| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/0246/Э |
| Дугаар | 447 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 13.5.2.2., 13.6.2., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 447
Б.Эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Чимгээ,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл,
хохирогч С.Отгонбатын өмгөөлөгч М.Алтанцэцэг,
хохирогч Д.Эрдэнэбатын өмгөөлөгч И.Хонгор,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Эийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1806084561964 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
, 1978 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5-90 тоотод оршин суух хаягтай, /РД: /,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
Б.Э нь 2018 оны 8 дугаар сараас хойш хамтран амьдарсан С.Отгонбатыг 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болсон сургуулийн ойн арга хэмжээ болон Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5-90 тoотод байрлах гэртээ цохих өшиглөх, дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 22:30 цагийн үед, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн хотхоны 6 дугаар байрны 6 тоотод оршин суух Д.Эрдэнэбатын орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүй цонхоор нь хүч хэрэглэн нэвтэрч, түүний эхнэр, 3 хүүхдийнх нь халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, С.Отгонбатыг өөртэйгээ цуг явахыг шаардан нөхөр Д.Эрдэнэбатын хоолойг боох, заамдах зэргээр хүч хэрэглэж, заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн заналхийлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Эийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, зэвсэг хэрэглэж бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг, хүч хэрэглэж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгиин хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих хөнгөн ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хиилгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 90 хоногийн хугацаагаар хорих хөнгөн ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 90 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 7 жил 90 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн цагдан хоригдсон 125 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга, заазуур тус бүр 1 ширхэгийг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Э миний бие нь 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийт 7 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Хэрэг шалгах явцад гэм буруугаа бүрэн ухамсарлаж, хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсээр ирсэн. Үүнийгээ ч анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Миний бие нь хэрэгт холбогдохоос өмнө өндөр настай, өвчтэй эхийн хамт амьдардаг байсан бөгөөд цаашид ээж маань ганцаараа удаан амьдрахад маш хүндрэлтэй болоод байна. Өнгөрсөн хугацаанд өөртөө дүгнэлт хийж, хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Өөрийн хийсэн алдаа дутагдлыг эргэцүүлэн бодож, зөв нийгэмшин төлөвших болно. Иймд дээрх байдлыг минь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийн хувьд анхнаасаа хэргээ хүлээдэг. Хохиролд 3.400.000 төгрөгийг төлж барагдуулсан. Б.Э хувийн байдлын хувьд, төрсөн эхийнхээ хашаанд гэр барьж хохирогчтой 1 сарын хугацаанд амьдарсан байдаг. Нэг хашаанд эхтэйгээ амьдарч байгаа учраас эхтэйгээ амьдардаг гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорих ялын дээд хэмжээг оногдуулсан. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Хохирогч С.Отгонбатын өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч С.Ононбатын 8 хавирга хугарсан, бүсэлхийний 1, 2 дугаар нугаламын зүүн хөндлөнгийн сэртэнгийн хугаралтай, уушигны хавчиг, зүүн нүдний ухархайн доторх хана, хамрын хугарал, хамрын самсаа, хоёр шанаа, зүүн чамархай, чих , дух, дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний салстын цус харвалт, баруун зүүн бугалга, тохой, шуу, сарвуу, цээжний цус хуралт, зүүн хөлний шилбэнд зулгаралт гэх зэрэг гэмтлийг учруулсан. Учруулсан гэмтэл нь хүндэвтэр гэмтэл гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогч Д.Эрдэнэбатын өмгөөлөгч И.Хонгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв
Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн үйл баримтын хувьд хохирогч эмнэлгээс гараад гэртээ байхад нь хууль ёсны нөхрийнх нь хажууд заналхийлж, хүч хэрэглэн авч гарсан байдаг. Мөн орон байранд нь хууль бусаар нэвтэрсэн гэх нөхцөл байдлууд мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Шүүгдэгч хувийн байдлын хувьд өмнө нь шүүхээр ял шийтгүүлж, тэнсэн харгалзан байсан. Үйлдсэн хэргийн хувьд мөн л харгис хэрцгий аргаар үйлдэгдсэн байдаг. Энэ хэлэлцэгдэж байгаа хэргийн хувьд хохирогчийн өмгөөлөгчийн хэлсэн шинжээчийн дүгнэлтэд дурдсан олон тооны гэмтлүүд учирсан. Хохирогчид учруулсан хохирол, ар гэрийнхэн болон насан хүрээгүй хүүхдийнх нь дэргэд уг үйлдлийг гаргасан байдаг. Дээрх байдлаас үзэхэд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Б.Э нь 2018 оны 8 дугаар сараас хойш хамтран амьдарсан С.Отгонбатыг 9 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болсон сургуулийн ойн арга хэмжээнд очихдоо, мөн 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5-90 тoот гэртээ цохих өшиглөх, дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 22:30 цагийн үед, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн хотхоны 6 дугаар байрны 6 тоотод оршин суух Д.