Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2018/01881

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ө.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.А ХХК-д холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд:  Ч.Э

Өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй, гуравдагч этгээдийн өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Т, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов. 

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Т нь Н.А ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдаж буй 240 айлын орон сууцны А блок, 16 давхрын 170 тоот 68,3 кв.м талбайтай орон сууцыг захиалан “Орон сууц захиалгаар барих, байгуулах тухай гэрээ”-г байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т гүйцэтгэгч компани нь “2014 оны 4 дүгээр улиралд орон сууцыг ашиглалтад оруулна” гэж гэрээнд заасан боловч гэрээний үүргээ зөрчин, А блокийн орон сууц 2016 оны 04 дүгээр сард улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан. 2015 оны 12 дугаар сард Н.А ХХК-аас дуудаад үлдэгдэл мөнгөө төлөөд А блокийн 149 тоотод ор гэж хэлсэн. Тэгээд надад 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн он, сар, өдөртэй НА-149 тоот гэрээг өгсөн. Үлдэгдэл мөнгөө өгөөд улсын комисс хүлээн авсны дараа компаниас надад түлхүүр гардуулах зөвшөөрөл олгосны үндсэн дээр манайх 2016 оны 4 дүгээр сараас эхлэн нүүж орсон. Энэ хугацаанд уг байртай давхцалтай хүн гарч ирж байгаагүй. Давхцсан айлууд нь цагдаад гомдол гаргаад, эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байсан. Мөн байрны доор айлуудын мэдээлэл гардаг байхад 149 тоотод Ө.Т л гэж гардаг байсан. Гэтэл одоо “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газар”-т хандах гэтэл Н.А ХХК нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-т заасны дагуу компанийн зүгээс холбогдох шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа, мөн өөр айл өмчлөгч гээд гарч ирж байгаа нь миний сэтгэл санаа болон эд материалын хохиролд оруулсаар байна. Иймд Ө.Т-г Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Шинэ ирээдүй” хороолол, 90А байрны 11 дүгээр давхар, 149 тоот 68,3 кв.м талбайтай орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө. Т нь нэхэмжлэлдээ Н.А ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдаж буй 240 айлын орон сууцны А блок, 11 давхар, 149 тоотын 68.3 кв.м талбайтай орон сууцыг захиалан НА-149 тоот “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ”-г байгуулсан мэтээр тайлбарласан байдаг. Н.А ХХК нь иргэн Ө. Т-тай 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “С” блок 16 давхар 170 тоотын 68.3 кв.м орон сууцыг захиалах Орон сууцыг захиалгаар барих, бариулах тухай НА-170 тоот гэрээ байгуулсан. Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөд байгаа 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний эхний нүүр нь сүүлийн хуудасны бичигтэй таарахгүй байгаа. Хэнтэй байгуулсан нь эргэлзээтэй. Гэвч намайг 2015 оны 12 дугаар сард ажилд орсны дараа А блокийн орон сууцанд орох айл, гэрээг цуцлах айл, төлбөрийг буцаан өгөх айл гэсэн жагсаалт байсан А блок ашиглалтад ороход бэлэн болсон байсан тул мөнгөө бүрэн төлсөн захиалагчдыг А блокийн орон сууцад оруулахаар шийдсэн байсан. Жагсаалтаар А блокийн 149 тоотод Ө.Т орохоор нэр нь байсан тул би нүүж орох зөвшөөрлийг нь өгсөн. Харин С.Э төлбөрийн 80 хувийн гүйцэтгэлтэй байсан тул гэрээ цуцлах жагсаалтад байсан. Ө.Т-ын А блокийн 149 тоот орон сууцтай холбоотой гэрээг хэнтэй байгуулсныг мэдэхгүй. С блокийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй улсын комисс хүлээж аваагүй байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид гаргаж өгөх боломжгүй байгаа. Мөн 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М. Ч, Н.А ХХК нар “Орон сууц захиалах, бариулах гэрээ” байгуулж Сонгинохайран дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 48 айлын орон сууцыг дахин төлөвлөж, шинээр 240 айлын орон сууц барихаар болж захиалагч нартай гэрээ байгуулан барилгын ажил эхэлсэн. Гэвч энэ хугацаанд эдийн засгийн хямрал болон захиалагч нар хугацаандаа төлбөрөө өгөхгүй байх зэрэг эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байдлууд үүсэн захиалагч нарын тоо давхардсанаас захиалагч нараас хууль, шүүх, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, асуудал улам хүндэрч барилгын ажил цааш явах боломжгүй байдалд хүрсэн. Гэвч 2017 оны онд захиалагч нар хуралдан захиалагч нарын эрх ашгийг хамгаалах үүднээс түр хороо болон Зуун мянган айлын орон сууц хөтөлбөрийн Сонгинохайрхан дахь захиалагчдын нэгдсэн холбоо ТББ-г байгуулсан. Ингээд Н.А ХХК болон Зуун мянган айлын орон сууц хөтөлбөрийн Сонгинохайрхан дахь захиалагчдын нэгдсэн холбоо төрийн бус байгууллагын хооронд 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан болно. Уг хамтран ажиллах гэрээгээр Нийслэлийн төсөвт тусгагдаж батлагдсан 1,700,000,000 төгрөгийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдаж байгаа 240 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Сонгинохайрхан дүүргийн тендерийн хороонд холбогдох материалыг хүлээлгэн өгөх, захиалагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалж, захиалагчдын санал хүсэлтийг үндэслэн гэрээний үнийн дүнд нэмэлт өөрчлөлт оруулж захиалагчдын төлбөрийг барагдуулах, байранд нь оруулах ажлыг хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл захиалагч нар нь нэгдсэн хүсэл зоригоос татгалзаж, дан дангаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь бусад захиалагчдын эрх зөрчигдөх болон ажил цааш явах боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлж байна. Иймд Ө. Т-ын тус шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин 90 А байрны А блокийн 149 тоот орон сууцны өмчлөгчөөр С.Э-ийг тогтоож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан шаардлагаа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Т нь нэхэмжлэлдээ Н.А ХХК”-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НА-149 тоот “Орон, сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ”-г байгуулж, гэрээний үүргээ 100 хувь төлж барагдуулсан гэж байгаа боловч Н.А ХХК-ийн барьж буй 240 айлын орон сууцны барилгын А блок 11 дүгээр давхрын 149 тоот 68,З кв.м талбайтай 3 өрөө байрыг худалдан авах гэрээ байгуулаагүй, 149 тоотод зориулж нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Харин 240 айлын орон сууцын барилгын С блок, 16 давхар 170 тоот 68,З кв.м талбайтай 3 өрөө сууцыг авахаар тохиролцож “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай” НА-170 тоот гэрээг байгуулж, төлбөрийг төлсөн байна. Энэ нь тус компанийн удирдлага Б.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нарын тайлбар болон “Захиалагчдын нэгдсэн холбоо” ТББ дээр байгаа анхны материалуудаар нотлогдож байгаа. Ө.Т нь Н.А ХХК-ийн барьж буй 240 айлын орон сууцны А блок 11 давхар 149 тоотод байр захиалсан гэж хуурамч материал бүрдүүлж нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Байр ашиглалтад орох үед Ө.Т арга заль гаргаж уг 149 тоот захиалгат байранд орсон байсан. Ч.Э нь байрандаа орохыг компанийн удирдлагаас гурван удаа шаардахад “Ө.Т гарахгүй байна” гэсэн хариулт өгч, А блок 109 тоотын түлхүүрийг өгсөн. А блок 109 тоотын анхны захиалагч нь н.Р гэдэг залуу байрандаа орно гээд бас шүүхээр явж байгаа. Иймд Ө.Т, түүний өмгөөлөгч Г.Н нар нь хуурамч материал бүрдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, А блок 11 давхарт 149 тоот 68,З кв.м талбайтай орон сууцыг анхны захиалагч Ч.Э нь өмчлөгч болохыг тогтоож өгнө үү. Ч.Э нь гэрээний үүргээ 100 хувь биелүүлж гэрээний 2.2 дахь заалтын 2-т заасны дагуу гэрээний төлбөрт 68 300 000 төгрөг, 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар 6 830 000 төгрөг, нийт 75 130 000 төгрөгийг төлсөн гэв.

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Т нь хариуцагч Н.А ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 90 дүгээр байр, А блок, 11 дүгээр давхар, 149 тоот 68,3 кв.м талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Гуравдагч этгээд С.Э маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг мөн гаргажээ.   

Хариуцагч Н.А ХХК нь нэхэмжлэгч Ө.Т-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны С блокийн 170 тоот орон сууцтай холбоотой гэрээ байгуулсан, гуравдагч этгээд С.Э нь А блокийн 149 тоот орон сууцны өмчлөгч гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Ө.Т нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаар Н.А ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар барих бариулах тухай” НА-149 тоот гэрээ (цаашид “Ө.Т-ын НА-149 тоот гэрээ” гэх)-г гаргаж өгсөн байх ба гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдах 240 айлын 16 давхар орон сууцны А блокийн 11 давхарт 149 тоот, 68.30  м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр нийт 68,300,000 (нэмүү өртгийн албан татвар багтаагүй үнэ) төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцжээ. /хх-4-6/

Хариуцагч Н.А ХХК нь нэхэмжлэгч Ө.Т-тай 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар барих бариулах тухай” НА-170 тоот гэрээ (цаашид “Ө.Т-ын НА-170 тоот гэрээ” гэх)-г баримтаар гаргаж өгсөн ба гэрээгээр нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдах 240 айлын 16 давхар орон сууцны С блокийн 16 давхарт 170 тоот, 68.30  м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр нийт 68,300,000 (нэмүү өртгийн албан татвар багтаагүй үнэ) төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцжээ. /хх-63-65/

Нэхэмжлэгч нэмэгдсэн өртгийн 10 хувийн албан татварын оролцуулан нийт 75,130,000 төгрөгийн төлбөр төлсөн байх ба 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хийсэн 11 удаагийн төлбөр шилжүүлгийн 9-д нь төлбөрийн утгыг “С блок 16-170 тоот” гэж, 2-т нь “байрны урьдчилгаа” гэж, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн баримтад “байрны төлбөр” гэж, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн баримтад “А блок 9 давхар 139 тоот” гэж, 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн баримтад “А блок 149”  гэж тус тус тэмдэглэжээ. /хх-8-15,118/

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь “анх 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр С блокийн 170 тоот орон сууцыг захиалж гэрээ хийсэн, 2015 оны 12 дугаар сард Н.А ХХК-аас дуудаад үлдэгдэл мөнгөө төлөөд А блокийн 149 тоотод ор гэж хэлсэн ба НА-149 тоот гэрээг өгсөн” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “2015 оны 12 дугаар сард намайг ажилд ороход А блокийн орон сууцанд орох айл, гэрээг цуцлах айл, төлбөрийг буцаан өгөх айл гэсэн жагсаалт байсан ба А блокийн 149 тоотод орон сууцанд орох захиалагч нь Ө.Т байсан тул түлхүүрийг гардуулж орох зөвшөөрөл өгсөн. Харин А блокийн 149 тоот орон сууцтай холбоотой гэрээг хэнтэй байгуулсныг мэдэхгүй.” гэж тус тус тайлбарлажээ.

Гуравдагч этгээд С.Э нь Н.А ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Орон сууц захиалгаар барих бариулах тухай” НА-149 тоот гэрээг байгуулж, гэрээгээр гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдах 240 айлын 16 давхар орон сууцны А блокийн 11 давхарт 149 тоот, 68.30  м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр нийт 68,300,000 (нэмүү өртгийн албан татвар багтаагүй үнэ) төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцжээ. /хх-88-89/

А.Т болон Н.А ХХК, С.Э  болон Н.А ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь “Орон сууц захиалгаар барих бариулах тухай” гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч гэрээний зүйл болох орон сууц бэлэн болоогүй байсан, барилгыг хэрхэн барих талаар талууд тохиролцоогүй тул ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй, харин хөрөнгийг шилжүүлэх, үнийг хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээж байгаагаараа тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Н.А ХХК нь 2016 оны 4 дүгээр сараас Ө.Т-ыг А блокийн 149 тоот орон сууцад оруулахыг зөвшөөрсөн ба тэрээр өнөөг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа, 2016 оны 6 дугаар сараас С.Э-ийг А блокийн 109 тоот орон сууцад оруулахыг зөвшөөрч, тэрээр өнөөг хүртэл уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд маргаагүй байна.     

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлсөн худалдан авагч нь гэрээний дагуу эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхийн хүрээнд хэн аль нь өмчлөгчөөр тогтоолгохыг шаардлага гаргасан нь үндэслэлтэй.

Гагцхүү Н.А ХХК-ийн Ө.Т-тай байгуулсан гэрээ, эсхүл С.Э-тэй байгуулсан гэрээний аль нь А блокийн 149 тоот орон сууцны өмчлөх эрхийг үүсгэж байгаа нь маргааны зүйл байна.   

Н.А ХХК нь нэхэмжлэгчтэй С блокийн 170 тоот орон сууцыг худалдахаар НА-170 тоот гэрээ байгуулсан хэдий ч нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбараас үзвэл Н.А ХХК нь 2015 оны 12 дугаар сард С блокийн 170 тоотын оронд А блокийн 149 тоот орон сууцыг худалдахаар болсон байна. Ийнхүү гэрээний зүйлийг өөрчлөхдөө НА-149 тоот гэрээг 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн огноогоор байгуулсан байна. /хх-4-6, 63-65/

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг үгийн шууд утгыг анхаран тайлбарлана гэж заасныг баримталбал талууд гэрээний үйлчлэлийг 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлүүлэх хүсэл зоригтой байсан гэж үзнэ.  

Ө.Т-тай байгуулсан НА-149, НА-170 тоот гэрээнүүд нь худалдан авах орон сууцны давхар, хаалганы дугаараас бусад нөхцөл болох талбайн хэмжээ, үнэ, талуудын эрх үүрэг, хариуцлага зэрэг нь адил байх тул гэрээний 6.1-д “Барилгын ажлын зураг, төсөв, үнэ, хугацаа бусад шалтгаанаар зайлшгүй өөрчлөлт оруулах бол талууд зөвхөн бичгээр гэрээнд өөрчлөлт оруулна” гэж зааснаар талууд НА-149 тоот гэрээгээр НА-170 тоот гэрээнд өөрчлөлт оруулсан гэж үзвэл зохино. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан “. . . А блокийн барилгын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөх болсонтой холбоотой төлбөрөө бүрэн төлөөгүй айлуудын гэрээг цуцалж, төлсөн айлуудыг А блокийн орон сууцанд оруулахаар болсон” хэмээх тайлбар нь тухайн үед гэрээнд өөрчлөлт оруулах зайлшгүй шалтгаан байжээ хэмээн дүгнэлээ.  

Хариуцагч Н.А ХХК болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ А.Т-ын НА-149 тоот гэрээг хуурамч хэмээн тайлбарлах ч энэхүү татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй.” гэж зааснаар Ө.Т нь А блокийн 149 тоот орон сууцыг эзэмшиж байгаа, түүнчлэн С.Э-өөс өмнө гэрээ хийсэн гэж үзэх тул Ө.Т нь уг орон сууцыг өмчлөх давуу эрхтэй байна.  

Иймд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 90 дүгээр байр, А блок, 11 дүгээр давхар, 149 тоот 68,3 кв.м талбайтай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ө.Т-ыг тогтоож, гуравдагч этгээд С.Э-ийн гаргасан тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 462,750 төгрөгийг гуравдагч этгээд С.Э-д буцаан олгох нь зүйтэй байна.