Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 691

 

 

 

 

 

 

 

 

 

Б.О, Ц.Б, Г.Э нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Ц.Уртнасан,

          шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, З.Хүрэлсүх, М.Машбат,

          шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Бадамханд, Д.Нямдорж,

          шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

          нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

         

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, З.Хүрэлсүх, М.Машбат, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Бадамханд, Д.Нямдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.О, Ц.Б, Г.Э нарт холбогдох .................................. дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б.О, 1963 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Архангай аймагт төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, инженер, эдийн засагч, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, ......................... газрын даргаар ажиллаж байсан, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  /РД:....................../;

 

2. Ц.Б, 1969 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, ....................... ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  /РД:........................./;

 

3. Г.Э, 1969 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Ховд аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, ..........................ажиллаж байсан, ам бүл 4, хүүхдүүдийн хамт, ......................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........................./,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 38 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн;

 

Б.О нь Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Гаалийн Ерөнхий газрын дүрмийн 4.8-д заасан, Гаалийн Ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Эыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Даариймааг улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/308, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Бийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар тушаалуудыг гаргуулсны хариуд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ж.Баттогтох, Л.Оргилмаа нараар дамжуулан Г.Эаас 1.000.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Бээс 500.000 төгрөгийн хахууль тус тус авсан гэмт хэрэгт,

Ц.Б нь Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөрийгөө Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар, эхнэр П.Даариймааг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаас Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар тус тус шилжүүлэн томилуулах тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/308 дугаар тушаалуудыг гаргуулахын тулд Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.От 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

Г.Э нь Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаалыг гаргуулсны төлөө 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.От Л.Оргилмаа, Ж.Баттогтох нараар дамжуулан 1.000 000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Г.Э, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокуророос Цогтдоржийн Ц.Б, Галсандоржийн Г.Э нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж зүйлчилэн, шүүгдэгч Батмөнхийн Б.Оийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, Цогтдоржийн Ц.Б, Галсандоржийн Г.Э нарыг албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Оийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 / арван сая / төгрөгөөр торгох ялаар, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Г.Э нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Б, Г.Э нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, Б.О, Ц.Б, Г.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, Ц.Б, Г.Э нар нь төлөх төлбөргүй болохыг дурдаж, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б, Г.Э нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж тэдгээрт хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.От оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Оийн хувьд ногдох хөрөнгө орлогоос 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, мөрдөгчийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-ыг хүчингүй болгож, Панасоник загварын 55 инчийн зурагт 2 ширхэг, 6 ширхэг сандалтай ширээ, шарп загварын 2 хаалгатай хөргөгч зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, Ц.Б, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь:

1. Б.О би өөрийн мэдүүлэгтээ хахууль авсан гэж хүлээн мэдүүлээгүй. Энэ нь Гүйцэтгэх ажиллагааны хэлтсээс урьдчилаад “захиалга” нь нэртэй устайгаа өгөгдчихсөн байсан нь хавтаст хэрэгт авагдсан. Сэжигтнээр мэдүүлэг авахдаа Авлигатай тэмцэх газар дээр бүтэн өдөржин 16 цагийн турш ямар ч хоол унд, эрх, эрх чөлөөгүй хорьж, гүйцэтгэх ажилтнууд болон мөрдөн байцаагч Бат-Олзвой нар нь эрүү шүүлт тулгаж өөрсдөө хүний нэр, мөнгөн дүнг хэлж өгч зохиомол хэрэг хүлээлгэсэн гэдгийг байнга мэдүүлж байгаа. Энэ талаар 2015 оны 12 дугаар сарын 03-наас эхлэн прокурор, Авлигатай тэмцэх газарт гомдлоо гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан.

2. Дээрх мэдүүлгийг авахдаа эрүү шүүлт тулгасан болох нь нотлогдоогүй, тэдгээрийн гомдлыг шийдвэрлэсэн...2016 оны 01 дүгээр сарын 20 өдрийн 466 дугаартай тогтоол хүчин төгөлдөр байна гэх боловч энэ нь миний гомдолдоо гаргасан зүйлийг болон Авлигатай тэмцэх газрын тухайн өдрийн бичлэгийг шалгаагүй. Зөвхөн гомдол гаргагч болон эрүүдэн шүүсэн хүмүүсээс тайлбар авснаас өөр ажиллагаа хийгээгүй. Мөн мөрдөн байцаагч болон гүйцэтгэх ажилтнууд нь “бусад хүмүүстэйгээ адил хэлэхгүй бол хорино” гээд байсан ба өөрсдөө хүний нэр ус, мөнгөн дүнг хэлж өгөөд гүйцэтгэх ажилтнууд нь өрөөнөөс гарч, би хоригдохгүйгээр гэртэй харихын тулд “хэлсэн зүйлийг нь давтан хэлж байгаа” эхлэл төгсгөлгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй бичлэгийг гол үндэслэлээ болгон оруулж ирсэн. Харин энэ бичлэг нь өөрөө хууль сануулаагүй, өмгөөлүүлэх эрхийг нь эдлүүлээгүй, эрүүдэн шүүсэн гэдгийг нь нотолдог. Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 сарын 18-ны өдрийн 267 тоот магадлалд “...мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, эрүү шүүлт тулгасан” гэж гомдол тайлбар гаргасныг нягтлан шалгаж, тэдний хүсэлтэд үндэслэн зохих шалгалтыг явуулах нь зүйтэй” гэсний дагуу бид хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй, ямар ч ажиллагаа хийгээгүй. Одоо бүр үндэслэлээ болгоод, 2017 оны 2 дугаар сарын 22-ны шүүх хурал дээр үзүүлсэн бичлэгээ ч өөрчилчихсөн байдаг.

3. Б.О би хэнээс ч хахууль аваагүй, зөвхөн Алтангадас одонг минь мялааж өгсөн бэлэг болон эрүүл мэндийн баримт л авсан болох нь:

Гэрч Л.Оргилмаагийн “...ажил дээр иртэл Б.О дарга Алтангадас одонгоор шагнуулаад манай ажлынхан баяр хүргээд тэмдэглээд дууссан би л баяр хүргэж чадаагүй үлдсэн байсан. Тэгээд Б.О даргад баяр хүргээд бэлэг авч өгөх гэж байтал тухайн өдөр даргатай таараагүй. Мөн би амрах гэж яараад өөрт бэлэн байсан найз Г.Эын өгсөн бэлгийг даргатай уулзаж амжихгүй байна ээлжийн амралтаа гүйцээж амарлаа даргад баяр хүргэж байна гэж хэлээд намайг өгч байна гээд өгөөрэй” гэж хэлээд ахлах Баттогтоход үлдээсэн юм миний үлдээсэн юмыг ахлах Баттогтох дарга Б.От өгсөн байх. /4 хх 210-212/ ... Хамгийн гол нь Б.О дарга тэр үед надтай тааралдаагүй манай хэлтсийхэн баяр хүргээд дуусчихсан Алтангадасаар шагнуулсан үе нь байсан болохоор Г.Эын надад бэлэглэсэн бэлгийг өгчихсөн юм. Болсон явдал ийм л юм болсон. ...Г.Эаас аваад гялгар уутыг нээгээд харахад дөрвөлжин гонзгойдуу үнэртэй ус шиг зүйл харагдсан. Одоо яг брэнд нэрийг нь санахгүй байна. Бас нарийн гонзгой гялгар хайрцагтай 2 ширхэг зүйл байсан. /5 хх 126-127/ гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Баттогтохын “...Оргилмаа бол надад Б.О даргад баяр хүрээд өгчихөөрэй гээд нэг боодолтой зүйл өгсөн. Би үүнийг нь дамжуулж өгсөн гэдгээ байнга хэлж байгаа. Оргилмаа тухайн үед Б.О даргад Алтан гадас одон авсанд нь баяр хүргэж чадаагүй, үүнийг Б.О даргад дамжуулаад өгөөрэй гэж л хэлж надад өгсөн./4хх-93- 94/....Оргилмаагийн Б.О даргад баяр хүргэе гээд өгсөн зүйлийг нь л дамжуулж өгсөн. Гоо сайхны зүйл гээд бэлгийн гялгар уутанд хийсэн нарийхан дөрвөлжин зүйл байсан” гэх /5 хх 124/

-Гэрч Оюун Эрдэнийн “...дөрвөлжин цаас байсан...” гэх мэдүүлгүүдээр болон бусад нотлох баримтуудаар нотлогддог.

4. Миний өрөөнд дан ганц ажил хэргийн яриа л яригдаж байгаа нь бичлэгт авагдсан байсан ба Баттогтох “Хөөрхий амьтан Шивээгээс ирсэн нэг ахлах байна шүү дээ тэр чинь энийг өгсийн гэсэн, Замын үүдээс хот руу ирий гэсэн хүмүүс л байна” гэсэн утгатай зүйл л ярьж байсан ба энэ нь миний “өө, манайхан тэгээд хэцүү юмаа бүгд л ингээд яваад байдаг амар болж” гэхчилэн хариулж байгаагаас тодорхой харагдана. Бичлэгт бага зэрэг шуугиантай л болохоос сайн сонсвол сонсогдож л байсан.

- Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэлийн утга агуулга нь өөр өөр буюу тодорхой тоо болоод л, хүний нэр болоод л бүр дамжуулсан болоод л тэгснээ хуваасан болоод л өөрчлөгдөөд байгаагаар ч хувиргаад байгаа нь нотлогддог.

- Гүйцэтгэх ажлын үр дүнгийн танилцуулга нь, бичиглэл бүр нь алдаатай "ноорог цаас” байдаг ба бичигдсэн зүйлүүдийг хаанаас хараад бичээд байгаа нь ойлгомжгүй ба хавтаст хэрэгт авагдаагүй. Энэ талаар байнга асуудаг ч улсын яллагч ямар ч хариулт өгч чаддаггүй нь хууль бус гэдгийг нь нотолдог.

5. Ямар ч эд мөрийн баримтгүйгээр, таамаглалаараа яллаад байгаа учир би бүр аргаа бараад өөрт байгаа, хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой “эд мөрийн баримт”-ыг прокурорт өгсөн. Миний өгсөн эд мөрийн баримтыг нягталж шалгаагүй ба юуг үндэслэж эд мөрийн баримт биш гэж үзсэн талаар ч тайлбар байхгүй. Тухайн цаг хугацаанд нь шалгасан бол Гаалийн ерөнхий газар нь камерын бүрэн хяналттай учир энэ бүх асуудлыг баримтаар тодруулах бүрэн боломжтой байсан.

Намайг хангалттай баримтгүйгээр өөрсдийн субъектив санаагаа оруулан таамаглалаараа 4 жил, хийгээгүй хэрэгт яллаж байгаа нь “эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл” гэгч нь яаж өөр өөрөөр бичигдэж, өөрчлөгдөөд байгаа болон “гүйцэтгэх ажиллагааны үр дүнгийн танилцуулга” гэх хууль зөрчин хийж, хууль зөрчин хавтаст хэрэгт хийгээд байгаа зүйлээс нь тодорхой харагдана.

6. Хахууль авсан, өгсөн гэх үнийн дүнг тогтоогоогүй. Зөрүүтэй мэдүүлгүүд нь гүйцэтгэх ажиллагаагаар хийсэн гэх бичлэгүүдээр давхар үгүйсгэгддэг. Шүүхээс “мөнгөн дүнг зөрүүтэй байгааг нарийвчлан тогтоолгүйгээр хавтгайруулан зүйчилсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж удаа дараа буцаасан ч тогтоох ажиллагаа хийгээгүй ба энэ нь угаасааа таамаглалаар үүсгэсэн буюу зохиомол хэрэг гэдгийг нь харуулдаг.

7. Ц.Б эрүүл мэндийн шалтгааны улмаас шилжих өргөдлөө өгч хууль журмын дагуу шилжсэн нь 1 дүгээр хавтаст хэргийн 32-43 дугаар талд авагдсан, Г.Э удирдлагын шийдвэрээр гаалийн улсын ахлах байцаагчаасаа өөрчлөгдөж Замын үүдэд шилжин ажиллаж байгаа нь Vidio 4-т авагдсан. Энэ 2 байцаагч ингэж шилжин ажилласнаар хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж, мөн албан тушаал болон цалин нь буурсан нь хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл прокурор дан ганц яллах талыг барьж “орчин, ажлын байр, ажлын ачаалал сайжирч давуу байдал үүссэн” гэж нотлох баримтанд үндэслээгүй, хавтаст хэрэгт авагдаагүй баримтаар яллаж байхад шүүх мөн л дуу нэгтэйгээр, нотлох баримтгүйгээр таамаглалаараа яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Энэ нь намайг яаж үндэслэлгүйгээр, баримтгүйгээр, таамаглалаараа, хууль зөрчин яллаад байгааг харуулж буй үйлдэл юм.

8. Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга нь гаалийн улсын байцаагчыг сэлгээн ажиллуулахад “захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх” үүрэггүй гэдэг нь Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргын ажлын байрны тодорхойлолт, Захиргааны зөвлөлийн хуралдааны дэгийн журам, Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн 2 албан бичгүүд, гэрчийн мэдүүлгүүд болон бусад баримтуудаар хангалттай нотлогддог. Ийм байтал цагаан дээр хараар бичсэн хууль, дүрэм, журмыг өөрсдийн санаа зоргоор гуйвуулан тайлбарлаж Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргын хийх эрхгүй, үүрэггүй “захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй” гэж, харин Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргын хийх ёстой үүрэг буюу ажлын байрны тодорхойлолтонд заагдсан албан үүргээ гүйцэтгэж байгааг минь болохоор “ чи ийм хүмүүстэй уулзаад, ийм зүйл яриад оролцоод байна шүү дээ” гэж буруутган 4 жил яллаад явж байгаа нь үнэхээр “ шударга бусын хонгил” бодитоор байна гэдгийн тодорхой жишээ болж байна. Зөвхөн яллах зорилгоор, хэрэгт авагдсан дуу дүрсний бичлэгүүдэд өөрчлөлт оруулаад байгаа талаар удаа дараа мэдүүлсээр байтал, дан ганц яллах талыг барьж, хүнийг хүнд гэмт хэрэгт гүтгэж, үндэслэлгүйгээр яллан өнөөдрийг хүрлээ. Авлигатай тэмцэх газрын нэр бүхий өндөр албан тушаалтнууд өөрсдийн гэмт үйлдлээ хаацайлахын тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр миний гэм буруутай нь шүүхээр эцэслэгдэн тогтоогдсон мэтээр худал мэдээлэл тарааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, нөгөө талаараа шүүхэд “захиалга” өгч байна гэж хардах үндэслэл ч болж байна.

Иймд би хууль зөрчсөн ямар нэг үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй, хэнээс ч хахууль аваагүй тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, гэм буруугүй гэж цагаатгаж өгнө үү. ...” гэв.  

 

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр “хээл хахууль авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдэхдээ эргэлзээтэй нотлох баримт болон нотлох чадвараа алдсан баримтыг үндэслэсэн талаар өмгөөлөгчийн зүгээс удаа дараа үндэслэл бүхий хүсэлт саналыг гаргасаар байхад шүүх дээрхи эргэлзээтэй нотлох баримт болон нотлох чадвараа алдсан баримтыг үндэслэн шийдвэр гаргасаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Тодруулбал Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй гэжээ.

Гаалийн Ерөнхий газрын дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд сэлгүүлэн, шилжин ажиллуулах, шилжүүлэн томилох асуудлыг заавал захиргааны зөвлөлийн хурлаар оруулах шаардлагагүй гэж үзээд шууд томилсон болохоо хэрэгт авагдсан мэдүүлгээрээ нотолдог. Жишээ нь хавтаст хэргийн 146-148 дугаар талд сэжигтнийг байцаасан тэмдэглэлд Б.Цэнгэл “...2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 тушаал болон 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/306 тушаалыг гаргахдаа Захиргааны зөвлөлийн хуралдаанаар оруулсан эсэхийг асуусан мөрдөн байцаагчийн асуултад эдгээр тушаалаар томилогдсон асуудлыг захиргааны зөвлөлийн хуралдаанаар оруулах шаардлагагүй. ...” гэж хариулсанаас харахад эрх бүхий албан тушаалтан захиргааны зөвлөлийн хурал болоогүй, хуралдуулах шаардлагагүй гэж үзсэн нь ямар ч хуралдаан болоогүй гэдгийг нотолж байгаа бөгөөд Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх гэдэг асуудал байх боломжгүй байна.

Гаалийн Ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийг сэлгээн ажиллуулах” журам А/106, нэмэлт өөрчлөлтийн А/102, дэлхийн гаалийн байгууллагын Арушагийн тунхаглал, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь заалт зэргийг үндэслэн гаалийн улсын байцаагч Г.Э, Ц.Б нарыг сэлгээн ажиллуулсан байх бөгөөд Гаалийн Ерөнхий газрын даргын гаргасан 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Галсандоржийн Г.Э Б/313 тушаалаар Замын Үүдийн гаалийн газарт: 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Цогтдоржийн Ц.Бийг Б/348 тушаалаар Улаанбаатар хот дахь Гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар томилсон тушаал нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэхүү шийдвэр нь хууль зөрчин эрх олгож үүргээс чөлөөлсөн ямарваа нэг үйлдэл биш болох нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б.Цэнгэлд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосноор нотлогдоно.

Гаалийн Ерөнхий Газрын Хуулийн хэлтэс болон Төрийн Захиргаа Удирдлагын Газраас гаргасан хариу мэдэгдэх хуудсаар миний үйлчлүүлэгч захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг нь үгүйсгэгдэж байна. Тодруулбал Төрийн захиргаа хамтын ажиллагааны даргад захиргааны зөвлөлийн хуралдаан зарлах, хуралдааныг хийлгэх, зохион байгууллалтыг хангах эрх хэмжээ хамаарахгүй болохыг тодорхойлжээ. Гаалийн Ерөнхий газраас тухайн үүргийг хэрэгжүүлэх этгээд нь Б.О биш болохыг тодорхойлсон баримтыг удаа дараа гаргаж өгснийг хавтаст хэрэгт хавсаргасан болно.

Гэтэл анхан шатны шүүх “Гаргуулсан” гэх энэ хуульд байхгүй нэр томъёог ашиглан гэм буруутайд тооцсон нь хуульд нийцээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй тушаал гаргасан байх боломжгүй, тушаал гаргадаггүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Цэнгэлийг “албан тушаалдаа хайнга хандсан” гээд шалгаад түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь дээрх тушаалууд хуулийн дагуу гарсныг нотолж байгаагаар барахгүй дээрх тушаалууд нь хүчин төгөлдөр үйлчилсээр байна. Гэтэл миний үйлчлүүлэгчийг гаргуулсан хэмээн яллаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд сэлгэн ажиллуулахтай холбоотой тушаал нь даргын бүрэн эрхэд байдаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. 16.1.6-д Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж бэхжүүлэхийг хориглоно, 16.1.7-д энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж хуульчилсан байх бөгөөд Б.Оээс сэжигтнээр тооцож авсан мэдүүлэг болон айлган сүрдүүлж, хууран мэхэлж авсан Ж.Баттогтох, Л.Оргилмаа нарын мэдүүлэг, Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга гэх баримт, зөвшөөрөлгүй авагдсан сиди бичлэгүүд нь нотлох баримтаас хасагдах ёстой баримт болох нь хэрэгт авагдсан маш олон баримтаар нотлогддог. Маш бүдүүлэг ажиллагаа болсон нь бусад яллагдагч нараас авсан байцаалтаас мөн харагдана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд Нотлох баримтаар тооцохгүй байх тухай хуульчилсан байх бөгөөд тус зүйлийн 1-д ...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг ... нотлох баримтаар тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэх, 1.1-д энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан, 1.2-т энэ хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн, 1.3-т өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан бол, 2-т ....бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх гэж хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн дараахь нотлох баримт буюу /4-р хх-227 тал/ Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулгыг хууль зөрчиж авсан нотлох баримт байтал анхан шатны шүүх  тэдгээрийн мэдүүлгийг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан сидинд үзлэг хийсэн тэмдэглэл болон Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга нотолсон болно. Дээрхи танилцуулгыг тухайн үед хэрэгт хавсаргаагүй, яллах дүгнэлтэд дурдаагүй нь түүнийг нөхөн хийсэн гэх үндэслэл болохгүй бөгөөд шинэ хууль үйлчилснээр хэрэгт хавсаргасан, хуучин хуулийн үед хийгдсэн ажиллагааг хүчингүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэх хууль зөрчсөн дүгнэлтийг гаргажээ.

Үндэслэл нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцох ба нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааны арга хэрэгсэл, эх сурвалж нууц байна гэж хуульчилсан бөгөөд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ч арга хэрэгсэл, эх сурвалж нууц байхыг хуульчилсан байдаг. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт, мэдээллийн талаар мөрдөгч нууц ажиллагааны магадлагаа үйлдэж, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгана, 26.8 дугаар зүйлийн 1.1-1.6 дахь хэсэгт 16.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан мөрдөгчийн нууц ажиллагааны магадлагаанд тусгагдах зүйлийг хуульчилан заасан байна. Энэ нь Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасан Прокурорын зөвшөөрөл нь энэ хуулийн 3 дахь хэсэгт заасан ажиллагаа явуулах тухай Гүйцэтгэх байгууллагын шийдвэрийг баримтлах хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шийдвэрт дараахь зүйлийг тусгана гэжээ. Гэтэл Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7.1-ээс 3 дах хэсэгт заасан жагсаалт Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга гэх баримтад огт тусгагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Хавтаст хэрэгт 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 06А тоот яллах дүгнэлт авагдсан бөгөөд уг яллах дүгнэлтэд нотлох баримтын талаар дурьдахдаа Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга гэх баримтыг огт дурьдаагүй атлаа 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөр огноолсон баримтыг 4 дүгээр хавтасны 227 дугаар талд үдсэн байна. Анхан шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хэргийг прокурорт буцаасан бөгөөд энэ үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн байсан, мөн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх хүртэлх 5 cap гарангийн хугацаанд шинэ хуульд нийцүүлэн нотлох баримтыг хавтаст хэрэгт тусгах боломж байсан боловч ийм ажиллагааг огт хийгээгүй, ...Үр дүнгийн баримтанд ...15136 дугаартай тогтоолоор...Эрдэнэцэцэгийн нөхөр өвчтэй “ гэх шалтгаанаар... томилох талаар яриа өгүүлэл гаргасан гэх боловч энэ нь гүйцэтгэх ажиллагааны ямар ч баримтанд байхгүй. Энэ нь Эрдэнэцэцэгт зохиомол хэрэг үүсгэсэн гэдэг нь харагдаж байна. Нэрэндээ тохируулаад, үүнийгээ булзааруулахын тулд Эрдэнэцэцэгийг хилсээр хэрэгт татаад арга ядаад хэрэгсэхгүй болгосон. Хавтаст хэрэгт огт байхгүй баримтаар хүртэл 4 жил гаруй хугацаанд хүнийг яллачихаад одоо бүр үүнийгээ нотлох гэж улайрч эвлүүлэг хүртэл хийж байна гэж үзэж байна. Иймд Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга гэх баримт нь хууль бус баримт байтал анхан шатны шүүх гэм буруутайд тооцох үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм.

Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт өөрийн гэр бүл болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж тодорхойлсон. Мөн заалтад өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно гэж заасан. Гэтэл Үндсэн хуулиар олгогдсон дээрхи эрх болон тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох /36.4/ заалтуудыг зөрчин 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тайлбар болон сэжигтнээр тооцон Б.О, Ж.Баттогтох, Ц.Б, Л.Оргилмаа нараас мэдүүлэг авсан бөгөөд ийнхүү авсан мэдүүлэг нь хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн, айлган сүрдүүлсэн, хууран мэхэлсэн талаар хэрэгт хангалттай тогтоогдсон байтал анхан шатны шүүх Ж.Баттогтох, Л.Оргилмаа нарын мэдүүлгийг шийтгэх тогтоолд дурьдсаныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх Шүүгдэгч Б.О, Ц.Б, Г.Э нар нь өөрсдийн мэдүүлэгтээ хахууль өгсөн авсан болохоо хүлээн мэдүүлсэн, дээрх мэдүүлгийг авахдаа эрүү шүүлт тулгасан болох нь нотлогдоогүй, тэдгээрийн гомдлыг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнх-Эрдэнийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 466 дугаартай тогтоол хүчин төгөлдөр, тэдгээрийг хахууль өгсөн, авсан Л.Оргилмаа, Ж.Баттогтох нар мэдүүлсэн гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан миний үйлчлүүлэгчийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1 хх 124-125 тал/ нь өмгөөлөгчгүйгээр, өөрийнхөө эсрэг, эрүү шүүлт тулгаж авсан мэдүүлэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.3, 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг ноцтой зөрчиж авсан, нотлох баримтаар тооцохгүй байх нөхцлийг хангасан баримтуудыг үнэлсэн нь анхан шатны шүүх хэт өрөөсгөлөөр, эрүүдэн шүүх хэлбэрийг хөхүүлэн дэмжсэн дүгнэлтийг хийсэн гэж үзэхээр байна.

Нийтийн албан тушаалтан гэдэг нь 2015 оны хуулийн хүндрүүлж байгаа хэлбэр бөгөөд нийтийн албан тушаалтан гэдэг нь шинэ хуульд хүндрүүлэх нөхцөлөөр орж ирсэн байдаг. Хүндрүүлсэн нэр томьёо болж орж ирсэн бөгөөд хуучин хуульд байсан төрийн алба гэдэгтэй төсөөтэй хэрэглэж болохгүй бөгөөд энэ нь хуулиар хориглож байгаа болно. Түүнчлэн хэрэгжүүлээгүй гэдэг нэр томьёо нь энэ хуульд шинээр хүндрүүлж орж ирж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд хуульчилснаар хүндрүүлсэн болон төсөөтэй хэрэглэхийг хориглоно гэсэн хуулийг ноцтойгоор зөрчсөн байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 211 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч М.Машбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Машбат миний бие Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 211 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Уг тогтоолоор миний үйлчлүүлэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдууллаа.

Шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт "Тэдгээрийн мэдүүлгийг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан СиДинд үзлэг хийсэн тэмдэглэл болон Гүйцэтгэх ажлын арга хэмжээний танилцуулга ( 4-р хавтас 227 ) нотолсон болно. Дээрхи танилцуулгыг тухайн үед хэрэгт хавсаргаагүй, яллах дүгнэлтэнд дурдаагүй нь түүнийг нөхөн хийсэн гэх үндэслэл болохгүй бөгөөд шинэ хууль үйлчилсэнээр хэрэгт хавсаргасан, хуучин хуулийн үед хийгдсэн ажиллагааг хүчингүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна...." гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс гаргасан дүгнэлт, байр сууриараа 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх хугацаанд прокурор Гүйцэтгэх ажлын үр дүнгийн танилцуулга гэх баримтыг хуульд заасан хугацаа, журмын дагуу үйлдээгүй, энэ нь 2017 оны 06 дугаар сарын 27-нд үйлдэгдсэн яллах дүгнэлтэнд дурдагдаагүй, яллах үндэслэл, нотлох баримт ч болоогүй тухай, үүний дараа Шинэ хуулийн зохицуулалт, журмаар ч хавтаст хэрэгт хавсаргаагүй тухай хангалттай илэрхийлсэн. Гэтэл 2002 оны хуулийн зохицуулалт, хугацаа, журмын дагуу үйлдэж хавтаст хэрэгт огт хавсаргаагүй баримтаа Шинэ хуулийн журмаар явагдсан шүүх хуралдаанд Гүйцэтгэх ажлын үр дүнгийн танилцуулга гэх хуучин нэрээр нь (нөхөж үйлдсэн баримт) оруулж ирэн бусдыг үндэслэлгүйгээр яллах гэж улайрч байгаа прокурорын хууль бус үйлдэл, үүний дагуу шийдвэр гаргаж буй Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Ерөөсөө хэргийг шийдвэрлэхэд Гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан гэх баримтууд нь энэхүү хэргийг нотлох баримт мөн, биш гэж үзэх нь нь хангалтгүй, гагцхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй учраас л бүхэлдээ нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэх бүрэн үндэстэй байна.

