| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0438/Э |
| Дугаар | 703 |
| Огноо | 2019-07-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | өөөөөө |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 703
Ж.Дд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/462 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Ж.Дд холбогдох ................ дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж.Д, 1991 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцаа, дипломат мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ........................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;
Ж.Д нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд иргэн Б.Баасанжаргалтай СБД-151 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 15.800.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрдэнэ хайрхан овогт Жаргалсайханы Ж.Дг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Дг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дгээс 10.800.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Баасанжаргал /РД:ЧД84092961/-д олгож, шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Д миний бие хэрэг үүссэн цагаас эхлэн өдийг хүртэл 1 жил 4 сарын хугацаандаа хийсэн хэрэгтэй үнэнхүү гэмшиж, өөртөө дүгнэлт хийж гэм буруугаа ухамсарлаж байгаа. Хэрэг гарсан өдрөөс мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гэм буруугаа удаа дараа хүлээн зөвшөөрч, гэмшиж, зөвшөөрч мэдүүлж ирсэн. Шүүгдэгч миний эрүүл мэндийн хувьд, 2009 оноос хойш ходоод өвддөг болсон. Ходоодны маш том шарх болон ходоодны улаалттай. Одоо сэтгэлийн зовиур болон хоолны дэглэм алдагдсанаас болж өглөөнөөс орой хүртэл хатгуулж маш их өвдөж байна. Мөн сэтгэл зүйчтэй удаа дараа уулзаж ярилцдаг болсон. Хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа сэтгэл зүйчтэй уулзаж байсан. Уг хэргээс болоод бие болон сэтгэл санаа маш тогтворгүй байна. Миний бие Б.Баасанжаргалаас зээлийн гэрээ байгуулан зээл авч төлөх хугацаандаа төлж чадаагүйдээ маш их харамсаж байна. Б.Баасанжаргалтай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж, 15.800.000 төгрөгийг зээлж авсан. Зээлээ гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулж чадахгүй явсаар байгаад 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгө болох 10.800.000 төгрөгийг тодорхой хугацаа хэлж дахин тохиролцож, тухайн заасан хугацаандаа төлж барагдуулахаа би өөрөө болон өмгөөлөгч Д.Чинзоригийн хамт хэлж ярьж тохирсон байдаг. Шүүх хуралдаанд орох өдөр Б.Баасанжаргал болон түүний өмгөөлөгч Л.Батаа нартай мөнгөө төлөх тодорхой хугацаагаа хэлсээр байсан. Миний өмгөөлөгч Д.Чинзориг нь хохирогч талын өмгөөлөгч Л.Батаатай шүүх хуралдаанаас өмнө “урьдчилгаа мөнгө өгөөд үлдэгдэл дээр хугацаа тохиръё” гэхэд “өө бололгүй яах вэ” гэж хэлж байсан байж шүүх хуралдаанд өөр зүйл ярьсанд гомдолтой байна. Би анхнаасаа хохирлоо барагдуулна гэж байнга хэлдэг байсан. Миний зүгээс өөрийн хэлсэн хугацаандаа үлдэгдэл хохирол болох 10.800.000 төгрөгийг бүрэн гүйцэд төлж барагдуулахаа дахин дахин хэлмээр байна. Миний зүгээс Б.Баасанжаргалд гомдолтой байна. Мөнгөө нэхэж, айлгаж, сүрдүүлэн дарамталж, өөрийн автомашиндаа суулгачихаад буулгахгүй Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн урд очиж, энд одоо чамайг хориулна гэж айлган сүрдүүлсэнд маш их гомдож байна. Мөн анх Б.Баасанжаргал цагдаад өргөдөл өгөхдөө зээлийн гэрээ байхгүй гэж худал хэлж өргөдөл өгсөн байдаг. Би өөрөө анхны мөрдөгч Азжаргалд зээлийн гэрээтэй гэж хэлээд гэрээгээ өгсөн. Миний эрүүл мэндийн байдал, хохирлоо бүрэн барагдуулна гэсэн нөхцөл байдлыг минь авч үзэж, мөн анх удаа хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтэй үнэнхүү гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг минь хүлээн авч, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Дгийн өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №462 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.
