Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 558

 

 

 

 

 

    Л.Дд холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Энхжаргал,

шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, түүний өмгөөлөгч А.Отгонжаргал,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Л.Дд холбогдох эрүүгийн 1803009900044 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1997 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, арьсан гутал урлал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, хүргэн ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 65 дугаар гудамжны 9 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Л.Д нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Эрэл групп” ХХК-ний Барилгын хийц эдлэлийн үйлдвэрийн урд замд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цаг 40 минутын үед 7317 ОРО улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Хуягбаатар, Э.Бадамсүрэн нарыг мөргөснөөс Э.Бадамсүрэнгийн амь насыг хохироож, Д.Хуягбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Л.Дн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Нарванчин овгийн Лхагвын Дэлгэрдалайг автотээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Дг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.Дд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн ерөнхий ангийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдлэж дууссаны дараагаас эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Л.Дгийн №1049700 дугаартай жолоочийн эрхийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлж, Л.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хохирогч Л.Хуягбаатар нар нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Л.Дд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил хүртэл хугацаагаар хасч, 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:

  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Л.Дд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...улсын яллагч дүгнэлт, өмгөөлөгч санал, тэдгээрийг тайлбар хэлж дууссаны дараа эцсийн үг хэлэхийг шүүх хуралдаан даргалагч шүүгдэгчид зөвшөөрөх ба шүүгдэгч эцсийн үг хэлж байхад түүнд асуулт тавьж болохгүй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүгдэгчээс хэлэх эцсийн үгийг цагаар хязгаарлаж болохгүй" гэж тус тус заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны үед улсын яллагч дүгнэлт, өмгөөлөгч санал, хохирогч нараас нэмэлт тайлбар хэлсэн бөгөөд үүний дараа шүүх хуралдаан даргалагч шүүгдэгчээс эцсийн үг хэлэх боломж олгоогүй, шүүх хуралдаан завсарлахаас өмнө хэлэх эцсийн үг байгаа эсэхийг асуулгүй шүүх хуралдаан завсарласан. Энэ нь шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

 

2. Ял шийтгэлийн талаар:

Миний үйлчлүүлэгч Л.Д нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч ирсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэлтэй маргаан байхгүй. Гэвч анхан шатны шүүхээс дараах ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Л.Д нь хэрэг гарах үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр авто осол болмогц өөрөө түргэн тусламж болон цагдаа дуудаж шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн байдаг. Энэ тухай гэрч Соронзонболд /хх-51/, гэрч Элбэгдаш /хх-54/ болон Л.Д /хх-132/ тус тус мэдүүлсэн байдаг.

Мөн Л.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэчулуунд түүний эхнэр Оюунцэцэгийн Төрийн банкин дахь 230100050455 тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр оршуулгын зардалд хоёр хуваан 5,000,000 /таван сая/ төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр оршуулгын зардалд 100,000 төгрөг, гар утасны төлбөрт 250,000 төгрөг, нийт 5.350.000 төгрөг, хохирогч Д.Хуягбаатарт түүний ах Батхуягийн Хаан банкин дахь 5556346337 тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 250.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг, нийт 1.750.000 төгрөг хохирол төлбөрт тус тус төлсөн байдаг /хх-237-239/. Хэдийгээр эрдэнэт хүний амь насыг юугаар ч үнэлж баршгүй ч гэлээ шүүгдэгчийн зүгээс өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хэрэгт авагдсан бодитой гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан. Цаашид амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдэд хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ болон хохирогч Хуягбаатарт цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлсээр ирсэн.

Үүнээс гадна Л.Д өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй /хх 145/, Газар Шим" ХХК-нд борлуулалтын туслах ажилтанаар ажиллаж байсан /хх 147-148/. Хувийн байдлын тухайд үг дуу цөөтэй, архи тамхи хэрэглэдэггүй, төлөв даруу зантай /хх 43, 48/ талаар гэрч Азжаргал, Солонго нар мэдүүлсэн байдаг. Түүнчлэн Л.Дгийн хамтран амьдрагч Оюундарь нь 9 сартай жирэмсэн бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын эхээр төрөх юм.

