Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00834

 

Х.Гантулгын нэхэмжлэлтэй

                   иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/03317 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 256 дугаар магадлалтай, 

Х.Гантулгын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

 Нэхэмжлэгч Х.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 80 тоот шийдвэрээр Х.Гантулга, С.Отгон нараас зээлийн гэрээний үүрэгт 62,976,437 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Нарны зам, 406 дугаар байрны 59 тоотын 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Х.Гантулга үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байхад шийдвэр гүйцэтгэгч Ц.Болормаа анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ 193,059,000 төгрөгийн 70 хувь 135,141,000 төгрөгөөр, 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд 50 хувь 96,529,500 төгрөгөөр оруулан Г.Ганзориг гэх хүн 99,800,000 төгрөгөөр худалдан авах болсон. Уг байр 2011 онд ашиглалтад орсон бөгөөд тухайн хотхоны орон сууцыг 1 м.кв талбайг нь 2,500,000-3,000,000 төгрөгөөр худалдан борлуулж байна. Гэтэл хөрөнгийн үнэлгээний Виннэр Вэй ХХК байрыг 1 м.кв талбайг нь 1,120,650 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа. Иймд Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Нарны Зам, 406 дугаар байрны 59 тоот хаягт байрлах, 118.44 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204027591 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг 193,059,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 80 дугаар шийдвэрээр Х.Гантулга, С.Отгон нараас 63,519,469 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баян монгол хороолол, 406 дугаар байрны 59 тоот, 118.44 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураан авсан. Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцон тогтоогоогүй тул хөрөнгийн үнэлгээний Виннэр Вэй ХХК-иар үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. Талуудад хөрөнгийн үнэлгээг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 4/14438 дугаар албан бичгээр мэдэгдсэн бөгөөд үнэлгээнд гомдол гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар өөрийн хөрөнгийг худалдан борлуулах 30 хоногийн хугацаа олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул Х.Гантулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/03317 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Нарны Зам, 406 дугаар байрны 59 тоот хаягт байрлах, 118.44 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204027591 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг 193,059,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Х.Гантулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Х.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 256 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/03317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 25 -ны өдрийн 101/ШШ2019/03317 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 31-ны өдрийн 256 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон гэх Виннэр Вэй ХХК-нь Баянзүрх дүүргийн 12-р хороо, Нарны зам, 406 дугаар байрны 59 тоот хаягт байрлах, 118.44 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027591 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцыг 193.059.000 төгрөгөөр буюу 1 м.кв-ыг нь 1.120.650 төгрөгөөр буюу 2011 онд ашиглалтад орсон орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн. Өнөөдрийн байдлаар 2011 онд ашиглалтад орсон сүүлийн үеийн орон сууц буюу хотын төвд байршилтай орон сууцыг үнэлсэн үнэлгээний тэнцлүүр болон үнэлгээний харьцуулалт нь өнөөдрийн зах зээлд нийцэхгүй үнэлгээнд тулгуурлаж хийснийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл анхан болон Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч орон сууцны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байхад үнэлгээг хийхэд хууль зөрчөөгүй байна дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж гомдол гаргаж байна. Иймд дээрх үндэслэлийг хянан үзэж ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 101\ШШ2019\03317 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 31-ны өдрийн 256 дугаар магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Х.Гантулгын нэхэмжлэлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эс зөвшөөрч, маргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.04-ний өдрийн 80 дугаар шийдвэрээр Х.Гантулга, С.Отгон нараас 62,976,437 төгрөг гаргуулж Хаан банкинд олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Х.Гантулгын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 406 дугаар байрны 59 тоотын 118.44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.  

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч нар төлбөрөө сайн дураар биелүүлээгүй гэж үзэн шийдвэрт заасан барьцааны хөрөнгө болох орон сууцыг битүүмжилж, хураасан байна.  

Түүнчлэн үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул хариуцагч шинжээч томилсон, Виннэр Вэй ХХК нь орон сууцыг 193,059,000 төгрөгөөр үнэлсэн, энэ тухайг 2019.06.13-ны өдөр төлбөр төлөгч нарт мэдэгдэхэд хөрөнгийг худалдан борлуулах 1 сарын хугацаа олгох хүсэлт гаргажээ.  

Тэрээр орон сууцыг худалдан борлуулаагүй, шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар анхны дуудлага худалдааны үнийг зарлаж, энэ талаар нэхэмжлэгч нарт 2019.08.26-ны өдөр мэдэгджээ.  

Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул 2 дахь дуудлага худалдааны үнийг шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь буюу 96,529,500 төгрөгөөр тогтоож, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн, уг худалдаагаар 99,800,000 төгрөгөөр худалдан борлогдсон тухай баримт хэрэгт авагдсан байна. Энэхүү ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3, 62 дугаар зүйлийн 62.2-т заасныг зөрчөөгүй байна. 

Түүнчлэн шинжээч нь дүгнэлт гаргахдаа үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлогын хандлагын, өртгийн хандлагын, зах зээлийн хандлагын аргуудыг хослуулан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон, энэ тухайг үнэлгээний тайланд тодорхой тусгасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т нийцжээ. 

Хэргийн баримтаас үзвэл, үнэлгээ тогтоосон ажиллагаанаас хойш анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явагдаж, улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдсон нь тогтоогдсон, эдгээр ажиллагааны талаар нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаагүй байна.  

Нэхэмжлэгч үнэлгээ тогтоосон мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т нийцсэн байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/03317 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 256 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД