Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2046

 

 

Г.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/02514 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Б.О, Б.З нарт холбогдуулан 18 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Оийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагч Б.О, Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 7 дугаар сард “Авто угаалга” түрээслүүлэх зарын дагуу 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б.Зтой уулзаж, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороолол “Баянцээл” төвтэй залгаа байрлах өөрсдийн эзэмшлийн гэх авто угаалгыг түрээслэхээр харилцан тохиролцсон. 2015 оны 7 дугаар сарын 31-ны өдөр Б.Отэй хамтран ажиллах гэрээ байгуулж, сарын төлбөр 4 500 000 төгрөг төлөхөөр тохиролцож 3 сарын түрээсийн төлбөр 1 сарын барьцаа, засварын зардал 900 000 төгрөг, нийт 18 900 000 төгрөгийг 5034547298 дугаарын данснаас Б.Оийн хаан банкны 5015210074 дугаарын данс руу шилжүүлэн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс авто угаалгын газрыг ажиллуулж эхэлсэн. Түрээсийн гэрээг нотариатаар батлуулахыг шаардахад обьектыг сэндвичэн хавтангаар барьсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах боломжгүй тул гэрээг нотариатаар батлуулах боломжгүй гэсэн тайлбар хэлсэн. Гэтэл 2015 оны 8 дугаар сарын сүүлээр Г.Э гэж хүн ирээд энэ миний өмчлөлийн угаалгын газар, би Б.Отэй давхар түрээслэхээр гэрээ байгуулаагүй. өмнө нь ийм үйлдэл гаргаад ахин давхар түрээслэхгүйгээр тохиролцсон. Надад энэ талаар мэдэгдээгүй тул угаалгын газрыг чөлөөлж өг гэсэн. Энэ тухайгаа Б.От хэлэхэд ямар нэгэн үйлдэл хийхгүй, хариу өгөхгүй байсан учраас арга буюу гэрээгээ цуцалж, жинхэнэ эзэн гэх Г.Этай ярилцаад 2 сар үргэлжлүүлэн ажиллаад больсон. Нөхцөл байдлаа нуун хохироосон тул хариуцагч нараас 18 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр “Баянцээл”-д байрлах 400 метр квадрат талбай бүхий балгас шиг байсан обьектод 74 000 000 орчим төгрөгийн их засвар хийж 28 451 000 төгрөгөөр тохижуулан иж бүрэн тоног төхөөрөмж авч “Brilliant VIP Car Wash” нэртэй авто угаалгын газар байгуулж үйлчилгээний эрхийг өөрийн нэр дээр авч ажилласан. Үйл ажиллагаа жигдэрсний дараа Г.Гтэй хамтран ажиллахаар тохиролцон гэрээ байгуулсан. Өөрийн өмчлөлийн обьект гэж хэлээгүй. Харин авто үйлчилгээний эрх болон гэрээ миний нэр дээр байдаг тухай ярьж, тайлбарлаж Г.Гд авто угаалгын үйл ажиллагаа яаж явуулах талаар мөн тоног төхөөрөмж дээр ажиллахыг зааж сургаад өөрийн өмч болох 28 451 000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг эмэмшүүлснийг буцааж өгөөгүй. Обьектын өмчлөгч нь Г.Э ба барилгыг сэндвичэн хавтангаар барьсан тул гэрээг нотариатаар баталгаажуулах боломжгүй байсан. Тэрээр обьектод өчнөөн төгрөгийн засвар хийн их хэмжээний хөрөнгө оруулж хүүтэй зээл авч босгосон зүйлээ Г.Эад алдсан. Ингээд Г.Э надтай байгуулсан түрээсийн гэрээгээ дуусгаж Г.Гтэй байгуулан миний хөдөлмөрөөр бүтээсэн зүйл дээр ашиг орлого олсоор байсан тул Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаж 201625010673 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн Г.Э сэжигтнээр тогтоогдож би хохирогчоор тогтоогдсон. Иймд Г.Гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Мөнгө нэхэмжэлснийг зөвшөөрөхгүй. Зарын дагуу Г.Г холбогдож, машин угаалгын газрыг түрээслэсэн нь үнэн. Гэхдээ би нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй. Тухайн зар дээр миний утасны дугаар байсан. Зөвхөн зуучлалын үүрэг гүйцэтгэсэн. Б.Оийн дансанд мөнгө шилжүүлснийг дараа нь мэдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Оээс 9 000 000 төгрөг гаргуулан, Г.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Б.