Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0233

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Ю.Лийн нэхэмжлэлтэй

                                                  захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мядагмаа,

Нэхэмжлэгч: Ю.Л

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0971/З.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ю.Л нь Нийслэлийн Засаг даргад холбогдууланНийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/615 тоот захирамжийн Ю.Лид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр шийдвэрээр: “Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю.Лийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/615 тоот захирамжийн Ю.Лид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мядагмаа дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг дараах байдлаар хангаагүй буюу анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэх нөхцөл байдал бүрдсэн гэж үзэж байна.

3.2. Хавтаст хэрэгт баримтаар авагдсан 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ" нь хоёр өөр байдлаар авагдсан байх ба хариуцагч талаас гаргаж өгсөн баримтыг үнэлэхдээ нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт үгүйсгэх үндэслэлээ заагаагүй, мөн эдгээр баримтууд ямар шалтгааны улмаас хоёр өөр байдлаар хийгдсэн нөхцөл байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд тодруулаагүй тухайд: Захиргааны актын эрх зүйн үндэслэлд хамаарч буй газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэл нь газрын төлбөр төлөх үүргийг газар эзэмшигчид гэрээний үндсэн дээр бий болгосон байхаас улбаатай байдаг. Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд газар эзэмшигч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй талаар маргахгүй хэдий боловч хэмжээг нь газар эзэмшүүлэх гэрээнд зааж баталгаажуулдаг. Газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөрийн хэмжээг заагаагүй нөхцөлд газар эзэмшигч төлбөрийн хэмжээг өөрөө тодорхойлох боломжгүй байдаг.

3.3. Нэхэмжлэгч талд авагдсан газар эзэмшүүлэх гэрээний 2.1-т газрын төлбөр /жилээр/ гэх хэсэгт 0 төг гэж заасан байдаг бол, хариуцагч талаас ирүүлсэн гэрээний холбогдох заалтад газрын төлбөр /жилээр/ 25500 төгрөг гэж заасан байна. Эдгээр гэрээний газрын төлбөрийг тодорхойлсон заалт хэсгүүд нь харилцан адилгүй өөр байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан эдгээр гэрээнүүд нь мөн дараах шинжүүдээр зөрүүтэй буюу ондоо байна. Эхний нүүрний баруун дээд буланд зурагдсан гарын үсэг харилцан адилгүй, тэс ондоо, газар эзэмшигч Ю.Лийн гарын үсэг болон гарын үсгээ зурсан балны өнгө харилцан адилгүй өөр байна. Хүн нэг баримт бичиг гарын үсэг зурахдаа 2 өөр үзэг, балаар, 2 өөр хэвээр зурна гэдэг боломжгүй юм. Эдгээр гэрээнүүд нь дээр дурдсан хэд хэдэн шинжээр харилцан адилгүй өөр байх ба ялангуяа маргааны үйл баримтад хамаарах газрын төлбөрийн хэмжээг тодорхойлсон заалт, хэсэг нь тэс ондоо, зөрүүтэй байна. Энэ нөхцөлд ямар учраас гэрээнүүд харилцан адилгүй өөр байгаа болох, аль нэг нь нөхөж хийсэн хуурамч эсэхийг нягтлаагүй, үүнтэй холбоотой нэмэлтээр баримт цуглуулах, гэрч асуух зэргээр мухарлах ажлыг хийгээгүй хэрнээ хариуцагчаас ирүүлсэн баримтыг үнэлж шийдвэрээ гаргасан нь ойлгомжгүй байна. Учир нь эдгээр баримтыг 2 өөр байдлаар үнэлэх нь утгагүй бөгөөд харин эдгээр баримтууд нь ижил түвшинд үнэлэгдэх баримтууд болно.

