Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2602

 

“Г д 13, 14” СӨХ-ны

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/02875 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч “Г д 13, 14” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.О-т холбогдох

 

Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал, төлбөрт 1 462 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С,

Хариуцагч Д.О-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч манай СӨХ-төй 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ хийсэн. Хуримтлалын төлбөрийг хуулийн дагуу төлнө гэсэн. 2015 оны 4 дүгээр сараас хойшоо төлнө гэж гарын үсэг зурж гэрээ хийсэн. Өмнө бол төлөөгүй байсан. Нягтлан бодогчийн бодолтоос харахад СӨХ-ны мөнгө 8 150 төгрөгийг төлөхгүй, 12 cap хүртэл хуримтлалын 130 000 төгрөгийг бол төлөөд байсан. Бид нар алданги авдаггүй, хугацаа хэтрүүлэн өгсөн ч алданги тооцдоггүй. Бүх талбайгаас нь 226 900 төгрөг авах ёстойгоос, 90 000 төгрөг хасаад 138 000 төгрөгөөр гэрээ хийсэн. Гэрээгээ сунгахгүй байсан учраас би 3 удаа мэдэгдэл өгсөн. Нэг байгуулагыг удирдаж байгаа даргатай хийсэн гэрээгээ зөрчиж мөнгөө дутуу өгч болохгүй. 2015 оны 4 дүгээр сараас 12 дугаар cap хүртэл СӨХ-ны мөнгө 73 350 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас 12 дугаар cap хүртэл СӨХ-ны хуримтлалын төлбөр 357 800 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 7 cap хүртэл 1 028 100 төгрөг, нотариатын төлбөр 5 500 төгрөг, 1 462 250 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Би 2012 оны 12 дугаар сард үйлчилгээний зориулалттай талбайг худалдаж авсан. Орон сууцыг өөрчлөөд үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах зориулалтаар ашиглаж болно гэсэн хотын захирагчийн тушаалтай. Би өөрийн биеэр засвар хийж дэлгүүр болгосон. Би хана буулгаагүй гэж хэлээд 900 000 төгрөгөөр торгуулсан. 2016 оны 10 дугаар cap хүртэл төлсөн дахиж гэрээ хийгээгүй. Хуримтлалын гэрээний мөнгө 130 000 төгрөгийг төлж бай гэсэн. Би дансанд нь хийж байсан. Дураараа дансанд мөнгө хийлээ гэж албан бичиг өгч байсан. 2015 оны 01 дүгээр сараас 130 000 төгрөгийг төлөөд явж байсан. СӨХ-ны мөнгө өгөөд байгаа юм уу хуримтлалын мөнгө өгөөд байгаа юм уу мэдэхгүй байна. Би оршин суугч биш учраас гишүүн биш. Гэрээг нь бол тухайн үед би уншаагүй. Нэгдүгээр орцны подволд сүлжмэлийн нэгж гэсэн зүйл дээр бол гарын үсэг зуруулсан байсан. Би тог цахилгаан хогны мөнгийг харьяа байгууллагад нь төлдөг. Би нэхэмжлэлийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 030 000 төгрөг өгсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д заасныг баримтлан хариуцагч Д.О-ээс орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 1 462 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Г д 13, 14” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Г д 13, 14” СӨХ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39644 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус СӨХ-ны 14 дүгээр байрны 3 дугаар орцны 76 тоотын байрны ҮӨХөрөнгийн эзэн Д.О нь “Г д 13, 14” СӨХ-той хийсэн Иргэний хуулийн 147.1, УИХ-аар батлагдсан СӨХЭЗБ, НЗОСБДӨЭХ тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дүгээр заалтыг үндэслэн хийсэн гэрээгээр хуримтлалын ба СӨХ-ны төлбөрийг санаатайгаар төлөхгүй, улмаар БГД-ийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/02875 тоот шийдвэрээр тус СӨХ-ны 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 15 тоот гэрээг Д.О- зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан байхад хуримтлалын ба СӨХ-ны төлбөрийн талаар хийсэн гэрээг СӨХ нэхэмжлэгч 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс “Э-О” ХХК-тай хуримтлалын гэрээ байгуулсан гэж аль 2013 онд Д.О-т байр, 2 давхар өргөтгөлөө зараад явсан иргэний Элбэг-оюу компанийн нэр бичиж манай холбоог энэ компанитай холбоотой гэж гүтгэсэн байна. 14 дүгээр байр бол тус СӨХ-ны баталгаажсан газар дээр 14 дүгээр байрны 3 дугаар орцны оршин суугчид болон СӨХ-ны засвар хийдэг дээврийн дор 1 давхарт 76 тоотод өөрийн эзэмшил 3 өрөө, 2 давхар өргөтгөлдөө мини-маркет, үсчин ажиллуулахдаа аль байгууллагын зөвшөөрлөөр 3 өрөөндөө их засвар хийж, лав л СӨХ-ны зөвшөөрөлгүй даацын хана нурааж ажил үйлчилгээ хийж, тодорхой хэмжээгээр энэ иргэн улсад татвар төлсөн эсэх нь мэдэгдэхгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Тайлан баланс гаргах ёстой СӨХ-нд балансаа үзүүлдэггүй. Д.О- хувьдаа ашиг олж байгаа учраас тус СӨХ-ны талбай, орцонд үйлчилгээ явуулж байгаа нь ойлгомжтой. Нөгөө талаар эзэмшлийн 170 гаруй м.кв талбайгаас гарч байгаа бүх хог хаягдлыг СӨХ өөрийн хариуцсан бункертээ хийлгэж хадгалан, мини-маркет учраас маш их картонон хайрцаг гарч СӨХ-ны бункерийн зайг их эзлэдэг бөгөөд хогийг нь ачуулж бункерээ сулладаг юм. Хэдийгээр Д.О- БГД-ийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 36 дугаар байрны 48 тоотод өрхийн бүртгэлгэй ч гэсэн ажил үйлчилгээ явуулах зөвшөөрөл нь манай СӨХ-ны байранд 03/2042 тоот тусгай зөвшөөрлийг 2013 оны 12 сард ҮХЭХӨЭ-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг Д.О- аваад тус СӨХ-ны 14 дүгээр байрны 76 тоот дээр 2013 оны 3 сард өөрийн нэр дээр шилжүүлж худалдан авч 2017 оныг дуустал ажил үйлчилгээ хийж орлого олж байна. Иймд “МУ-ын аль ч хуулийн заалтанд хууль ёсоор 3 өрөө байрыг худалдан өөрийн нэр авч ажил-үйлчилгээг олон жил явуулаад харьяалагдах СӨХ-д дээрхи хуулиудыг санаатай зөрчиж ямар ч төлбөр төлж болохгүй” гэсэн хуулийн заалт хаана ч байхгүй. Гэтэл Д.О- худалдаж авсан 3 өрөө байр 2 давхар өргөтгөлөө алдана гэж айж, байрны ба хог ачуулах төлбөрийг cap сард нь төлдөг байж, хуулийн дагуу ажиллаж байгаа СӨХ-г санаатай элэг барьж бүх төлбөрүүдээ төлөхгүй байна. СӨХ-ны баталгаажсан газруудад бусад үйл ажиллагаа явуулж байгаа иргэд подвал, нэгжүүд өөр байранд өрхийн бүртгэлтэй ч гэсэн манай СӨХ-ны баталгаат газар дээр ашиг олж үйл ажиллагаа явуулж байгаагаа гүнзгий ойлгож 147.1, 16.4 дүгээр заалтыг баримтлан СӨХ-той жил бүр гэрээ хийж СӨХ ба оршин суугчдын эрх ашгийг хохироохгүй, иргэний үүргээ нэр төртөй биелүүлээд явдаг. Д.О- МУ-ын иргэн хүний хувьд Нийслэлийн ИТХ-ын 2009 оны 63 тоот тогтоолын 2.13-р заалтыг санаатай зөрчиж орчны газрын цас, мөс талбайг огт цэвэрлэдэггүй, СӨХ-ны үйлчлэгч байнга цэвэрлэж явдаг. Одоо 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн өргөтгөлийн уртын хэмжээгээр талбайн цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэхээ СӨХ зогсоож цас, мөсөн дээр хүмүүс халтирч осол гарвал хуулийн дагуу Д.О-т хариуцуулна. Тэгээд ч явган хүний 90 см өргөн хучмал үлдээж өргөтгөлөө барьсан өргөтгөл худалдаж авахдаа ч СӨХ дээр Д.О- биеэр уулзахгүй үл тоомсор гаргаж албан бичиг өгч СӨХ дээр 1 удаа ирүүлж гэрээ хийсэн боловч, гэрээний хугацаа сунгахыг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны 65, 2016 оны 7 дугаар сарын 20-ны 63, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны 03 тоот СӨХ-ны албан бичгээр удаа дараа гаргаж байгаа зөрчлүүдийг мэдэгдсэн боловч хууль ёсоор үүргээ гүйцэтгэж байгаа СӨХ-ны үйл ажиллагаа иргэн хүний хувьд ажил гэж огт тоодоггүй. Уг нь Д.О- шудрага иргэн бол СӨХ-д харин талархаж баярлаж явах ёстой. Худалдаж авсан орцонд Д.О-ийн хувийн өмчийг нъ хамгаалж домофон хаалга хийж, мэдрэгчтэй гэрэл тавьж, дээвэр болон орцны их засвар хийж, шинэчлэн лифтээр ажлын шаардлагыг бүрэн хангаж хот, хөдөөгийн 1100 СӨХ-оос МУ-ын манлай шилдэг холбоогоор 15 СӨХ шалгарахад тус СӨХ шалгарч батламж авч жил бүрийн үйл ажиллагааны шалгалт, үзлэгээр авсан батламжаа хураалгахгүй хадгалж явна. СӨХ Д.О- СӨХ-ны ба хуримталлын төлбөрийг санаатай төлөхгүйгээр арга заль зохиож, хамаатангаараа СӨХ-д хэлүүлж, гуйлгаж албаны ажлыг хувийн арга сонирхолдоо нийцүүлсэн их танхай иргэн Д.О- СӨХ-ны ба хуримтлалын төлбөрийг СӨХ хуулийн дагуу авах ёстой гэдгийг мэдэхгүй, ойлгохгүй гэж огт байхгүй. Өргөтгөлийн барилгын гадна талыг аятайхан өнгөөр будах мэдэгдэл өгсний дагуу цэхэр ногоон өнгөөр будсан болсон. Гэтэл шүүх хурал дээр Г.Сосор яв ягаан өнгөөр буд гэж байнга дарамтладаг, гудамжинд тайван явж огт бараг нас богинослоо ухааны юм ярьж, СӨХ-ны дарамтан дор эрүүл мэнд бараг муудаж амьдрахад хэцүү болсон гэж улайн цайн гүтгэж гомдол гаргасан. Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэхчээр нөхөр нь гудамжинд явж байхад нь СӨХ-ны захирал таараад авгайд чинь гэрээгээ сунга гэж албан бичиг өгөхөөр тоохгүй юм. Чи хөдөөнөөс ирсэн юм байна. СӨХ дээр очоод гэрээгээ сунгаач гэж 2 удаа хэлсэн нь үнэн. Энэ бол ажлын зүй ёсны шаардлага мэдэгдэл болохоос Д.О- гэдэг иргэний удаа дараа гүтгэж байгаагаар би байнга гудамжинд авгай, нөхөр 2-т хашгираад орилоод загнаад явдаггүй. Янз бүрээр гүтгэн доромжлож байгаад би туйлын их гомдолтой байгаа учир миний гомдлыг давхар анхаарч өгөхийг гүнээ хүсэж байна. Оршин суугчдын нийтийн эрх ашгийн төлөө ажил үүргээ шудрагаар гүйцэтгэж байхад Д.О- МУ-ын иргэн мөн л юм бол МУ-ын бүх хуулинд захирагдах л ёстой. Д.О- иргэдийг түрээслүүлж дэлгүүрээ ажиллуулдаг болохоор барагтай бол дэлгүүр дотроо дайралддаггүй тул кассчинд албан бичгээ дамжуулаад өгөөч гэж гуйхаар Д.О- СӨХ-оос бичиг ирвэл битгий ав гэж ажилчдаа загнаж, биеэрээ өгөхөөр хэрүүлийн бичиг авахгүй гэж СӨХ-г доромжилж дээрэлхэдэг. Би энэ улсын эдийн засгийн төв байгууллагад хариуцлагатай албан тушаалыг олон жил хийж явсан болохоор дэлгүүрийн эзэн худалдагчтай ажлаа яаж ярьж, яаж харьцахаа хэнээр ч заалгахгүй сайн мэднэ. Албан ажлаа шудрагаар хийж олон оршин суугчдын эрх ашгийг хамгаалсаны төлөө 2015 онд Г.Сосор намайг Д.О- хууль бусаар бүх гишүүдийн хурал гэхчийг хийлгэж, өөрөөр СӨХ-д төлөх ёстой СӨХ хуримтлалын төлбөрийг төлөхгүй гэж танхайрч, бусдыг турхирч, СӨХ-ны оршин суугч бус Чингэлтэй дүүргийн эмэгтэйгээр хурлын тэмдэглэл бичүүлж, намайг ажлаас үндэслэлгүй хөөх гэсэн үйл ажиллагаа нь буруудаж СӨХ-ны бүх оршин суугчдын 90 хувийн саналаар жил бүр СӨХ-ны ажил хангалттай гэж дүгнэгддэг тул намайг ажлаас хөөж СӨХ-ны төлбөр, хуримталалын төлбөрийг дураараа төлөхгүй гэсэн хар муу санаа нь хаагдаж, би Нийслэлийн шүүхэд давж заалдаж байж хохирлоо гаргуулж, одоо болтол ажлаа гүйцэтгэж яваа. Гэвч СӨХ-ны хэвийн ажиллагаанд санаатай саад учруулж, улмаар тэргүүний ажиллагаатай СӨХ-ны нэр хүндийг шүүх дээр унагаж, иргэний үүргээ биелүүлэхгүй шүүх, СӨХ-ны ажиллагааг санаатай хүндрүүлж байгаатай би СӨХ-ны гүйцэтгэх захирлын хувьд хөлөө хүрэх газраа явж СӨХ-ны төлбөр, хуримтлалын төлбөрөө иргэн Д.О-ээр бүрэн төлүүлж СӨХ-г хохиролгүй болгох үүргээ хангалттай биелүүлнэ. Дараах 1-д бичигдсэн заалтны гомдлыг шийдвэрлэж өгч СӨХ-ны ажилд гүн туслалцаа үзүүлж өгнө үү.

1. 2015 оны 4-12 cap хүртэл СӨХ-ны төлбөр 73 350, 2016 оны 1-12 cap хүртэл СӨХ-ны төлбөр , 2016 оны 11, 12 сарын хуримтлалын төлбөрийн хамт 431 150, 2017 оны 1-7 cap хүртэл СӨХ болон хуримтлалын төлбөр 1 008 100, СӨХ-ны гэрчилгээг баталгаажуулсан 2500 м.т, Гүйцэтгэх захирлыг томилсон УЗ-ийн тогтоолыг батлуулахад 500 м.т Нийт 1 442 250 м.т-ийг нэхэмжилснийг шийдвэрлэж өгнө үү. Жич: Шүүхэд хамааралгүй дараах асуудлуудыг Д.О-ийг мэдэж аваг гэж СӨХ-оос хийгдэх дараах ажлуудыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Д.О- улсад ХАО-ийн татвар төлж байгаа эсэхийг СӨХ холбогдох байгууллагад шалгуулна.

3. ҮХЭХӨЭ-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүх талбай нь зургаар 170 м.кв байхад гэрчилгээ авахдаа 2 давхар өргөтгөл, 3 өрөө байрыг 10-хан м.кв гэж талбайны хэмжээг хуурч, буруу бичүүлж авсан гэрчилгээг залруулуулах.

СӨХ-ны баталгаат газар, талбай дээр үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн. СӨХ-той гэрээ хийж үйл ажиллагаа явуулахгүй бол хийж байгаа бүх ажил үйлчилгээг зогсоохыг СӨХ хариуцаж гүйцэтгүүлнэ. Хог хаягдлаа СӨХ-оор гүйцэтгүүлчихээд, удаа дараагийн хуулийн заалтуудын санаатай биелүүлдэггүй, байрны төлбөрийг болохоор төлөед СӨХ-г ялгаварлан гадуурхаж байгаа иргэнээр заавал ажил үйлчилгээ хийлгэх шаардлагагүй.

Нийтийн байрны даацын хана буулгах зөвшөөрөлтөй эсэхийг холбогдох байгууллагаар шалгуулна.

Д.О- өргөтгөл бариагүй ч гэсэн, оршин суугчдын явах замыг 90 см-ээр эрс багасгаж, нарийсган иргэдийн чөлөөтөй зорчих талбайг СӨХ томсгуулж, барьсан өргөтгөлийн баруун талаас нь хасаж буулгах асуудлыг СӨХ холбогдох байгууллагуудад тавих болно.

Өргөтгөлийн баруун захад байгаа явган хүний зам, машины замыг 76 тоотоор цэвэрлүүлж 2017 оны 11 сараас эхлээд СӨХ-ны үйлчлэгчээр цэвэрлүүлэхгүй, Нийслэлийн ИТХ-ын 63 дугаар тогтоолыг Д.О-ээр 50 м.кв талбайг хариуцуулдаг болгох. Хэрэв хүмүүс цас мөсөнд халтирч гэмтвэл, тогтоолын дагуу иргэн Д.О-т хариуцуулна. 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дугаар гомдлуудыг СӨХ бие дааж холбогдох байгуулагуудад мэдэгдэнэ.

Жилийн эцэс болж, ажил дүгнүүлэх хугацаа дөхөж, өвлийн хахир хүйтэн болж байхад СӨХ-ны ажилд хүндрэл учруулж, хүнд суртал гарган, СӨХ-ны ба хуримтлалын төлбөрүүдийг УИХ-аар батлагдсан хуулиудын дагуу СӨХ гэрээ хийж, нэхэмжилж байхад, хуулиа мэддэггүй, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн гаргасан шийдвэр Нийслэлийн шүүхэд өгсөн хуулбарын хамт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон МУ-ын ерөнхийлөгч X.Баттулгын нэр дээр шүүгчийн талаар СӨХ гомдлоо гаргана. Сүүлийн үед Баянгол дүүргийн зарим туслах шүүгч нар ч гэсэн ажилдаа их хүнд сурталтай, зан харьцааны доголдолтой ажиллаж байгааг гомдолдоо нэр устай нь нэгтгэнэ гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Г д 13, 14” СӨХ-оос хариуцагч Д.О-т холбогдуулан 1 462 250 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 76 тоот орон сууцны өмчлөгч Д.О-ээс эсхүл “Э-О” ХХК-тай тус байрын подвалд “Сүлжмэлийн нэгж” ажиллуулах зориулалтаар байгуулсан “Хуримтлалын гэрээ”-ний дагуу төлбөр гаргуулахаар шаардаж байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Учир нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцах этгээд тодорхой байх нь тухайн маргааныг эрх зүйн талаас нь дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой болно.

 

Мөн нэхэмжлэлд хариуцагч Д.О-ийг Баянгол дүүрэг 4 дүгээр хороолол, 8 дугаар хороо, 14 дүгээр орцны 76 давхарын 106 тоотод оршин суудаг гэж, харин түүний иргэний үнэмлэхний хуулбар, дээрх “Хуримтлалын гэрээ”-нд Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 36 дугаар байр, 48 тоотод оршин суудаг гэж тус тус зөрүүтэй бичигдсэн байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан эсэхийг тодруулалгүй иргэний хэрэг үүсгэж хэргийг шийдвэрлэсэн алдаа гаргажээ.

 

 Түүнчлэн хэрэгт Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын хэмжээг тогтоосон баримт авагдаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

 

Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг зөвтгөн өөрчлөх боломжгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/02875 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч “Г д 13, 14” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 356 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ

                                                                       

                                         ШҮҮГЧИД                            Г.ДАВААДОРЖ

 

                                                                                      С.ЭНХТӨР