Мөн шүүгдэгч нарын өгсөн авсан гээд байгаа мөнгөний хэмжээ мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд маш олон удаа өөрчлөгдсөөр одоогийн байдлаар 1 сая, 500 мянган төгрөг гэх тоонууд чухам ямар хөдөлшгүй баримтаар тогтоогдоод гараад ирэв гэдэг нь ч эргэлзээтэй байгаа нь хавтаст хэрэгтэй танилцсан хүн болгонд тодорхой харагдаж байгаа юм. 4 сая 700 мянган төгрөг, 4 сая 500 мянган төгрөг, 3 сая 700 мянган төгрөг, 1 сая 700 мянган төгрөг, 1 сая 100 мянган төгрөг, одоо 1 сая, 500 мянган төгрөг гэх мэтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журам зөрчигдсөн, эд мөрийн баримт, нотолбол зохих байдал хангалттай тогтоогдоогүй байхад дүгнэлт хийлгүйгээр гэм буруутай гэж үзлээ.

Өмгөөлөгч З.Хүрэлсүх, Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдолд бичигдсэн бусад үндэслэлүүдтэй байр суурь адилхан, Анхан шатны шүүхийн хуралдаан дээр ч хангалттай яригдсан, Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах хуулийн зохицуулалт бүхий учраас давхардуулалгүй орхиё.

Дээрх байдлуудаас харахад Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч З.Хүрэлсүх би, үйлчлүүлэгч Б.Оийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, давж заалдах гомдол гаргаж байна.

Үндэслэл нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр магадлан хянуулахыг хүснэ.

Товчоор тайлбарлавал:

Шүүх хуралдаанд үйлчлүүлэгч болон өмгөөлөгчөөс гаргасан ”гэмт хэрэг үйлдээгүй тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах" хүсэлтийг шүүх хүлээн аваагүй бөгөөд хүсэлтийг няцаасан гэж дурдсан үндэслэлийг зөвшөөрөхгүй.

Учир нь, Б.О нь өөрийн мэдүүлэгтээ хахууль авсан болохоо хүлээн мэдүүлээгүй, анхны мэдүүлэг авахдаа мөрдөгч эрүү шүүлт тулгасан талаарх гомдлыг шалган шийдвэрлэхдээ гомдол гаргагч болон гомдолд холбогдогчоос тайлбар авснаас өөр ажиллагаа хийгээгүй, энэ хэрэгт шалгагдаж үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болгогдсон хүмүүсийн зөрүүтэй мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга гэх баримтаар нотлогдсон мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Прокурорын яллах дүгнэлтэд Гаалийн ерөнхий газрын дүрмээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасныг өмгөөлөгч хангалттай няцааж хэлэлцүүлсэн үндэслэлийг шүүх анхаарч дүгнээгүй. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан Гаалийн ерөнхий газрын дүрмээр тогтоосон тодорхой ямар үүргийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь нотлогдоогүй юм.

Харин ч Захиргааны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх үүргийг албан тушаалын хувьд Б.О хүлээгээгүй, өөр албан тушаалтан тухайлбал, Захиргааны зөвлөлийн нарийн бичгийн дарга шууд хариуцдаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Мөн шүүхээс гаалийн байцаагч нар өөртөө "ажлын нөхцөл сайжруулах, төв зам дагуу ажиллах" давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн, авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Гаалийн байцаагчийг сэлгэн ажиллуулах журам нь хуулиар зөвшөөрөгдсөн захиргааны шийдвэр, үйл ажиллагаанд хамаарч байгаа бөгөөд үйлчлүүлэгч Б.Оийн ажиллаж байсан хугацаанд тогтмол хийгдэж ирсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн баримтаар тогтоогдож байна.

Харин энэ хэргийн тохиолдолд гаалийн байцаагч нарыг шилжин ажиллуулсанаар цалин хөлс буурсан байдал тогтоогдсон байхад шүүхээс хийсэн “төв зам дагуу ажиллах" гэсэн дүгнэлт нь нотлох баримтад үндэслээгүй гэж үзнэ.

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэх ажлын журмаар цугларсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох тухай заалт бий.

Мөн Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д “Гэмт хэргийг далд аргаар үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай үндэслэл бүхий мэдээллийг ердийн арга хэрэгслээр шалгах боломжгүй бол гүйцэтгэх ажил явуулна” гэж заасан.

Эдгээр хуулийн зохицуулалтын хүрээнд манай хэргийн тохиолдолд гүйцэтгэх ажил явагдсан гэж прокурор тайлбарладаг ч үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд явагдаагүй, түүнийг нөхөн гүйцэтгэсэн гэж үзэх хангалттай үндэслэл байхад шүүх буруу дүгнэлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 530 дугаар захирамжаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн зохицуулалтаас үзэхэд прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэх үүргийг шүүхэд хариуцуулаагүй байна. Иймд хуульд заасан ажиллагааг зохих шатанд нь гүйцэтгэж, оролцогчийн эрхийг хангах нь зүйтэй” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.

Гэтэл прокурор 2017 оны 7 дугаар сараас 10 дугаар сарын хооронд хэргийг хянах явцдаа “гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга” гэх баримтыг нөхөн үйлдэж, дуу дүрсний бичлэгт шинжилгээ явуулсан шинжээчээс мэдүүлэг авч, зарим яллагдагчийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгон улмаар 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл шүүхээс “танилцуулга гэх баримт урьд яллах дүгнэлтэд дурдагдаагүй" гэж үндэслэлгүй дүгнэсэн байх бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч үндэстэй тайлбар гаргаагүйг анхаарахыг хүсье.

Зөвхөн яллах зорилгоор хэрэгт авагдсан дуу дүрсний бичлэгүүдэд өөрчлөлт оруулж дахин шинжилгээ явуулсан, хахуулийн гэх эд зүйл, мөнгөний хэмжээг янз бүрээр дүгнэн буруутгасан, хэрэгт өгсөн мэдүүлгийг гагцхүү яллах зорилгоор үнэлсэн зэрэг ач холбогдолтой бусад асуудлаар шүүх хуралдаанд гомдлын тайлбараа гаргана.

Иймд үйлчлүүлэгч Б.Оийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй байхад ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнийг цагаатгаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол бичсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Г.Бадамханд, Д.Нямдорж нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 211 дугаар шийтгэх тогтоолын хүлээн авч дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хэсэгт заасны дагуу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Гаалийн Ерөнхий газрын даргын тушаалаар баталсан сэлгэн ажиллуулах журмын дагуу зохих өргөдөл, гомдлыг албан ёсоор гаргаж түүнийг эрх бүхий албан тушаалтнууд нягтлан үзэж, өөрийн санал дүгнэлтийг гаргаж байсан нь Цэнгэл, Хулан, Лхагвасүрэн гэсэн гэрчүүдийн мэдүүлэг болон хуульд заасан ажиллагааны дагуу бэхжүүлэн авсан баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлээр бүрэн тогтоогддог. Өөрөөр хэлбэл Ц.Б нь өргөдөл гомдлоо зохих хууль дүрэм журмыг баримтлан түүний дагуу гаргаж байсан байдаг.

Гаалийн улсын байцаагч Ц.Бийг сэлгэн ажиллуулах тушаал нь Гаалийн тухай хууль болон дүрэм журамд нийцсэн, түүнийг хууль бус болгосон ямар нэгэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй.

Эрүүгийн хуулийн тусгайн ангийн дээрх гэмт хэргийн үндсэн хоёр дахь шинж нь эд зүйл өгсөн, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн байхыг шаардсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар эд зүйлийг, ямар мөнгөн хөрөнгийг Ц.Бээс хахуульд өгсөн болохыг тогтоосон хууль ёсны нотлох баримт хэрэгт огт авагдаагүй бөгөөд DVD дээр гүйцэтгэх ажиллагааны дагуу буулгасан гэх видео бичлэг дээр ямар нэгэн мөнгө хөрөнгийг шилжүүлж байгаа нэг ч кадр байхгүй бөгөөд зөвхөн нугалсан цагаан цаас буюу өөрийн өвчний түүхийг өгсөн нь DVD, сэжигтэн, яллагдагч нарын болон хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлгээр бүрэн тогтоогддог.

Гэтэл анхан шатны шүүх энэхүү үйлдлийг хээл хахууль өгч байна гэж хийсвэр дүгнэлт хийж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Гэм буруугүй нь хавтас хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар бүрэн тогтоогдоно.