Эрдэнэбатын орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүй цонхоор нь хүч хэрэглэн нэвтэрч, түүний эхнэр, 3 хүүхдийнх нь халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, С.Отгонбатыг өөртэйгээ цуг явахыг шаардан нөхөр Д.Эрдэнэбатын хоолойг боох, заамдах зэргээр хүч хэрэглэж, заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн заналхийлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Эрдэнэбатын: “...Энхтөр над руу ирээд заамдаад авсан. Би өөдөөс нь барьцалдаад автал эхнэр Отгонбат дундуур орж салгаад түлхтэл гал тогооны ширээн дээр унаж босч ирээд гал тогооны шүүгээн дээр байсан бор шаргал иштэй заазуурыг аваад над руу далайгаад чамайг яавал ч яана шүү, ална шүү, надаас холд гээд эхнэр Отгонбатыг “хувцасаа өмсөөд гарч бай” гэсэн. Тэгээд Энхтөр нь баруун гартаа заазуур барьчихсан, нөгөө гараараа намайг заамдчихсан бид зууралдаад байж байтал гэнэт намайг өөр рүүгээ татаад заазуураа миний хүзүү хэсэгт тулгаад “Отгонбатыг хувцсаа өмс явъя” гэсэн. ...” /хх 12/,
Хохирогч С.Отгонбатын “...шар 5 давхар байрны арын гаражийн ард оруулаад элэг, бөөр рүү цохиж, газар унаад босч чадахгүй байхад “хүчээр бос” гээд байхаар нь би ах Хангайгийнд очоод “энэ намайг зодоод байна” гэхэд ах Энхтөрийг “тэгж болохгүй” гэсэн чинь ширээн дээр байсан хутгыг аваад “та хоёрыг ална шүү” гэхэд ах “тэгж болохгүй” гэж тайвшруулж байгаад гараад зугтсан. ...Тэгээд элдэв янзын хардсан юм яриад хавирга, нүүр орчимд цохиод байсан. ...босч чадахгүй, бие засч чадахгүй хэвтэж байгаад 9 дүгээр сарын 29-ний өдөр Энхтөрийнд ирсэн. ...Тэгээд гэмтэлд очиж рентген зураг авахуулахад 3 хавирга хугарсан байна гэсэн. ...Энхтөр манай нөхөртэй зууралдаж аваад би дундуур нь салгаад түлхэхэд хойшоо унаад босч ирэхдээ шүүгээн дээрээс заазуур аваад Эрдэнэбатыг цохих гээд далайсан. Улмаар Эрдэнэбатын хоолойд заазуур тулгаж, намайг “хувцсаа өмсөөд гар” гэсэн. ...Манай нөхөрт заазуур тулгасан боловч гэмтэж бэртээгүй. ...” /хх 16, 55-57, 60-61/,
Гэрч Ч.Амартүвшингийн: “...очиход Отгонбат эгчийн нүүр нь бөөрөнхий том болоод битүү хавдартай, нэг нүд нь нээгдэхгүй хөхөрч няцарсан байсан. ...” /хх 69-70/,
Гэрч С.Хангайгийн: “...Тэгтэл Отгонбат гэнэт орилохоор нь босоод хартал Энхтөр нэг гараараа заамдаад нөгөө гартаа хутга барьсан далайж байсан. Би яаж байна аа гэхэд Энхтөр та хоёрыг алаад шоронд явахад 15 жил л авна гэхээр нь би утсаа авах гэтэл миний утсыг цохиод орон доогуур оруулчихсан. ...” /хх 74-75/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “С.Отгонбатын биед баруун талд 8, 9, 10, 11, зүүн талд 4, 5, 6, 7-р хавирга, бүсэлхийн 1, 2-р нугалмуудын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, уушигны авчилт, зүүн нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт 2 нүдний зовхи, хацар, шанаа, зүүн чамархай, чих, дух, дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний салстын цус харвалт, баруун бугалга шуу, зүүн бугалга, тохой, шуу, сарвуу, цээжинд цус хуралт зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” /хх 77-78/ 12462 дугаартай,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Б.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Э нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байсан байна. Үйлдсэн хэргийн талаар үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Э нь сэтгэцийн эмнэлгийн байнгын хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Цаашид сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байх шаардлагагүй болно. Б.Э нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Б.Э нь хэрэг хариуцах чадвартай байна” /хх-165-166/ 133 дугаартай гэх дүгнэлтүүд,
Хохирогчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх 213-217/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт өгч, шүүгдэгч Б.Эийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
зэвсэг хэрэглэж бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн,
хүч хэрэглэж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Б.Эийн “...С.Отгонбатыг цохих, өшиглөх, дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн “...Д.Эрдэнэбатад зэвсэг хэрэглэж “С.Отгонбатыг өөртэйгээ хамт явахыг шаардаж” өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн...” үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн “...Д.Эрдэнэбатын гэрт “С.Отгонбатыг авч гарах зорилгоор” хүч хэрэглэж, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан...” үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэг утга санааг илэрхийлсэн буюу нэг гэмт хэргийн шинжийг давхардуулан заасан байх тул найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э нь “...Өнгөрсөн хугацаанд өөртөө дүгнэлт хийж, хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Өөрийн хийсэн алдаа дутагдлыг эргэцүүлэн бодож зөв нийгэмшин төлөвших болно. Иймд дээрх байдлыг минь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Б.Эийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохируулан анхан шатны шүүх 7 жил 90 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, хохирогч С.Отгонбатад олон тооны гэмтэл учруулсан, уг хүч хэрэглэсэн үйлдлээ бага насны хүүхдүүдийн дэргэд үйлдсэн, түүнчлэн тэднийг айлган сүрдүүлсэн, бусдын орон байранд хүч хэрэглэн нэвтэрч, зэвсэг хэрэглэн бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардсан зэрэг нөхцөл байдал, үр дагавар зэрэгт тохирсон байна гэж үзэв.
Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гомдлыг хэрэгсэхгүй болгож”, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын
“...хүч хэрэглэж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “...хүч хэрэглэж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