэ, төлбөр төлөх журам зэргийг тусгайлан харилцан тохиролцжээ. /хх 30-32 дугаар тал/

Ийнхүү хэлцэл хийхдээ төлбөрийн хариу үүрэг болох гэрээний зүйл, тухайлбал гэрээний дагуу гүйцэтгэх ажил үйлчилгээ, тээвэрлэх эд зүйл эсхүл түрээслэх эд хөрөнгийн талаар гэрээнд тусгаагүй боловч нэхэмжлэгч нарын өмчлөлийн Хьюндай /HYUNDAI/ FV-415JML маркийн, ......улсын дугаартай бетон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгсэлийг жолоочийн хамтаар, 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний хооронд хариуцагч Х ХХК-ийн мэдэлд байлгасан, мөн тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймагт хүргэх, буцааж авч ирэх зардлыг хариуцагч Х ХХК хариуцах тохиролцоо хийсэн болох нь хожим хариуцагчийн бичгээр илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасаар, талуудын үйлдсэн бичгийн тохиролцоог бүрэн гүйцэд илэрхийлэгдсэн, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар С.Б болон Х ХХК-ийн хооронд бичгээр гэрээ хийгдсэн гэж үзэх боломжтой. /хх 3-4, 30-32 дугаар тал/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ-ээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг, мөн хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан Тээвэрлэлтийн гэрээ-ээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг, түүнчлэн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээ-ээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол Түрээсийн гэрээ /Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг/-ээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Хариуцагч тал нь, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж болох тодорхой ажил /ямар хэмжээтэй/-ыг ямар хугацаанд, хэрхэн хийж гүйцэтгэх, үр дүнг хэзээ, хэрхэн хүлээж авах, ажлын гүйцэтгэл, үр дүнгийн эрсдлийн талаар хариуцагчтай тохиролцсон эсэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн шинж болох ямар тодорхой ажил хийлгэх /ямар хэмжээтэй/-ээр тохирсон, мөн тээвэрлэлтийн гэрээний үндсэн шинж болох ямар хэмжээтэй ачааг хаана хүргэж өгөх талаар тохиролцсон гэх өөрийн татгалзалд хамаарах үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй.

Өөрөөр хэлбэл талууд тодорхой ажил, үйлчилгээ /ажлын хэмжээ, хугацаа, эрсдэл, хариуцлага/-ний талаар тохиролцоогүй, ажил үйлчилгээг гэрээний зүйлээ болгоогүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал хүсэлт гаргаж, Сэлэнгийн тариалан ХХК-иас нотлох баримт гаргуулахыг хүссэн боловч шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Сэлэнгийн тариалан ХХК-ийн албан бичигт дурдсанаар, тус компанид хариуцагчийн хүссэн баримт хадгалагдаж үлдээгүй болох нь тогтоогдсоноос гадна Х ХХК болон Сэлэнгийн тариалан ХХК-ийн хооронд гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ нь хариуцагчийн татгалзлыг шууд нотлож чадахгүй юм. Энэ тохиолдолд хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлох хуульд заасан нотлогооны бусад хэрэгслийг ашиглах эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй.

Харин зохигчдын тайлбараар, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ хариуцагчийн эзэмшилд буюу түүний мэдэлд шилжүүлсэн, уг хөрөнгийг ашигласнаас бий болсон үр шимийг хариуцагч Х ХХК хүртсэн, тээвэрлэж буй зуурмагийг алдсан дутаасан, устгасан, гэмтээснээс учирсан хохирлыг Х ХХК хариуцахаар үр дагавартай, Х ХХК нь тодорхой ажил гүйцэтгэхэд бус харин нэхэмжлэгчийн өмчлөлийн бетон зуурмаг зөөх зориулалт бүхий тээврийн хэрэгсэлд ач холбогдол өгсөн, талуудын зорилго нь ажилд бус, хөрөнгө ашиглахад чиглэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байхаас гадна хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн бичгээр үйлдсэн хүсэл зоригийн илэрхийлэл зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Нөгөө талаас, жолоочийн цалин хөлсийг хариуцагч төлөхөөр тохиролцоогүй, зөвхөн тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлд ач холбогдол өгсөн байх тул жолооч ажиллаж, ажиллуулж байгаа нь С.Бболон Х ХХК-ийн хооронд хийсэн гэрээний агуулгыг өөрчлөх үндэслэл болохгүй.

