Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0606

 

“Сентрополис констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэйгээр, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 54 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Сентрополис констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Сентрополис констракшн” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн “Сентрополис констракшн” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан давж заалдах гомдолдоо: “Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр “Сентрополис Констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн.

Хариуцагч талаас шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг нэхэмжлэгч тал зөрчсөн. Өөрөөр хэлбэл “Сентрополис констракшн” ХХК нь “тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргаагүй” болно.

Хоёр. Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулах, гэрч байцаалгах, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх татгалзаж шийдвэрлэсэн ба ингэхдээ давж заалдах эрхгүйгээр захирамжилсан нь хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 54 дүгээр шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбат 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А/300 дугаартай “Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх тухай” захирамж гаргаж, түүний хавсралтаар “Сентрополис констракшн” ХХК-д Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороололд байрлах 500 мкв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас С.Насанбат нь Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байхад нэхэмжлэгч “Сентрополис констракшн” ХХК-д газар эзэмшүүлсэн байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Тодруулбал,

Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах тухай” 187, “Засаг даргаар томилох тухай” 188 дугаар захирамжууд нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ирсэн бөгөөд С.Насанбат нь 2015 оны 9 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнги аймагт айлчилж, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажил хүлээлцсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана”, 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж тус тус зааснаас үзэхэд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын А.Энхболдод ажлаа хүлээлгэн өгсөн 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг үүрэгт ажлаас халагдсан өдөр гэж үзэхээр байх тул маргаан бүхий 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/300 дугаар захирамжийг Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байхад гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаас үзвэл, иргэнд газар эзэмшүүлсэн шийдвэр нь хууль зөрчсөн байхаас гадна бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх нөхцөлийг агуулсан байна. Гэтэл маргаан бүхий 500 м.кв газрыг “Сентрополис констракшн” ХХК-д эзэмшүүлсний улмаас бусад газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаарх үйл баримт тогтоогдохгүй байх тул  хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбарын үндэслэлээ “төсөл сонгон шалгаруулалтаар олгох газрын байршилд холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах хуудаст Мэргэжлийн хяналтын газрын Барилга, хот байгуулалтын хяналтын улсын байцаагч зөвшөөрөөгүй байхад сонгон шалгаруулалт зарласан, Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт нь Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтын 22 дахь заалтыг зөрчсөн” гэж тодорхойлон маргах боловч маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг С.Насанбат нь Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байхад нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн байна гэх үндэслэлээр хүчингүй болгосон атлаа захирамжид заагаагүй шалтгаан, үндэслэлийг нэмэгдүүлэн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй төдийгүй хариуцагч захиргааны байгууллагын газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулж, шалгарсан хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрт нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн “Сентрополис констракшн” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 54 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

                        ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН