Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2490

 

МАГАДЛАЛ

 

2017.12.08                                                      № - 2490                                                         Төсөл

 

Г.Шийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02398 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Шинэчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нэг объект болох нэг үл хөдлөх эд хөрөнгийг 249 400 000 төгрөг гэж, дараа нь 150 200 000 төгрөг гэж хоёр өөр үнээр үнэлж мэдэгдсэн. 

Дээрх үнэлгээний аль нь зөв болох нь тодорхойгүй, тасгийн даргад нь гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Дээрх хоёр үнэлгээний бага үнэлгээг зөв гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийг хоёр удаа үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 01727 дугаар шийдвэрээр Г.Мөнхбаяр, Г.Ш нараас 62 951 479 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Г.Мөнхбаяр, Г.Ш нарын өмчлөлийн хувийн сууц, гарааш, газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн, хураасан.

Улмаар төлбөр төлөгч Г.Шээс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үнийн санал авахад 250 000 000 төгрөг гэсэн санал өгсөн. Харин төлбөр төлөгч Н.Мөнхбаяраас 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үнийн санал авах гэхэд 14 хоногийн хугацаа өгөөч гэсэн боловч өгөөгүй тул хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэсэн.

Үнэлгээний компаниас үл хөдлөх хөрөнгүүдийг 150 200 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч нарт 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3/14137 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Тус албанаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд орсон боловч үнийн санал ирээгүй бөгөөд албадан дуудлага худалдааны мэдэгдэл болон тогтоолуудыг төлбөр төлөгч Г.Мөнхбаяр, Г.Ш нарт мэдэгдсэн болно.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн мэдэгдлээр 249 400 000 төгрөг гэж, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдлээр 150 200 000 төгрөг гэж хоёр өөрөөр мэдэгдсэн нь үнэн. Үнэлгээний тайланд гарч буруу мэдэгдэл хүргүүлсэн тухайгаа төлбөр төлөгч нарт тухайн үед мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007100, Ү-2202015574, Ү-2202004424 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамж 640Б тоотод байрлах хувийн сууц, автограж, газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2017/10711 дүгээр шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт "нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж" шийдвэрлэсэн. Дээр зааснаар хариуцагч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогоос гаргуулахаар анхан шатны шүүхэд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Г.Ш нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэж маргасан.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 01727 дугаар шийдвэрээр Г.Мөнхбаяр, Г.Ш нараас 62 951 479 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн, энэ шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг хариуцагч байгууллага явуулж байгаа, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт заасныг үндэслэн төлбөр төлөгч Г.Мөнхбаяр, Г.Ш нарын өмчлөлийн хувийн сууц, гарааш, газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн, хураасан ажиллагаа нь хуульд нийцсэн, төлбөр төлөгч болох Г.Ш дээрх ажиллагаанд гомдол гаргаагүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулах журамтай бөгөөд хариуцагч байгууллага нь барьцааны нэг хөрөнгөд 2 өөр үнэлгээ тогтооосон ажиллагаа явуулсан нь буруу гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцсэн. Энэ талаар хариуцагч байгууллага давж заалдах гомдол гараагүй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол гаргавал улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг урьдчилан төлөх ёстой ба уг үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүрэн хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэн нэхэмжлэгчид олгохоор заасныг үндэслэн шийдвэрийн 2 дах заалтаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Шт олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Төрийн байгууллага хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагч болох төрийн байгууллагыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөхөөр хууль зохицуулаагүй тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогоос гаргуулах талаар гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны давж заалдах гомдол хуульд нийцээгүй байна. 

Иймд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА