Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0334

 

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0334

Улаанбаатар хот

 

 

 

 

                                       

 

 

 

                                             

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар д*******ж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: Ж.Э

            Хариуцагч: Ш.О

Гомдлын шаардлага: “Ш.О гийн 2021 оны  01 дүгээр сарын 13-ны өдрийн 01****7 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол бүхий зөрчил хянан шийдвэрлэх хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, У.П, хариуцагч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ншүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж*******маа нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ж.Э шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо: “... Ж.Э миний бие 2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд хуульд заасан журмын дагуу тодорхой хандив цуглуулах ажиллагаа явуулсан. Гэтэл Ш.О нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01****7 тоот шийтгэлийн хуудсаар Ж.Э намайг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 10,000 нэгжээр торгожээ.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт  зааснаар "Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэжээ. Ингэхдээ Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 "Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ.", 54.5 "Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ." гэснийг зөрчсөн гэжээ.

1. Миний бие Ж.Энь хуульд заасан журмын дагуу сонгуулийн зардлын дансыг бүртгүүлсэн бөгөөд зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зөв зохистой зарцуулсан. Тус хуулийн 54.4, 54.5 дахь хэсэгт заасан зохицуулалтууд нь хандивын мөнгийг төвлөрүүлж, зарцуулахтай холбоотой зохицуулалт биш бөгөөд мөнгө буцаан шилжүүлэхтэй  холбоотой зохицуулалт юм. Буцаан шилжүүлнэ гэдэг нь зарцуулалт биш бөгөөд зарцуулалттай холбоотой хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байгаа бол хуулийн 49.4, 50.1, 50.2, 55.3 зэрэг заалтуудыг зөрчсөн байх шаардлагатай. Зөрчлийн тухай хуульд зааснаар түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох учиртай. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 17.21 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа бол төвлөрүүлж, зарцуулахтай л холбоотой хуульд заасан журмыг зөрчсөн байхыг шаардах буюу Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54.4, 54.5 дахь хэсэгтэй уялдаа холбоотой байх ёстой ба эрх бүхий албан тушаалтан уг зөрчлийг нотлох үүргийг хүлээдэг. Тиймээс миний бие тус зөрчлийг үйлдээгүй болно.

Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу мэдээлэл дутуу хандивын мөнгийг хандив өгөгч нар руу буцаан шилжүүлсэн ба Хан-Уул дүүргийн татварын байцаагч нь тэр тухай нотлох баримтыг гаргаж өгөх эрхээр хангаагүй. Нийт 18.670.000 /арван найман сая зургаан зуун далан мянга/ төгрөгийг буцаан шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл хандивын мөнгийг ч гэсэн шилжүүлж байгаа. Учир нь тус хуульд хандивын мөнгийг буцаан шилжүүлэх хугацаа зааж өгөөгүй тул хуулийн 54.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Хуульд зааснаар тус хандивын мөнгийг буцаан шилжүүлэхдээ дансаар шилжүүлэх шаардлагагүй байх тул бэлнээр шилжүүлсэн болно. Мөн тус хуульд заасан буцах хаяг тодорхойгүй гэх хандив өгөгч байгаагүй бөгөөд мэдээлэл дутуу хандив өгөгчдийг дансны хуулгаас харахад бүгд буцах данстай байсан. Учир нь хандив өгөгчдийн шилжүүлсэн данс нь дансны хуулгаар гарч ирдэг болно. Тиймээс тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5 дахь хэсэгт заасан хэсгийг зөрчсөн гэх үндэслэлгүй тул дээрх мөнгийг төрийн санд шилжүүлэх шаардлагагүй байна. Тиймээс  Ж.Эминий үйлдэл нь зөрчил биш байх бөгөөд Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 2.Гэсэн хэдий ч 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 20*******27 тоот зөрчлийн хэрэг нээн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд тус ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй. Үүнд:

- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн.

