Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 50

 

                                 Дорноговь аймгийн Ардчилсан намын

                                   нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхжаргал, түүний өмгөөлөгч Ж.Чимэг, гуравдагч этгээд В.Болдмаа нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 115/ШШ2016/0019 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0777 дугаар магадлалтай, Дорноговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, тус аймгийн Сайншанд сумын сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 115/ШШ2016/0019 дүгээр шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 34 дүгээр зүйлийн 34.1.2, 159 дүгээр зүйлийн 159.3-т заасныг баримтлан Дорноговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлийг хангаж, “В.Болдмааг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах тухай” шийдвэр гаргахыг Дорноговь аймгийн Сайншанд сумын сонгуулийн хороонд даалгасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0777 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Сонгуулийн хорооны өмгөөлөгч Н.Ууганцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Иргэн Т.Баяраа болон нэр дэвшигч В.Болдмаа нар харилцан тохиролцож, В.Болдмаа нь Т.Баярмаад дээрхи мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д заасан эрх зүйн хэм хэмжээний диспоцизэд заасан “зээл, барьцаа, батлан даалтын” аль өр болох нь тогтоогдоогүй. Иймээс өмгөөлөгчийн зүгээс дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар тайлбар гаргасан боловч давж заалдах шатны шүүх үзэхдээ Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д “...банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх” гэх боловч тухайн заалтыг “зээл, барьцаа, батлан даалтын” өртэй этгээдэд хамаарна гэж явцуу утгаар ойлгох нь сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэдэд тэгш бус хандах, энэ нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3-т заасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах хууль дээдлэх, шударга ёсыг сахих зарчмуудад нийцэхгүй тул тухайн тайлбарыг үндэслэлтэй гэх боломжгүй гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхэд хүрнэ. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5-д “нэр дэвшигч нь өр төлбөргүй болох тухай” мэдүүлгээ үнэн зөв гаргана гэж заасан байх учир иргэний бүхий л өр төлбөрийг хамааруулахгүй, гагцхүү Сонгуулийн тухай хуульд нэрлэн заасан өр төлбөргүй байх ёстой гэсэн шаардлагыг агуулсан байдаг, мөн хуулийг тайлбарлан хэрэглэх онол ёсоор шүүх үг зүйн болон утга зүйн тайлбар хийх ёстой бөгөөд хуулийн бичвэр нь хоёрдмол санаа агуулаагүй, иргэнд ойлгомжтой байхыг хууль зүйн техникийн хувьд шаарддаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой бол түүнийг дахин нотлохгүй гэж заасан боловч Дорноговь аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 280 дугаар захирамжаар Т.Баяраа болон В.Болдмаа нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй буюу тогтоох боломжгүй байх тул нэр дэвшигч В.Болдмааг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д заасан өр төлбөртэй этгээд гэж үзэх эрхийн үндэслэлгүй байхад захиргааны хэргийн шүүх шалган тогтоох зарчмыг хэрэгжүүлэлгүй хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учраас нотлох шаардлагагүй гэж үзэн, ингэхдээ Сонгуулийн тухай хуулийн 154.3.1-д заасныг буруу тайлбарлан хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж  өгнө үү” гэжээ.

                                                                                    ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т “Нэр дэвшигч нь энэ хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:” 154.3.1-д “банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй” гэсэн шаардлагыг тусгайлсан заасан бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй тохиолдолд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2-т заасны дагуу нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах учиртай.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч В.Болдмаа нь иргэн Т.Баярмаад 2,810,250 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцон эвлэрснийг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ2016/00280 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, В.Болдмаа дээрх төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулсан болох нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Дорноговь аймгийн Сайншанд сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 3 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч В.Болдмааг нэр дэвшигчээр бүртгэх үед тэрээр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөртэй байсан нь нотлогджээ.

Хариуцагч Сайншанд сумын сонгуулийн хороо дээрх нөхцөл байдлыг Дорноговь аймгийн Ардчилсан намаас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1/167 дугаар албан бичгээр гаргасан гомдлыг шалгах явцдаа буюу нэр дэвшигчийг бүртгэснээс хойш мэдсэн атлаа Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасан үйл ажиллагааг явуулалгүй, түүнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасахаас татгалзсан нь хууль бус байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д “...шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй”  гэж заасны дагуу сонгуульд нэр дэвшигч аливаа этгээд бусдад шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өргүй байх шаардлагыг хангах учиртай бөгөөд үүнд зөвхөн “батлан даалт, барьцаа, зээлийн өр”-ийг ойлгох боломжгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “В.Болдмаагийн өр батлан даалт, барьцаа, зээлийн алин болох нь тодорхойгүй” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 115/ШШ2016/0019 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0777 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Сонгуулийн хорооны өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                           ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН