Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0170

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 3 сарын 10-ны өдөр                    Дугаар                            Улаанбаатар хот

128/ШШ2021/0170

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан Д.М нэхэмжлэлтэй, ҮАГ холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Д.М

Хариуцагч: ҮАГ.

Нэхэмжлэлийн шаардлага: “ҮАГ 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/1676 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 19 дүгээр тойргоос бие даан нэр дэвшихээр шаардлагатай материалыг бүрдүүлэн бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар ҮАГ хүргүүлсэн.

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “... бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөр тоо дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дэд байгууллагад хүргүүлнэ”, тус хуулийн 38.11-д “ Төрийн аудитын дээд байгууллага нь бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 33-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ” гэж хуульд заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэхэд өөрийн мөрийн хөтөлбөрийг ҮАГ хүргүүлсэн. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр миний мөрийн хөтөлбөрт үндэслэлгүйгээр дүгнэлт гаргахаас татгалзсан.

Миний бие мөрийн хөтөлбөрөө өөрийн үзэл бодол, иргэд нийтийн ашиг сонирхлын үүднээс цаашдын улсын хөгжил, үндэс суурийг бататгах, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг баталгаатай эдлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор багагүй хугацаанд судалж, нягтлан хуульд нийцүүлэн боловсруулсан. Гэтэл ҮАГ тухайн мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 бичигт нийцээгүй гэж үндэслэлгүйгээр дүгнэлт гаргахаас татгалзсан. Мөрийн хөтөлбөрийн хувьд хуульд нийцсэн ҮАГ дүгнэлт гаргах бүрэн боломжтой байсан учраас хуульд заасан шаардлага хангах, зөрчлийг арилган дахин дүгнэлт гаргуулах зэрэг хуулийн зохицуулалт хамаарахгүй. Нэр дэвшигчийн хувьд тус мөрийн хөтөлбөрт хариуцлагатайгаар хандаж судалгаа, шинжилгээний үндсэн дээр боловсруулсан, хууль тогтоомжид нийцсэн мөрийн хөтөлбөрөө төрийн байгууллага, түүний хууль бус шийдвэрээр өөрчлөх боломжгүй.

Д.М би 2020 оны Улсын Их хурлын ээлжит сонгуульд Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх болох сонгогдох эрхийн хүрээнд бие даан нэр дэвшсэн. ҮАГ хууль бус шийдвэрээс шалтгаалан сонгогдох эрхээ эдэлж чадаагүй. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан ял шийтгэлгүй авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаагүй татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа  эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй зэрэг нэр дэвшигчийн хуульд заасан шаардлагыг хангасан.

Бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт ҮАГ дүгнэлт гаргаж өгөөгүй үндэслэл нь хуульд нийцээгүй байхад түүнд нийцүүлэн мөрийн хөтөлбөрөө өөрчлөх нь зохисгүй учраас дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасан. Гэтэл өөрт нь гомдол гаргасан байхад өөрөө өөрийгөө хянасан албан бичиг хүргүүлсэн. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасан баримт бичээс төрийн аудитын дээд байгууллагаар хянуулсан бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, аудитын дүгнэлт дутуу учраас нэр дэвшигчээр бүртгүүлж чадаагүй. Төрийн байгууллагын хууль бус үйлдлийн улмаас миний илэрхийлэх эрхээ хязгаарлуулсан сонгогдох эрх зөрчигдсөн, 4 жилд 1 удаа болдог сонгуульд оролцон өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хязгаарлуулсан.