3.4. Харин аль нэг нь өөр бусад баримтаар үгүйсгэгдэх боломжтой хэдий ч энэ нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч талын ирүүлсэн гэрээнд газрын төлбөрийг 0 гэж тусгасан байгаа нь нэхэмжлэгч талын буруу биш бөгөөд энэ нь гэрээний талуудын харилцан тохиролцсон нөхцөлд хамаарна. Энэ нөхцөлийн дагуу газар эзэмшигч 0 төг хэмжээгээр газрын төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ. 0 төг хэмжээгээр газрын төлбөрийг төлөх боломжгүй тул газрын төлбөрийг төлөөгүй гэж буруутгаж болохгүй. Харин энэхүү гэрээ нь ямар учраас 0 төг хэмжээтэй болж байгуулагдсан асуудлыг захиргааны байгууллага дотооддоо тодруулж шалгаж мухарлах хэрэгтэй ба гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хэлбэрээр асуудлыг шийдвэрлэх боломжтой ч өнөөдрийг хүртэл энэхүү нөхцөл хүчинтэй хэвээр байсаар байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөрийн нэхэмжлэх нэг ч удаа ирж байгаагүй бөгөөд газрын төлбөр төлөхийг иргэн Ю.Лоос нэг ч удаа шаардаж байгаагүй нь газрын төлбөр 0 төлбөртэйг нотолж байна. Харин хариуцагчаас гаргаж ирүүлсэн гэрээг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байх ба тухайн гэрээ нь дээр дурдсан хэд хэдэн шинжээр хуурамчаар үйлдэгдсэн байж болзошгүй гэж үзэж байна. Мөн гэрээний нөхцөлийг санаатайгаар 2 өөр байдлаар тогтоож, газар эзэмшигчийг төөрөгдүүлсэн байж болзошгүй байдлыг тодруулах шаардлагатай байсан болно.

3.5. Түүнчлэн энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болсон гэж хардах нөхцөл байдал үүсээд байна, маргааныг өөрийн талд ашигтай байдлаар шийдвэрлүүлэх зорилгын үүднээс шүүхэд хуурамч баримт бүрдүүлэн гарган өгсөн, түүнийг шүүх үнэлж шийдвэрлэсэн байж болзошгүй байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулах болно. Дээр дурдсан нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс тодруулаагүй хэрнээ хариуцагчийн гэрээг үнэн зөв гэж үнэлсэн нь ойлгомжгүй, Газрын төлбөрийн тухай хуулиар төлбөр төлөх үүргийг бий болгодог хэдий боловч хэмжээг гагцхүү гэрээгээр тодорхойлж төлүүлдэгийг анхан шатны шүүхээс анхаараагүй байна. Нэгж талбарын хил, заагийг тогтоосон газарт бэхэлсэн эргэлтийн цэг, тэмдэг хүлээлгэн өгсөн тухай актыг хуурамчаар үйлдсэн тухайд: "Нэгж талбарын хил, заагийг тогтоосон газарт бэхэлсэн эргэлтийн цэг, тэмдэг хүлээлгэн өгсөн тухай акт"-ыг 2022 оны 4-р сарын 29-ний өдөр үйлдсэн гэх баримтыг хариуцагч талаас шүүхэд баримтаар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч тал нь тухайн акт нь хуурамч, гарын үсэг зурж хүлээн аваагүй гэж маргасан.

3.6. Мөн эргэлтийн цэг, тэмдэг хүлээлгэн өгөөгүй тул газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй, үүнд нэхэмжлэгч буруугүй гэж маргасан. 2020 оноос буюу газар эзэмшүүлэх захирамж гарсан үеэс хойш 2 жилийн хугацаанд нэгж талбарын хил, заагийг тогтоосон газарт бэхэлсэн эргэлтийн цэг, тэмдэгт хүлээлгэн өгөөгүй гэдэг дээр хариуцагчийн зүгээс маргаагүй гэж үзэж болно. Учир нь 2022 оны 4-р сарын 29-ний өдрөөс өмнө энэ талаарх акт үйлдэгдсэн гэж хариуцагч тайлбарлаж маргаагүй, энэ талаар баримт гаргаж өгөөгүй болно. "Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т "эргэлтийн цэг" гэж "нэгж талбарыг хязгаарласан хилийн шугамын нугаралтыг газар дээр нь болон кадастрын зураг дээр тодорхойлсон цэгийг" гэж тодорхойлсон байна. Энэ нь газар өмчлөгч, эзэмшигчийн газрын хил хязгаар, түүний хотгор болон гүдгэр хэсгүүд, мөн нугаралын байдлыг тодорхойлоход ач холбогдол бүхий зүйл болно. Ер нь газар өөрөө тэгш хэмтэй байх боломжгүй, хотгор гүдгэр, налуу, уруу байдаг. Мөн газрын хилийн зураас нь мөн дан шулуун байх боломжгүй билээ. Зарим нөхцөлд хилийн зураас муруйсан, тойрог хэлбэрээр дугуйрсан байдаг. Энэ болгоныг мэдэх боломжгүй тул энэ эргэлтийн цэгийг тодорхойлох нь ихээхэн ач холбогдолтой байдаг.