Зд холбогдох үлдсэн 9 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 400 метр квадрат бүхий обьектод их засвар үйлчилгээ хийж нийт 102 100 000 төгрөг зарцуулж авто угаалгын газар болгон авто угаалгын газрын эрхийг өөрийн нэр дээр авч тохижуулж ажиллуулсан. Үүнд зарцуулсан хөрөнгө, хөлс хөдөлмөр иж бүрэн тоног төхөөрөмжийг бүгдийг нэхэмжлэгч Г.Гд болон Г.Эад булаалган алдаж, эргүүлэн юу ч авч чадалгүй их хэмжээний өртэй үлдсэн. Би тус обьектод Г.Этай 5 жилийн түрээсийн гэрээ байгуулсан. Г.Э цаашид түрээсээ төлж байвал та нарын юу хийх надад хамаагүй гэж хэлж тохиролцсоноор би гуравдагч этгээдийг оруулж хамтран ажиллах гэрээ байгуулж авто угаалгын газрыг өөрийн эд хөрөнгийн хамт түрээслэсэн. Энэ хооронд Г.Г үндсэн түрээслүүлэгч Г.Этай хоорондоо тохиролцож түрээсэлж миний байгуулсан авто угаалгыг булаан авч цаашид ашиг орлого олсоор байсан тул Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргахад би хохирогчоор тогтоогдсон. Г.Э сэжигтнээр тогтоогдож Эрүүгийн хуулийн 236.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн байцаагдаж, Г.Г мөрдөн байцаах үйл ажиллагаанд байцаагдаж байсан. Шүүх хуралдаанаар Г.Гийн хэлсэн үгс бүгд нотлох баримтгүй байсан. Шүүх хуралдаан зөвхөн таамаг төдийд нэхэмжлэгчийг н.Энхбат мэдэх байх гэсэн таамаг төдий үгийг баримталсан. Гэтэл хариуцагч миний хэлсэн үг болгон хэрэгт хамааралгүй гэж удаа дараа загнуулж миний гэрч асуух хүсэлтийг хүчингүй болгосон. Би Г.Гтэй гэрээ байгуулахдаа авто угаалгын газар тоног төхөөрөмж болон тохижилтын эд хөрөнгө болох 28 451 000 төгрөгийг хүлээлгэн өгч, тоног төхөөрөмжийн барьцаа болгож 4 500 000 төгрөгийг авсан. Гэтэл энэ 3 жилийн хугацаанд тоног төхөөрөмжөө авч чадаагүй учир барьцаа мөнгийг мэдээж буцааж олгож болохгүй. Гэрээний маргааны гол асуудал энэ шалтгаан болж гэрээний салшгүй хэсэг гэж гэрээнд тусгасан байхад шүүх хуралдаанд гэрээний маргаантай хамааралгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон 1 сарын 4 500 000 төгрөгийн төлбөрийн маргаан, мөн Г.Гийн Г.Эад түрээсийн төлбөр төлсөн гэж хэлснээр нь шийдсэн ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Г.Г, Г.Э нарын хооронд түрээсийн гэрээ хийгдэж төлбөр төлж байсан нь огт тодорхойгүй, нотлох баримт авагдаагүй байхад хэргийг үнэн зөв шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээний маргааны салшгүй хэсэг болох Г.Гд хүлээлгэж өгсөн 28 451 000 төгрөгийн эд хөрөнгийг буцааж авч чадаагүй, Г.Гэс эд хөрөнгө нэхдэг ч 3 жилийн хугацаанд юу ч буцааж аваагүй. Гэтэл энэ тухай хохирогч би Г.Гд хүлээлгэж өгсөн эд хөрөнгөө сөрөг нэхэмжлэлээр гаргаж өгөхөд шүүгч хэрэгт холбогдолгүй гэж үзсэн. Г.Гтэй хийсэн гэрээний 3.6-д зааснаар хүлээлгэж өгсөн эд хөрөнгийг доголдол гаргасан тохиолдолд 100 хувь хариуцаж төлбөрийг барагдуулна гэж заасан байдаг. Үүнийг шүүгчээр уншуулсан ч огт тоолгүй өнгөрөөсөн. Түрээсийн гэрээнд Г.Гд хүлээлгэж өгсөн эд хөрөнгийн актыг гэрээний салшгүй хэсэг гэж заасан байдаг. Гэтэл гэрээний маргаанд хамааралгүй гэж шийдвэрлэж сөрөг нэхэмжлэлийг хүчингүйд тооцсон нь хэргийг үнэн зөв шийдвэрлээгүй гэж үзэж байна. Шүүх хурал сөрөг нэхэмжлэлийг хэрэгт ямар ч хамааралгүй гэрээний маргаантай хамааралгүй тул хүлээж авахгүй, хүчингүйд тооцно гэж шүүгч хэлсэн ч шүүхийн шийдвэрийн үндэслэлд хариуцагч Б.Оийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэжээ. Гэтэл Г.Г 28 451 000 төгрөгийн тоног төхөөрөмж хүлээж авснаа удаа дараа хүлээн зөвшөөрч байсан. Мөн би сөрөг нэхэмжлэлдээ баримтыг хавсаргаж 3 гэрчийн тайлбарыг нотариатаар баталгаажуулж нэхэмжлэлийн хамт өгсөн. Гэтэл шүүх тодорхойгүй гэж үндэслэлгүй шийдвэрлэсэн. Даргалагч шүүгч шүүх хуралдааны маргааш буюу 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр миний утас руу залгаж шүүх хуралдаанд яригдаагүй, тэмдэглэгдээгүй хүсэлт болон тайлбарт авагдаагүй зүйлийн талаар мэдэж байсан нь Г.