Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/шш2021/0245

 

 

 

 

 

 

  2021             3               31                                             128/ШШ2021/0245

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.С

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар  

Нэхэмжлэлийн шаардлага: “...өндөр насны тэтгэврийг 50 000 төгрөгөөр нэмэгдүүлэхгүй байгаа хариуцагч байгууллагуудын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийн нэмэгдлийг тооцож олгохыг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, А.Э, Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, нарийн бичгийн дарга Б.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Монгол улсад 34 жил ажиллаж, нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр 1995 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өндөр насны тэтгэврийг тогтоолгож байсан. Ингээд миний бие хууль заасны дагуу өндөр насны тэтгэврээ авч байгаа болно.

Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Зарим Иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хууль батлагдан уг хууль нь 2020 оны 01 дүгээр 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийн 1 дүгээр зүйлд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50 000 /тавин мянга/ төгрөгөөр нэмэгдүүлэх гээд Мөн хуулийн 1.4-т “нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй” гэж заасан. Уг хуулийн зохицуулалтын дагуу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 484 дүгээр журам батлагдан гарч, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн. Уг журмын 2.1-д “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан иргэн хамаарна” гээд 3.1-д “Нийгмийн даатгалын байгууллага нь...нийгмийн даатгалын мэдээллийн бүртгэнэ” 3.2-д “Нийгмийн даатгалын байгууллага нь энэ журмын 3.1-д заасны дагуу аж бүртгэсэн иргэний сарын тэтгэврийн хэмжээг 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэн тогтооно” гэж тус тус заасан. Эдгээр хууль, журмын зохицуулалтын дагуу миний бие 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг сарын тэтгэврийн хэмжээг 50 000 төгрөгөөр нэмэгдүүлэх эрхтэй болсон.

Гэтэл миний сарын тэтгэврийн хэмжээ 50 000 төгрөгөөр нэмэгдэж тогтоогдоогүй. учраас миний бие Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж бичгээр гомдол гаргасан боловч надад тус байгууллагаас хариу өгөөгүй тул миний бие Нийгмийн даатгалын ерөнхий газарт бичгээр гомдол гаргахад надад “...та энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй...” гэдэг байдлаар үндэслэлгүй хариу өгч, ялгамжтай байдлыг бий болгосонд гомдолтой байна. Уг шийдвэрийн улмаас миний хувьд хуульд заасан тэтгэврийн нэмэгдлээ тооцуулан авах боломжгүй болсон. Миний хувьд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. гаргаж байна.

Нийгмийн даатгалын байгууллагын дээрх шийдвэрийн улмаас нэхэмжлэгч миний Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “өндөр наслах,...хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд хариуцагчид захиргааны акт гаргуулахыг буюу холбогдох хууль, журамд заасны дагуу Б.С миний өндөр насны тэтгэврийн нэмэгдэл /нэг удаагийн/-ийг тооцож олгуулахыг даалгаж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Өндөр насны тэтгэвэр авагч Б.Сын №359824 дугаартай тэтгэврийн хувийн хэргийг татаж үзэхэд Б.С нь 1995 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан байна. Тэрээр 34 жил 8 сар ажиллаж 55 насанд хүрсэн тул тухайн үед хэрэгжиж байсан “Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэх журмын тухай” хуулийн 2-р зүйлд “Дор дурдсан иргэн өөрөө хүсвэл 1998 оны 1 дүгээр сарын 1 хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгож нийтдээ 32 жил ажилласан 55 нас хүрсэн эрэгтэй, 27 жил ажилласан 50 нас хүрсэн эмэгтэй” гэж заасныг баримтлан хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоосон. Энэ хуулийн 2 дугаар зүйлийг Монгол Улсын “Хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай” 1997 оны 1 дүгээр сарын 16 өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон.

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа Б.С нь 'Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэх журмын тухай” хуулиар тэтгэвэр тогтоолгосон байх тул “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуульд заасан сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэх нөхцөлийг хангахгүй байна.” гэв.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагад “Иргэн Б.С миний өндөр насны нэмэгдэл /нэг удаагийн/-ийг тооцож олгуулахыг даалгах” гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэлд Б.С миний бие Монгол улсад 34 жил ажилласан бөгөөд, нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр 1995 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өндөр насны тэтгэврийг тогтоолгож байсан. Миний бие хуульд заасны дагуу өндөр насны тэтгэврээ авч байгаа болно. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хууль батлагдан, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн 1 дүгээр зүйлд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50.000 /тавин мянга/ төгрөгөөр нэмэгдүүлэх гээд мөн хуулийн 1.4-т “нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй” гэж заасан.

Энэ хуулийн зохицуулалтын дагуу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 484 дүгээр тогтоолоор батлагдан гарч. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн. Уг журмын 2.1-д “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан иргэн хамаарна” гээд 3.1-д “Нийгмийн даатгалын байгууллага нь...нийгмийн даатгалын мэдээллийн санд бүртгэнэ”, 3.2-д “Нийгмийн даатгалын байгууллага нь энэ журмын 3.1-д заасны дагуу шалгаж бүртгэсэн иргэний сарын тэтгэврийн хэмжээг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэн тогтооно” гэж тус тус заасан. Эдгээр хууль, журмын зохицуулалтын дагуу миний бие 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг сарын тэтгэврийн хэмжээг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэх эрхтэй болсон. Нийгмийн даатгалын байгууллагын дээрх шийдвэрийн улмаас нэхэмжлэгч миний Монгол улсын Үндсэн хуульд заасан 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “өндөр наслах, ... хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бур хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан эрх зөрчигдсөн гэж үзэж байна.” гэжээ.

“Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн 2 дугаар зүйлд зааснаар “3арим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд баримтлах журам”-ыг Засгийн Газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 484 дүгээр  тогтоолоор баталсан. Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн 1 дүгээр зүйлд: 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50,000 төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж заасан. Үүнд:

1.1 төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд, хүрсэн нөхцөл өөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;

1.2 төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;

1.3. нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;

1.4. нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр

насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй.

Хуулийн үйлчлэлд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэд хамаарч байгаа ба иргэн Б.С нь Монгол улсын Их хурлаас 1994 оны 6 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж 1995 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн дагуу өндөр насны тэтгэврээ 1995 онд тогтоолгосон байх тул дээрх хуулийн заалтад хамаарахгүй байна.” гэжээ.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааж өгсөн байгаа. 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын тэтгэврийн хуульд заасан дор дурдсан болзол нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50.000 төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж хуульд заасан. Тиймээс 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын тэтгэврийн хуульд заасан болзол нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд хамаарч байгаа. Иргэн Б.С нь Монгол Улсын Засгийн газраас 1994 оны 6 дугаар сарын 07-ны өдөр баталж 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдэж эхэлсэн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр 1995 онд тогтоолгосон байх тул энэ хуулийн заалтад хамаарахгүй гэж үзэж байгаа.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Б.Сын нэхэмжлэлийн шаардлагыг дараахь хууль зүйн үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.С тус шүүхэд хандаж “...өндөр насны тэтгэврийг 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа шүүх хуралдаан дээр “...миний өндөр насны тэтгэврийг 50 000 төгрөгөөр нэмэгдүүлэхгүй байгаа хариуцагч байгууллагуудын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийн нэмэгдлийг тооцож олгохыг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгуулах” гэж тодруулан, уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...би 1995 оны 5 дугаар сарын 16-ны өдөр улсад нийтдээ 34 жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон...тул 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн үйлчлэлд хамаарах ёстой...атал хамааруулахгүй байгаа нь хууль бус тул шүүхээс даалгаж өгнө үү” гэж тодорхойлсныг хариуцагчийн төлөөлөгч нар “...Б.С нь Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэх журмын тухай хуулиар тэтгэвэр тогтоолгосон тул  “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн үйлчлэлд хамаарахгүй...” гэж тодорхойлон маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Б.С нь Чингэлтэй районы АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дэргэдэх Улсын тэтгэвэр тогтоох орон тооны бус байнгын комиссын \тухайн үеийн нэрээр\ тогтоолоор “улсад нийт 34 жил 8 сар ажилласан, 55 настай эрэгтэй” болзол хангасан үндэслэлээр 1995 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс сар бүр 20944 төгрөгийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, энэ талаар талууд маргаагүй.

1994 оны 6 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Өндөр насны тэтгэвэр авах эрх” хэсгийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж, мөн зүйлийн 5-д Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй. 6-д “Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх болон мөн үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэний тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээтэй дүйцүүлэн тооцно./Энэ хэсгийг 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/ гэж тус тус заасан байна.

Түүнчлэн 1994 оны 6 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай” Монгол улсын хуулийн 1 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай...хуулиуд /цаашид "Нийгмийн даатгалын тухай хуулиуд" гэх/-ыг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж, мөн хуулийн 2 дугаар зүйлд Хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоолгох эрх хадгалагдахаар заасан ба уг  заалт нь 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон байна.

Дээр дурдсан хуулиудын заалтаас үзвэл нэхэмжлэгч нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх бөгөөд ингэхдээ мөн хугацаанаас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай” Монгол улсын хуулийн 2 дугаар зүйлд зааснаар “хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоолгох эрх” нь хадгалагдаж байсан гэж үзнэ.

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Монгол улсын хуулийн 1 дүгээр зүйлд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50000 төгрөгөөр нэмэгдүүлнэ: 1.1.төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх; 1.2.төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх; 1.3.нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй; 1.4.нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй гэж, хуулийн 2 дугаар зүйлд “энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тэтгэврийн нэмэгдлийг тооцож олгох журмыг Засгийн газар батална” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус заажээ.

Түүнчлэн Засгийн газрын, 2019 оны 484 дүгээр тогтоолоор баталсан “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд баримтлах журам”-ын 1.1-д “зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу Улсын бага хурлын 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох, хянахад энэ журмыг баримтална”, 2.1-д “хамрах хүрээ” хэсэгт Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан иргэн хамаарна” гэж тус тус нарийвчлан зохицуулсан байна.

Дээр дурдсан хууль болон журмын заалтаас үзвэл нэхэмжлэгч нь улсад  нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэйд хамаарч байгаагийн хувьд “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Монгол улсын хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4-т заасан болзол, нөхцөлийг хангаж байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өндөр насны сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50000 төгрөгөөр нэмэгдүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д Монгол улсын иргэн...“өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж, мөн 14 дүгээр зүйлийн 1-д “...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж иргэний үндсэн эрхийг зааснаас үзвэл “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Монгол улсын хуульд заасан болзол, нөхцөлийг хангаж байгаагийн хувьд нэхэмжлэгч нь тэтгэврийн нэмэгдлийг тогтоолгон авах эрхтэй гэж үзнэ.

Тухайлбал, нэхэмжлэгч нь өдгөө 82 настай, улсад “нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй” гэх болзол, шаардлагыг хангаж байгаа нөхцөлд түүнийг “...Улсын бага хурлын 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд зааснаар тэтгэвэр тогтоолгоогүй” тул “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Монгол улсын хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, энэ талаархи хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэх журмын тухай хуулиар тэтгэвэр тогтоолгосон...” гэх  тайлбар хуульд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл улсад “нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй” гэх болзол шаардлагыг хангаж байгаа нөхцөлд нэхэмжлэгч тухайн үедээ ямар хуулийг үндэслэн тэтгэвэр тогтоолгосноос үл шалтгаалан Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Монгол улсын хуулийн 1 дүгээр зүйлд заасан хүрээнд багтаж, уг хуулийн үйлчлэлд хамаарна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д “Дор дурдсан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно” 1-д “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан”; 2-т “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө хүлээж авсан бол мөн сарын 1-нээс, тухайн сарын 15-наас хойш хүлээж авсан бол дараа сарын 1-нээс тус тус эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно” гэж тус тус заасан.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн Нийгмийн даатгалын байгууллага дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ, 1-д “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах” 3-д “нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь тухайн асуудлаар 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүсэлт гаргасан боловч хариуцагч 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 33 дугаар “Иргэний өргөдлийг шийдвэрлэх тухай” албан бичгээр “...Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоолын 2 дахь заалт нь “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хууль болон “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 2014 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс хойш тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон тул энэ заалтад иргэн Д.Сыг хамруулах боломжгүй юм” гэсэн хариу өгсөн болох нь тогтоогдож байна

Үүнээс үзвэл хариуцагч захиргааны байгууллагууд нь нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг хуульд заасантай нийцүүлэн нэмэгдүүлэн олгох үүрэгтэй атал энэ үүргээ биелүүлээгүй нь хууль бус, уг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Монгол улсын хуульд зааснаар нэхэмжлэгчид нэг удаагийн тэтгэврийн нэмэгдэл 50000 төгрөгийг тооцож олгохыг хариуцагч захиргааны байгууллагуудад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.         Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1, 3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйл, мөн зүйлийн 1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Саас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  нэхэмжлэгчийн тэтгэврийг 50 000 төгрөгөөр нэмэгдүүлэхгүй байгаа хариуцагч байгууллагуудын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийн нэмэгдлийг Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуулийн дагуу тооцож олгохыг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.

2.         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН