Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2021/00802

 

М.Болормаагийн нэхэмжлэлтэй

                  иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 138/ШШ2020/00610 дугаар шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 201/МА2020/20 дугаар магадлалтай, 

М.Болормаагийн нэхэмжлэлтэй,

О.Батцэрэнд холбогдох, 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Болормаа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч М.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2010 онд О.Батцэрэнтэй танилцаж, гэр бүл болон 2012 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Энэ хугацаанд 2012.07.23-ны өдөр охин Б.Оюундарь, 2018.09.07-ны өдөр охин Б.Нарансолонго нар төрсөн. Би гэр бүл болохдоо 3 өнчин хүүхэдтэйгээ Батцэрэнтэй гэрлэсэн. Бид сайхан амьдарч байсан. Бага охиноо төрүүлээд би хүүхдүүдээ асран аймгийн төвд байх гэртээ амьдарч байсан. Хөдөө гэртээ очьё гэхээр Батцэрэн наашаа ирээд хэрэггүй, хүүхдүүд зутарчихна гэдэг байсан. Гэтэл нөхөр маань энэ хойгуур хөдөө гэртээ Баяндун сумаас Энхцэцэг гэх эмэгтэйг авчран хамт амьдарч байгаа болохыг мэдээд асуухад чамаас сална гэж хэлсэн бөгөөд үүнээс хойш бидний хооронд хэрүүл маргаан тасрахгүй болсон. Бид гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж нэлээдгүй хөрөнгөтэй бөгөөд нөгөө эмэгтэй нь бидний хөрөнгийг үрэн таран хийж амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хоёр охиныг миний асрамжид үлдээн эцгээс нь хүүхдийн тэтгэлгийг нь хуулийн дагуу гаргуулж өгнө үү. Гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгийн хувьд хуваах шаардлага байгаа боловч О.Батцэрэнгийн тайлбарыг харсны эцэст нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно гэжээ. 

Нэхэмжлэгч М.Болормаа шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: О.Батцэрэн нь миний гаргасан нэхэмжлэлийг дэмжинэ, хүүхдүүддээ өмч хөрөнгө тасалж өгнө, хүүхдүүддээ байраа ч өгнө гэж надруу утсаар ярьсан. Иймд миний бие гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд бид гэр бүл болж хамт амьдрахдаа малаа хамтран маллан өсгөсөн бөгөөд О.Батцэрэн мал дээрээ, би хүүхдүүдээ харж хүмүүжүүлэх үүрэгтэй байсан. 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 1691 тооны мал тоолуулсан бөгөөд адуу 43, үхэр 132, хонь 1254, ямаа 272 тооны малыг 2017 оны манай сумын ИТХурлаас баталсан малын жишиг үнэлгээгээр тооцвол нийт 295,050,000 төгрөг болж байна. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 26-26 тоот хоёр өрөө байрыг 40 сая төгрөгөөр үнэлж, нийт 335,050,000 төгрөгийн эд хөрөнгө буюу малыг гэр бүлийн 4 гишүүнд тэнцүү хувааж, орон сууцнаас надад болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч О.Батцэрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Би эхнэр М.Болормаатай 2011 оны хавар танилцан, гэрээр нь ирэн очин амьдарч байгаад том охин Б.Оюундарийг төрсний дараа гэрлэлтээ батлуулсан. Том охиноо төрсний дараа М.Болормаа нь аймгийн төвд байх миний байранд ээжтэйгээ өөрийн 3 хүүхдийн хамт ирж амьдарсан. Үүнээс хойш М.Болормаа хөдөө гэртээ буюу мал дээрээ очиж амьдарч байгаагүй. 4 хүүхдээ харж байна гээд хөдөө очдоггүй байсан. Надад газраа түрээслүүлж, мал маллахаар ярьж тохироод байсан Энхцэцэг, түүний нөхөр Зоригоо нар ийм хэл амтай айлд мал маллахгүй, газраа түрээслүүлэхгүй гээд яваад өгсөн. Түүнээс биш би нөхөртэй хүнтэй нэг гэрт амьдарч, машин унаа авч өгч, байшин барьж өгсөн асуудал байхгүй. Болормаатай хамт амьдарч байхдаа охиноо төрснөөс хойш хүүхдүүдээ аймгийн төвд харж асраг гээд аймгийн төвд байгаа байрандаа амьдруулж байсан бөгөөд хэрэгтэй цагт нь хоол хүнс, мөнгө төгрөг байнга өгдөг байсан. Миний ХААН банк-ны харилцах дансны хамтран эзэмшигчээр М.Болормааг бүртгүүлж, М.Болормаа хэрэгтэй үедээ данснаас мөнгө авч хэрэглэдэг. Энэ хавар ямаагаа самнаад 9 сая орчим төгрөг болсны 8 сая төгрөгийг нь М.Болормаад өгч байсан. Гэвч М.Болормаа гэрлэлтээ цуцлуулна гэвэл би татгалзахгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна. Хоёр охиноо ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Мөн тэтгэлэг төлнө. Хамтран өмчлөх эд хөрөнгийн хувьд 2018 оны мал тооллогоор 1691 тооны мал тоолуулсан нь үнэн. М.Болормаатай суухаас өмнө өөрийн гэсэн малтай байсан бөгөөд энэ мал маань өсөөд ийм хэмжээнд хүрсэн. Би шүүх хурлын өмнө М.Болормаад 80 тооны бог мал, 10 тооны бод мал таслан өгч, одоо амьдарч байгаа хоёр өрөө орон сууцыг өөрт нь үлдээе гэсэн санал тавьсан боловч М.Болормаа зөвшөөрөөгүй. Одоо шүүх хурал дээр гаргасан 300 толгой бог мал, 50 толгой бод мал өгөхийг зөвшөөрч байгаа юм байна. Харин орон сууц бол миний өөрийн хөрөнгө учраас өгөхгүй. Хүүхдүүдээ том болсны дараа байрны асуудлыг шийднэ гэжээ.

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 138/ШШ2020/00610 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бодонгууд овгийн Очирын Батцэрэн /РД:ЖЕ72021497/, Лэглүүд хүгдүүд овгийн Мөнхжаргалын Болормаа /РД:ЖЗ77071508/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Б.Оюундарь, Б.Нарансолонго нарыг эх М.Болормаагийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 08 настай охин Б.Оюундарь, 02 настай охин Б.Нарансолонго нарыг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ насанд хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Батцэрэнгээр сар тутам тэжээн тэтгүүлж, Монгол Улсын Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрсэн эвлэрлийн дагуу хариуцагч О.Батцэрэнгээс гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн малаас нийт 64,800,000 төгрөгийн үнэ бүхий 260 хонь, 40 ямаа, 29 үхэр, 21 адууг тус тус нэхэмжлэгч М.Болормаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 26 дугаар байрны 26 тоот хоёр өрөө орон сууцнаас болон 230,250,000 төгрөгийн малаас ногдох хэсгийг гаргуулах тухай хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М.Болормаагийн урьдчилан төлсөн 191,369 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Батцэрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 432,344 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Болормаад 191,369 төгрөгийг олгож, үлдэх 240,975 төгрөгийг, нэхэмжлэгч М.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжид 240,975 төгрөгийг тус тус гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч О.Батцэрэнгийн өмчлөлийн 1691 тооны малыг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 138/ШЗ2019/02683 дугаартай захирамж нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 201/МА2020/20 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 138/ШШ2020/00610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Болормаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Болормаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Болормаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Би өөрийн 3 хүүхэд Батцэрэнгийн 2 хүүхдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж орон сууцнаас бусад өмчийн асуудал дээр эвлэрсэн. Харин Батцэрэн орон сууцаа үр хүүхдэдээ үлдээхгүй гэж анхан шатны хурал дээр маргасан. Батцэрэн орон сууцныхаа тодорхой хэсгийг өгөхгүй гээгүй одоохондоо амьдарч байг яваандаа өгнө гэж хэлсэн ч өөрөө шүүх хурал дээр би гэр орон ч үгүй явж байна гэж хэлсэн. Гэр оронгүй нь огт худлаа Баяндун суманд байшин бариулаад Ц.Энхцэцэгтэй амьдарч байгаа мөн шүүхээс мал болон бусад эд зүйл дээр зарж үрж, худалдаж болохгүй, бусдад шилжүүлж болохгүй гэж анхааруулсаар байтал шүүх хурал дээр, мал гэх юм байхгүй болсон гэх юм ярьж байсан. 2 шатны шүүх хүүхдийн эрх ашгийг бодохгүй шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Хавтаст хэргийн байрны үнэлгээг бид 2-ын хэн нь ч үнэлгээн дээр маргаагүй тийм болохоор шүүх байрыг хүүхдүүдэд үлдээж Батцэрэнд оногдох хэсгийг мөнгөөр тооцож өгч болох байсан. Хэрэв ийм шийдвэр гарвал би зөвшөөрөх байсан. Шүүх дээр өөрөө мал хөрөнгөө зуд, шавар усанд үхүүлсэн бусдад өгсөн, бэлэглэсэн олон тоогоор үрсэн, зарсан гэдэг нь шүүхээр нотлогдоогүй ч харин би өөрийг нь бодож эвлэрсэн үр хүүхдэдээ өөрийнх нь хэлснээр байраа үлдээх байх гэж бодсон эвлэрсний дараагаар гэнэт өгөхгүй гээд биднийг мэхэлсэн. Ийм учраас байрыг хүүхдүүдэд үлдээж орон гэргүй болгохгүйн тулд Батцэрэнд оногдох хувийг өгөхөд маргахгүй.

Иймд 2 шатны шүүхийн шийдвэр эх нялхсын эрх ашгийг хамгаалж чадаагүй гэж үзэж байна. Бодит амьдрал дээр хүмүүс танилцаад л хүүхэдтэй болохгүй шүү дээ. Би энэ байрыг авах үед миний хөдөлмөр шингэсэн гэж үзэж байна. Одоо би энэ байранд олон хүүхэдтэйгээ байрныхаа дулаан, усны мөнгийг өгөлгүй 700,000 төгрөгийн өрөнд ороод сууж байна. Дээд шүүхээс хүсэхэд хуулиар хүүхдүүдийг миний асрамжид үлдээж байгаа болохоор өрх толгойлсон эх миний ачааг багасгаж орон сууцыг хүүхдүүдэд үлдээж хуульд зааснаар шийдэж өгөхийг хүсэж байна гэжээ. 

ХЯНАВАЛ 

М.Болормаа нь О.Батцэрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.  

Анхан шатны шүүх гэрлэлтийг цуцалж, охин Б.Оюундарь, Б.Нарансолонго нарыг эхийн асрамжид үлдээж, хариуцагчаас тэтгэлэг гаргуулсан, мөн О.Батцэрэн нь хамтран өмчлөх малаас 64,800,000 төгрөгийн үнэ бүхий 350 тооны малыг М.Болормаад өгөхөөр тохирч талууд эвлэрснийг баталж, нэхэмжлэлээс ...2 өрөө орон сууц болон 230,250,000 төгрөгийн малаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...байр авахад миний хөдөлмөр шингэсэн гэж үзэж байна, орон сууцыг хүүхдүүдэд үлдээж өгнө үү гэсэн агуулга дурджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч талууд 2012 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, 2012.06.06-ны өдөр охин Б.Оюундарь, 2018.09.07-ны өдөр охин Б.Нарансолонго нар төрсөн ба 2019 оноос тусдаа амьдарч байгаа болох нь тогтоогджээ.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, гэрлэгчид эвлэрэн амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т нийцжээ.  

Хүүхдүүдийг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул шүүх уг шаардлагыг хангаж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж, эцгээс тэтгэлэг гаргуулсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6., 40 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна.  

Нэхэмжлэгч 295,050,000 төгрөгийн үнэ бүхий 1691 тооны малаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 64,800,000 төгрөгийн үнэ бүхий 21 адуу, 29 үхэр, 260 хонь, 40 ямаа буюу нийт 350 тооны мал өгөхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэн, шүүх эвлэрлийг баталж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ /хэргийн 128, 139 дүгээр тал/.  

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээс орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч, гомдол гаргажээ.  

Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн болох талаар Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-т заасан.  

Нэхэмжлэлд дурдсан Дорнод аймаг, Хэрлэн сумын 10 дугаар баг 26 дугаар байрны 26 тоотын 31 м.кв талбайтай 2 өрөө байр улсын бүртгэлд хариуцагч О.Батцэрэнгийн өмчлөлд 2010 онд бүртгэгджээ.

Нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг эс зөвшөөрөхдөө хариуцагч ...гэр бүл болохоос өмнө худалдан авсан, хуваарьт хөрөнгө гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Гэр бүлийн гишүүний гэрлэхээс өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрхийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарахаар Гэр бүлийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-т заасан, маргааны зүйл болох орон сууцыг дундын өмчид шилжүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Түүнчлэн уг орон сууц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нотолж чадаагүй, шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч шийдвэрт тэтгэлгийг хүүхэд тус бүрт олгохоор заагаагүй нь хуульд нийцээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж, зөвтгөөгүй нь буруу тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 201/МА2020/20 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 138/ШШ2020/00610 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...хэмжээгээр... гэсний дараа ...хүүхэд тус бүрт... гэснийг нэмж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ

 

  Д.ЦОЛМОН