Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2018/01284

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 17 өдөр                        Дугаар 184/ШШ2018/01284                       Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.А.даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ....дүүрэг, ... хороо, ... гудамж, ...р байранд байрлах, “Б” ХХК /РД:../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, .... хороо, ...-р хороолол.... гудамж, ... байр, ... тоотод оршин суух, Б. овогт Н. Э./РД./-д холбогдох,

 

206,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М., хариуцагч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Т.нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч “Б” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбартаа:

...Тус ... дүгээр байрны 11 тоотын оршин суугч иргэн Н.Этай 2014 оны 1 сарын 17-нд 11 тоот ашиглалтын гэрээ байгуулсан бөгөөд 2015 оны 9-12 сар, 2016 оны 1-12 сар, 2017 оны 1-6 саруудын цэвэр, бохир ус, ус халаасны төлбөрийг төлөөгүйн улмаас ...-р байрны бусад айл өрхийн усыг холбогдох газраас таслана гэсэн мэдэгдлийн дагуу “Б” ХХК-иас төлбөрийн зөрүү 206,770 төгрөгийг төлсөн. Иймд Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д заасны дагуу бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн тул бидний төлсөн төлбөрийн зөрүү 206,770 төгрөгийг гаргуулж өгнө үү.

...Гэрээ байгуулагдсанаас хойш 2014 оны 6 сарын 23-ны өдөр Хот суурины ус хангамж ариутгах татварын ашиглах үйлчилгээ зохицуулах зөвлөлөөс тогтоол гарч, Улаанбаатар хотын айл өрхүүдийн цэвэр бохир усны нэгж үнийн тарифыг өөрчилсөн байдаг. 2015 он, 2016 онд мөн нэгж үнийг өөрчилсөн. Үнийн зөрүү үүссэн. Нэхэмжлэгчийн зүгээс анх байгуулагдсан гэрээний дагуу төлбөрийг төлж, дамжуулах үүргийг гүйцэтгэж байсан. Гэтэл өр хуримтлагдсан талаар 2017 оны 10 дугаар сард мэдэгдсэн ба 5,000,000 төгрөгийн өр үүссэн. Нэгж үнэд зөрүү гарч манайд өр үүссэн учраас уг өрийг төлөхгүй бол цэвэр бохир усаар хангахгүй гэсэн мэдэгдэл ирсэн. Үүний дагуу бид бүх айлуудад мэдэгдэл хүргүүлсэн. Хариуцагч ашиглалтын зардал төлсөн, үнэ нэмэгдсэнээс зөрүү үүссэн төлбөрийг бид төлсөн, хариуцагчийн үүргийг гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Хариуцагч тоолуурын заалттай маргаагүй, уг тоолуурын дагуу нэмэгдээгүй үнээр төлбөрөө төлж байсан. Үнэ нэмэгдсэн талаарх зохих байгууллагын тушаал шийдвэрийг хэрэгт өгсөн байгаа. Өнөөдрийг хүртэл цэвэр бохир усаар хангагдаж байгаа. Тоолуурын заалтаар төлсөн төлбөрийг нэмэгдсэн төлбөрийн дүнгээс хасаад 206,770 төгрөгийн зөрүү гарч байгаа. Гэрээнд ашиглалтын зардал гэж тодорхой тусгасан, заавал тусгай зөвшөөрөл шаардагдахгүй гэв.

 

