Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0192

 

                                 “Г х а” ХХК-ийн

                                   нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 125 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин

Хэргийн индекс: 128/2023/0349/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г х а” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 125 дугаар шийдвэрээр: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г х а” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт “Дээрх хуулийн заалтууд болон үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Г х а” ХХК нь байгаль орчинд хортой ямар нөлөөл учруулж болзошгүй ямар үйл ажиллагааг явуулсан болох, тухайн үйл ажиллагаа нь ямар учраас ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахад хүргэж буйг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгнэлтээр хангалттай тогтоогоогүй, энэ үндэслэлээр ... гэж шүүх дүгнэлээ” гэжээ.

Дээрх дүгнэлтээс захиргааны хэргийн анхан шатны шүүх ямар үндэслэлээр хангалттай тогтоогоогүй гэж дүгнэж буйгаа тодорхой баримт дурдан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасны дагуу тодорхой тайлбарлаагүй нь хууль зүйн үндэслэлгүй болсныг нотолж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/152 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “...байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ...” гэж заасны дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших “Өлийн голын адаг” нэртэй 539.59 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-00**** дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ажилласан.

Тус ажлын хэсгээс гарсан дүгнэлтийн дагуу Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын ашиглалтын МВ-00**** дугаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “Г х а” ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасны дагуу байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “...тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан ...” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2022/04 дүгээр дүгнэлтийг гаргажээ.

Шүүх уг маргааныг нэг мөр бодитой, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрлэхийн тулд 2022/04 дүгээр дүгнэлтэд байгаль орчинд хортой ямар нөлөө учруулж болзошгүй ямар үйл ажиллагааг явуулсан болох нь тодорхой биш ойлгомжгүй байсан бол дээр дурдсан дүгнэлтийг гаргасан холбогдох албан тушаалтнуудыг гэрчээр байцааж нотлох баримтыг бүрдүүлэх боломжтой байсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна.

3.2. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Ашигт малтмал, газрын тосны газраас ... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан нутгийн захиргааны байгууллагын саналгүйгээр гаргасан дүгнэлтийг үндэслэн цуцлах хууль зүйн боломжгүй байгааг тодорхойлж тусгай зөвшөөрөл цуцлуулах дүгнэлтийг хуульд нийцүүлэн гаргаж ирүүлэхийг хүсэлт болгосон боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Ашигт малтмал, газрын тосны газарт уг ажиллагааг гүйцээж хийгээгүй байхад өмнөх зөрчилтэй байдлаа засалгүйгээр нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг цуцалсан болох нь тогтоогдсон болно” хэмээн дүгнэжээ.

Уг дүгнэлт нь чухам хавтаст хэргийн хэддүгээр хуудасны аль талд байгаа ямар нотлох баримтаар нотлогдож байгаа нь тодорхой биш байгаа нь уг шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсныг нотолж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар үйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” хэмээн хуульчилсан.

3.3. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” гэж, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан.

Үүний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/6227 дугаар албан бичгээр ирүүлсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 72 дугаар шийдвэр гарсан нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр дүгнэлтээр нэхэмжлэгч “Г х а” ХХК-ийн MV-00**** тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал гаргасан бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

2.2. Нэхэмжлэгчээс “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/**** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаар магадлалаар “Г х а” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр MV-00**** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаас хойш олборлолт явуулаагүй, байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан тодорхой дүгнэж, тогтоосон, ... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 438 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг маань сэргээснээс хойших хугацаанд манай компани огт үйл ажиллагаа явуулаагүй, ... 2021 онд Ковид-19 цар тахлын үе байсан тул манай компани энэ хугацаанд ажиллаж чадаагүй, түүнчлэн 2022 онд ч мөн олборлолт явуулаагүй, ... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдээгүй...” гэж тайлбарлан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар шийдвэр тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.3. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулжээ.

2.4. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа, байгаль орчныг нөхөн сэргээх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар эрх бүхий этгээдээс тогтоосны үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэх юм.

2.5. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн талбайдаа байгаль орчинд нөлөөлөх ямар хортой нөлөөлөл үзүүлсэн үйл ажиллагаа явуулсан болох, ямар зөрчил гаргасан эсхүл нөхөн сэргээх үүргээ хэзээ, хэрхэн биелүүлээгүй болохыг тогтоолгүйгээр маргаан бүхий дүгнэлтийг гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хангалттай биелүүлээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

2.6. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь “ ... ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” үүрэгтэй, үүний дагуу уг хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахдаа уг шийдвэрийн үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Хэдийгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс нэхэмжлэгч “Г х а” ХХК-ийн MV-00**** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дээр хяналт шалгалт хийсэн байх боловч уг хяналт шалгалтаар байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагаа явуулсан, байгаль орчныг нөхөн сэргээх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл байдал мөн тогтоогдохгүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/04 дүгээр дүгнэлтийг үндэслэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 72 дугаар шийдвэрийг гаргасан байна.

2.7. Тодруулбал, хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлээ баримтаар нотлоогүй, үүнийгээ шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд маргаан бүхий актыг гаргах болсон бодит нөхцөл хэрэгт авагдсан баримтуудаар нэгэнт тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2.8. Нөгөөтээгүүр, хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эхтэй 539.85 га талбайгаар давхацсан, ойн сантай 86.75 га талбайгаар давхацсан, 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 211.08 га талбайгаар давхцалтай. Шүүхээс шийдвэр гарсан ч тусгай зөвшөөрөл гол, усны сан бүхий хамгаалалтын бүстэй давхцалтай учир тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх сэргэх боломжгүй гэх тайлбарыг хүлээх авах боломжгүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэлээр гарсан бөгөөд уг актын хууль зүйн үндэслэлийн талаар нэхэмжлэгч маргаж, анхан шатны шүүх энэ хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасанд нийцжээ.

 

Энэ хэргийн тухайд, шүүхээс зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар 56.1.5-д заасан хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар 56.1.8-д заасан нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дахин шийдвэр гаргахад энэхүү магадлал саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                            Ц.САЙХАНТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН