Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Хохирогч Н.Б

Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А-д холбогдох эрүүгийн 1725000000232 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт. Ж.А

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар. Шүүгдэгч Ж.А нь 2017 оны 11 сарын 27-ны өглөө Орхон аймгийн БаянӨндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байх Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүлээн авах өрөөнд Н.Б-гзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Н.Б-н“Тэр эмэгтэй гар утсаа өгчих, би танай дарга руу чинь яриад ажилгүй болгоно, муу банди минь би чамайг танина шүү гээд М  эмч бид нарыг хэл амаар доромжлоод хашгирч орилоод байсан. Би тэр эмэгтэйг орон дээр гаргаад зүүн талд нь гараад зогсоод байж байхад хөлөө өргөөд толгойны орой хэсэгт нэг удаа хүчтэй өшиглөсөн. Би яаж байгаа юм бэ, боль гээд хөлийг нь түлхсэн. Тэр эмэгтэй бид нарыг хэл амаар их доромжилсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6- р хуудас/

2.Гэрч Д-н “2017 оны 11 сарын 26-наас 27-нд шилжих шөнө 05 цагийн үед санагдаж байна. Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв дээр агсам тавьсан гээд Ж.А гэх эмэгтэй хүргэгдэн ирсэн. Хүргэгдэн ирэх үед согтууруулах ундаа хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан. Хэрүүл маргаан хийсэн, орилж чарласан, цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлэхгүй байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/

3.Гэрч Т.М гийн “Оёдол хийх гэж байхад тухайн эмэгтэй баруун талын хөлөөрөө сувилагч Н.Б-нтолгой руу өшиглөсөн. Сувилагч Н.Б  миний ард талд зогсож байгаад багаж авч өгөөд тэгээд нөгөө орон дээр хэвтэж байгаа эмэгтэйгийн баруун талын гуяны ойролцоо очиж зогссон. Тэгтэл тэр эмэгтэй гэнэт баруун талын хөлөөрөө сувилагч Н.Б-нтолгой баруун талын ар дагз хэсэгт нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/

4.Гэрч Б.Пүрэв-Очирын “Намайг даралт үзээд дууссаны дараа гэнэт босч ирээд орон дээрээ суучихаад агсам тавиад та нар хэн юм бэ гээд баахан зүйл яриад байсан. Яг юу гээд байсан талаар санахгүй байна. Ямар ч байсан агсраад дайраад байсан. Тэгэхээр нь бид нар та ингэж болохгүй гээд тайвшруулаад орон дээр эргээд хэвтүүлсэн. Тэр үед яг хэвтэж байхдаа гэнэт хөлөө өргөөд Н.Батлулам эгчийн толгойн ар талын дагз хэсэгт өшиглөсөн. Тэр хүний нүүр рүү хүрсэн хүн байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17-р хуудас/

5.Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 992 дугаартай дүгнэлтийн “Н.Б-нбиед тархи доргилт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/ 6. Шүүгдэгч Ж.А-г  ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би эмнэлэгт ухаангүй очсон. Намайг ухаан орох үед намайг цохиж байсан. Би ямар нэг хүнийг өшиглөх үйлдэл гаргаагүй. Надад ямар нэг эмчилгээ хийгдээгүй. Намайг сэрээд харахад тэр өрөөнд эмэгтэй хүн байгаагүй. Хоёр эрэгтэй эмч толгой дээр нэг эрэгтэй хүн байсан өөр хүн байгаагүй. Би 5, 6 ширхэг 0.5 граммын шилтэй пиво уусан. Тэгээд гэртээ хариад гараа шилэнд зүссэн учраас ухаан алдсан байсан. Тэгээд эмнэлэг дээр очих үеийг би огт санахгүй байна. Эмч намайг цохих үед би сэргэсэн. Би харин ямар нэг эмэгтэй эмч өшиглөсөн үйлдэл хийгээгүй. Намайг эмнэлэгийн орон дээр сэргэчихээд байхад нэг эрэгтэй эмч нь намайг нэмээд цохиод байсан. Чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд би чамайг цохиогүй, чи өөрөө ингээд ирсэн гээд байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 36-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А мэдүүлэхдээ “Гэртээ ирээд ус уух гэж яваад унаж гараа гэмтээсэн. Манай нөхөр эмнэлэг дуудсан. Би цус алдаад ухаан балартсан байсан. Нэг сэрэхэд эрэгтэй эмч намайг нүүр рүү цохиж байсан. Тэр эмэгтэйг би өшиглөөгүй. Эмнэлэгийн ажилтнуудад маш их гомдолтой байгаа. Надтай их муухай харьцсан. Намайг цохиж гэмтээсэн” гэв. Хохирогч Н.Б  мэдүүлэхдээ “Энэ эмэгтэй согтуу гараа гэмтээсэн байдалтай ирээд агсан тавиад байсан. Бид нар эмчилгээ хийх гэхэд хэл амаар доромжлоод байсан. Орон дээр хэвтэж байхдаа хөлөөрөө миний толгойруу өшиглөсөн. Тэр үедээ гайгүй байх гэж бодсон чинь шөнө их өвдөж хоносон. Өглөө мөн их өвдөлт зовиуртай байсан. Энэ эмэгтэй зодож цохисон хүн байхгүй. Хохирлоо гаргуулж авмаар байна” гэв. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчийн хажуу айлын хүний “айлд хүн агсан тавиад байна” гэсэн дуудлагаар цагдаагийн ажилтан очиход хохирогч согтуу гараа гэмтээсэн байсан учир цагдаагийн ажилтан түргэн тусламж дуудсан. Хамт байсан нөхөр болон нөхөрийнх нь дүү согтуу байсан учир эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Энэ талаар цагдаагийн албан хаагч нар гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн дүгнэлт зэргээр нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай” гэв.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.А нь 2017 оны 11 сарын 27-ны өглөө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байх Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт үйлчүүлэхдээ сувилагч Н.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Б-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 992 дугаартай дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.А-г  ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

 Хохирогч Н.Б  нь гэм хорын хохирол 278 700 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүх хохирлын баримтуудыг судалж үзээд нотлох баримтын шаардлага хангасан, гэм хорын хохиролд хамаарна гэж үзэж шүүгдэгчээс 278 700 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-д  олгуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш  овогт Ж-н  А-г   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.А-г   450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ж.А-д оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.А-с 278 700 /хоёр зуун далан найман мянга долоон зуу/ төгрөг гаргуулж хохирогч Н.Б-д олгосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС