Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 02514

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 8 сарын 08 өдөр             Дугаар 102/ШШ2018/02514                               Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

        Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн дугаар хороо, “Их Монгол” хороолол, байрны  тоотод оршин суух М овогт Г.Г-н нэхэмжлэлтэй

        Хариуцагч Баянгол дүүргийн  дугаар хороо,  дүгээр хороолол, Их Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны дугаар байрны тоотод оршин суух М овогт Б.О

        Хариуцагч Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, “Буянт ухаа”-гийн дугаар гудамжны  тоотод оршин суух Х овогт Б.З-д нарт холбогдох 18.900.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Б.О Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.                                              

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Г.Г нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 7 дугаар сард “Авто угаалга” түрээслүүлэх зарын дагуу 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б.Зтой 99072738 дугаараар холбогдон уулзаж, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, “Баянцээл” төвтэй залгаа байрлах өөрсдийн эзэмшлийн гэх авто угаалгыг түрээслэхээр харилцан тохиролцсон.

2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Б.О-тэй “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, сарын төлбөр 4.500.000 төгрөг төлөхөөр тохиролцож, 3 сарын түрээсийн төлбөр, 1 сарын барьцаа, засварын зардал 900.000 төгрө, нийт 18.900.000 төгрөгийг 5034547298 дугаарын данснаас Б.О-ийн “Хаан” банкны 5015210074 дугаарын данс руу шилжүүлэн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс авто угаалгын газрыг ажиллуулж эхэлсэн.

Түрээсийн гэрээг нотариатаар батлуулахыг шаардахад объектыг сэндвичин хавтангаар барьсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах боломжгүй тул гэрээг нотариатаар батлуулах боломжгүй гэсэн тайлбар хэлсэн.  

Гэтэл 2015 оны 8 дугаар сарын сүүлээр Г.Энхбат гэж хүн ирээд, энэ миний өмчлөлийн угаалгын газар. Би Б.О-тэй давхар түрээслэхээр гэрээ байгуулаагүй. Өмнө нь ийм үйлдэл гаргаад, дахин давхар түрээслэхгүйгээр тохиролцсон. Надад энэ талаар мэдэгдээгүй тул угаалгын газрыг чөлөөлж өг гэсэн. Энэ тухайгаа Б.О-т хэлэхэд ямар нэгэн үйлдэл хийхгүй, хариу өгөхгүй байсан учраас арга буюу гэрээгээ цуцалж, жинхэнэ эзэн гэх Г.Энхбаттай ярилцаад, 2 сар үргэлжлүүлэн ажиллаад больсон. Надаас нөхцөл байдлаа нуун, хохироосон тул хариуацгч нараас 18.900.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “Баянцээл”-д байрлах 400 метр квадрат талбай бүхий балгас шиг байсан объектод 74.000.000 орчим төгрөгийн их засвар хийж, 28.451.000 төгрөгөөр тохижуулан, иж бүрэн тоног төхөөрөмж авч “Brilliant vip car wash” нэртэй авто угаалгын газрыг байгуулж, үйлчилгээний эрхийг өөрийн нэр дээр авч ажилласан.

Үйл ажиллагаа жигдэрсний дараа Г.Г-тэй хамтран ажиллахаар тохиролцон, гэрээ байгуулсан. Өөрийн өмчлөлийн объект гэж хэлээгүй. Харин авто үйлчилгээний эрх болон гэрээ миний нэр дээр байдаг тухай ярьж тайлбарлаж, Г.Гд авто угаалгын үйл ажиллагаа яаж явуулах талаар мөн тоног төхөөрөмж дээр ажиллахыг зааж сургаад өөрийн өмч болох 28.451.000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг эзэмшүүлсэнийг буцааж өгөөгүй.

Объектын өмчлөгч нь Г.Энхбат ба барилгыг сэндвичэн хавтангаар барьсан тул гэрээг нотариатаар баталгаажуулах боломжгүй байсан.

Тэрээр объектод өчнөөн төгрөгийн засвар хийн, их хэмжээний хөрөнгө оруулж хүүтэй зээл авч, босгосон зүйлээ Г.Энхбатад алдсан.

Ингээд Г.Энхбат надтай байгуулсан түрээсийн гэрээгээ дуусгаж, Г.Гтэй байгуулан, миний хөдөлмөрөөр бүтээсэн зүйл дээр ашиг орлого олсоор  байсан тул Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаж, 201625010673 тоот Тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн Г.Энхбат сэжигтнээр тогтоогдож, би хохирогчоор тогтоогдсон.

Иймд Г.Ган- Эрдэнийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэжээ.

           Хариуцагч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надаас мөнгө нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Зарын дагуу Г.Г холбогдож, машин угаалгын газрыг түрээслэсэн нь үнэн. Гэхдээ би энэ хүнээс нэг ч төгрөг аваагүй. Тухайн зар дээр миний утасны дугаар байсан. Зөвхөн зуучлалын үүрэг гүйцэтгэсэн. Б.Оийн дансанд мөнгө шилжүүлсэнийг дараа нь мэдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Б.О, Б.З нарт холбогдуулан 18.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.З, Б.О нар төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

           Хариуцагч Б.О 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Brilliant vip car wash” авто угаалгыг нэхэмжлэгч Г.Гд хариуцуулж, цаашид хэвийн үргэлжүүлэн, машины нөөц төслийг  хамтран хэрэгжүүлэх тохиролцоонд хүрч, гэрээг байгуулсан болох нь “Хамтран ажиллах гэрээ”, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

           Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар үйлчилгээ эрхэлсний төлбөр 1 сарын 4.500.000 төгрөг ба 3 сараар түрээс тооцон мөн барьцаа 4.500.000 төгрөг, засварт 900.000 төгрөг төлөхөөр Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсгээ зурж, баталгаажуулснаар гэрээ байгуулагдсан нь нотлогдож байна.

           Иймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

           Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч “би үүргээ биелүүлж, гэрээний дагуу 18.900.000 төгрөгийг Б.О-т шилжүүлсэн боловч 3 сар ажиллаж чадаагүй. Хариуцагч надад давхар түрээслэж байгаа гэж хэлээгүйн улмаас цаад эзэн нь ирээд, ажлыг минь зогсоосон. Энэ тал дээр Б.О-т хэлэхэд арга хэмжээ авахгүй намайг хохироосон тул арга буюу 2 сараар үргэлжлүүлэн жинжэнэ эзэнтэй нь гэрээ байгуулаад ажлаад дууссан. Дээрх хугацаанд хариуцагч дахин холбогдоогүй”, хариуцагч “энэ миний эзэмшлийн зүйл. Г.Энхбатад, Г.Гэс авсан 18.900.000 төгрөгнөөс 1 сарын түрээсийн төлбөрийг 3.500.000 төгрөгөөр бодоод, 3 сарын төлбөр 10.500.000 төгрөгийг төлсөн” гэх зохигчдын тайлбар, хавтас хэрэгт авагдсан “Хаан” банкны 5015210074 дугаартай Б.О-ийн дансанд 18.900.000 төгрөгийг шилжүүлсэн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Мөнгөн шилжүүлэг”, “Хамтран ажиллах гэрээ” зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хариуцагч Б.О төлбөрийг эргүүлэн төлөхгүй гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” 38 дугаар зүйлийн 38.1 “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу үгүйсгэсэн үндэслэлээ нотлож чадаагүй, баримтаар “ Хамтран ажиллах гэрээ” байгуулсан хэдий ч  зохигчдын тайлбараас үзэхэд “Түрээсийн гэрээ” болох нь тогтоогдож, Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт “түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно” гэж зааснаар нэхэмжлэгч 2 сар ажилласан талаар талууд маргаагүй учраас нэхэмжлэгчийн төлсөн 18.900.000 төгрөгнөөс 1 сарын түрээсийн төлбөр 4.500.000 төгрөг, барьцаа 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, зохигчид харилцан тохирч засвар үйлчилгээ хийсэн байх тул засварын 900.000 төгрөг, 2 сарын төлбөр 9.000.000 төгрөг, нийт 9.900.000 төгрөг болон хариуцагч Б.З зуучлалын үүрэг гүйцэтгэснээс бус гэрээ байгуулж, төлбөрийг шилжүүлэн авсан талаар баримтаар нотлогдохгүй тул эдгээр шаалдлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

         Иргэний хуулийн  75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэг зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж шүүх дүгнэв.

         Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв  эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 9.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 158.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

     

       1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүлийн 227.1 дэх хэсгүүдэд зааснаар М овогт Б.О-ээс 9.000.000 төгрөг гаргуулан, М овогт Г.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Х овогт Б.З-д холбогдох, үлдсэн 9.900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252.450  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                                                             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АРИУНАА