Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00685

 

 

Б.Б, Ч.С, Ц.М,

Д.Г, Х.М нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01530 дугаар  шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1803 дугаар магадлалтай,

Б.Б, Ч.С, Ц.М, Д.Г, Х.М нарын  нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Консерваторид холбогдох

Дутуу олгогдсон цалин, нэмэгдэл урамшуулал гаргуулах, цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэлжлүүлэн олгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, Х.М, Ц.М, Д.Г, өмгөөлөгч Б.Тунгалагнаран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд эвэр бүрээ хөгжмийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. 2016 онд 43 настайдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. 2018.08 дугаар сард Монгол Улсын Консерваторийн захирлаар Ц.Пүрэвхүү томилогдсон. 2020 онд хувийн аудитын компаниар аудит хийлгэсэн ба үүний дараа цалин хөлсөнд өөрчлөлт оруулсан. Шалтгааныг асуухад Улсын аудитын газраас тэтгэвэрт гарсан бол Төрийн албаны тухай хуульд заасан нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг сэргээж өгөхгүй гэсэн чиглэл өгсөн учраас захирлын 2020.02.18-ны өдрийн зарим багш нарын цагийн үнэлгээ болон цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох тухай тушаал гарсан гэж хэлсэн. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөөгүй учраас байгууллагынхаа Үйлдвэрчний эвлэлийн хороонд гомдол гаргаад Хөдөлмөрийн маргаан таслах байгууллагаар шийдвэрлүүлж өгнө үү гэтэл хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул Нийслэлийн хөдөлмөрийн маргаан таслах хороонд хандахыг санал болгосон. Энэхүү хороонд хандаад энэ хорооноос 2020.03.11-ний өдөр 02 тоот зөвлөмж гарсныг 2020.04.02-ны өдөр гардаж авсан, уг зөвлөмжийг ажил олгогч биелүүлээгүй. Төрийн албаны тухай хуульд тэтгэвэрт гарсан ажилтан хөдөлмөр эрхлэх талаар зохицуулалт байхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2019.12.25-ны өдрийн 472 дугаар Төрийн алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 9 дүгээр хавсралтын дагуу 2020.01 дүгээр сард TY-10-5, 924,695 төгрөгөөр цалинжиж нэмэгдэл урамшуулал авдаг байсан. Гэтэл 02 дугаар сараас ТҮ-10-1-р 848,856 төгрөгөөр цалинжуулаад бусад нэмэгдлийг хасаж тооцсон тул хасагдсан цалин хөлсийг тооцоход үндсэн цалингийн зөрүү 75,839 төгрөг, ур чадвар 10 хувь 92,469 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 20 хувь 231,173 төгрөг, хоолны мөнгө нэг өдрийн 1,500 төгрөг бөгөөд үүнийг 22 өдрөөр үржүүлэхээр 33,000 төгрөг, дээд сургуульд багшлах цагийг нэг цагаар 7,510 төгрөгөөр тооцоод 36, 80 цаг нэг сард гардаг бөгөөд үүгээр үржүүлэхэд 276,368 төгрөг, нийт 708,849 төгрөгийн зөрүү гарч байна. Үүнийг 2 сараар үржүүлэхэд 1,417,698 төгрөг болж байна. Иймд Монгол Улсын Консерваториас 1,417,698 төгрөгийг гаргуулж Б.Б  надад олгож, цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэлжлүүлж олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус байгууллагад 2009 онд нарийн бүрээ хөгжмийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. 2015 онд өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Цалин хөлс хассаныг зөвшөөрөхгүй байгаа. Дутуу олгогдсон цалин хөлс болох үндсэн цалин 75,839 төгрөг, хоолны мөнгө нэг өдрийн 1,500 төгрөг бөгөөд үүнийг 22 өдрөөр үржүүлэхэд 33,000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 20 хувиар тооцоход 184,939 төгрөг, нэг сард нийт 293,778 төгрөг, үүнийг 2 сараар үржүүлэхэд нийт 587,556 төгрөг болж байна. Иймд Монгол Улсын Консерваториас 587,556 төгрөгийг гаргуулж, цаашид цалин хөлсийг хасахгүйгээр үргэлжлүүлэн олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд сонгодог бүжгийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. 2009 онд өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Цалин хөлс хассаныг зөвшөөрөхгүй байгаа. Дутуу олгогдсон цалин хөлс болох үндсэн цалин 75,839 төгрөг, хоолны мөнгө нэг өдрийн 1,500 төгрөг бөгөөд үүнийг 22 өдрөөр үржүүлэхэд 33,000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 25 хувиар тооцоход 231,173 төгрөг, нэг сард нийт 370,012 төгрөгийн зөрүү гарч байна. Үүнийг 2 сараар үржүүлэхэд нийт 680,024 төгрөг болж байна. Иймд Монгол Улсын Консерваториас 680,024 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд ардын бишгүүр хөгжмийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. 2017 онд Үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулгад ажиллаж байхдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Цалин хөлс хассаныг хүлээн зөвшөөрөхгүй. Дутуу олгогдсон цалин хөлс болох үндсэн цалин 50,538 төгрөг, хоолны мөнгө нэг өдрийн 1,500 төгрөг бөгөөд үүнийг 22 өдрөөр үржүүлэхэд 33,000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 20 хувиар тооцоход 179,880 төгрөг, дээд сургуульд багшлах цагийг нэг цагаар 7,241 төгрөгөөр тооцоод сард 20-24 цаг гардаг бөгөөд үүгээр үржүүлэхэд нийт 175,232 төгрөг, нийт нэг сард нийт 438,650 төгрөгийн зөрүү гарч байна. Үүнийг 2 сараар үржүүлэхэд нийт 878,300 төгрөг болж байна. Иймд Монгол Улсын Консерваториас 878,300 төгрөгийг гаргуулж, цаашид нэмэгдэл цалин хөлс олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус байгууллагад 2003 онд сонгодог бүжгийн багшаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. 2015 онд 41 настайдаа Дуурь бүжгийн эрдмийн театрт давхар ажиллаж байхдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгосон болно. Цалин хөлс хассаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дутуу олгогдсон цалин хөлс болох үндсэн цалин 75,839 төгрөг, хоолны мөнгө нэг өдрийн 1,500 төгрөг бөгөөд үүнийг 22 өдрөөр үржүүлэхэд 33,000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 20 хувиар тооцоход 184,939 төгрөг, дээд сургуульд багшлах цагийг нэг цагаар 7,510 төгрөгөөр тооцоод 42, 90 нэг сард гардаг бөгөөд үүгээр үржүүлэхэд нийт 322,179 төгрөг, нэг сард нийт 615,957 төгрөгийн зөрүү гарч байна. Үүнийг 2 сараар үржүүлэхэд нийт 1,238,914 төгрөг болж байна. Иймд Монгол Улсын Консерваториас 1,238,914 төгрөгийг гаргуулж, цаашид нэмэгдэл цалин хөлс олгохыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Консерваторийн захирлын 2020.02.18-ны өдрийн А/22 дугаар тушаалыг өөрчлөх боломжгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т зааснаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл төрийн албанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болох бөгөөд цалин хөлс нь зөвхөн хөдөлмөрийн гэрээнд зааснаар тодорхойлогдоно. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.2.4-т зааснаар тэтгэвэрт гарахынхаа өмнө авч байсан цалин, нэмэгдэл хөлсийг сэргээн олгох эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01530 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д зааснаар Монгол Улсын Консерваторийн захирлын 2020.02.18-ны өдрийн А/22 дугаар зарим багш нарын цагийн үнэлгээ болон цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох тухай тушаалын нэхэмжлэгч нарт хамаарах хэсгийг болон тушаалын гуравдугаар хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгож, хариуцагч Монгол Улсын Консерваториос нийт 4,802,492 төгрөгийг гаргуулж, Б.Б -д 1,417,698 төгрөгийг, Ч.С-д 587,556 төгрөгийг, Ц.М-т 680,024 төгрөгийг, Д.Г-д 878,300 төгрөг, Х.М-т 1,238,914 төгрөгийг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нар улсын тэмдэгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,650 төгрөгийг, Ч.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,282 төгрөгийг, Ц.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,800 төгрөгийг, Д.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,650 төгрөгийг, Х.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,290 төгрөгийг тус тус улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Монгол Улсын Консерваториас 91,789 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1803 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 92,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Консерваторийн захирлын 2020.02.18-ны өдрийн 22 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт хамаарах хэсгийг болон тушаалын гуравдугаар хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгож...” гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийсэн байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцэхгүй байна. Мөн энэхүү гаргаагүй шаардлагыг шийдвэрлэснээр “цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэлжлүүлэн олгохыг даалгах” шаардлагыг шийдвэрлэсэн гэсэн нь үндэслэл муутай байна. Даалгах шаардлага нь ямар нэгэн хууль бус үйлдэл, эс үйлдэхгүйтэй холбоотой, түүний эсрэг даалгасан шинжтэй байдгаас бус шийдвэрийг хүчингүй болгосноор даалгах шаардлага хангагдахгүй юм.

Анхан шатны шүүх талуудын маргааны агуулгыг өөрөөр ойлгож, үндсэн маргааныг шийдвэрлээгүй нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т зааснаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл төрийн албанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болох бөгөөд цалин хөлс нь зөвхөн хөдөлмөрийн гэрээнд зааснаар тодорхойлогдоно. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.2.4-т зааснаар тэтгэвэрт гарахынхаа өмнө авч байсан цалин, нэмэгдэл хөлсийг сэргээн олгох эрх зүйн үндэслэлгүй байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд 2019.11.29-ний өдрийн 06/1476 дугаар тодруулгыг төрийн байгууллагуудад хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан бусад шийдвэрийг төрийн байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүргийн хүрээнд нэхэмжлэгч нарын цалинг тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шатлалаар нь цалинжуулахаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нарын цалингийн хэмжээ нь хөдөлмөрийн гэрээнд зааснаар тодорхойлогдохгүй бөгөөд Засгийн газраас гаргасан цалингийн ангилал, шатлалаар тодорхойлогдоно гэж хөдөлмөрийн гэрээнд тусгасан. Хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх хүрээнд төрийн албаны зөвлөлөөс гаргасан тодруулга Төрийн албаны тухай хуульд нийцсэн тохиолдолд ажил олгогч хуульд нийцүүлэн шийдвэр гаргасан нь тэрхүү шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш юм. Өөрөөр хэлбэл өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтанд хууль бусаар нэмэгдэл, урамшуулал олгох нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг юм. Гэтэл анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, Үндэсний аудитын газрын шийдвэрийг хэрхэн ойлгох, энэхүү шийдвэрүүд нь хуульд нийцсэн эсэхийг тогтоолгүйгээр хөдөлмөрийн тухай хуульд заасан цалингийн хэмжээг нөгөө талдаа мэдэгдээгүй үндэслэлээр ажил олгогчийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй байхад давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулаагүй нь буруу байна. Иймд гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Б, Ч.С, Ц.М, Д.Г, Х.М нар Монгол Улсын Консерваторид холбогдуулан дутуу олгосон цалин гаргуулах, цаашид нэмэгдэл цалин хөлсийг үргэлжлүүлэн олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн цалин хөлстэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Монгол Улсын Консерватори нэр бүхий ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа албан тушаалын цалингийн сүлжээг 2018.09.03-ны өдөр Б.Б-тэй  ТҮМБ-7-3, 2018.09.01-ний өдөр Ч.С, Д.Г нартай ТҮМБ-3-4, Ц.М, Х.М нартай ТҮМБ-3-5 шатлалаар хэмжээг тогтоож, цалинг тохирчээ.  

Монгол Улсын Засгийн газрын 2019.12.25-ны өдрийн 472 дугаартай “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын дагуу Б.Б, Ч.С, Ц.М, Х.М нар ТҮ-10 5, Д.Г ТҮ-10 4-т зааснаар цалинжиж байсан гэж дутуу олгогдсон гэх цалингийн сүлжээ, хэмжээг өөр өөрөөр тайлбарлан нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нарын цалин 2020.01 дүгээр сард нэмэгдсэн болох нь тэдний нийгмийн даатгалын дэвтэрээр нотлогдох хэдий ч Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолд заасан цалингийн сүлжээ, хэмжээг хэрхэн шинэчлэн тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 115 дугаар зүйлийн 115.2-т заасантай нийцээгүй байна.

Б.Б, Ч.С, Ц.М, Х.М, Д.Г нар дутуу олгогдсон цалингийн сүлжээ, хэмжээг нэхэмжлэлдээ өөр өөр байдлаар дурдсан байхад шүүх ямар эрх зүйн актыг үндэслэж, хэнд цалингийн аль хэмжээ, шатлалаар тогтоосон болох нь тодорхойгүй, энэ талаар тодруулалгүй ерөнхий байдлаар “...2020 оны 01 дүгээр сард ТҮ-10 4, 5-р тогтоож...” гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Монгол Улсын Консерваторийн захирлын 2020.02.18-ны өдрийн А/22 дугаар “Зарим багш нарын цагийн үнэлгээ болон цалингийн шатлалыг шинэчлэн тогтоох тухай” тушаалын гуравдугаар хавсралтын нэхэмжлэгч нарт хамаарах хэсгийг хүчингүй болгосон эрх зүйн үндэслэлээ тодорхойлон дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01530 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1803 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэлийн гомдлыг хангасугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2020.09.18-ны өдөр төлсөн 92,000 төгрөгийг буцаан олгосугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.СОНИНБАЯР

                               ШҮҮГЧИД                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ               

                                                                               Г.ЦАГААНЦООЖ

                                                                               Д.ЦОЛМОН 

                                                                               Х.ЭРДЭНЭСУВД