- Дээр дурдсаны дагуу хандивын мөнгийг буцаан шилжүүлсэн бөгөөд тус талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан нотлох баримт гаргаж өгөх эрхээр хангаагүй.

- Зөрчлийн хэргийг танилцуулаагүй.

- Холбогдогчоос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мэдүүлэг аваагүй бөгөөд тус хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасны дагуу тайлбар гаргаж өгөх эрхээр хангаагүй. Мөн тус зөрчлийн хэрэгт хамааралгүй хүний мэдүүлгийг үндэслэн шийтгэх тогтоол гаргасан.

- Гэрч оролцуулсан гэх боловч тус этгээдийн гарын үсэг зурагдаагүй. Гэрчээс мэдүүлэг авсан үед эрх үүргийг'сануулж өгсөн мэдүүлэг үнэн зөв болохыг нь гэрчлүүлж гарын үсэг зуруулдаг. Энэ нь гэрчээс мэдүүлэг авахад

- Холбогдох этгээдүүдийн гарын үсэг зурагдаагүй гэх мэтчилэн маш олон зөрчил илэрч байна.

3. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй буюу эрх, хууль ёсны  ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй болно.

            Ийнхүү дээрх үндэслэлээр тус шийтгэлийн хуудас нь хуульд заасны дагуу гараагүй байх тул Ш.Огийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01****7 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж өгнө үү....” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.О би 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий Аудиторын “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, 49 дүгээр зүйлийн 49.3, 54 дүгээр 54.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн зөрчилд хуульд заасан хариуцлага хүлээлгэж, хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлнэ үү” гэсэн 2879 тоот албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Татварын Ерөнхий газрын 06/3212 тоот албан бичгийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 17-нд Улсын Их Хурлын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч Ж.Э*******т Сонгуулийн хуулийг зөрчиж, сонгуулийн дансны зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй тул Хан-Уул дүүргийн хяналтын прокурорт танилцуулан 20*******27 тоот зөрчлийн хэрэг нээсэн.

Татварын Ерөнхий газраас 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн нэр дэвшигч нарын зөрчилд хамаарал бүхий нотлох баримтад нэр дэвшигч Ж.Э*******т холбогдох нотлох баримт байгаагүй тул 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зөрчлийн нотлох баримт ирүүлж, гэрч томилуулах тухай Үндэсний Аудитын газарт 3/1950 тоот албан бичгийг явуулсан. Үүний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Үндэсний Аудитын газрын аудитор Д.Б***Э***эс гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримт болох Ж.Э“Нэр дэвшигчийн  сонгуулийн зардлын тайлангийн хураангуй”, Э***** ХХК-д хийлгэсэн аудитын дүгнэлт, нэр дэвшигч, Хаан банкин дахь 52*******80 тоот харилцах дансны хуулга зэрэг нотлох "баримтуудыг гаргуулан авсан. 

Ж.Э хийсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний Аудитын газарт бүртгүүлээгүй зөрчил нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 3-т “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна” гэж заасныг зөрчсөн тул Монгол Улсын Зөрчлийн Тухай Хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг үндэслэн 10,000,000.00 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Иргэн Ж.Э нь шүүхэд гаргасан гомдолдоо эрх бүхий албан тушаалтан Ш.О зөрчил шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, ямар ч мэдүүлэг тайлбар авалгүй, хуульд заасан эрхийг эдлүүлэхгүйгээр шийтгэл оногдуулсан гэсэн боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т “Холбогдогч дараах үүрэгтэй”,  3.1. “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх”, 3.2. “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх” гэж заасан үүргийг биелүүлээгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Холбогдогчийг дуудах хуудсаар, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудаж болно” гэж заасан байлдаг. Иргэн Ж.Э ирж уулзан, холбогдогчийн мэдүүлэг өгөх талаар дараах байдлаар удаа дараа ажиллагаа хийсэн. Үүнд: Хан-Уул дүүргийн татварын хэлтэст 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 10 цагт ирсэн боловч тус хэлтсийн уулзалтын өрөөнд иргэн уулзалттай байсан тул хүлээж чадахгүй гэхэд би өөр өрөөнд оруулах зөвшөөрөл авч бууж ирэхэд явсан байсан залгахад дараа ирнэ гэж хэлсэн. 2020 оны 12 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд удаа дараа залгахад утсаа аваагүй.

Нягтлан бодогч 2020 оны 12 сарын 23-ны өдөр ирж дансаа тулгасан, дансны үлдэгдэл 242,407 төгрөгийг буцаан шилжүүлж улсын орлого болгоогүй, 10,000-5,000,000 төгрөгийн регистрийн дугаар бичээгүй боловч өөрсдийн данснаас шилжүүлсэн орлогууд, П*******гээс данс тодорхойгүй 5,000,000, Ж******* гэж иргэн Ж******* нэрээр 200,000 төгрөгийн данс нэр зөрүүтэй орлогууд зэрэг зөрчлүүд байна. Иргэн Ж.Э руу утсаар холбогдож тайлбар мэдүүлэг өгөх талаар ярихад дахиж танай ажил дээр очих боломжгүй гэдгээ хэлсэн тул нягтлантай нь ярьж байгаад Ж.Э*******ын байгаа газар очиж мэдүүлэг авахаар тохирсон боловч тэр өдрөөс хойш нягтлан бодогч утсаа авахаа больсон. Ж.Э заримдаа утсаа авч очих боломжгүй гэдгээ хэлдэг. Эндээс үзвэл нэхэмжлэгчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.8-т заасан эрхээ эдлэх боломж бүрэн байсаар байтал өөрийн буруутай үйлдэл, үл тоосон байдал, хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс болж гомдол гаргаж байгааг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдогчийн эрх үүргийг эдлүүлэх бүрэн нөхцөл боломжийг олгосон гэж үзэж байна.  Иймээс шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

      ҮНДЭСЛЭХ НЬ:

Гомдол гаргагч Ж.Э-ээс тус шүүхэд хандан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ш.О гийн  2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  01****7 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ[1].

Маргааны үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ш.О гаас “Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч Ж.Э*******ыг сонгуулийн хуулийг зөрчиж, хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй орлогыг улсын орлого болгоогүй” гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэн 10,000 нэгж /10,000,000 төгрөг/-ээр торгох шийтгэл оногдуулсан байна[2].

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаан бүхий актыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Зөрчлийн хэргийг танилцуулаагүй. Холбогдогчоос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мэдүүлэг аваагүй бөгөөд тус хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасны дагуу тайлбар гаргаж өгөх эрхээр хангаагүй. Мөн тус зөрчлийн хэрэгт хамааралгүй хүний мэдүүлгийг үндэслэн шийтгэх тогтоол гаргасан...” гэж  маргасан.

Харин хариуцагч татварын улсын байцаагч Ш.О гаас “...холбогдогч Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 51 дүгээр зүйлийн 51.4-г зөрчсөн....”, тухайн үед корона вирусийн халдвар их байсан учраас зөвхөн утсаар холбогдож дуудаж байсан...”, 30 хоногийн хугацаанд бид гэрээсээ ажиллаад гарч орох боломжгүй байсан юм...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н*******гээс “... Түүнийг нэг удаа манай байгууллага дээр ирэх үед ковид 19-ийн халдвар гарчихсан байсан тул уулзалтын өрөө сул байгаагүй. Түүнийг өөр өрөөнд оруулах гэсэн боловч явчихсан байсан. Араас нь утасдахад би дахиж танайд очих боломж байхгүй гэсэн. Эрх бүхий албан тушаалтан өөрийнхөө хэмжээнд нотлох баримтыг цуглуулсан гэж үзэж байна...” гэж мэдүүлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан дээрх тайлбар, Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал зэргээс үзвэл хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ш.О Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг хэрэглэн шийтгэл оногдуулсан эсэхэд эргэлзээ төрүүллээ.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...”, Арван есдүгээр зүйлийн 1-д “...Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц..., хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах...”-аар заасан.