Цаашлаад Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д зааснаар 25 насанд хүрсэн сонгогдох эрх бүхий иргэний хувьд 4 жил тутамд нэр дэвших эрхтэй. Гэхдээ хувь хүний үзэл бодол, зарчмын зүйлүүд бол тогтсон нэг байр суурийг илэрхийлж байдаг. Үүний нэгэн адил цаашид сонгууль бүр мөрийн хөтөлбөртэй байхыг шаардах бөгөөд тэр бүрд хууль бусаар үндэслэлгүйгээр миний сонгогдох эрх ашгийг хохироох ажиллагаа үргэлжилсээр байх тул шүүхээр эрслэн шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр ҮАГ албан бичиг нь Д.М миний Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр зохицуулсан сонгогдох эрхийг эдлүүлээгүй, цаашлаад миний үзэл бодол, зарчмын үүднээс хуульд нийцүүлэн бэлтгэсэн мөрийн хөтөлбөр бүрийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хэрэг ердийн хууль, тогтоомжуудад үндэслэн хязгаарлан эрх ашгийг минь зөрчих бүрэн боломжтой, нөгөөтэйгөөр энэ асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлүүлснээр иргэн Д.М миний бие дараа дараагийн сонгуулийн харилцаанд сонгогдох эрхээ эдэлж, өөрийн үзэл санааг илэрхийлэх боломжтой болно. Иймд ҮАГ газрын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 011676 дугаар албан бичгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Нэр дэвшигч нь өөрийн тойрог болох Дархан-Уул аймагтаа нэр дэвшигчийн гарын үсэг цуглуулж байхад 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ҮАГ маргаан бүхий актаар тус мөрийн хөтөлбөрийн Үндсэн хуулийн өөрчлөлт тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 тогтвортой хөгжлийн засаглал, түүн дотроо хууль дээдлэх зарчимд нийцээгүй гэх үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзсан албан бичгийг ирүүлсэн. Тус албан бичгийг эс хүлээн зөвшөөрч дээд шатны байгууллагад гомдол гаргаж улмаар шүүхэд хандсан. Тус албан бичгийн 2 дугаар хавсралтаар “Үндсэн хуулийн өөрчлөлт хэсгийн 6 дугаар хэсэгт заасан зүйлүүд тогтвортой хөгжлийн засаглалд нийцээгүй” гэсэн. Энэ хэсэгт 2 танхимтай парламентыг хуульчлах, Ардын их хурал, Улсын бага хурлыг зохион байгуулах санал гаргасан. Дээд танхим нь орон нутгийн төлөөлөгчид сонгогч, олон нийтийн шууд төлөөллөөр сонгогдсон хүмүүс төрийн байгууллагын албан тушаалтныг томилох, тухайн байгууллагын төсвийг батлах зэргийг хэлэлцэх, доод танхим нь Улсын Их Хурлын чиг үүргийг хэрэгжүүлэх байдлаар  хууль тогтоох эрх мэдлийг тогтвортой боловсронгуй болгох асуудлыг хөндсөн. Улс төрийн намын эрх зүйн үндсэн хууль бэхжүүлэхийн тулд онол баримтлал, санхүүжилт, гишүүнчлэлийг хуульчлахаар тусгах гэсэн мөрийн хөтөлбөрийг өргөн барьсан. Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэж Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олгогдсон байдаг. Улсын Их Хурлын гишүүн, намын дарга нь Ерөнхий сайд болдог зарчим Монгол Улсад үйлчилдэг. Улс төрийн нам өөрөө төлөвшөөгүй. Ард иргэдээ төлөөлж үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг, хүсэл эрмэлзлийг хангасан тогтвортой засаглалыг бий болгож чадаагүй байж энэ зүйлийг Үндсэн хуульд тусгах нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 нийцээгүй гэж үзсэн нь учир дутагдалтай. Өнөөгийн гишүүдийн хүсэл зоригоор гарсан бичиг баримт нь Улсын Их Хурлын тогтоол.  Үндсэн хуулиар олгогдсон төлөөлүүлэх эрхийг хэрэгжүүлэхээр гарч ирсэн хүний үзэл баримтлалыг тэр зарчимд нийцээгүй гэж үзэж болохгүй. “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” гэдэг баримт бичиг бол миний бодлоор мөрөөдөл. Монгол Улс 2030 он хүртэл ямар зүйлийг хэрэгжүүлэх вэ? Тогтвортой хөгжлийн засаглал гэж юу вэ? хууль дээдлэх зарчимд юуг ойлгох вэ гэдэг зүйлийг тодорхойлоогүй. Тогтвортой засаглалтай болох санаа юм.  Алсын хараа -2050 батлагдсанаар 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр энэ бичиг баримт хүчингүй болсон. 2021-2030 оны хооронд Монгол Улс засаглалыг тогтвортой байлгах асуудлыг төлөвшүүлэх үе юм. Монгол Улсад  тогтвортой хөгжлийн засаглал гэж байхгүй. Монгол ардын нам гэхэд л 100 жилийн түүхтэй. Гэтэл хөгжсөнгүй. Ард иргэдийн төлөөлөл гарч ирээд тухайн зүйлийг өөрчлөх гэтэл тогтвортой хөгжлийн засаглалд нийцэхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан “Алсын хараа-2050” нь “тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын үргэлжлэл гэж байгаа. Бусад намууд ч төлөвшөөгүй. Ийм байхад “нийцээгүй” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Монгол Улсын Үндсэн хуульд 25 нас хүрсэн хүн сонгогдох эрх эдлэх эрхтэй. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд нэр дэвшүүлэх нийтлэг эрхийг зааж өгсөн. ҮАГ тогтвортой хөгжлийн засаглалд хэрхэн нийцэхгүй байгааг тодорхойлохгүйгээр тухайн хүний сонгогдох эрхийг, мөн ард түмний төлөөллөөр дамжуулж засгийн эрхийг барих эрхийг зөрчиж байгаа нь  тухайн албан бичгийг үндэслэлгүй болох үндэслэл гэж үзэж байна.  ҮАГ дүгнэлт гаргахдаа үндэслэлтэй дүгнэлт гаргаж бусдын эрхэд халдах ёстой. Тогтвортой хөгжлийн засаглал гэдгийг ойлгохгүйгээр дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д “сурч боловсрох эрхтэй” гэж заасан. Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Үндсэн хуульд заасны дагуу төрөөс нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно, боловсролыг тэргүүлэн салбар болгон хөгжүүлнэ” зэрэг боловсролын үндсэн зарчмыг тодорхойлсон байдаг. Хавсралт 2-нь Үндсэн хууль болон ердийн хуульд нийцсэн. Үнэтэй үнэгүй гэсэн үгэнд асуудал байгаа байх. Үнэхээр бидний хувьд бусад хэсэгт маргаангүй байсан бол тухайн 5 хоногт засварлах байсан. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд ҮАГ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол 5 хоногийн дотор хандаж болно. Заавал биш ҮАГ дүгнэлт зөв гарсан байна гэж үзвэл засварлах боломжтой. Гэтэл ҮАГ үзэл баримтлалд тусгагдсан Тогтвортой хөгжлийн засаглал гэдгийг мэдэхгүй байж нийцээгүй гэсэн дүгнэлт гаргасан. Нийцээгүй гэж үзсэн бичиг баримт нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүчингүй болсон. Үүнийг “Алсын хараа-2050”-д бүрэн дурдсан байна. Улсын Их Хуралд шинэчлэл, шинэтгэл хийх нь чухал байтал үнэгүй гэдэг үгийг солих эсэх асуудалд маргах нь буруу. Тодорхой ойлголтгүй байж “нийцээгүй” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль бус юм.

 Иймд 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 01/1676  дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчийн хүрээнд манай байгууллагаас болж оролцох боломжгүй болсон гэж үзэж байгаа бол энэ хүрээнд асуудлыг ярих нь зүйтэй. Хуулиар олгогдсон чиг үүрэг хамааралтай эсэх нь өөр асуудал. Нэр дэвшигчийн хувьд хуулийн хугацаанд ҮАГ хянуулсан. Олон улсын стандарт болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг хянаж хуульд заасны дагуу дүгнэлтүүдийг гаргасан. Мөрийн хөтөлбөрийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө өгөх ёстой. Д.М хувьд 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дүгнэлтийг нь гаргасан. 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дотор мөрийн хөтөлбөрөө засах, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаарх гомдлыг шийдвэрлүүлэх боломж байсан. Сонгох, сонгогдох эрхэд нь халдаагүй. “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” гэдэг бол Монгол Улсын хэмжээнд хамгийн дээд түвшний бодлогын баримт бичиг. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг мөрдөж эхлэхтэй холбогдуулан урт хугацааны баримт бичиг болох “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” батлагдсан. Хуулиас эх авсан Улсын Их Хуралд бүрэн эрх нь хадгалагддаг баримт бичиг. 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүчингүй болсон гэж нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч дурдсан энэ нь хүчингүй болоогүй. Агуулгын хувьд “Алсын хараа-2050” үзэл баримтлалд багтаж байгаа. 2030 онд хүрсэн түвшинг 2050 онтой харьцуулж боловсронгуй болгосон баримт бичиг байгаа. Тогтвортой хөгжлийн засаглал гэдэгт тодорхой хэд хэдэн зүйл байгаа. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг амжилттай хэрэгжүүлэх нэг үндсэн нөхцөл нь тогтвортой засаглал байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь бүх салбаруудыг 5, 5 жилийн үе шаттайгаар төлөвлөгдсөн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд засаглал тогтвортой байх ёстой. Энэ залгамж халааг үргэлжлүүлэхийн тулд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хууль тогтоомжид нийцсэн байх ёстой. Нэр дэвшигчийн зарим арга хэмжээнүүд хуульд заасан зарим шаардлагуудад нийцэхгүй байна гэж үзсэн учраас ийм дүгнэлт гаргасан.

Мөрийн хөтөлбөр хууль тогтоомжид нийцсэн байх ёстой. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар шаардлагад нийцсэн байх ёстой. Дэвшүүлж байгаа зорилт арга хэмжээ нь “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д нийцсэн байх хуулийн тусгайлсан шаардлага байна. Тухайн мөрийн хөтөлбөр хэрэгжихүйц байх ёстой. Мөрийн хөтөлбөр бодлогын баримт бичиг болох нь аль ч улс оронд байна. Мөрийн хөтөлбөрт орсон зорилтот арга хэмжээ санхүүгийн эх үүсвэр, хөшүүрэг шаардагддаг. Үүнийг хэрэгжүүлэх зардлын дүнгийн эх үүсвэрийг тодорхойлсон байх ёстой. Зардлын эх үүсвэрүүдийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан шаардлагуудыг тусгай шаардлага болгон авч үздэг. Энэ шаардлагуудыг бүрэн хангаж байгаа эсэхэд бид дүгнэлт гаргадаг. Нэр дэвшигчийн хувьд Монгол Улсын нийслэлийг нүүлгэн шилжүүлэх гэж зорилт тавьсан нь хэдий хэр зардал гарах нь тодорхойгүй. Энэ зардал ирээгүй учир дүгнэлт гаргах боломжгүй байсан. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-д хууль тогтоох байгууллагыг дээд доод гэсэн 2 танхимтай болгож засаг захиргааны нэгжийг одоо байгаа нэгжээс өөр хувилбарт шилжүүлнэ гэсэн зорилтуудыг тусгасан байна. Тогтвортой хөгжлийн засаглал буюу үзэл баримтлалын 4-т заасан хэсэгтэй нийцэхгүй байна гэж үзэн тайлбарыг оруулсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т дараах агуулга бүхий зорилтуудыг мөрийн хөтөлбөрт оруулахыг хориглоно гэж заасан байна. 6 асуудал байна. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт орсон сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн чанарыг олон улсын стандартад нийцүүлж ерөнхий боловсролын хүүхэд бүрд үнэгүй тэгш хүртээмжтэй олгоно гэж заасан нь үнэ төлбөргүй, хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудалд хамаарсан учраас хуульд нийцээгүй гэж үзсэн. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хууль нийцээгүй гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргасан.

ҮАГ нь улс төрийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш. Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг. Төрийн санхүү төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлдэг төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллага. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч онцгойлон анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Ач холбогдолгүй зүйлийг ач холбогдолтой мэт ярьж байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хэдийгээр 5 дугаар сард батлагдсан хэдий ч дагаж мөрдөх хугацаа нь анхны чуулган хуралдсанаас хойш дагаж мөрдөхөөр хуульчилсан. “Алсын хараа-2050” дотор тухайн үед мөрийн хөтөлбөр гаргаж байх үеийн хууль эрх зүйн орчин бол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд бүрэн зохицуулагдаж байсан. Энэ хүрээнд холбогдох аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлж Захиргааны ерөнхий хууль тогтоомжид заасны дагуу хуульд үндэслэсэн байх шинжийг дүгнэлтүүд агуулсан. Төрийн аудитын байгууллага хуульд заасны дагуу дүгнэлтээ гаргасан нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан, ямар нэг байдлаар хууль журам зөрчөөгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Иргэн Д.М “ҮАГ 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/1676 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан ба уг шаардлага бүхий нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй болно.

    Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актаар ҮАГ 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 01/1676 дугаар албан бичгийг нэрлэж, нэхэмжлэлийн үндэслэлээ: “ҮАГ хууль бус шийдвэрийн улмаас сонгогдох эрхээ эдэлж чадаагүй..., Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр зохицуулсан сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, өөрийн үзэл бодол, зарчмын үүднээс хуульд нийцүүлэн бэлтгэсэн мөрийн хөтөлбөр бүрийг ...  хязгаарлан эрх ашгийг минь зөрчих бүрэн боломжтой..., шүүхээр эцэслэн шийдвэрлүүлснээр иргэн Д.М миний бие дараа дараагийн сонгуулийн харилцаанд сонгогдох эрхээ эдэлж, өөрийн үзэл санааг илэрхийлэх боломжтой” хэмээн тодорхойлжээ.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т: “25 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т: “Энэ хуульд заасан шаардлагыг хангасан иргэн бие даан нэр дэвшиж болно”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т: “Бие даан нэрээ дэвшүүлэгч нь бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан дараах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ”, мөн хууль, зүйлийн 32.3.9-д: “энэ хуульд заасны дагуу төрийн аудитын дээд байгууллагаар хянуулсан бие даан нэрээ дэвшүүлэгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, аудитын дүгнэлт” гэхчлэн заасан зохицуулалтын хүрээнд нэхэмжлэл гаргагчийн зүгээс Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх явцдаа “сонгуулийн мөрийн хөтөлбөрийн талаарх аудитын дүгнэлт”-ийг гаргуулахаар хуульд заасан эрх бүхий байгууллага болох ҮАГ хүргүүлэхэд “дүгнэлт гаргах боломжгүй” гэх хариуг өгсөн нь энэхүү маргаан гарах үндэслэл болжээ.

Үйл баримтын хувьд,

Нэхэмжлэл гаргагч нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвших мөрийн хөтөлбөрийг “хүний хөгжлийн бодлого, эдийн засгийг хөгжүүлэх, байгаль орчны бодлого, төр засаглалын тогтолцоо, гадаад бодлогын хүрээнд, Үндсэн хуулийн өөрчлөлт” гэхчлэн үндсэн зургаан асуудлын хүрээнд боловсруулж, дүгнэлт гаргуулахаар хуулийн хугацаанд буюу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар 38.6-д: “... бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэсний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ҮАГ хүргүүлжээ.

ҮАГ 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй талаарх дүгнэлт”-ийг хавсралтуудын хамт хүснэгтээр үйлдэж, 01/1676 дугаар албан бичгээр бие даан нэрээ дэвшүүлэгч иргэн Д.М хариу хүргүүлсэн байна. Ингэхдээ бие даан нэр дэвших иргэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д: “Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ” гэж заасны дагуу ... холбогдох зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин ирүүлэх боломжтойг, түүнчлэн жагсаалтад байх зорилт, арга хэмжээг хуульд нийцүүлэн мөрийн хөтөлбөрт тусгасан нөхцөлд дүгнэлтийн гуравдугаар хавсралтаар хүргүүлсэн зорилт, арга хэмжээний маягтаар эдийн засгийн үндэслэл тооцоо судалгааг хийж ирүүлэхийг мэдэгджээ.

Улмаар нэхэмжлэгч Д.М зүгээс 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ҮАГ даргад гомдол гаргасан ба тэрээр нэхэмжлэлдээ: “...бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт ҮАГ дүгнэлт гаргаж өгөөгүй үндэслэл нь хуульд нийцээгүй байхад түүнд нийцүүлэн мөрийн хөтөлбөрөө өөрчлөх нь зохисгүй учраас дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасан...” гэж дурджээ.

ҮАГ 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/2503 дугаар албан бичгээр “... 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гомдлыг хүлээн авч танилцсан..., таны гомдолд “ерөнхий боловсролыг хүүхэд бүрд үнэгүй /хувийн өмчийн сургуулиас бусад/ тэгш хүртээмжтэй олгоно” гэсэн нь мөрийн хөтөлбөрт туссан зорилт арга хэмжээнээс өөрөөр томьёолж ирүүлсэн байна...., мөрийн хөтөлбөрийн Үндсэн хуулийн өөрчлөлт ... гэх зорилт арга хэмжээг тусгасан нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 ... гэж заасантай нийцэхгүй..., ҮАГ ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан зорилт арга хэмжээг гомдолд тусгахдаа өөрөөр томьёолж ирүүлсэн байна..., уг зорилт арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүгийн тодорхой эх үүсвэрийн тооцооллыг ирүүлээгүй байсан..., гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй...” хэмээн гомдлын хариуг өгсөн байна.

Маргаан бүхий албан бичгийн хууль зүйн үндэслэл.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д: “... бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсан байна” гэж заасны дагуу түүнчлэн Төрийн аудитын тухай хуулийн /2003 оны/ 15 дугаар зүйлийн 15.1.17-д: “Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн улс төрийн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргана” гэж заасны дагуу нэг талаас нэр дэвшигчийн /нэхэмжлэгчийн/ зүгээс аудитын дүгнэлт гаргуулах, нөгөө талаас Төрийн аудитын байгууллага /хариуцагч/ аудитын дүгнэлтийг гүйцэтгэн гаргахаар хуульчилсан ба энэхүү дүгнэлт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.9-д заасан “аудитын дүгнэлт” гэдэгт хамаарч үүгээрээ мөн хуулийн 32.3-д заасан бүрдүүлэх 11 төрлийн баримт бичгийн нэг байна.

Нэхэмжлэгч, бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн “хүний хөгжлийн бодлого”-ын 3.1-д “Монгол Улсын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулиудын чанарыг олон улсын стандартад нийцүүлж, ерөнхий боловсролыг хүүхэд бүрд үнэгүй /хувийн өмчийн сургуулиас бусад/, тэгш хүртээмжтэй олгоно” гэх зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3: “сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно”, 38.3.4: “иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх”, 38.3.6: “улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал” гэж заасанд нийцээгүй талаарх дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэх боломжгүй байна. Учир нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон хатуу зохицуулалтыг зөрчиж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх, төсвийн хөрөнгийг шууд зарцуулахтай холбоотой асуудлаар эдийн засгийн ямар нэгэн үндэслэл тооцоогүй зорилт, арга хэмжээг дэвшүүлсэн гэж үзэхээр байна. Энэ утгаараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д: “төсөвт дараах тусгай шаардлагууд нэгэн зэрэг хангагдсан байна” гэж заасанд хэрхэн нийцэж байгаа талаар хариуцагч захиргааны байгууллагаас дүгнэлт гаргах боломжгүй нөхцөлд орсон байна.

Мөрийн хөтөлбөрийн “Үндсэн хуулийн өөрчлөлт” хэмээх зургаа дахь үндсэн зорилт, арга хэмжээний хүрээнд 6.1.1: “эдүгээгийн аймгуудыг нэгтгэсэн засаг захиргааны цоо шинэ нэгж /бүс/, сумдыг нэгтгэсэн шинэ нэгж /хошуу/, багуудыг нэгтгэсэн шинэж нэгж болох /сум/-ыг тус тус байгуулж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөх”, 6.1.2: “Монгол Улсын нийслэлийг төвд нүүлгэн шилжүүлэх”, 6.1.3: “хоёр танхимтай парламентыг хуульчилж, АИХ, УБХ-ыг байгуулах. УБХ-ыг пропорциональ тогтолцоогоор, АИХ-ыг мажоритар тогтолцоогоор бүрдүүлэх. Улсын төсвийн батлах, ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх болон томилгооны чиг үүргийг АИХ-д хариуцуулах. УБХ ээлжийн амралтаас бусад цагт хууль боловсруулж батлах ажлыг нягт нямбай хийх хуваарь тогтоох”, 6.1.4: “Улсын сүлдийг солих”, 6.1.5: “улс төрийн намын эрх зүйн үндсийг Үндсэн хуульд бэхжүүлэх, үүний тулд a/ хөгжлийн онол-үзэл баримтлал, b/ санхүүжилтийн эх үүсвэр /улсын төсөв/, c/ гишүүнчлэлийг хуульчлахаар шинэтгэх.

Энэхүү зорилт, арга хэмжээ нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д заасан 2.4 дэх хэсэг тогтвортой хөгжлийн засаглал гэсэн хэсэгт болон тогтвортой хөгжлийн засаглалын үндсэн зарчмын нэг хууль дээдлэх зарчмыг чанд мөрдөх гэдэгт нийцээгүй гэж хариуцагчаас үзсэн байна. Үүнийг мөн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралт ёсоор “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” гэсэн бодлогын бичиг баримт батлагджээ.