Дээрх нөхцөл байдлаас харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”. 1.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн". 1.5 дахь хэсэгт “...өөрийгөө илчилсэн.” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ", мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно" гэж тус тус заасан байдаг.

Иймд, миний үйлчлүүлэгч Л.Дгийн хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирол төлбөр төлсөн болон цаашид гарах хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байдал, хохирогч нарт шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн байдал зэргийг харгалзан үзэж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 212 тоот шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Л.Дд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Л.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Д би 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн буруутай үйлдлийн улмаас авто осол гаргаж, эрдэнэт хүний амь насыг хохироож, нэг хүний биед хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Авто осол болсон өдрөөс хойш надад харамсаагүй нэг ч өдөр байхгүй. Тухайн өдөр би авто осол гармагц өөрийн утаснаас түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Манай гэр бүлд надаас өөр хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй бөгөөд эхнэр маань жирэмсэн, ээж маань ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Л.Д би өөрийнхөө нэр дээр байсан хоёр авто машиныг ченжид худалдан борлуулж, худалдан борлуулсан орлогоороо хохирогч нарын хохирол төлбөрийг төлсөн. Л.Д би хохирогч Д.Хуягбаатарт цаашид гарах эмчилгээний зардлыг болон Э.Бадамсүрэнгийн охинд хуульд заасны дагуу тэтгэлэг өгөх болно. Миний эхнэр Оюундарь нь 9 сартай жирэмсэн. Иймээс миний дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүхээс нэг удаа боломж олгож, надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралд хэлэх тайлбар байхгүй. Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэчулууны өмгөөлөгч А.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол төлбөр дээр нэмж хэлэх тайлбар байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж анхан шатны шүүх шийдвэрлэсэн. ...” гэв.

  

Прокурор Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн хувьд явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хоёр явган зорчигчид зам тавьж өгөлгүйгээр шууд очиж мөргөсөн, үүний улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хор уршгийн хувьд маш хүнд хор хохирол учруулсан хэрэг байдаг. Зам тээврийн осол нь хэдийгээр тохиолдлын шинжтэй болгоомжгүй үйлдлийн улмаас гарсан гэж онолын хувьд үздэг ч гэсэн явган хүний гарцан дээр давуу эрхийг олгох жолоочийн үндсэн үүргийг биелүүлээгүй. Тухайн үед тээврийн хэрэгсэл их хурдтай ирж, явган зорчигчид зам тавьж өгөлгүйгээр очиж мөргөн амь насыг нь хохироосон үйлдэл байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тухайн гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан гэмт үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн шаардлагыг тавьдаг. Уг хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэж байгаа бөгөөд 1-5 жилийн хорих ялтай. Шүүгдэгч Л.Дд анхан шатны шүүхээс 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон гэж үзэж байна. Учруулсан хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзаж үзээд ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Оршуулгын зардлыг нэхэмжилсэн хэмжээгээр төлж барагдуулсан байдаг болохоос хор уршгийг арилгах тал дээр тодорхой санаачлагатай үйлдэл хийгдээгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

    

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Л.Д нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Эрэл групп” ХХК-ний Барилгын хийц эдлэлийн үйлдвэрийн урд замд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цаг 40 минутын үед 7317 ОРО улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Хуягбаатар, Э.Бадамсүрэн нарыг мөргөснөөс Э.Бадамсүрэнгийн амь насыг хохироож, Д.Хуягбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэчулууны “...Талийгаачийн ээж бид хоёр ослын талаар дуулаад шууд Баянхонгор аймгаас Улаанбаатар хотод ирэхэд охин минь Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаангүй хэвтэж байсан. Тэгээд охин минь эмнэлэгт нэг хоноод өглөө үүрээр 6 цагт нас барсан юм. Талийгаачийн буяны ажилд зарцуулсан мөнгө, төгрөг болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх болно. ...Маш их гомдолтой байна. ...” /1-р хх 29-30/,