Хариуцагч Н.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбартаа: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2014 оны 1 сарын 17-ны өдрийн 11 тоот ашиглалтын гэрээг байгуулсан бөгөөд 2015 оны 9-12 сар, 2016 оны 1-12 сар, 2017 оны 6 саруудын цэвэр, бохир ус, ус халаалтын төлбөрийг төлөөгүйн улмаас 74-р байрны бусад айлын усыг таслана гэсэн мэдэгдлийн дагуу 206,770 төгрөг төлсөн гэдэг. Б ХХК нь 2014 оны 4 сарын 17-нд иргэн Б.А.. ... тоот ашиглалтын гэрээ байгуулсан байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлага дээрх хугацаанд хамаарах төлбөрийг тус компанийн нэхэмжлэхийн дагуу цаг тухай бүрд Б ХХК-ийн кассанд бүрэн төлж байсан ба ямар нэг төлбөрийн зөрүү байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Төлбөр төлж байсанд нэхэмжлэгч тал маргаагүй, харин зөрүү үүссэн гэж байна. Нэхэмжпэлийн үнийн дүн болох 206,770 төгрөгийг ямар тооцооллоор, ямар тарифаар гаргаж өгсөн талаар тооцоолол байхгүй. 74 дүгээр байрны цэвэр усыг тасална гэсэн мэдэгдлийн дагуу 206,770 төгрөгийг төлсөн гэсэн тайлбарыг өгдөг боловч таслана гэсэн мэдэгдэл нь байхгүй, 206,770 төгрөгийг төлсөн гэх баримт байхгүй. Ус суваг удирдах газартай тооцоо нийлсэн баримт байхгүй, төлбөрийн зөрүү байгаа эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага энэ зардлыг авах ёстой атал зөвшөөрөлгүй Б ХХК зардал төлбөр авч байсан, мөн үнэ нэмэгдсэн талаар надад мэдэгдээгүй. Энэ байр миний өмчлөлийнх, А. гэдэг хүнээс худалдаж авч байсан, өр төлбөр байгаагүй. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, үндэслэл нь баримтаар нотлогдоогүй гэв.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Н.Эгаас цэвэр, бохир ус ашигласны төлбөрийн зөрүү 206,770 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Зохигчид буюу нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...УСУГ-тай манайх гэрээ байгуулж усны төлбөрийг хэрэглэгчдээс авч нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд айл, өрхтэй ашиглалтын гэрээ байгуулан тухайн төлбөрүүдийг дамжуулан авч холбогдох байгуу лагад төлж байсан, төлбөрийн нэгж үнэ нэмэгдсэнээс айл өрхүүдэд үнийн зөрүү үүссэнийг бид УСУГ-т тэдний өмнөөс төлж барагдуулсан тул уг зөрүү төлбөрийг нэхэмжлэнэ гэж, хариуцагч талаас татгалзаж байгаа үндэслэлээ ...”Б” ХХК-тай байгуулсан ашиглалтын гэрээг Б.А. гэж хүн байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагад заасан хугацаанд ашиглалтын төлбөрийг бүрэн төлж байсан, төлбөрийн зөрүү гарсан талаар мэдэгдэж байгаагүй. Мөн “Б” ХХК нь ашиглалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байгуулага бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцдэг.

Талуудын маргаж буй үйл баримт, хэрэгт цугласан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын нэг үндэслэлээ ...нэхэмжлэгчтэй ашиглалтын гэрээг би байгуулаагүй гэдэг. 2014 оны 01 сарын 17-ны өдрийн 11 дугаартай “А.”-г “Б” ХХК болон ..дүүргийн ..р хороо, .. гудамж, ..дгээр байрны 11 тоотын оршин суугч иргэн Б.А. нар байгуулжээ. Хэдийгээр тус гэрээг хариуцагч Н.Э байгуулаагүй байх боловч ...ашиглалтын гэрээнд заасан .... тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь би мөн гэх хариуцагч Б.Э.гийн тайлбар, мэдүүлэг, нэхэмжлэлийн шаардлагад заасан хугацаанд орон сууцны ашиглалтын төлбөрийг төлж байсан “...ашиглалтын төлбөр Э.” гэж тэмдэглэгдсэн төлбөрийн баримтуудаар тухайн орон сууцны өмчлөгч Н.Э байх ба энэ талаар талууд маргаагүй.

 

Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т орон сууц өмчлөгч гэж тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий иргэнийг... ойлгоно гэж, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад... төлнө” гэж тус тус заасан байх тул тухайн орон сууцны өмчлөгч Н.Эг хариуцагчаар тодорхойлсон байна.

 

Хэрэгт авагдсан бичмэл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Б” ХХК нь ...р байрны ашиглалтын буюу ус, цахилгаан, дулааны мөнгийг айл өрхүүдээс тоолуурын заалтын дагуу нэхэмжлэн авч хангагч байгууллагуудад төлдөг байсан гэх тайлбар нь “...Б ХХК нь манай байгууллагатай 2017 оны 10 дугаар сард аж ахуйн нэгжээр халаалтын ... дугаартай гэрээ хийсэн болно” гэх орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2018 оны 05 сарын 15-ны өдрийн ... тоот тайлбар бүхий ... тоот албан бичиг, “...Б ХХК нь манай байгууллагатай төлбөр тооцооны асуудалгүй болохыг тодорхойлов” гэх Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн тодорхойлолт, ... төвийн 2018 оны 05 сарын 10-ны ... тоот албан бичиг, хариуцагч Н.Эгийн “...Б ХХК-ийн кассанд нэхэмжлэхийнх нь дагуу ашиглалтын төлбөрийг бүрэн төлж байсан” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь ашиглалтын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй болох нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2018 оны 05 сарын 07-ны өдрийн ... тоот “...Б ХХК нь зохицуулах зөвлөлөөс олгодог ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болохыг тодорхойж байна” гэсэн албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Ашиглалтын гэрээ нь сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдахаас өмнөх зардлыг зохицуулах зориулалт бүхий гэрээ, мөн “Б” ХХК нь айл өрхөөс авсан төлбөрийг хангагч байгууллагуудад дамжуулан төлөх үүрэг гүйцэтгэж байсан. Үүнд тусгай зөвшөөрөл шаардагдахгүй” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хэдийгээр “Б” ХХК нь ашиглалтын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй боловч Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д “хэрэглэгч гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж заасан байгууллага байна. Нэхэмжлэгч нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуульд заасан хэрэглэгч байгууллага болохын хувьд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д заасан “цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх” үүргээ хэрэгжүүлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Нөгөө талаар тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий байгууллагатай хэрэглэгчийг төлөөлөн гэрээ хийж буй ашиглалтын өмнөх үйл ажиллагааг хариуцаж буй хуулийн этгээд болон СӨХ-ны үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй болно. 

 

Тодруулбал, барилгыг ашиглалтад оруулсан Б ХХК болон тухайн байрны өмчлөгч нарын хооронд байгуулагдсан “Ашиглалтын гэрээ”-ний үндсэн агуулга нь хэрэглэгчийн төлөх ашиглалтын төлбөрийг холбогдох байгууллагад дамжуулан төлөх эрх, үүргийг зохицуулсан байх бөгөөд агуулгын хувьд хуульд харш хэлцэл гэж үзэх боломжгүй.

 

Түүнчлэн хариуцагч тал татгалзлын нэг үндэслэлээ цэвэр, бохир усны үнэ тариф нэмэгдсэн талаар мэдэгдээгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 3.1.18-д заасан цэвэр бохир усны суурь тарифийг тогтоох эрх бүхий байгууллага биш байх ба уг эрхийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх” эрхийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл эдэлдэг болох нь тогтоогдож байна.

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2014 оны 06 сарын 13 ны өдрийн “Цэвэр бохир усны үйлчилгээний тариф суурь хураамж батлах тухай” 23 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар, мөн зөвлөлийн 2015 оны 07 сарын 31-ний өдрийн .... тоот “Цэвэр боир усны үйлчилгээний тариф батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралт, 2016 оны 11 сарын 29-ний.... тоот “Улаанбаатар хотын цэвэр бохир усны үйлчилгээний тариф батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтуудаар нэхэмжлэлийн шаардлагад заасан хугацаанд цэвэр бохир усны суурь тариф өөрчлөгдсөн болох нь тогтоогдож байх ба дээрх хугацаанд нэхэмжлэгч нь 2014 оны ...тоот тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан дүнгээр тооцон төлбөрийн нэхэмжлэл илгээж, хариуцагч нь мөн дүнгээр төлбөр төлж байсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтууд болон төлбөрийн нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. Зохигчдын хэн аль нь төлбөрийн нэхэмжлэл илгээсэн хугацаа болон төлбөр гүйцэтгэсэн хугацаа, төлбөрийн нэхэмжлэлд заасан цэвэр, бохир усны тоолуурын заалттай маргадаггүй ба хариуцагчийн зүгээс тоолуурын заалтыг хүлээн зөвшөөрч төлбөрийг гүйцэтгэж байсан байна.

 

Дээрх үйл баримт болон бичгийн нотлох баримт Зохигчдын хооронд байгуусан 11 тоот Ашиглалтын гэрээний 7.6-д “хэрэглэгч нь ...орон сууцны талбайн ашиглалтын зардлыг тогтмол хугацаанд хугацаанд төлж байрагдуулах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь халуун, цэвэр, бохир усны ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлнө” гэж тус тус заасны дагуу орон сууц өмчлөгчийн үүргийг хуулиар тодорхойлсон бөгөөд хариуцагч тал ч хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж иржээ.

Нэхэмжлэгч талаас хэрэглээний цэвэр, бохир усны үйлчилгээний тариф өөрчлөгдсөн талаар тухай бүр хэрэглэгчдэд мэдэгдээгүй, нэхэмжлэн шаардаагүй үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч хэрэглэгч Н.Эгийн ашилалтын төлбөр төлөх үүргийг буюу зөрүү 206,770 төгрөгийн төлбөрийг түүний даалгаваргүйгээр нэхэмжлэгч тал гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн ...Айл өрхүүдийн төлбөрийн зөрүүг бид төлснөөр халуун, цэвэр, бохир усны хязгаарлалтыг холбогдох байгууллагаас хийгээгүй гэх тайлбар, хариуцагчийн ...энэ хугацаанд цэвэр, бохир усны төлбөр тооцооны асуудал нэхэгдээгүй, ямар нэг хязгаарлалт хийгдэж байгаагүй гэх тайлбар, мэдүүлгүүд болон үйл баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч “Б” ХХК-иас бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн цэвэр, бохир ус ашигласны төлбөрийн зөрүү 206,770 төгрөгийг хариуцагч Н.Э хариуцах үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэлээ.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Эгаас 206,770 төгрөг /хоёр зуун зургаан мянга долоон зуун дал/-ийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас 6,853 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 6,853 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э..А