Үүнд: Бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. “ ... 2015 оны 06 дугаар сарын 02-ноос эхлэн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дууссан хугацааны өргөдөл хүсэлтийг үдсэн нэг хавтас баримтын 61 дугаартай хуудаснаас Ц.Бээс гаргасан өргөдлийг үдэгдсэн байсныг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж хуулбарлан авч үзлэгийн тэмдэглэлд хавсаргав /9 хуудас хуулбар баримт/ ... Д.Хулангаас гаргуулан үзэхэд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ц.Бээс шилжин ажиллах тухай өргөдлийг хүлээн авсан бүртгэлд бүртгэгдсэн байсныг тэмдэглэсэн тэмдэглэлийг хуулбарлан авч үзлэгийн тэмдэглэлд хавсаргав... ” /1 хх 32, 33, 35 хуудас/

Гаалийн Ерөнхий газрын даргын 2010 оны 29 дүгээр тушаалын хавсаргалт “Захиргааны зөвлөлийн хуралдааны дэг “-ийн 2.4 дэх хэсэгт “... Хуралдааны нарийн бичгийн дарга Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг нэгтгэн, жагсаалтаар гаргаж Захиргааны зөвлөлийн даргад танилцуулна, Хуралдаанд оруулах зөвшөөрөл авсан байна...”, мөн 5.2-т “... Хуралдаанаас гаргасан шийдвэрийг үндэслэн Гаалийн ерөнхий газрын дарга тушаал гаргана ..” гэж. /1 хх 55, 57 хуудас/

Гэрч Э.Лхагвасүрэнгийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлэгт “ ...Гаалийн улсын байцаагч нарыг сэлгэн ажиллуулах тохиолдолд тушаалыг шууд гаргах тохиолдол байдаг...” /1 хх 63 хуудас/

Гэрч Д.Хулангийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн мэдүүлэгт Ц.Б сэлгэн ажиллах талаар өргөдөл гомдол гаргаж байсан ... Сэлгэн ажиллах журмын дагуу баримт материалаа бүрдүүлж өгч, шийдвэрлүүлэх ёстой. Эхний ээлжинд өргөдөл гомдлоо холбогдох албан тушаалтанд бичгээр гаргаж, баримт материалуудаа хавсарган бичиг хэрэгт өгдөг. Бичиг хэрэг манай хэлтэст материалыг шилжүүлдэг. Түүнийг манай байцаагч нар судалж үзээд танилцуулга бичээд Захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэхээр явуулдаг...” /1 хх 8 хуудас/

Сэжигтэн Б.Цэнгэл 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн мэдүүлэг “...Гаалийн улсын байцаагчийг сэлгүүлэн ажиллуулах, шилжүүлэн томилох бүрт захиргааны зөвлөлийн хурлаар оруулаад байх шаардлага байдаггүй. ...” Тийм болохоор сэлгэн ажиллуулах томилох асуудлыг Захиргааны зөвлөлийн хурлаар оруулахгүй шууд томилдог асуудал байдаг. Нэгдүгээрт : Гаалийн Ерөнхий газрын даргын хувьд шууд томилох эрх надад байсан   

Дээрх хүмүүсийн сэлгэн ажиллуулах томилох асуудлыг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэх шаардлага байхгүй. Төрийн захиргааны удирдлагын газрын саналыг үндэслэн томилсон... “ /1 хх 147 хуудас/

Гаалийн Ерөнхий газрын даргын Б/348 дугаар тушаал Хавсралт 2, Гаалийн улсын байцаагч нарын сарын үндсэн цалин, зэрэг дэв түүний нэмэгдэл 3-т “...Ц.Б.... нэмэгдлүүд.. хилийн гэсний ” гэсэн тэмдэглэлтэй өөрөөр хэлбэл хилийн нэмэгдлийн 25 хувь нь байхгүй болсон. /2 хх 7 хуудас/.

Гаалийн Ерөнхий газрын даргын Б/206 тушаалын хавсралт 2, Гаалийн байцаагч нарын сарын үндсэн цалин, зэрэг дэв түүний 11-т “...Ц.Б.... нэмэгдлүүд... гэсний нэмэгдлүүд гэсний “25”...” гэж. /2 хх 22 хуудас/.

Мэргэжилтнээс мэдүүлэг авсан тэмдэглэл 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Д.Мөнхбаатар “...Гэтэл тухайн эрэгтэй хүний гарын хөдөлгөөн илэрсэн хэсэгт тэр чигтээ нарны гэрлийн тусгал хурц илэрснээс дүрс бичлэгт бараан өнгө өгөгдөөгүй, нийлэнхүйдээ цагаан өнгө өгсөн байсан гэсэн үг. Дүрс бичлэг тодруулах ажиллагаагаар зөвхөн дүрсийг сайжруулахыг оролдсоноос биш дууг давхар сайжруулах ажиллагааг хийгээгүй гэдгийг онцолж хэлье... Өөрөөр хэлбэл тусгай техник хэрэгсэл нь байгаа бодит зүйлийг аль болох боломжит хувилбараар сайжруулах, тодруулах ажиллагаа хийгдэхээс биш хүссэн үр дүнд шууд хүргэх, хувиргах, өөрчлөх боломжгүй гэдгийг хэлмээр байна....” /4 хх 59 хуудас/.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд гэрч Н.Энхцогтын гэрчийн мэдүүлэг “ ...Тушаал шийдвэр гаргах бүрэн эрх Гаалийн ерөнхий газрын даргад байгаа гэв ... Тухайн үед Цэнгэл дарга байгаагүй, томилолттой байсан. Би уг асуудлыг шийдвэрлүүлэхээр цохолт хийж өгсөн гэв ... Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлд зааснаар сэлгэн ажиллуулж болно....” /4 хх 86, 108, 109 хуудас/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03/2481 тоот албан бичигт “...Харин дүрс бичлэгт дүрслэгдсэн нарны гэрлийн нөлөөлөл нь дүрс бичлэгийн дүрсний нягтрал бага, хэт гэрэлтэйгээс цайралтыг шилжүүлэх, ойролцоолох утга олдохгүй байгаа тул мэдэгдэхүйц утгаар буруулах боломжгүй байна. ...” /4 хх 199 хуудас/.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27- ны өдрийн 26 дугаар тэмдэглэлд гэрч Ж.Баттогтохын шүүх хуралд өгсөн мэдүүлэгт “...Дарамталсан, намайг анх хэрэгсэхгүй болгосон тогтоол прокурор танилцуулахдаа таныг хэрэгсэхгүй болголоо та одоо Б.Оийн талаар мэдүүлэг өгнө биз ээ мэдүүлгээ аятайхан өгөөрэй гэж хэлсэн ... Улсын яллагч : Сэжигтнээр дахин мэдүүлэг авахдаа бас таныг дарамталсан уу гэхэд Гэрч Ж.Баттогтох: Тийм дарамтлаад байсан гэв ..” /6 хх 2, 14, 15 хуудас/

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28- ны өдрийн 35 дугаар тэмдэглэлд хөндлөнгийн гэрч Б.Амаржаргалын мэдүүлэг “...Өмгөөлөгчөөс: Та тухай зүйлийг мөнгө байсан гэж гэрчилж байна уу? Гэрч Амаржаргал: Тухайн үед би харсан болоод л гэрчилсэн байх гэв. Тухайн үед мөрдөгч нар орж ирээд, гүйцэтгэх ажиллагаа явуулж байна та хөндлөнгийн гэрчээр оролцож байна шүү гэж хэлсэн. Тэгээд гарын үсэг зурсан..Би яг мөнгө харсан гэж хэлээгүй гэв. Дотор нь мөнгө байгаа гэдгийг би мэдэхгүй гэв ” / 6 хх 239, 243 хуудас/.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28- ны өдрийн 35 дугаар тэмдэглэлд хөндлөнгийн гэрч С.Оюун-Эрдэнийн мэдүүлэг “...Би мөнгө гэж яг мэдэхгүй байна. Цаасанд боодолтой дугтуй шиг зүйл байсан гэв.... Би хоёр хүний яриаг буулгаж байгаа болохоор түүн дээр гарын үсэг зурсан гэв ... Надад дөрвөлжин цагаан цаас харагдсан гэв ... “ /6 хх 240, 241 хуудас/.

Хэрэгт хавсаргасан цагаан өнгийн DVD-ны бичлэг.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.О болон Ц.Б нарын мэдүүлэг.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон тухайд:

2.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11. 16.12 дугаар зүйл заасан нотлох баримт ашигласан: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээнийн үндсэн дээр тогтооно...”, мөн 4 дэх хэсэгт “... Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно..” гэжээ, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “...Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл...”, 15 дахь хэсэгт “...Хавтас хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ...” гэж заасныг тус тус баримтлаагүй гэж үзнэ. 

Учир нь, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч Б.От 500.000 /таван зуун мянган төгрөгийн/ авлигын асуудал нь прокурорын яллах дүгнэлтийн нотлох хэсэгт энэхүү асуудал огт дурдагдаагүй бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлуулах саналд энэ асуудал огт тусгагдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд 500.000 төгрөгийн авлига өгсөн гэх нотлох баримтыг огт хэлэлцэгдээгүй, шинжлэн судлагдаагүй болохыг цохон тэмдэглэж байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 211 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт энэ талаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох эд зүйл болон хөрөнгө өгсөн байх хуулийн шаардлага гарцаагүй тогтоосон нотлох баримт байхгүй болно.

Дээрх зүйлээс үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлууд тэр дундаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээг нотлоогүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно ...” гэж заасныг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчсөн нотлох баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн.

Эрүүгийн хэрэгт авагдсан шүүгдэгч Ц.Бийн өөрийн өгсөн анхны сэжигтний мэдүүлэг болон өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлэг, мөн эрх бүхий байгууллагад гаргаж байсан гомдлоос тодруулбал "... Авлигатай тэмцэх газарт очоод удаа дараа хашгичан, дарамталж, сүрдүүлснээс бие чичирч, зүрх өвдсөн тул зүрхний эм, даралтны эмээ уух гэсэн боловч тийм боломжийг олгохгүй байж байж за яахав уухаас биш...” гэж хэлээд хэрэглэх боломжийг өгсөн ... Гэтэл 9 цагийн үед тайлбар мэдүүлэг өгсний дараагаас эхлээд орой 18 цаг хүртэл намайг ямар ч цай хоол ундгүй байлгаж, Цагаар хэрэглэх ёстой эм тариаг минь хийлгүүлэхгүй, өмгөөлөгч болон ар гэртэйгээ холбоо барих боломж өгөхгүйгээр 3-4 хүн ээлжлэн зэрэг тал талаас дарамталж, сүрдүүлж, “...өгсөн мөнгөн дүнгээ хэл хэлэхгүй бол хорино, чам шиг өвчтэй амьтан шоронд тэсэхгүй байлгүй...” гэж тавлаж байсан, Тэгээд түүний дараа 18 цагаас хойш дахин эрүү шүүлт тулгаж “...танай эхнэрийг чинь бас шалгана, шоронд хийнэ, Чи үр хүүхэд, эхнэртээ хайргүй юм уу. Зөвхөн Б.От өгсөн мөнгөө хэл, үгүй бол одоо шорон явж дээ. Дулаан хувцсаа бэлд. Ямар ч байсан “Но" гаргана чамаас...” гэж гэр бүл, хань ижлийг минь хилс хэрэгт хамааруулж эхэлсэн юм...” гэснээр тогтоогдож байгаа бөгөөд ийм байдлаар авсан мэдүүлгийг шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас гадна Монгол Улсын нэгдэн орсон Иргэн болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дэх хэсэгт “Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй....” гэснийг ноцтой зөрчсөн болно. 