Ийнхүү төр Зөрчлийн тухай хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, улмаар хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хуулийн дагуу шалгаж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэх үүргийг өөртөө хүлээсэн.

Иймээс Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын хувьд хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхдээ иргэний үндсэн эрхийг зохих ёсоор хангах үүрэгтэй юм.

Энэ талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1.5.зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах; 6.6 дугаар зүйлийн 4-д Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална., 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;-ийг тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулахаар зохицуулжээ.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гомдол гаргагч Ж.Э*******ыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн буюу холбогдогчоор тогтоосон атлаа энэ зүйлд заасан “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх; зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах; өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах; нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх;зөрчлийн хэрэгтэй танилцах” эрхийг нь эдлүүлээгүй гэх үйл баримт үүссэн.

Түүнчлэн хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ш.О нь холбогдогчоос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1-д заасан Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор авсан мэдүүлэг болон энэ хуулийн 4.13 дугаар зүйлд заасан тэмдэглэлийг[3] үйлдэх буюу зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд Ж.Э*******ыг оролцуулаагүй байна.

Хэдийгээр энэ талаар зөрчлийн материалд “утсаар ярьсан тухай тэмдэглэл“[4] үйлдсэн хэдий ч үүнийг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлэхийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н*******д сануулан, нотолгооны ач холбогдол бүхий зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтыг ирүүлэхийг шаардсан боловч шүүхийн эцсийн хэлэлцүүлэгт энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй.

Нөгөөтээгүүр хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зөрчлийн холбогдогч Ж.Э*******ыг Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 54 дүгээр зүйлийн 51.4.Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн гэж тайлбарласан атал 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дүгээр  Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай тогтоолд “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4.Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ.54.5. Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ” заасан зөрчил үйлдсэн гэж гомдол гаргагчийг буруутгажээ.

Энэхүү хуулийн зүйл заалтын зөрүүтэй байдлыг шүүхээс шууд зөвтгөн Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан маргааны үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байлаа.

Тиймээс хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх субъект болохын  хувьд дээрх Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцүүлэн шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлээ зөвтгөн, бодит нөхцөл байдал, үндэслэлүүдийг нэг бүрчлэн нягтлан шалгасны үндсэн дээр захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, үйлдэл эс үйлдэхүйг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах нь зүйд нийцнэ.

Дээр дурдсан нөхцөл байдлын талаар нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул уг асуудлыг хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд дахин шийдвэрлэх боломжтой гэж үзэн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ш.Огийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01****7 дугаар шийтгэлийн хуудсыг 1 /нэг/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эцэст нь нийтэд илэрхий үйл баримтаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаар[5] 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар[6], 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор[7] Дэлхий нийтэд коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Гэвч гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төрийн, нийтийн албан хаагчдыг тодорхой хязгаарлалтайгаар ажиллаж байсан[8].

Харин гомдол гаргагч Ж.Э цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор очих боломжгүй байсан эсхүл хууль дээдлэх зарчмыг үл ойшоон эрх бүхий байгууллагын албан тушаалтны дуудсанаар хүрэлцэн ирэх, мэдүүлэг өгөхөөс зориуд зайлсхийсэн зөрчлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан эсэх талаар тодруулах ажиллагааг орхигдуулж болохгүйг дурдах нь зүйтэй.  

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2.4 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  01****7 дугаар шийтгэлийн хуудсыг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ш.О гийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  01****7 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтас хэргийн 1-3 хуудас  

[2] Хавтас хэргийн 5 хуудас, Зөрчлийн 20*******27 дугаар хэргийн 76 хуудас 

[3] Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалын 71 хуудас

[4] Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалын 28 хуудас

[8] Хавтаст хэргийн 74 хуудас