Гтэй хувийн журмаар ярилцаж тохирсон нь ил тод болсон. Үүнд хэлэхдээ “Би чамд зөвлөхөд Г.Эыг үндсэн хариуцагчаар өгч Г.Г тоног төхөөрөмж чиний эд хөрөнгийг Г.Эын обьектод үлдээсэн гэсэн. Тэгэхээр наад хоёр чинь хоорондоо маргаад унана.” гэж хэлсэн. Гэтэл миний тоног төхөөрөмж болон хүлээлгэж өгсөн эд хөрөнгө хаана яасныг Г.Ариунаа шүүгч надаас түрүүлээд Г.Гэс хурлаас бусад үед сонссон байна. Г.Гэс хувийн журмаар сонссон нь тодорхой болсон. Үүний цаана хувийн журмаар юу яригдаж, хэргийг нэг талыг барьж шийдсэн гэж үзэхээр байна. Шүүгч амрах гэж байсан учир хэргийг хойшлуулалгүй гэрч асуух хүсэлтийг хүлээж авахгүй, сөрөг нэхэмжлэлийг хүлээж авахгүй, нотлох баримтыг авч хэлэлцэхгүй бүх хүсэлт болон гэрч асуух хүсэлт саналыг хүлээж авахгүй хэргийг яаравчлан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн шүүгч Г.Ариунаа дуу гаргах болгондоо дуугаа өндөрсгөж загнаж байсан. Мөн өмгөөлөгчгүй анх удаа шүүх хуралдаанд оролцож, шүүгчид үг дугарах болгондоо загнуулж байсан учир сүүлдээ юу ярьж хэлэх ёстойгоо мэдэхээ больсон. Иймд туйлын гомдолтой байна. Эдгээрээс харахад шүүгч нэхэмжлэгч Г.Гтэй хувиараа ярилцаж хэргийг хэт нэг талыг барин нотлох баримтгүй хоосон үгээр хэргийг шийдвэрлэж, миний хэлсэн бүгдийг хэрэгт холбогдолгүй болгон буцааж няцааж хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн эсэх нь туйлын эргэлзээтэй байгаа тул хэргийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.З, Б.О нарт холбогдуулан гэрээний дагуу төлсөн 18 900 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг/хх.1-2/, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх.19-21,24/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар гэрчээс мэдүүлэг авахуулах, мөн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Шүүх хуралдааны явцад хариуцагч Б.О уг эрхийнхээ дагуу дээрх хүсэлтүүдийг гаргасан /хх.35-р талын ар тал/ байх бөгөөд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй гэж үзэж, уг сөрөг нэхэмжлэл болон түүнтэй холбоотой гэрч асуулгах хүсэлтийг тус тус хүлээн авахаас татгалзжээ./хх.38/ Хариуцагчийн гэрч асуулгах хүсэлт нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан нь үндэслэл муутай байна.

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээнээс татгалзаж, шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж тайлбарлан, уг гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн эд зүйлээ буцаан шаардсан сөрөг нэхэмжлэл гаргасан байна. /хх.31-33/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хариуцагч, нэхэмжлэгч нар хоорондын гэрээний агуулгын талаар маргаж байгаа боловч талуудын үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл тусдаа бие даасан өөр өөр гэрээнд бус, харин 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 1 жилийн хугацаатай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” гэх нэр бүхий нэг гэрээнд үндэслэж байна. /хх.7-10/ Энэ тохиолдолд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй гэж үзэх боломжгүй байхад шүүх хүлээн авахаас татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт заасныг зөв хэрэглэсэн гэж үзэхгүй.

Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхой болсноор талууд тухайн маргааны үйл баримтын талаар нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх, шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч Б.Оийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/02514 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 158 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧ                                                         С.ЭНХТӨР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