2.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан нотлох баримтыг ашигласан тухайд:

Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж бүрдүүлсэн баримт бичгийг нотлох баримтаар тооцож шийтгэх тогтоол хуулийг зөрчсөн болно.

Учир нь, улсын яллагч энэхүү гүйцэтгэх арга хэмжээний үр дүнгийн танилцуулгыг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт заасны дагуу хийсэн.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална...” гэж хуульчилсныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хийгдсэн гүйцэтгэх ажлын танилцуулга гэх нотлох баримт нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ягштал нийцэж гарах ёстой бөгөөд энэ нь мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд нь энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож ...” гэж тов тодорхой заасан байна.

Дээрх зүйлээс үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “.. Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэснийг удирдлага болгож хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хээл хахууль өгсөн гэх гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотолж чадахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг заасныг баримтлан Ц.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Г.Бадамханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын хэсэгт нотлох баримтыг тодорхой гаргаж өгсөн байхыг шаарддаг. Гэтэл үүнийг няцаасан үгүйсгэсэн байдлыг тодорхой гаргаагүй байдаг. Шүүх энэ ажиллагааг туйлын хариуцлагагүй хийсэн гэж үзэж байгаа. Шийтгэх тогтоолын 18 дугаар хуудас дээр 7 үндэслэлээр няцаалт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч, шүүгдэгч нар нь тэс ондоо байр суурьтай байхад үүнийг нэгтгэж оруулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийн эсрэг няцаалт хийнэ гэсэн зүйл байхгүй. Шүүх үндэслэлгүй баримтаар дүгнэлт хийж шийтгэх тогтоол гаргасан гэж миний хувьд үзэж байгаа. Тухайлбал, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн мэдүүлгийг эрүү, шүүлт тулгаж дарамталж авсныг дараах байдлаар үгүйсгэж байна гээд өмгөөлөгч, шүүгдэгч хоёрыг нэг шугаманд оруулаад хэдэн зүйл дурдсан. Шүүгдэгч, өмгөөлөгч нар хахууль авсан гэдгээ хүлээн мэдүүлсэн гэсэн атлаа ямар мэдүүлэгт тэгж мэдүүлсэн талаар заагаагүй. Миний үйлчлүүлэгч болон миний хувьд хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг огт байхгүй. Үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн бидний хэлсэн ямар мэдүүлэг хэлэлцэгдээгүй, шинжлэн судлагдаагүй. Мөн дээрх мэдүүлгийг авахдаа эрүү шүүлт тулгасан болох нь нотлогдоогүй. Гэтэл дээрх мэдүүлэг гээд байгаа боловч ямар мэдүүлгийн талаар яриад байгаа нь тодорхойгүй. Миний үйлчлүүлэгч Ц.Б Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргаагүй. Бид прокурорт эрүү шүүлт тулгасан гэдгээсээ илүүтэй хүнлэг бус хэрцгий харьцсан гэдэг асуудлыг шалгаж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Гэтэл миний үйлчлүүлэгчийн гаргаагүй асуудлыг гаргасан мэт болгож буруутгасан үндэслэлгүй юм. Мөн тэдгээрийн хахууль өгсөн, авсан талаар Оргилмаа, Баттогтох нар гэрчилж мэдүүлсэн гэдэг. Гэтэл тухайн хоёр этгээд Ц.Бийн талаар нэг ч үг хэлээгүй. Хүнд ял халдааж, гэм буруутайд тооцох гэж байж огт оргүй зүйлийг ашиглаж болохгүй. Мөн СД-д хийсэн тэмдэглэл огт байхгүй мөнгө гэж үг орсон байсан бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй гэрчийг оролцуулсан байдаг. Тэгэхээр СД нь нотлох баримт болох ёстой. Тийм учраас энэ талаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн хүчингүй болсон хуулийг баримталж гүйцэтгэх ажиллагааг явуулж буруутгаж болохгүй. Б.О нь нэг удаа мэдүүлэг өгөхдөө Ц.Б миний цүнхэд 500.000 төгрөг хийгээд гарсан гэх ганц мэдүүлгийг үндэслэж буруутгаж болохгүй. Б.Оийн мэдүүлгийг давхар нотолсон баримт хэрэгт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 211-р шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Ц.Б намайг 2015 оны 11 дүгээр 24-ний өглөө 8 цагийн үед ажил руугаа машинтай явж байхад ТБД-андуудын урд зам дээр машинаар гүйцэд түрүүлж шахаж зогсоогоод Авлигатай тэмцэх газраас хууль бусаар баривчилж улмаар Авлигатай тэмцэх газарт аваачаад байцаахад би зүрхний өвчтэй судасны 80-90 хувийн нарийсалтай зүрхний ЭХО, IMR, Ангиограф, титэм судас өргөсгөх зэрэг эмчилгээ хийлгэсэн эрүүл мэндийн хувьд хүнд байсан тул шилжүүлж өгнө үү гэсэн өргөдлөө Гаалийн Ерөнхий газарт өгч шилжсэн гэж анхны тайлбар мэдүүлэгтээ ний нуугүй ярьсан. /хх1-14/

Гэтэл 9 цагийн үед тайлбар мэдүүлэг өгсний дараагаас эхлээд орой 22 цаг хүртэл намайг ямар ч цай хоол ундгүй байлгаж, цагаар хэрэглэх ёстой эм тариаг минь уулгахгүй, өмгөөлөгч болон ар гэртэйгээ холбоо барих боломж өгөхгүйгээр 3-4 хүн тал талаас зэрэг байцааж “Б.О чинь мөнгө авснаа хүлээсэн чи мөнгөн дүнгээ хэл хэлэхгүй бол хорино” гэж намайг нэгжээд дулаан хувцсаа авчруул хоривол чи зүрхний өвчтэй байж шоронд тэсэхгүй байлгүй, гэр орныг чинь нэгжинэ, эхнэрийг чинь бас шалгана, чи эхнэрээ давхар хэрэгт оруулахгүй гэж бодож байвал чи хэргээ хүлээ гэж гэр бүл, эхнэрийг минь хэрэгт хамаатуулж айлгаж, дарамталж, хууран мэхлэх зэргээр олон цагаар эрүү шүүлт тулгаж, удаа дараа тэмдэглэлгүй байцааж, залхааж, дарамталснаас их айж, биеийн байдал эрс муудаж, хоригдвол миний бие дийлэхгүй үхэх юм байна гэж айгаад зуун мянган төгрөг хоолонд ороорой гээд эмнэлгийн бичиг өгөхдөө хамт өгсөн гэж үндэслэлгүй худал мэдүүлэг аргагүйн эрхэнд өгсөн.

Намайг өглөө 8 цагаас орой 22 цаг хүртэл хугацаанд ар гэрийнхэнд минь мэдэгдэлгүй бүтэн 14 цагийн турш хоол, ундгүй залхаан зовоож Авлигатай тэмцэх газарт айлгаж, дарамталж, сүрдүүлж, залхааж, эрүү шүүлт тулгаж хууль бусаар байцаасан.

Гэртээ ирэхэд гэрийнхэн маань бөөн эрэл сурал болж ажлынхан, найз нөхөд, таньдаг бүх хүмүүсээс асууж сураглаад сандарсан хүмүүс байсан. Тэд намайг машин дотроо зүрх нь хаагдсан байх гэж сандраад хотоор нэг хайж ядаад сүүлд нь Цагдаагийн Мэдээлэл Шуурхай Удирдлагын төвд 19 цагийн үед “Хүн сураггүй алга боллоо” гэж бүртгүүлж эрэл сурал болж сандарсан хүмүүс байсан XX3-2CT-211

Мөн энэ өдөр Авлигатай тэмцэх газарт намайг баривчилж аваачаад намайг нэгжиж миний утсыг хурааж авснаас хойш миний утас руу манай ар гэр ажлынхан, найз нөхдөөс нийт 70 орчим дуудлагаар залгаж бүтэн өдөржингөө хайсан дуудлага байдаг. Тэр өдрийн аваагүй дуудлагаар нотлогдож байдаг.

Үүнээс нэг сарын дараа 2015 оны 12 дугаар сарын 22-нд “мөрдөн байцаагч Доржсүрэн намайг дуудаж ямар ч байцаалт авалгүй зөвхөн “Өмгөөлөгч авахгүйгээ мэдэгдэж байна” гэсэн бичиг хийж өг гэж дарамталж, тулган шаардаж байгаад бичүүлж авсан. Энэ бичигтэй хамт 2015 оны 11 дүгээр сарын 24-нд сэжигтний мэдүүлэг авахдаа намайг айлгаж дарамталснаас аргагүйн эрхэнд худал мэдүүлэг өгсөн. Мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй гэдгээ бичиж байцаагчид хамт өгтөл их уурлаж, чанга хашгирч загнаад тэр бичгийг урж базаад хогийн саванд хаясан. Айснаасаа болж зүрх өвдөж зүрхний эмээ усгүйгээр шүлсээр даруулж ууснаас Цэр их гарсан гэтэл чи амиа хорлох гэлээ, санаатай өрөө муухай үнэртэй болгочихлоо гэж загнаж, дарамталж эмчээ дуудаж зүрхний эмийг шалгуулсан.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолын “Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж” Ц.Б намайг хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж намайг буруутгаж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дараах нотлох баримтуудад намайг буруутгасан нотолгоо байхгүй байна. Үүнээс дурдвал:

...Гэрч Хулангын мэдүүлэгт “...Ц.Б сэлгэн ажиллах талаар өргөдөл гомдол гаргаж байсан ... Эхний ээлжинд өргөдөл гомдлоо холбогдох албан тушаалтанд бичгээр гаргаж, баримт материалуудаа хавсарган бичиг хэрэгт өгдөг. Бичиг хэрэг манай хэлтэст материалыг шилжүүлдэг. Түүнийг манай байцаагч нар судалж үзээд танилцуулга бичээд Захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэхээр явуулдаг...”

...Гэрч Э.Лхагвасүрэнгийн мэдүүлэгт “...Ц.Бийн өвчтөний түүх болон эмнэлгийн хяналт, эмчийн дүгнэлтүүд нь өргөдөлд хавсаргаж ирүүлсэн баримтуудаар нотлогдож байгаа тул Гаалийн ерөнхий газрын дүрмийн 4.8 Захиргааны зөвлөл дараах асуудлыг хэлэлцэнэ 4.8.5 гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах тухай журмыг үндэслэн Буянт-Ухаа Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Бийг бүтэц орон тооны боломжийг судлан шилжин ажиллуулахаар захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх саналтай байна гэж танилцуулга бичиж өгсөн...” /XX1-66-68/

...2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 4183 дугаартай Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Б.О, Ц.Б хоёрын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дуу-дүрсний бичлэгийн агууламж 50%-иас дээш чанарын шаардлага хангаагүй, орчны шуугианы нөлөөлөл харьцангуй ихтэй, харилцан ярианы үг хэллэг бүдэг зэрэг дуу авианы адилтгалын шинжилгээний ерөнхий шаардлагыг хангаагүй тул шинжилгээнд тэнцэхгүй гэж дүгнэлт гарсан. /ХХ2-240/

... Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03/2481 тоот албан бичгээр “...дүрс бичлэгт дүрслэгдэх нарны гэрлийн нөлөөлөл нь дүрс бичлэгийн дүрсний нягтрал бага, хэт гэрэлтэйгээс цайралтыг шилжүүлэх, ойролцоолох утга олдохгүй байгаа тул мэдэгдэхүйц утгаар бууруулах боломжгүй...” тул тэнцэхгүй гэж дахин дахин дүгнэлт гарсан. /ХХ4-199/

Гэтэл Прокурорын “...Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга...”-даа “би нэг юм бэлдээд ирсэн” гэж хэлээд “...цагаан дугтуйтай зүйл болох мөнгө өгсөн...” гэж, мөн мөрдөн байцаагчийн “DVD-нд үзлэг хийсэн тэмдэглэл” -дээ “...цагаан дугтуйтай зүйл өгөв. Дугтуйтай мөнгө бололтой...” гэсэн нь “Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга”, “DVD-нд үзлэг хийсэн тэмдэглэл”, “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл” зэрэг нь таамаглаж, зохиомол нотлох баримт бүрдүүлж нотлох баримтанд хүч нэмэгдүүлж өөрийн санааг санаан зоргоор нэмж бичиж оруулсан нь хэт яллах талыг барьсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хууль бусаар бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэж байна.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр мөрдөн байцаагчийн “... DVD-нд үзлэг хийсэн тэмдэглэл...”, “...Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл...”-д 2 удаа хөндлөнгийн гэрчээр орсон Б.Амаржаргалын мэдүүлгээр “... тухайн үед мөрдөгч нар орж ирээд, гүйцэтгэх ажиллагаа явуулж байна та хөндлөнгийн гэрчээр оролцож байна шүү гэж хэлсэн, Тэгээд гарын үсэг зурсан. Би яг мөнгө харсан гэж хэлээгүй гэв. Дотор нь мөнгө байгаа гэдгийг би мэдэхгүй гэв...”

...Мөн хөндлөнгийн гэрч С.Оюун-Эрдэнийн мэдүүлгээр “...Би мөнгө гэж яг мэдэхгүй байна. Цаасанд боодолтой дугтуй шиг зүйл байсан гэв....Би хоёр хүний яриаг буулгаж байгаа болохоор түүн дээр гарын үсэг зурсан гэв ... Надад дөрвөлжин цагаан цаас харагдсан гэв...”

Дээрх хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа.

Ц.Б намайг 500,000 төгрөг өгсөн гэж буруутгаж яллаж байна гэтэл энэ 500,000 төгрөг прокурорын яллах дүгнэлтийн шинжлэн судлах баримтанд байхгүй судлагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, шинжлэн судлагдаагүй мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3-р хуудасны “...Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав...” гэсэн нотлох баримтанд бас байхгүй, судлагдаагүй баримтаар яллаж байгаа нь хэт яллах талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч С.Чулуунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд гомдлыг гаргаж чадаагүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тухайд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд дордуулсан тухай хэсэг байсныг өмгөөлөгчийн хувьд харсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасан хэсэг нь  тогтоох хэсэгт их чухал зүйл заалт гэж ойлгож байна. Тухайн тогтоолыг хурлын зөвлөгөөний дараа гарж ирнэ гээд гардуулж өгөөгүй. Энэ үйлдэл нь өмгөөлөгч болон шүүгдэгчийн эрхийг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би давж заалдах гомдол гаргах бодолтой байсан боловч шүүхийн тогтоолыг гардаж авснаас хойш гомдол хугацаа нь тооцогдох юм болов уу гэж бодоод гомдол гаргаж чадаагүй. Өмгөөлөгч С.Чулуунбаатарын хэлсэн зүйлтэй санал нэг байна. ...” гэв.

 

Прокурор Ц.Уртнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна. Шүүгдэгч Б.О нь тухайн гэмт хэргийн субъект болох нь мөн гэдгийг хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд гаргасан байдаг. Тухайн хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулиас 2015 оны Эрүүгийн хуулиар шалгагдаад шүүхийн шатанд шийдэгдээд явж байгааг анхаарч үзэх зөв байх. Хэргийг шалгахад процесс зөрчигдсөн гэж байна. Гэрч Эрдэнэбаярын мэдүүлгээр тогтоогдож байна. Б.О нь хүний нөөцийн асуудлыг хариуцдаггүй байсан гэдэг. Гэтэл хамт ажиллаж байсан хүмүүс нь тухайн хүний нөөцийн асуудлыг хариуцаж байсан талаар хэлсэн байдаг. Бямбаа гэх хүн нь мэдүүлэг өгсөн байдаг. Мөн мөнгөний асуудал яригдаж байна.  Оргилмаа болон Батцэнгэл зэрэг нь тухайн хэлтэст бас ажилладаг байсан. Мөн хангалтай нотлох баримтгүй байхад шүүх шийдвэр гаргаж прокурор яллах дүгнэлт үйлдсэн талаар ярьсан. Та бүхэн мэдэж байгаа улсын яллагч нь бичгийн болон бусад нотлох баримт дээр үндэслэн дотоод итгэл үнэмшлээрээ шийдвэрээ гаргаж байгаа. Шүүхээс үнийн дүнгийн талаар дурдаагүй гэсэн. Гэтэл  шүүхийн тогтоолын хэсэг дээр 1.500.000 төгрөг улсын төсөвт төлөх талаар дурдсан байна. Тиймээс шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаагүй, хэргийн бүрдэл дутуу байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг буюу хуулийн заалтыг хэрэгжүүлж, шалгавал зохих зүйлийг бүрэн гүйцэт шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч ...эргэлзээгүй тогтооно...” гэсэн заалтын дагуу хэргийн бодит байдлыг тогтоон ирүүлэх нь зүйтэй.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимтай нийцнэ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад доорх зүйлүүдийг гүйцэд шалгаж ирүүлбэл зохино. Үүнд:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Оргилмаа, Ж.Баттогтох нарыг сэжигтнээр, яллагдагчаар татаж шалгасан байна.

2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 50 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор /5 хх 109-110/ “...яллагдагч Л.Оргилмаа нь “Гаалийн Ерөнхий газрын Төрийн Захиргаа хамтын ажиллагааны газрын гаалийн улсын байцаагчийн албан тушаалаа ашиглан Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн Газарт гаалийн улсын ахлах байцаагч Г.Эыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаалыг гаргуулсны төлөө Г.Эаас хээл хахуульд өгсөн 1.200.000 төгрөгийг тус газрын гаалийн улсын ахлах байцаагч Ж.Баттогтохоор зуучлуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.От зуучлан өгсөн” гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. ...Гэвч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулиар хахууль авах, өгөхөд зуучилсан үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Л.Оргилмаагийн энэхүү үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. ...” гэж,

мөн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 49 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор /5 хх 104-106/ “...яллагдагч Ж.Баттогтох нь Гаалийн Ерөнхий газрын Төрийн Захиргаа хамтын ажиллагааны газрын гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалаа ашиглан Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн Газарт гаалийн улсын ахлах байцаагч Г.Эыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаал гаргуулсны төлөө Г.Эаас гаалийн улсын байцаагч Л.Оргилмаагаар зуучлуулж өгсөн 1.200.000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.От хээл хахуульд зуучлан өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. ...2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулиар хахууль авах, өгөхөд зуучилсан үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Л.Оргилмаагийн энэхүү үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. ...” гэж тус тус гэм буруутай нь тогтоогдсон талаар прокурор дүгнэсэн атлаа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Л.Оргилмаа нь Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газарт гаалийн улсын байцаагч ажилтай, Ж.Баттогтох нь Замын-Үүд сум дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ажилтай болох нь тогтоогдсон байх бөгөөд тэднийг нийтийн албан тушаалтан гэж үзэхээр байна.

