Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2018/01286

 

 

 

 

 

      2018 оны 05 сарын 17 өдөр

                Дугаар 184/ШШ2018/01286

                   Улаанбаатар хот

                                   

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд  хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: У.Б.С ХХК

Хариуцагч: Ю.Ө

Түрээсийн гэрээний үүрэгт  1 283 356 /нэг сая хоёр зуун наян гурван мянга гурван зуун тавин зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагч Ю.Ө, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  /УБТТС/  ХХК нь иргэн Ю.Өтэй 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс ТТ-15-048 дугаартай “Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ”-г байгуулсан ба түрээслэгч Ю.Ө нь 1427 УНС улын дугаартай, “Hyundai Elantra” маркын  автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж ашиглах, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг тогтмол төлөх үүрэг хүлээж, автомашиныг бүрэн бүтэн байдлыг актаар хүлээлгэн өгч баталгаажуулснаар гэрээ хэрэгжиж эхэлсэн.

Түрээслэгч нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэрээнд заасан хугацаанд  төлбөрөө төлөөгүй тул түрээслүүлэгч талаас гэрээний ТТ-15-048 тоот гэрээний үүргийг 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөр дуусгавар болгож түрээсийн зүйл болох автомашиныг түрээслэгчийн эхнэр Эрдэнэцэцэгээс хүлээн авч акт үйлдэж, оношилгоо үзлэгт оруулж, холбогдох засвар үйлчилгээг хийлгэсэн.

Хариуцагчаас засвар үйлчилгээний зардал 1 270 932 төгрөг, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 600 000 төгрөг, бусад зардал 43 934 төгрөг, нийт 1 914 856 төгрөгөөс  Ю.Өгийн урьдчилан төлсөн 631 500 төгрөгийг хасч 1 283 356 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015  оны 5 дугаар  сарын 11-ний өдрөөс тус компанитай гэрээ байгуулж 1427 УНС улын дугаартай автомашиныг хүлээн 2015 оны 7 дугаар сарын 3-нд хүлээлгэн өгсөн.  Эзэмшиж эхэлсэн хугацаанаас эхлээд хураалгах хүртэл сар гаруй л болсон бөгөөд энэ хугацаанд компанид урьдчилгаа төлбөрөөс гадна 405 000 төгрөг төлсөн. Ээжийн бие муудаад гачигдалтай байгаа тухайгаа  компанид хэлэхэд хүлээн аваагүй гэрээг шууд цуцласан ба 1427 УНС улсын дугаартай автомашиныг ямар нэг гэмтэлгүй, сэвгүйгээр нэхэмжлэгч компанид буцаан өгсөн. 

Автомашиныг өөр этгээдэд 7 хоногийн дараа л түрээслэсэн байсан, компанид хохирол учраагүй, хүлээлгэж өгөхөд байгаагүй эвдрэл гэмтлийг сар гаруйн дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 7-нд оношилж засуулсан гэж бичсэн байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь хариуцагч Ю.Өд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт  1 283 356  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч компани хариуцагчийг 2015 оны 5 дугаар сарын 11-ний  өдөр байгуулсан ТТ-15-048 дугаартай Автомашины санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ белүүлээгүйгээс гэрээг цуцласан, төлөх ёстой түрээсийн төлбөр 600 000 төгрөгийг төлөөгүй, мөн засвар үйлчилгээний зардал 1 270 932 төгрөг, шүүхэд 2016 онд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 43 924 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч гэрээг нэхэмжлэгч талаас санаачлан цуцалж, автомашиныг хураан авч өөр этгээдэд шилжүүлсэн, ямар нэг эвдрэл гэмтэлгүй буцаан өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

Талууд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ТТ-15-048 дугаартай гэрээ байгуулсан, түрээсийн төлбөрт түрээслэгч Ю.Ө 405 000, мөн  урьдчилгаа 631 500 төгрөг төлсөн, түрээслүүлэгч талын санаачилгаар 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцлаж, автомашиныг буцаан авсан талаар маргахгүй байна. /хх-ийн 4, 13,14/

Зохигчдын байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч компани 1427 УНС улсын дугаартай Элентра маркын автомашиныг таксины үйлчилгээ эрхлэхэд нь зориулан түрээслэгчид шилжүүлж, түрээслэгч 32 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулах, түрээсийн төлбөрийг хэрхэн төлөх, гэрээний хугацаа дуусах үед гэрээний зүйлийг  шилжүүлэн өгөх талаар тохирсон байх тул талуудын хооронд  Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

Хариуцагч гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд түрээсийн төлбөрт 1 005 000 төгрөг төлөхөөс 405 000 төгрөг төлсөн, төлбөрийн дутуу 600 000 төгрөг байгаа боловч гэрээний урьдчилгаанд өгсөн 631 000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан олгоогүй байна.

Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзэхээр заасан байна.

Түрээсийн зүйл болох 14-24 УНС улсын дугаартай Элентра маркын автомашины гадна сэвийг засварласан үнэ 388 970 төгрөг болохыг тодорхойлсон  2015 оны 8 дугаар сарын 3-ны “Монгол Хьюндай автомотив”  ХХК-ийн засвар үйлчилгэний хуудас гэх баримтын тухайд автомашиныг Ю.Өг эзэмшиж байхад учирсан  гэмтлийг засварлахад гарсан зардал гэж үзэх боломжгүй бөгөөд автомашиныг хүлээлцэх үед болон дараа нь эвдрэл хохирлын үнэлгээ хийгээгүй, мөн автомашиныг 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээлцсэн тухай баримт хэрэгт авагджээ.   /хх-ийн 25/

            Мөн  2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 0033208 ажлын хуудасны дугаар бүхий баримт, бараа материалын зарлагын баримтад дурдсан хөдөлгүүрийн тос, масло, цапны шарик, тосны шүүр, шпилка, даравч резин, лампа, жийрэг, агаар шүүгч сольсон гэх  880 940 төгрөгийн хувьд автомашины хэвийн элэгдлийн үед байж болох зардал бөгөөд гэрээнд заасны дагуу тухайн үеийн түрээслэгч төлөх үүрэгтэй байна. /хх-ийн 20-24/

Хариуцагчийн хувьд автомашиныг сар гаруй хугацаанд эзэмшилдээ байлгасан ба энэ хугацаанд автомашины дээр дурдсан эд ангиудыг солих шаардлага үүссэн нь эргэлзээтэй, мөн  түрээсийн зүйлийг хурааж авснаас хойш уг автомашиныг өөр этгээдэд түрээслүүлсэн эсэх талаар баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй болно.

Нэхэмжлэлийн 2016 онд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 43 924 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд нотлосон баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагад тохироогүй, мөн Ю.Өд хандан гаргасан нэхэмжлэлд төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 26/

Иймд хариуцагч Ю.Өгээс 1 283 356 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч УБТТС  ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1  дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ю.Өгээс 1 283 356 /нэг сая хоёр зуун наян гурван мянга гурван зуун тавин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч УБТТС ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.БАТСҮХ