3.7. 2022 оны 4-р сарын 29-ний өдрийн актад зурагдсан гарын үсэг нь эргэлзээтэй байгааг анхан шатны шүүхээс шийдвэртээ дүгнэсэн хэрнээ нотлох баримтаар үнэлээгүй гэж дурдсан байна. Нэхэмжлэгчийн хувьд дуудлага худалдаанд оролцож, газар эзэмшихээр болсон хэдий боловч түүнд дуудлага худалдаагаар худалдсан газрын нэгж талбарын хил хязгаарын эргэлтийн цэгүүдийг тодорхойлж тэмдэгжүүлэн хүлээлгэн өгөөгүй байсан. МУ-ын Засгийн газрын 2016 оны 10 дугаартай тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ын дагуу газрыг дуудлага худалдааны ялагч буюу эзэмшигчид хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч байгууллага биелүүлээгүй болно. Мөн тухайн үед буюу хүчин төгөлдөр үйлчилж байсан “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 9.3, 9.4, 9.5-т заасан үүргээ тус тус биелүүлээгүй байна. Газрын нэгж талбарын хил, заагийг энгийн хүн тодорхойлох боломжгүй, мөн зөвхөн солбилцолоор газрын хил, заагийн нугаралт, нугалаа болон хотгор, гүдгэр хэсгийг тодорхойлох боломжгүй юм. Ийм учир гэрчилгээ олгох тухай шийдвэр гаргахаас өмнө холбогдох журмын дагуу газрын нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг газар дээр нь бэхэлж газар эзэмшигчид актаар хүлээлгэн өгдөг болно. Хэрэв ингээгүй нөхцөлд газар эзэмшигч өөрийн эзэмшиж буй газрын хил хязгаар, түүний муруйлт, нумралт, хотгор болон гүдгэр хэсгүүдийг тодорхойлж чадахгүй байдалд хүрнэ.

3.8. Захиргааны байгууллага холбогдох хууль журамд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас газар эзэмшигч хохирох учиргүй бөгөөд анхнаасаа холбогдох журмын дагуу үүргээ биелүүлэх үүрэгтэй байсан болно. Газрын хил, заагийн хязгаарыг мэдээгүй нөхцөлд тухайн газарт хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэйд тооцогдоно. Бусдын газрын хилийн заагийг зөрчиж, бусдад хохирол учруулах хүртэл эрсдэлийг бүрдүүлэх боломжтой. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт болох газрыг зориулалтын дагуу ашиглахад газрын хилийн заагийн эргэлтийн цэгийг тодорхойлох нь ач холбогдолгүй гэж үзэх боломжгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болно. Хариуцагч нь холбогдох журмын хавсралт 2-т заасны дагуу акт үйлдсэн байх тул журмын 9.3-т "нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг газарт бэхлэх зайлшгүй шаардлагатай буюу байгалийн тодорхой биет, хашаа зэрэг байхгүй тохиолдолд энэ журмын 2 дугаар хавсралт болох нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт-ыг үйлдэж иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэн өгнө” гэсний дагуу хожим буюу 2022 оны 4-р сарын 29-ний өдөр нөхөж акт үйлдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч энэ журмын дагуу акт үйлдэх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэх үндэслэлтэй.

3.9. Сонсох ажиллагаа хийгдээгүй тухайд: Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 09 сарын 07-ны өдрийн Газар зохион байгуулалтын албаны мэдэгдлийг шүүхэд нэхэмжлэл өгсөний дараагаар нотлох баримтаар хэрэгт авагдахад анх удаа танилцсан. Газар зохион байгуулалтын албаны зүгээс 2022 оны 09 сарын 07-ны өдрийн мэдэгдлийн талаар /шуудан илгээгээгүй/ огт утсаар ярьж байгаагүй бөгөөд тус байгууллагын 2024 оны 01 сарын 25-ны өдрийн 01-06/355 тоотоор "өөрийн биеэр ирж мэдэгдлээ авна гэж утсаар ярьсан" гэж албан тоотод дурдсан нь бодит байдлаас зөрүүтэй тайлбар гаргасан. Нэхэмжлэгч Ю.Л нь 2023 оны 06 сарын 20-ны өдрийн Газар зохион байгуулалтын албаны мэдэгдлийг шуудангаар авсан учир 2023 оны 06 сарын 07-ны өдрийн А/615 тоот Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмших гэрчилгээ хүчингүй болгосон тухай анх удаа 2023 оны 06 сарын 20-ны өдөр мэдсэн байдаг. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.2.1-т заасан сонсох ажиллагаа огт хийгдээгүй учир гомдолтой байна. Иймээс 2024 оны 2-р сарын 6-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2024/0121 шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

