Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2017/02508

 

Б.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын  12-ний  өдрийн 101/ШШ2017/03169 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М У С Ү Төв-д холбогдох

 

М У С Ү Төв-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б-05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, М У С Ү Төв-ийн Баянхонгор аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх  олговор гаргуулах, 2014 оны 01 сараас 2017 оны 02 сарын 15-ны өдрийг хүртэлх олгогдоогүй цалин 18 397 161 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад  Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ц-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Уранцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь М У С Ү Төв-ийн Баянхонгор аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерээр 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр томилогдон ажилласан. Анх ажилд ороход цөм сүргийн аж ахуй ТӨААТҮГ байсан. Харин 2013 оны Засгийн газрын 420, Төрийн өмчийн хорооны 80 дугаар тогтоолоор, М У С Ү Төв-ийн салбар болж, 2015 оны Хүнс хөдөө аж ахуйн сайдын тушаалаар дахин өөрчлөгдөж Баянхонгор аймаг дахь цөм үржлийн төв ТӨААТҮГ болж өөрчлөгдсөн. Тухай бүрийд нэхэмжлэгч  захирлаар нь ажиллаж байсан. 2016 оны А-66 дугаар тушаалаар орон тоо шинэчлэгдэн батлагдаж байгаа талаар бүх орон нутгийн захирлуудад мэдэгдэл өгч, захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж орон нутгийн салбар нэгж хариуцсан менежерүүдийг томилон тус төвийн бүтцийн орон тоонд багтаан ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч нь менежер болсон. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр М У С Ү Төв-ийн дарга Д.Цолмон нь ажлын хэсэгтэй Баянхонгор аймагт ирж ажлаас чөлөөлсөн тушаалаа гардуулан өгч, шууд ажлаа хүлээлгэн өг гэж шаардсан. Урьдчилан  мэдэгдээгүй, хотод семинарт байхад таньтай ажиллаж чадахгүй гэж хэлж байсан. Нэхэмжлэгч нь  хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг боловч нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, өөрийн үйл ажиллагааны орлогоор цалинждаг байсан. Нэхэмжлэгчийг өр үүсгэсэн мэтээр, түрээсийн гэрээгээр малыг малчинд олгосноор малын тоо толгой буурах шалтгаан болсон байхад  ажил үүрэгтэй шууд холбож, буруутган ажлаас чөлөөлөн. М У С Ү Төв-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б-05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан М У С Ү Төв-ийн Баянхонгор аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулна.

Мөн 2014.01.01-ээс 2017.02.15-ныг хүртэл хөдөлмөрийн гэрээтэй байсан хэрнээ цалин ерөөсөө олгоогүй, дээд газраас өгнө, яаманд шат шатаар дамжин яригдаж байгаа, шийдэгдэнэ, ажлаа хийж бай гэсэн хүлээлгийн байдалтай байлгаж байгаад шууд ажлаас гарах тушаалыг өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, энэ хугацааны цалин болох 18 397 161 төгрөгийг нөхөн гаргуулж өгнө үү, Мөн тус цалинд тохирох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэргийг төлөөгүйгээс ажилласан жилээрээ болон нийгмийн даатгалын хөнгөлөлт тусламж авах эрхээрээ хохирч байна. Энэ хугацааг  дээрх байгууллагад ажилласан гэж үзэх үндэслэл байхгүй болсон. Байгууллагыг өртэй болгосон гэж үзсэн нэг үндэслэл нь нэхэмжлэгчид  өгөх ёстой дээрх цалин хөлс юм. Иймд  18 397161 төгрөгний цалинг М У С Ү Төв-өөс нөхөн гаргуулах. Олгогдоогүй байсан хугацааны цалинд тохирох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг М У С Ү Төв-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М У С Ү Төв-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалтуяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Ц-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.3.1-т заасныг зөрчсөн. Б.Ц-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь Хөдөлмөрийн хуулийн 23.3-т зааснаар дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасны дагуу 2015.12.25-ны өдөр хүртэл 1 жилээр сунгагдсан болно. Б.Ц- нь үүлдэр омгийн малын удмын санг хамгаалах, сайн чанарын хээлтүүлэгч малаар бүс нутгийн хэрэгцээг хангах ажлыг огт хийгээгүй. Ажиллах хугацаандаа 2014 онд 282 толгой мал, 2015 онд 142 толгой мал, 2016 онд 131 толгой мал таваарын зориулалтаар зах зээлд борлуулсан бөгөөд энэ хугацаанд нэг ч хээлтүүлэгч мал худалдаагүй, бүс орон нутгийн малын чанарыг сайжруулах ямарваа ажил хийж гүйцэтгээгүй. 1/Байгууллагад их хэмжээний өр үүсгэсэн: 2014 оны жилийн эцсийн байдлаар Баянхонгор аймгийн цөм сүргийн үржлийн төв нь 7,888.84 төгрөгийн өглөгтэй, 30,983.60 төгрөгийн хөрөнгөтэй байсан бол 2015 онд 18,677.27 төгрөгийн өглөгтэй, 20,948.59 төгрөгийн хөрөнгөтэй, 2016 онд 24,608.71 төгрөгийн өглөгтэй, 14,345.27 төгрөгийн хөрөнгөтэй болж бүх хөрөнгөө зараад ч өр төлбөрөө бүрэн барагдуулах боломжгүй эдийн засгийн хувьд туйлын хүнд нөхцөлд орсон. Дээрх хугацаанд өр төлбөр 3,1 дахин өссөн, хөрөнгө 2,2 дахин буурсан.  2/Цөм сүргийн малын тоог бууруулсан: 2015 оны жилийн эхний байдлаар 622 толгой мал байснаас төлөвлөгөөгөөр оны эцэст 653 толгой хүрэх зорилт тавьснаас гүйцэтгэл 489 толгой мал болж 164 толгой малаар буурсан. Нийт хээлтэгч малын 15 хувиас 20 хувьтай тэнцэх тооны хээлтүүлэгч бойжуулж бүс нутгийн хэрэгцээг хангах байснаас нэг ч хээлтүүлэгч бойжуулаагүй. 2016 оны жилийн эхний байдлаар 489 толгой мал байснаас төлөвлөгөөгөөр оны эцэст 562 толгой хүрэх зорилт тавьснаас гүйцэтгэл 304 толгой мал болж 258 толгой малаар буурсан. Сүргийн дотор хээлтэгчийн эзлэх хувийг 72 хувьд хүргэх зорилттой ажилласнаас хээлтэгчийн эзлэх хувь 36 хувь болж төлөвлөгөөг 50 хувиар биелүүлсэн. Б.Ц- нь цөм сүргийн үржлийн төвийн мал малладаг малчидтай түрээсийн гэрээ байгуулахдаа онд оролтын хувийг оны эхний нийт малын 20 хувийг, төлийн 35 хувийг малчинд өгөхөөр хийснийг 2016 оны байдлаар тооцож үзэхэд малын дутагдал, хорогдолгүй, худалдан борлуулаагүй нөхцөлд тоо толгой 8 хувиар өсөх эдийн засгийн үр ашиггүй гэрээ хийсэн. Онд оролтын хувийн дагуу олгох малаас дутагдсан болон зүй бус хорогдсон малыг хасч олгох байтал Б.Ц- нь 2015 онд дутагдсан 77 толгой малыг хасч олгоогүйгээс байгууллагад дансны үнээр 5 005 000 төгрөг, зах зээлийн үнээр 3 695 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 онд зүй бус хорогдлоор 63 мал хорогдсоныг хасч тооцоогүйгээс дансны үнээр 4 218 168 төгрөг, зах зээлийн үнээр 6 195 000 төгрөгийн хохирол байгууллагад учруулсан. Тухайн онд хүлээн авсан төлийн 65 хувийг байгууллага авах, 35 хувийг малчинд өгөхөөр гэрээ хийсэн. Гэрээний дагуу 2015 онд манай байгууллага 223 мал хүлээн авах ёстойгоос 209 төл хүлээн авсан, 2016 онд 137 төл хүлээн авах ёстойгоос 127 төл хүлээн авсан. Зөрүү нийт 24 төлийг малчнаар нөхөн төлүүлээгүйгээс нийт дансны үнээр 240 000 төгрөг, зах зээлийн үнээр 755 000 төгрөгийн хохирол байгууллагад учирсан. Б.Ц- нь  их хэмжээний хохирлыг учруулаагүй гэрээт малчин учруулсан гэж тайлбарлаж байгаа нь үүрэгт ажлыг ухамсарлаагүй гэж үзнэ. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Цалинд 18 397 161 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А/66 тоот тушаал гарахаас өмнө байгууллага нь тусдаа, тамга тэмдэгтэй, өөрийн нэрийн өмнөөс бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээд байсан. Санхүүжүүлэх төсөв М У С Ү Төв-ийн төсөвт тусгагддаггүй. Цөм сүргийн хөгжлийн үндэсний төв нь төсвөө бүрдүүлж, цалин зардлаа гаргах бүрэн эрхтэй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан М У С Ү Төв-ийн захирлын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн Б-05 тоот тушаалыг хүчингүй болгож, Боржигон овогт Бизъяагийн Цэрэнханд /Регистрийн дугаар ВГ63030405/-ыг М У С Ү Төв-ийн Баянхонгор аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч М У С Ү Төв-өөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,662,808.74 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан 2014 оны 01 сараас 2017 оны 02 сарын 15-ны өдрийг хүртэлх цалин 18,397,161 төгрөг гаргуулах, уг цалинд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ыг ажилгүй байсан 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч М У С Ү Төв-д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч Б.Ц-аас ажиллаж байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М У С Ү Төв-өөс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 89,554 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Цолмон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Ц- нь Үр дүнгийн, Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Цаашид энэ хүнээр Төрийн өмчийн мал тэр тусмаа цөм сүргийн мал сүргийг хариуцуулсан хэвээр байх аваас хотонд нь нэг ч мал үлдэхгүй аюул учруулах байдалд очсон. Харин дотоод ажил хариуцсан мэргэжилтний буруугаас тушаалын хууль зүйн үндэслэлд 2014 онд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг үндэслэл болгосон. Хөдөлмөрийн гэрээ, Үр дүнгийн гэрээ, ажил хүлээлцсэн акт, Төрийн өмчийн хорооноос хэдэн мал хөрөнгө ирсэн одоо хэд болсон зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдоно.