1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:
1.1. Анхан шатны шүүхийн тогтоолын дүгнэлтэд дурдсан “...хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хэдий ч хохирогчтой ямар хугацаанд хэрхэн төлөх талаар зөвшилцөөгүй...” гэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүгдэгч Ж.Дгийн зүгээс анхнаасаа өөрийн үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс эхлэн хохирол нөхөн төлөх талаар хохирогчтой ярилцаж байсан. Өмгөөлөгчийн зүгээс ч хохирогч Б.Баасанжаргал болон түүний өмгөөлөгч Л.Батаа нартай холбогдож, “бодит боломж дээр үндэслэн хурлаас өмнө тодорхой хэмжээг нь төлье, үлдэгдэл дээр нь хугацаа тохиръё” гэдэг саналыг тавьсаны үр дүнд хохирлоос 5 сая төгрөгийг нөхөн төлсөн. Харин үлдэх 10.8 сая төгрөгийг 1 жилийн хугацаанд төлөхөө илэрхийлж байсан. Энэ талаар шүүх хуралдааны шатанд яригдаж, шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгагдсан байдаг билээ.
Гэтэл анхан шатны шүүх “...зөвшилцөөгүй...” гэж дүгнэсэн нь ор үндэслэлгүй зүйл болохыг хохирогчийн тал ч мэдэж байгаа. Ил тодорхой энэ нөхцөл байдал байсаар байхад анхан шатны шүүх ямар нотлох баримтыг үндэслэн тэгж дүгнэснийг ойлгохгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсгүүдэд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
1.2. Нэмж хэлэхэд, шүүхийн дүгнэлтэнд “...өмгөөлөгч Д.Чинзориг гаргасан дүгнэлтдээ ...300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна...” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдуулан гаргасан саналдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг хэрэглэж өгнө үү гэж дүгнэлтээ гаргасан. Энэ нь мөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа.
2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:
2.1. Дээр дурдсанаар өмгөөлөгч миний бие болон шүүгдэгч Ж.Д нарын хэн алиных нь зүгээс хэргийн зүйлчлэл, холбогдсон хэргийн гэм буруугийн асуудал дээр огтоос маргаагүй, хүлээн зөвшөөрч байсан, төлөгдөөгүй байгаа үлдэх хохирлыг 1 жилийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсээр байтал анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна.
Шүүгдэгч Ж.Дгийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд дээрх үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, шинж, мөн түүний хувийн байдал, хүмүүжил, боловсрол зэргээс харахад дахин гэмт хэрэгт холбогдохгүй, нийгмийн аюул арилсан, өөртөө дүгнэлт хийсэн гэж үзэхээр байгаа юм. Анхан шатны шүүх нь эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, эсхүл 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зүйл, заалтыг хэрэглэсэн бол Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан зорилго, зорилтыг хангах байсан гэж үзэж байна.
2.2. Мөн “Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхээс “Учир нь: шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хэдий ч хохирогчтой ямар хугацаанд хэрхэн төлөх талаар зөвшилцөөгүй, шүүхэд нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтээ бичгээр ирүүлээгүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлажээ.
Хохирол нөхөн төлөхөө илэрхийлнэ гэдэг ойлголт нь зөвхөн шүүгдэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. Шүүгдэгчийн зүгээс цаашид гарах хууль зүйн үр дагаврыг ойлгож, бодит эдийн засгийн боломж, нөхцөл байдлыг тооцоолсны үндсэн дээр хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд хуульчилсан “учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол” гэдэг ойлголт нь нэг талаас хохирогчийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, нөгөө талаас хэн нэгнээс үл хамаарах шүүгдэгчийн хувийн хүсэл зоригийн илэрхийлэл байдаг учиртай.
Харин хохирогчийн зүгээс шүүгдэгчийн илэрхийллийг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөвшөөрөөгүй байх эсэхээс шалтгаалж “илэрхийлсэн, илэрхийлээгүй” гэж үзвэл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, нэг мөр ойлгохгүй байгаагийн шинж. Хохирол нөхөн төлөхөө илэрхийлэх болон хохирогчтой эвлэрсэн гэх ойлголтууд нь хууль зүйн хувьд 2 өөр ойлголт билээ. Эвлэрэх гэх ойлголт нь нэг талын бус, хохирогч шүүгдэгч нар нь сайн дураар тодорхой хэлцэлд хүрсэн байдгаараа дээр дурдсан илэрхийлэх гэдэг ойлголтоос ялгагдана.
Мөн Ж.Д өөрийн биеэр шүүхийн хэлэлцүүлэгт оролцож үлдэх хохирлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлсээр байхад “...шүүхэд бичгээр ирүүлээгүй...” гэсэн шүүхийн дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.
Эцэст нь дүгнэхэд, шүүгдэгч Ж.Дгийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоос тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн нөхцөл байдлууд болон үлдэх хохирлоо боломжит хугацаа болох 1 жилийн дотор нөхөн төлөхөө илэрхийлж байсан юм. Гэтэл Анхан шатны шүүх түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг болон түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж, хувийн байдал зэргийг харгалзан үзэлгүйгээр хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хорих ял оногдуулсанд гомдолтой байна.
Иймд, давж заалдах шатны шүүх өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, Ж.Дд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, эсхүл 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ж.Дг тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Ж.Д нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд иргэн Б.Баасанжаргалтай СБД-151 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 15.800.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Баасанжаргалын “...Миний Хайлаастад байдаг объект зарагдах гэж байгаа, 10 хоногийн дараа “Ариг” банкнаас мөнгө орж ирнэ. Тэр хүртэл 10 хоногийн хугацаатай 17.500.000 төгрөгийг зээлүүлээч гэж хэлсэн ба 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Ж.Д нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүрийн хажууд 15.000.000 төгрөгийг ХААН банкны 5042068533 дугаарын Д.Оюунсүрэн гэх хүний данс руу шилжүүлж авсан. Ингээд 10 хоногийн хугацаа дууссаны дараа Ж.Д нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөгийг өгөөч, манай ах Япон улсаас орж ирэх гэж байгаа гэж хэлээд бэлнээр авсан. Тэр үед өмнө нь хийсэн зээлийн гэрээг шинэчилж “Зээлийн гэрээ” байгуулсан. ...” /хх 5-8, 9, 10/,
гэрч Л.Гантөгсийн “...Харин сүүлд л хүнээс хүүтэй мөнгө зээлж аваад өгч чадаагүй байгаа талаар нь сонссон бөгөөд энэ мөнгийг хэзээ, хэнээс авсан, ямар зүйлд зарцуулсан талаар нь хэлж мэдэхгүй байна гэдгийг хэлэх байна. ...” /хх 26/,
гэрч Н.Жаргалсайханы “...Баасанжаргал гэх эмэгтэй надтай уулзаад танай охин Ж.Д надаас мөнгө зээлж аваад өгөхгүй байна гэж хэлж ирж уулзсан цагаас хойш л Баасанжаргал гэж хүнээс 15.000.000 төгрөг Ж.Дг зээлж авсан талаар нь мэдсэн. ...Манай ах дүүгээс сүүлийн жилүүдэд Япон улсаас ирж байсан хүн нэг ч байхгүй бөгөөд миний бие охин Ж.Дгийн хамтаар тухайн Япон улсаас ирэх хүн тосохоор Буянт-Ухаа онгоцны буудалд очиж байсан удаа байхгүй. ...” /хх 136/,
гэрч Д.Оюунсүрэнгийн “...Миний нэр дээр албан ёсоор бүртгэлтэй байдаг данс байгаа юм. Энэ дансны хамтран эзэмшигчээр охин Ж.Д бүртгэгдсэн байдаг. ...2018 онд Ж.Дд би хэрэглэж бай гэж хэлээд өгсөн. Тэгэхээр энэ мөнгө төгрөг хаанаас, хэн гэж хүнээс ямар учиртай орж ирсэн болох, мөн ямар зүйлд зарцуулсан болохыг Ж.Д өөрөө сайн мэдэж байгаа байх. ...” /хх 137/ гэх мэдүүлгүүд,
зээлийн гэрээ /хх 4/, ХААН банкны дансны хуулга /хх 45-46/, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 51-61/, О.Оюунсүрэнгийн ХААН банкны дансны хуулга /хх 62-102/, Б.Баасанжаргалын ХААН банкны дансын хуулга /хх 141-142/, хохирол төлсөн баримт /хх 187/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий субьектүүдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ж.Дг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, шүүгдэгч Ж.Дгийн хохирогч Б.Баасанжаргалаас “Миний Хайлаастад байдаг объект зарагдах гэж байгаа, 10 хоногийн дараа “Ариг” банкнаас мөнгө орж ирнэ, 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөгийг өгөөч, манай ах Япон улсаас орж ирэх гэж байгаа” гэж зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 15.800.000 төгрөгийг залилан авсан болох нь тогтоогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Ж.Дг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 15.800.000 төгрөг залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан тохиолдолд тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар хуульчилжээ.
Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Ж.Д нь хохирогч Б.Баасанжаргалд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байх тул гэмт хэргийн хор уршиг арилсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Дд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Дг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, эсхүл 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ж.Дг тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоолд дурдагдсан 10.800.000 төгрөгийн хохирлоос 1.000.000 төгрөгийг Ж.Д төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/462 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Ж.Д нь 1.000.000 төгрөгийг хохирогч Б.Баасанжаргалд төлсөн болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