2.1. Нэхэмжлэгч Ю.Л нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/879 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10,200 м.кв газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж,  000091276 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон.

2.2. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/615 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Ю.Лийн газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

3. Нэхэмжлэгч нь газрын төлбөр төлж байгаагүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт/№020220774/-аар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс уг үйл баримттай маргаагүй, харин төлбөр төлөөгүй шалтгаанаа “...гэрээнд газрын төлбөрийг 0 төгрөг гэж тусгасан, …0 төгрөг  хэмжээгээр газрын төлбөрийг төлөх боломжгүй, төлбөр төлөх нэхэмжлэл ирж байгаагүй” гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд анхан шатны шүүхийн “...газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигчид хуулиар хүлээсэн үүрэг тул гэрээнд төлбөр төлөх талаар заагаагүй, төлбөр төлөх нэхэмжлэл ирээгүй гэх шалтгаанаар газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэснийг буруутгах  боломжгүй байна.  

4. Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж ...газрын төлбөр төлөгч байна” гэж, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж ашиглаж байгаа ...газарт төлбөр ногдуулна” гэж заасан, үүнээс үзэхэд эрх бүхий байгууллагаас газар эзэмшүүлэх шийдвэр хүлээн авсан этгээд нь газрын төлбөр төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлж байж газар эзэмших эрх нь хамгаалагдана. 

5. Хэдийгээр нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ" нь хоёр өөр байдлаар авагдсан” гэж маргаж байх боловч нэхэмжлэгч  гэрээ байгуулсан эсэх үйл баримттай маргаагүй, мөн шүүхээс гэрээний агуулгатай холбоотой аливаа дүгнэлт хийгээгүй энэ тохиолдолд “...шүүхээс уг гэрээг ямар шалтгааны улмаас хоёр өөр байдлаар хийгдсэн нөхцөл байдлыг нотлох чиг үүргийн хүрээнд тодруулаагүй” гэх давж заалдах гомдлоор маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг хууль бус гэж үзэж, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр гэрээнд газрын төлбөрийн хэмжээг 0 төгрөг гэж бичсэн нь нэхэмжлэгчид давуу байдал олгох, тодруулбал, хуулиар хүлээсэн газрын төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байх үр дагаврыг үүсгэхгүй юм.

6. Түүнчлэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан байна. Хэдийгээр нэхэмжлэгчээс газраа зориулалтын дагуу ашиглаагүй шалтгаанаа эргэлтийн цэг, тэмдэг хүлээлгэн өгөөгүй тул газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй” гэж тайлбарлах боловч анх маргаан бүхий газрын эргэлтийн цэгүүдийг тодорхойлон төлөвлөж, байршлыг зааж нийтэд нээлттэй дуудлага худалдаа явуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь газрын байршлыг мэдээгүй гэж үзэх боломжгүй, мөн газрын байршлын цэг тэмдгийг хүлээлгэн өгөөгүй талаар захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбогдуулан өргөдөл гомдол гаргах журмын дагуу хандсан талаар аливаа баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2 жил дараалан газраа ашиглаагүй” гэж үзэж, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

7. Түүнчлэн сонсох ажиллагаа нь захиргааны байгууллагаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох зохицуулалт боловч энэ маргааны тухайд нэхэмжлэгч Ю.Л өөрийн эзэмшлийн газраа 2020 оноос хойш зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь  төлж байгаагүй болох нь нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэх үндэслэлээр маргаан бүхий актын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг няцаах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хангах боломжгүй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

           ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

                      ШҮҮГЧ                                                 Н.ДОЛГОРСҮРЭН