 

Л.Оргилмаа, Ж.Баттогтох нарыг албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж ирүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэх шударга ёсны зарчим, түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд зөрчигдсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан “...хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна...” гэсэн зарчимд нийцээгүй байна гэж үзэв.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарт эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилсон эсэхийг бүрэн гүйцэд шалгавал зохино.

 

Мөрдөн байцаалт, прокурор, анхан болон давж заалдах шатны шүүхийн шатанд эрүү шүүлт тулгасан талаар Б.О “...Сэжигтнээр мэдүүлэг авахдаа АТГ дээр бүтэн өдөржин 16 цагийн турш ямар ч хоол унд, эрх, эрх чөлөөгүй хорьж, гүйцэтгэх ажилтнууд болон мөрдөн байцаагч Бат-Олзвой нар нь эрүү шүүлт тулгаж өөрсдөө хүний нэр, мөнгөн дүнг хэлж өгч зохиомол хэрэг хүлээлгэсэн гэдгийг байнга мэдүүлж байгаа. Энэ талаар 2015 оны 12 дугаар сарын 03-наас эхлэн прокурор, АТГ-т гомдлоо гаргасан нь хавтас хэрэгт авагдсан. ...мөрдөн байцаагч болон гүйцэтгэх ажилтнууд нь “бусад хүмүүстэйгээ адил хэлэхгүй бол хорино” гээд байсан ба өөрсдөө хүний нэр ус, мөнгөн дүнг хэлж өгөөд гүйцэтгэх ажилтнууд нь өрөөнөөс гарч, би хоригдохгүйгээр гэртэй харихын тулд “хэлсэн зүйлийг нь давтан хэлж байгаа” эхлэл төгсгөлгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй бичлэгийг гол үндэслэлээ болгон оруулж ирсэн. ...16 цагийн турш ууж идэх зүйлгүйгээр айлган сүрдүүлж байцаалт авсан. Сүүлд нэг нунтаг цагаан зүйл өгсөн. Тэрийг нь уусны дараа хамаг бие эвгүй болж, биеийн байдал дордсон. Биеийн байдал муудсаны улмаас тухайн хүмүүсийн хэлсэн зүйлийг л давтаж хэлсэн. Мөн 8 цагийн турш серверийн бөхчим өрөөнд байлгасан. ...” гэж,

Ц.Б “...Гэтэл 9 цагийн үед тайлбар мэдүүлэг өгсний дараагаас эхлээд орой 22 цаг хүртэл намайг ямар ч цай хоол ундгүй байлгаж, цагаар хэрэглэх ёстой эм тариаг минь уулгахгүй, өмгөөлөгч болон ар гэртэйгээ холбоо барих боломж олгохгүйгээр 3-4 хүн тал талаас зэрэг байцааж ‘Б.О чинь мөнгө авснаа хүлээсэн, чи мөнгөн дүнгээ хэл, хэлэхгүй бол хорино” гэж намайг нэгжээд дулаан хувцсаа авчруул, хоривол чи зүрхний өвчтэй байж шоронд тэсэхгүй байлгүй, гэр орныг чинь нэгжинэ, эхнэрийг чинь бас шалгана, чи эхнэрээ давхар хэрэгт оруулахгүй гэж бодож байвал чи хэргээ хүлээ гэж гэр бүл, эхнэрийг минь хэрэгт хамаатуулан айлгаж, дарамталж, хууран мэхлэх зэргээр олон цагаар эрүү шүүлт тулгаж, удаа дараа тэмдэглэлгүй байцааж, залхааж, дарамталснаас их айж, биеийн байдал эрс муудаж, хоригдвол миний бие дийлэхгүй үхэх юм байна гэж айгаад зуун мянган төгрөг хоолонд ороорой гээд эмнэлгийн бичиг өгөхдөө хамт өгсөн гэж үндэслэлгүй худал мэдүүлэг аргагүйн эрхэнд өгсөн.

Намайг өглөө 8 цагаас орой 22 цаг хүртэл хугацаанд ар гэрийнхэнд минь мэдэгдэлгүй бүтэн 14 цагийн турш хоол, ундгүй залхаан зовоож Авлигатай тэмцэх газарт айлгаж, дарамталж, сүрдүүлж, залхааж, эрүү шүүлт тулгаж хууль бусаар байцаасан. ... Гэртээ ирэхэд гэрийнхэн маань бөөн эрэл сурал болж, ажлынхан, найз нөхөд, таньдаг бүх хүмүүсээс асууж сураглаад сандарсан хүмүүс байсан. Тэд намайг машин дотроо зүрх нь хаагдсан байх гэж сандраад хотоор нэг хайж, ядаад сүүлд нь Цагдаагийн Мэдээлэл Шуурхай Удирдлагын төвд 19 цагийн үед “Хүн сураггүй алга боллоо” гэж бүртгүүлж эрэл сурал болж сандарсан хүмүүс байсан. ...Үүнээс нэг сарын дараа 2015 оны 12 дугаар сарын 22-нд “мөрдөн байцаагч Доржсүрэн намайг дуудаж ямар ч байцаалт авалгүй зөвхөн “Өмгөөлөгч авахгүйгээ мэдэгдэж байна” гэсэн бичиг хийж өг гэж дарамталж, тулган шаардаж байгаад бичүүлж авсан. ...” гэж,

Г.Э “...Б.О гэдэг хүн 1 сая гаруй төгрөг өгсөн байсан, тэрийгээ хэлэхгүй бол хорино гэж айлган сүрдүүлсэн. ...” гэж удаа дараа мэдүүлсэн, түүнчлэн давж заалдах гомдлынхоо үндэслэл болгожээ.

 

Хавтас хэрэгт авагдсан дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “...Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. ...” гэсэн заалт,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно...” гэсэн хүний халдашгүй байх эрхийг хангах зарчим,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно...”, 2-т “...Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно...” гэсэн Эрүү, шүүлт хүнлэг бус харьцаанаас ангид байх зарчмууд болон хуулийн заалтуудыг зөрчсөн эсэх талаар шалгаж, шүүхээс дүгнэлт хийх боломжоор хангах нь зүйтэй гэж үзнэ.

 

Прокурор “...гомдол гаргагч Б.О, Ж.Баттогтох нарын тайлбаруудад дурдсанчлан "Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажилтнууд болон мөрдөн байцаагч нар бүтэн өдөр цай, хоол өгөлгүй албадан саатуулж, айлган сүрдүүлж, дарамтлан хууран мэхэлж худал мэдүүлэг хүчээр авсан" гэх үйлдэл дээр дурдсан материалд авагдсан баримтуудаар нотлогдож, тогтоогдохгүй байна.

Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажилтнууд дээрх хэрэгт иргэн Б.Оийг Улаанбааар хот, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн 36-14 тоот гэрээс нь, Ж.Баттогтохыг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс тус тус “Авлигатай тэмцэх газраас явж байна, тодруулах зүйл байна” гэж хэлэн авч яваад тус газарт тус бүрээс 2 удаа мэдүүлэг авахын зэрэгцээ эдгээр хоёр иргэнд авлига өгсөн гэх нэр бүхий 2 иргэнээс тайлбар, мэдүүлэг авчээ.

Ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Б.Бат-Олзвойн дээрх байдлаар Ж.Баттогтох, Б.О нараас мэдүүлэг авахдаа Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ болон Эрүүгийн хуульд заасан “эрүүдэн шүүх” ойлголтод хамаарах аливаа идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдохгүй байна.

Мөрдөн байцаагчийн байцаалтын зөрүүг арилгах, шинэ нөхцөл байдлыг тодотгох зэргээр дээрх хэргийн холбогдогч нар болох Ж.Баттогтох, Б.О болон бусад нэр бүхий хоёр иргэнээс мэдүүлэг авах ажиллагаа бүтэн өдөр үргэлжилсэн эсэх нь дээр дурдсанчлан эрүү шүүлт гэсэн ойлголтод хамаарахгүй юм...” гэж дүгнэн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 466 дугаартай тогтоол /2 хх 51-52/ гаргаж гомдлуудад бодитой хариулт өгөөгүй байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд ямар ч ажиллагаа хийгдээгүй байх бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 267 дугаартай магадлалын “...мэдүүлэг, тайлбар авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж эрүү шүүлт тулгасан гэснийг нягтлан шалгаж, тэдний хүсэлтэд үндэслэн зохих шалгалтыг явуулах нь зүйтэй. ...” гэж дүгнэсэн заалтын дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, магадлалын заалт биелэгдээгүй байна.

 

Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нарын буюу төрийн албан хаагчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан “эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэл байгаа эсэхийг бүрэн гүйцэд шалгавал зохино.

 

Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоох, шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэх, гэм буруутайд тооцох эсэхэд дүгнэлт хийх бололцоогоор хангах үүднээс баримтуудыг хэрэгт хавсарган ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, 1.7 дугаар зүйлд заасан хэрийн бодит байдлыг тогтоох зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд заасан хуулийн зорилго, 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/211 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.О, Ц.Б, Г.Э нарт холбогдох хэргийг мөн шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.О, Ц.Б, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                ШҮҮГЧ                                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