Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 01601

 

 

“У” ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/01286 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “У” ХХК-ийн хариуцагч Ю.Өд холбогдуулсан түрээсийн гэрээний үүрэгт 1 283 356 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хариуцагч Ю.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай 2015 оны 05 дугаар сарын 15-ний өдөр ТТ-15-048 дугаартай “Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулсан ба хариуцагч нь УНС 14-27 улсын дугаартай автомашиныг гэрээний дагуу эзэмшиж, тодорхой хугацаанд түрээсийн төлбөрийг тогтмол төлөх үүрэг хүлээсэн. Гэвч түрээслэгч нь заасан хугацаанд төлбөрөө төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр гэрээг цуцалсан. Хариуцагчийн эхнэрээс автомашиныг хүлээн авч акт үйлдэн түрээсийн зүйл болох автомашиныг оношилгоо үзлэгт оруулж, шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэсэн. Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний үлдэгдэл, засвар үйлчилгээний зардалд нийт 1 283 356 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс тус компанитай гэрээ байгуулж 14-27 УНС улсын дугаартай автомашиныг хүлээн авч, 2015 оны 7 дугаар сарын 3-нд хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд нэхэмжлэгч компанид урьдчилгаа төлбөр болох 405 000 төгрөгийг төлсөн. Компанид ээжийн бие муудсан, гачигдалтай байгаа тухай хэлэхэд гэрээг шууд цуцалсан ба автомашиныг гэмтэл, сэвгүй буцаан авсан. Нэхэмжлэгч компани автомашиныг хүлээн авснаас 7 хоногийн дараа өөр этгээдэд түрээсэлсэн, үүнээс сарын дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр оношилж, засуулсан байна. Хүлээлгэн өгөхөд байгаагүй эвдрэл, гэмтлийн төлбөрийн тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У” ХХК-ийн хариуцагч Ю.Өгээс 1 283 356 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түрээсийн зүйл болох Элентра маркийн 14-27 УНС автомашиныг хүлээн авахдаа хариуцагчийн эхнэрийг байлцуулан гадна их биеийн үзлэг, оношилгоог хийсэн. 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Монгол хьюндай автомотив” ХХК-ийн засвар үйлчилгээний хуудас буюу тус автомашины гадна сэвийг засварласан үнэ 388 970 төгрөг болохыг тодорхойлсон баримтыг хариуцагчийг эзэмшиж байхад учирсан гэмтэл гэж үзэх боломжгүй, мөн автомашиныг хүлээлцэх үед болон дараа нь эвдрэл хохирлын үнэлгээ хийгээгүй, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээлцсэн тухай баримт хэрэгт авагджээ гэж нотлох баримтыг буруу дүгнэсэн. 880 940 төгрөг буюу бараа материалын зарлагыг автомашины хэвийн элэгдлийн үед байж болох мөн хариуцагчийн эзэмшилд байх 1 сарын хугацаанд эд ангиудыг солих шаардлага үүссэн нь эргэлзээтэй гэж нотлох баримтыг үндэслэлгүй дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч Ю.Өд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1 283 356 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг /хх.1/, хариуцагч эс зөвшөөрч машиныг эвдрэл гэмтэлгүй хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. /хх. 37/

Талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан гэрээгээр /хх.5-9/ нэхэмжлэгч нь таксины үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй, смарт систем, нэмэлт тоноглол бүхий Элентра маркийн 1427 УНС улсын дугаартай автомашиныг хариуцагчид тодорхой хугацаагаар түрээслүүлж, улмаар гэрээний хугацаа дуусах үед үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь түрээсийн төлбөрт сар бүр 660 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

            Хариуцагч Ю.Ө түрээсийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүйн улмаас гэрээ цуцлагдсан үйл баримт хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгоход түрээслүүлэгч талын шаардлагыг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр, хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ.

            Хариуцагч Ю.Ө нь нэхэмжлэгчид урьдчилгаа 631 500 төгрөг, түрээсийн төлбөрт 405 000 төгрөгийг тус тус төлсөн, түрээслүүлэгч “У” ХХК-ийн санаачилгаар 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалж, тухайн өдрөө автомашин хүлээлцэх акт үйлдэн хариуцагчийн эхнэр н.Эрдэнэцэцэгээс автомашиныг буцаан авсан нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт /хх.10/, түрээсийн төлбөрийн хуулга /хх.28/, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн автомашин хүлээлцсэн акт /хх.15-16/ зэрэг баримтуудаар тогтоогджээ.

            Зохигчдын хооронд 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний дагуу автомашин хүлээлцэх актаар /хх.14/ түрээсийн зүйл буюу автомашиныг хариуцагч Ю.Өд хүлээлгэн өгсөн байх боловч түрээсийн гэрээг цуцалж автомашиныг буцаан авахдаа н.Эрдэнэцэцэгээс авсан байна. Энэ тохиолдолд түрээсийн гэрээний тал бус этгээдээр гарын үсэг зуруулж үйлдсэн актыг үндэслэн хариуцагч Ю.Өг автомашинд эвдрэл, гэмтэл учруулсан гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн автомашины засвар үйлчилгээний баримтууд нь /хх.17-26/ автомашиныг хариуцагч Ю.Ө эзэмшиж байх хугацаанд буюу хариуцагчийн буруугаас учирсан гэмтэл, элэгдэл хорогдлыг засварлуулсныг нотлохгүй, мөн тус баримтад бичигдсэн автомашины эд ангиудыг зайлшгүй солих шаардлага үүссэн эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд хариуцагч буюу түрээслэгч Ю.Өг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т заасан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасан гэх үндэслэл буюу үүргээ зөрчсөн гэх нотлох баримт байхгүй байна.

Хариуцагч нь автомашиныг 1 сар гаруйн хугацаанд ашигласан байх бөгөөд түрээсийн төлбөр болон гэрээний урьдчилгаанд нийт 1 036 500  төгрөг нэхэмжлэгчид төлсөн байгаа нь эд хөрөнгийг ашиглах хугацаанд төлбөл зохих хөлсний хэмжээнээс илүү байх тул нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/01286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 35 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЭНХТӨР

 

                                                  ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