 

Хохирогч Д.Хуягбаатарын “...нэгдүгээр эгнээнд нэг автомашин ирж яваа харагдсан. Тэр үед бид хоёр амжих юм байна гэж бодоод цааш алхаад явган хүний гарцаар гараад дуусах гэж байтал ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд ирж байсан автомашины жолооч зогсолгүй маш хурдтай ирж бид хоёрыг мөргөсөн. Тэр үед хэсэг ухаан алдсан байсан. Сэрэхэд баруун хөл зүүн хөлийн дор орчихсон, цус алдаж байсан. Би баруун хөлөө зүүн хөл дороосоо татаж гаргаж авсан. ...Ослын улмаас баруун хөлийн шилбэ, дунд чөмөг хугарсан. Толгойдоо гэмтэл авч оёо тавиулсан. ...” /1-р хх 37-38/,

 

Гэрч Н.Соронзонболдын “...ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байтал Элбэгдаш “хүн” гэж хэлсэн. Би тэр үед өндийгөөд хартал автомашины урд салхины шилэн дээр хүн мөргүүлээд ирсэн. Тэр үед Дэлгэрдалай тормос гишгэж, зогсож чадалгүй явган хүний гарцнаас нилээд урагш яваад зогссон. ...” /1-р хх 51-52/,

 

Гэрч М.Элбэгдашийн “...Би хоёр хүнийг хараад Дэлгэрдалай буюу /Дээгий/ хүн гэж хэлтэл түс тас хийж автомашины урд салхины шилэн дээр түг хийх маш хүчтэй чимээ гарч, Дэлгэрдалай тормос гишгэж зогссон. ...” /1-р хх 54-55/,

 

Л.Дгийн яллагдагчаар өгсөн “...Би талийгаач Э.Бадамсүрэнгийн буяны ажилд 5.000.000 төгрөг өгсөн. Хохирогч Д.Хуягбаатарын эмчилгээнд 700.000 төгрөг өгсөн. ...Би явган хүний гарцаар гарч явсан хоёр хүнийг ойролцоогоор 80 орчим метрээс харж, шууд тормос гишгэж, жолооны хүрдээ баруун гар талруугаа дарсан боловч, их хурдтай явж байсан учраас зогсож чадалгүй автомашиныхаа зүүн урд хэсгээр хоёр хүнийг мөргөсөн. Тэр мөргүүлсэн хоёр хүний нэг нь автомашины дээгүүр шидэгдэж, автомашины хойд талд зам дээр унасан. Нөгөө нэг хүн нь автомашины урд шилэн дээр ойж, шидэгдэж зам дээр унасан. ...” /1-р хх 131-132/ гэх мэдүүлгүүд, 

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “...4. Талийгаач нь дээрх авто ослын улмаас үүссэн гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. ...” гэх 2659 дугаартай дүгнэлт /1-р хх 57-59/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “1. Д.Хуягбаатарын биед тархи доргилт, духны язарсан шарх, баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун шилбэний шаант тахилзуур ясны ил хугарал, баруун шилбэний шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 14413 дугаартай дүгнэлт /1-р хх 81/,

 

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 278 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1-р хх 115-116/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 4-5/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1-р хх 6-7/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд  оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Дг Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Л.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нар нь “анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Л.Дгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Э.Бадамсүрэнгийн амь нас хохирсон, мөн Д.Хуягбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдлыг харгалзан 3 жилийн хорих ялыг оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.

 

Иймээс шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гомдолд дурдсан үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.     

           

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг нь шүүгдэгчид эцсийн үг хэлүүлэх боломж олгоогүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэл мөн боловч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна.

 

            Мөн анхан шатны  шүүх хуралдааны тэмдэглэлийг үзэхэд “оролцогч нарт нэмж хэлэх зүйл байна уу гэсэн асуултанд шүүгдэгч дуугарсангүй” /2х-16х/ гэж бичигдсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлд заасан зохицуулалтыг тодорхой хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдэж байна.                                                                                                                                            

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