М У С Ү Төв-ийн захирал, Баянхонгор аймгийн цөм сүргийн үржлийн төвийн захиралтай байгуулах үр дүнгийн гэрээг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтын 2-т "Цөм сүргийн малаа өнгөрсөн оныхоос 15,0 хувиар өсгөнө" гэжзаасан байдаг. 2015 оны 05 дугаар сард байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйл, 2.1.7 дахь хэсгийн б-д "Цөм сүргийн малыг өсгөн үржүүлж, сайн чанарын хээлтэгч, хээлтүүлэгч, малыг бойжуулан бүс нутгийн хэрэгцээг хангах" гэж заасан энэ үүргийг Б.Ц- биелүүлээгүй. Мөн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ОНС/12 тоот М У С Ү Төв-ийн орон нутаг дахь салбарын захиралтай байгуулах хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйл, 4.2 дахь заалтанд " Байгууллагын цөм сүргийн малыг өмнөх оноос 105 хүртэлх хувиар өсгөж, нийт хээлтэгчийн 15-20 хүртэл хувьтай тэнцэх тооны хээлтүүлэгчийг тухайн жилд шинээр тавьж боожуулах, бүсийн, аймаг, сумдын иргэд аж ахуй нэгжийн малын чанарыг сайжруулах ажлыг хийнэ" гэж заасан байдаг. Гэтэл Б.Ц- нь 2016 оны үр дүнгийн гэрээнийхээ зорилтоо биелүүлээгүйгээс малын тоо толгой эрс буурсан. 2014, 2015 онд зорилтот төлөвлөгөөнд хүрээгүй тул байгууллагын зүгээс Б.Ц-ыг үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй гэж дүгнэн, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлтэй зөв шийдвэр гэж үзэж байна. Шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч М У С Ү Төв-д холбогдуулан тус төвийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, М У С Ү Төв-ийн Баянхонгор аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2014 оны 01 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл олгогдоогүй байсан цалин 18 397 161 төгрөгийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж,  дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...байгууллагад их хэмжээний өр үүсгэж, малын тоо толгойг бууруулсан ноцтой зөрчил гаргасан” гэж маргажээ. 

 

Б.Ц- нь М У С Ү Төв-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар Цөм сүргийн үржлийн төвийн Баянхонгор аймаг дахь салбарын менежерийн ажил албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тус төвийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 3, 29-30/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох боловч гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээндээ урьдчилан нэрлэн заасан байхыг шаарддаг.

 

Гэтэл Б.Ц-ыг Цөм сүргийн үржлийн төвийн Баянхонгор аймаг дахь салбарын менежерийн албан тушаалд томилогдсоны дараа түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хүчингүй болсон хөдөлмөрийн гэрээний заалтуудыг баримтлан ажлаас чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Зохигчдын тайлбар, хэргийн баримтаас үзэхэд Цөм сүргийн үржлийн төвийн Баянхонгор аймаг дахь салбар нь бүтэц, зохион байгуулалтын хувьд ч ажилтны гүйцэтгэх ажил үүргийн хуваарийн хувьд ч өөрчлөлтөд орж байхад ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дах хэсэгт нийцэхгүй юм. Нэгэнт хөдөлмөрийн гэрээгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлж байсан тул “хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан” гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм. 

 

Түүнчлэн цөм сүргийн малыг өсгөн үржүүлж, хээлтүүлэгч малыг бойжуулан бүс нутгийн хэрэгцээг хангах үүргээ биелүүлээгүй гэх боловч малын тоо толгой буурсан нь нэхэмжлэгч Б.Ц-ын буруутай үйл ажиллагааны улмаас болсон болох нь баримтаар нотлогдохгүй байх тул ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзнэ.

 

Ажилтны гаргасан гэх зөрчил нь үйлдсэн цаг хугацаа, илэрсэн хэлбэр /үйлдэл, эс үйлдэхүйн/-ийн хувьд тодорхой байхаас гадна ажил олгогч уг зөрчлийг шалгаж тогтоосон байх шаардлагатай юм. Ингэснээр шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131.4-д заасан хөөн хэлэлцэх хугацаа, хөдөлмөрийн гэрээний заалтууд, зөрчлийн шинж чанар зэргийг харьцуулан дүгнэх боломжтой болох юм. Сахилгын шийтгэл ногдуулсны хувьд ажил олгогчид нотлох үүргийн хувиарлалтын дагуу ажилтны гэм буруу, зөрчил, үр дагавар зэргийг нотлох үүрэг ногдох бөгөөд энэ үүргээ хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлож чадаагүй болно.

 

Харин нэхэмжлэгчийн дутуу авсан гэх цалингийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан цаг тухай бүрийд нь олгодог, цалин хөлс олгогдохгүй эрх нь зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор зохих байгууллагад гомдлоо гаргасан гэх баримтгүй, 2014 оны 01 дүгээр сараас 2017 оны 02 сарын 15 хүртэл 3 жил 1 сар 15 хоногийн хугацаа өнгөрсөн байна.

 

Дээрх үндэслэлээр нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/03169 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

           ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА

                                                                                 Ш.ОЮУНХАНД