Дээр дурдсанаар, талууд нь тохиролцоогоо бичгээр баталгаажуулсан тул гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагыг хангасан, гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөөрөөгүй тул нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

1.2 Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрөөс гадна тээврийн хэрэгслийг буцааж авч ирэхэд гарсан зардалд 520.000 төгрөгийг мөн тээврийн хэрэгслийн хоёр ширхэг аккумлятор алга болсон гэх үндэслэлээр 480.000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

Тэрээр, тээврийн хэрэгслийг хүргэхэд гарсан зардлаа мөнгөн хэлбэрээр /450.000 төгрөг/, буцааж авч ирэхэд гарах зардлыг шатахуунаар тус тус авсан талаар маргаагүй болно. Харин буцах зардалд өгсөн шатахууныг хариуцагчийн өөрийнх нь зөвшөөрснөөр өөр бусад этгээдэд өгсөн хэмээн зардлыг нөхөн гаргуулахаар шаардаж буй үндэслэлээ тайлбарлах боловч маргаан бүхий энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч өөрөө нотлож чадаагүй. Энэ үүргээ биелүүлээгүй, зөрүүтэй тайлбараа өөр бусад баримтаар нотлоогүй тул тээврийн хэрэгслийг буцааж авч ирэхэд гарсан зардал гэх 520.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй юм.

Түүнчлэн түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч нь түрээслэгч буюу хариуцагчийг доголдолтой эд хөрөнгө буцааж өгсөн буюу тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумлятор гээгдсэн байсан гэх тайлбараа мөн л баримтаар нотлож чадаагүй болно.

Иймд Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д заасан үүргээ түрээслэгч буюу хариуцагч биелүүлээгүй гэж үзэж, түүнээс 480.000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.

2.    Сөрөг нэхэмжлэлийн талаар

2.1 Хариуцагч Н.Бнь өөрийн эзэмшлийн, Сонгинохайрхан дүүргийн ..........дугаар хороо,........... хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг Х ХХК-ийн өмнөөс, 13.000.000 төгрөгт тооцож хариуцагчид өгсөн, ийнхүү газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээг дүр үзүүлж хийсэн, татвараас зайлсхийх зорилгоор өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхээ буцаан шаарджээ.

Дээрх газар эзэмших эрхийг Х ХХК-ийн төлөх ёстой төлбөрт тооцон шилжлүүлсэн, эрх шилжүүлэх тохиролцоо Х ХХК болон С.Бнарын хооронд хийгдсэн, гэрээнд гарын үсэг зурсан газар эзэмшигч Н.Б нь Х ХХК-ийн өмнөөс төлбөрт тооцон шилжүүлсэн, газар эзэмших эрхийг О.Ат шилжүүлэхдээ нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д зааснаар нэг этгээдийн хүлээсэн үүргийг өөр этгээд өмнөөс нь гүйцэтгэж болдог, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрсөн өөр этгээдэд үүргийг хүлээлгэн өгч болдог байна.

Нөгөө талаас, эрх шилжүүлэх гэрээнд үнийг 2 сая төгрөгөөр тохиролцохоор талууд хүсэл зоригоо илэрхийлсэн байх ба үүнээс өөр хэлцэл хийгдсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нотлож чадаагүй тул талуудын хооронд хийгдсэн эрх шилжүүлэх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар, өөр хэлцлийг халхавчилж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй.

Гэрээний дагуу аливаа эрх зүйн үр дагавар бий болгохыг зориогүй, хэн нэгний өмнө үүрэг хүлээхгүйгээ мэдсээр байж талууд зориуд өөр бусад зорилгоор хэлцэл хийсэн бол энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэлд тооцогддог. Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нь гэрээний төлбөр /13.000.000 төгрөг эсхүл 2.000.000 төгрөг/-т тооцон шилжүүлэх зорилготой, эрх зүйн үр дагавар үүсгэхийг зорьсон байх тул уг хэлцлийг дүр үзүүлж хийсэн гэж үзэх боломжгүй.

Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх хэлцэл хүчин төгөлдөр байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийг буцаан шаардах эрхгүй байна.

Түрээсийн гэрээний үүрэг нь нэхэмжлэгч С.Б, хариуцагч Х ХХК-ийн хооронд үүссэн, харин нэхэмжлэгч С.Б-хариуцагч Н.Б нарын хооронд болон, нэхэмжлэгч Д.О-хариуцагч Х ХХК, хариуцагч Н.Б нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, үүрэг үүсээгүй байна. Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг ашигласны төлбөрт нийт 18.000.000 төгрөг төлөхөөс 4.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар, үлдэх 14.000.000 төгрөгийг хариуцагч Х ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйийн 1-д заасныг баримтлан Х ХХК-иас 14.000.000 төгрөгийг гаргуулан С.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.000.000 төгрөгийн шаардлага болон нэхэмжлэгч С.Бээс хариуцагч Н.Бд холбогдуулан гаргасан шаардлагыг, нэхэмжлэгч Д.Оаас хариуцагч Х ХХК, хариуцагч Н.Б нарт холбогдуулан гаргасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хүссэн хариуцагч Н.Бсөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230.350 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 222.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 2.600 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Х ХХК-иас 227.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ХИШИГБААТАР