Маргаан бүхий энэ тохиолдолд Төрийн аудитын тухай хуулийн /2003 оны/ 15 дугаар зүйлийн 15.1.17-д: “Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлж ... бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх ... талаар дүгнэлт гаргана” гэж зааснаар чиг үүргийн хувьд нийцсэн эсэх талаар хянаж дүгнэлт гаргах эрхтэй байна. Хариуцагч нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хоёр дахь хэсэг, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд хэсгийн 2.4-т: Тогтвортой хөгжлийн засаглал: “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг амжилттай хэрэгжүүлэх нэг үндсэн нөхцөл нь тогтвортой засаглал мөн. Тогтвортой засаглалыг хангах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын үзэл баримтлал, батлан хамгаалах номлолын дагуу улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулж, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлж, гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлж, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэртэй хөгжлийг бататгахад оршино” хэмээн тодорхойлж, дотор нь дөрвөн зорилт дэвшүүлсэн, түүнчлэн тогтвортой хөгжлийн засаглалын үндсэн зарчмыг тогтоосны дотор хууль дээдлэх зарчмыг чанд мөрдөх гэж заасантай нийцээгүй гэж үзжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “..улс төрийн нам өөрөө төлөвшөөгүй, ард иргэдээ төлөөлж үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг, хүсэл эрмэлзлийг хангасан тогтвортой засаглалыг бий болгож чадаагүй байж, энэ зүйлийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тусгасан мөрийн хөтөлбөрийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 нийцээгүй гэж үзсэн нь учир дутагдалтай. Монгол Улсад  тогтвортой хөгжлийн засаглал гэж байхгүй. Тогтвортой хөгжлийн засаглал гэдгийг ойлгохгүйгээр дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус...” хэмээн хариуцагчийг буруутган маргаан бүхий дүгнэлтийг хүчингүй болгох ёстой гэж шүүх хуралдаан дээр тайлбарлан маргасан.

Гэтэл хууль тогтоогч, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д: “... бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх ... талаар төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсан байна” гэж  түүнчлэн Төрийн аудитын тухай хуулийн /2003 оны/ 15 дугаар зүйлийн 15.1.17-д: “Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлж ... бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд ... нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргана” гэж нэг талаас нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх, нөгөө талаас аудитын байгууллага нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргахаар хуульчилсан байна.

Шүүх, хариуцагч ҮАГ маргаан бүхий албан бичгийн хоёрдугаар хавсралтад бичигдсэн Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын тогтвортой хөгжлийн засаглал заалт, хууль дээдлэх зарчмыг чанд мөрдөх зарчимд нийцээгүй талаар тайлбарласан тайлбар хэсгийг үндэслэлтэй гэж дүгнэв. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар төрийн эрх барих дээд байгууллага, төрийн гүйцэтгэх дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын талаар хуульчилж тогтоосон, төрийн байгууламжийн хувьд нэгдмэл, тусгаар тогтносон бүрэн эрхт, Бүгд найрамдах улс болохынхоо хувьд зөвхөн бие даан нэр дэвшүүлэн өрсөлдөж байгаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үр дагавраар Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ гэдэг боломжгүй, маргаан бүхий албан бичгээр Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт нийцээгүй талаарх тайлбартайгаар хариу өгсөн дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр маргаан бүхий албан бичгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшүүлэх эрхийг хөндсөн маргаан бүхий албан бичиг нь сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах хуульд заасан цаг хугацаа өнгөрч хэрэгжсэн, энэ утгаараа шүүхээс сэргээн тогтоох эрх нэхэмжлэгчид байхгүй, хариуцагч нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий үйл баримтад дүгнэлт хийж хариу өгсөн нь үндэслэлтэй, маргаан бүхий албан бичиг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэв.

Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 батлах тухай” 19 дүгээр тогтоолыг мөн Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” 52 дугаар тогтоолоор хүчингүй болгож, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн,

2003 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Төрийн аудитын тухай хууль нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Төрийн аудитын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болсон ба Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн байна.

Ингэснээр маргаан бүхий албан бичгийн үндэслэл болсон Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17, Улсын Их Хурлаас батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030” зэрэг хууль болон тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байсан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн аудитын тухай хуулийн /2003 оны/ 15 дугаар зүйлийн 15.1.17, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М ҮАГ холбогдуулан гаргасан “ҮАГ 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/1676 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН