Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2018/00415

 

 

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2018/00415

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ..ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 176,812,500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т., түүний өмгөөлөгч Д.Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Х.Б нь У.. давхар орон сууц барих ажил эхлэхэд 120,000,000 төгрөг шаардлагатай байгаа тул ... өрөө байрыг барьцаалж 2013 оны 09 сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар бэлнээр нь зээлж авсан бөгөөд барилга баригдаж дуусаад анхны борлуулалт хийгдмэгц уг мөнгийг буцааж өгөөд олсон ашигаа 50, 50 хувиар хувааж авахаар тохиролцсон боловч байрны борлуулалт удааширсан гэсэн шалтгаанаар мөнгөө буцааж төлөлгүй 2016 оны 12 сар хүрлээ.

Увс явах замын зардлын мөнгө хэрэгтэй байна гэж 2015-01-25 нд 1,500,000 төгрөг, 2015-05 сард 1,000,000 төгрөг дахин зээлж авч нийт 122,500,000 төгрөг бэлнээр авсан бөгөөд Хөрөнгө оруулалтын 2013-09-06-ны өдрийн гэрээгээр барилгын борлуулалтын ашгаас 50 хувийг төлөхөөр тохиролцсон. Олон дахин нэхэмжилсний эцэст 2016-12-29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2017-03-08-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг өгч үлдсэн мөнгө 112,500,000 төгрөг төлөх ёстой. Удаа дараа төлбөр тооцоо болон төлөх хугацаагаа тохиролцож бичгээр баталгаажуулан гэрээ хийх шаардлага тавьсан боловч ямар нэгэн шалтаг гарган хойшлуулсаар 2017-05-10 өдөр уулзаж мөнгөө нэхэмжлэхэд орлого орохгүй байна энэ барилгыг бариад ямарч ашиг олоогүй тул мөнгө өгөх боломж байхгүй гэснээр бидний хооронд маргаан үүсч асуудлыг шүүхийн байгуулгаар шийдвэрлүүлэх санал тавихад Х.Б нь энэ бол чиний асуудал гэсэн тул мөнгөө гаргуулан авахын тулд шүүхэд хандахаас өөр аргагүй болсон юм.

2014-02-18 ны өдөр Х.Б нь барьцаалсан байрны гэрчилгээг эргүүлэн авах хүсэлт тавьсан тул 100 хувь итгэлцлийн үндсэн дээр байрных нь гэрчилгээг буцаан өгсөн. Гэтэл уг байрыг банкны барьцаанд тавьж дахин мөнгө зээлж аван нэг байрыг давхар барьцаанд тавьсан байсан. Х.Бы өөрийнх нь ярьснаар надаас зээлсэн мөнгөнөөс бусад зээлүүдээ бүгдийг төлсөн яагаад гэвэл тэр мөнгө бүгд хүү, алдангитай байсан гэж ярьдаг. Орон сууцны барилга бариад ашиг олоогүй тул чамд ашиг өгөхгүй, боломжтой болвол тодорхой хэмжээний хүү өгнө хэзээ хэдэн төгрөгний хүү өгөхөө амлаж чадахгүй гэж ярьж байгаа. Би Х.Бы амлалтанд бүрэн итгэж өдий олон жил хүлээцтэй хандаж ирсэн боловч миний итгэлийг хөсөрдүүлснээр барахгүй зээлж авсан үндсэн мөнгөө төлөхгүй зарим үед утасны дугаараа солих утасдахад утсаа авахгүй байх байдлуудыг харахад санаатайгаар зальдаж надаас мөнгө авсан гэж үзэж байгаагаас гадна хуваах ашиг олоогүй гэж ярьж байгаа тул банкны хадгаламжийн хүүгээр дүүцүүлэн алдангийг нэмж гаргуулж авахаар нэхэмжилж байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 112,500,000 төгрөг, алдангийг банкны хадгаламжийн хүүгээр бодож 64,312,500 төгрөг, нийт 176,812,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хамтран ажиллахаар тохиролцоогүй, анхнаасаа л мөнгө зээлж авсан тул зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна, хүний мөнгийг авч ашигласан тул алданги төлөх нь зүйтэй гэв.

 

Хариуцагч Х.Б, түүний төлөөлөгч нараас шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь 2013 оны 9 сарын 6-ны өдөр иргэн Төмөрпүрэвээс барилгын хөрөнгө оруулалтанд зориулж 120 сая төгрөг авсан бөгөөд барилгын ашгаа 50, 50% -иар хуваана гэж ярьж тохиролцсон. Иргэн Т. нь нэхэмжлэгч Т.Эы аав бөгөөд тухайн үед төрийн албан хаагч учраас хүү Эрдэнэчулууны нэр дээр гэрээ хийсэн. Орон сууцны барилга маань 2013 оны 9 сард эхэлсэн ба барилгын суурь, зоорийн давхраа дуусгаад банкнаас барилгаа барьцаалаад зээл авна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэтэл хөдөөний банкууд харьяаллын бус гэх тодорхойгүй шалтгаанаар зээл өгөөгүй учраас найз нөхөд, ах дүүгийнхээ үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд тавьж зээл аваад 2015 оны 6 сард барилгаа барьж дуусгасан. Мөнгө муутайгаас барилга барих явц удаашралтай байсан, эдийн засгийн хямралтай холбоотойгоор байр орон сууц зарагдахгүй болсон.

2016 оны 9 сард хамгийн сүүлийн мөнгөө төлсөн учраас барилгаас олох ашиг байхгүй болсон. Мөн байр худалдаж авсан хүмүүс урьдчилгаа 30% өгөөгүй өдий хүрч байгааг шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр өгсөн. Төмөрпүрэвт өгөх мөнгө удааширч байгаа нь үнэн.

 

Би энэ барилгаас ашиг олох нь битгий хэл өөрийнхөө орон сууцыг банкны зээлээс чөлөөлж авч чадахгүй зарж зээлээ төлсөн ба найз Сарангэрэлийнхээ орон сууцыг зээлэнд тавьсан. Хүний орон сууцыг банкинд алдахгүйн тулд машинаа хүртэл зээлэнд тавьж байх тул миний энэ хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж хэргийг шийдэж өгнө үү.

 

Зээлийн харилцаа үүсээгүй тул зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин өөр байдлаар шаардаж байгаа бол авсан мөнгийг буцаан өгнө, харин алданги тооцох талаар тохиролцоогүй тул алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Х.Баас зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл, алдангийн хамт 176,812,500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Зохигч буюу нэхэмжлэгч тал нь ...Үндсэн зээл 122,500,000 төгрөгөөс төлсөн 10,0000 төгрөгийг хасаад үлдэх 112,500,000 төгрөгийг арилжааны банкны хадгаламжийн хүүгээр тооцон алданги 64,312,500 төгрөгийн хамт нийт 176,812,500 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч тал нь ...Барилгад хөрөнгө оруулахаар 120 сая төгрөг авсан, хүү, алданги тохироогүй, зээлийн гэрээ байгуулаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй, харин хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн тул авсан мөнгийг буцааж өгнө, алданги үндэслэлгүй гэж тус тус маргадаг.

 

Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлон 2013 он..-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Барьцааны гэрээ, 2013 о...-ний өдрийн Барьцааны гэрээний хавсралт №1, Мөнгө хүлээлцсэн баримт, Баримт бичиг хүлээн авсан нотломж, Капитал банкны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг ханган тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлавал нэхэмжлэгч Т.Э, Х.Б нарын хооронд 2013 оны 9 сарын 06-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй .....дэвсгэрт баригдах 5 давхар 30 айлын орон сууцанд хөрөнгө оруулахаар бэлэн 120,000,000 төгрөгийг иргэн .д хүлээлгэн өгсөн болно, барилгаас олох ашгийг 50,50% хуваахаар тохиролцов, барьцааны гэрээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэх хэлцэл байгуулагдаж улмаар Х.Б нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг барьцаалжээ. 2013 оны 9 сарын 5-нд 30,000,000 төгрөг, 90,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримт үйлдсэн байна. Барьцааны гэрээний хавсралтаар /№1/ ...Барилгыг ашиглалтад оруулах хугацаа 2014 оны 9 сарын 1, ашиглалтанд оруулаад эхний борлуулалтаас 120 сая төгрөгийг буцаан төлнө гэж талууд тохиролцсон байх бөгөөд 2014 оны 2 сарын 18-ны өдрийн Баримт бичиг хүлээн авсан нотломж гэх баримтад ...Х.Б би 3 өрөө орон сууцаа барьцаалж ОС барилга барих зорилгоор 120 сая төгрөг зээлж авсан бөгөөд дахин зээл авах шаардлага гарсан тул зээлээ чөлөөлөлгүйгээр итгэлцлийн үндсэн дээр орон сууцны гэрчилгээг буцаан авч барьж байгаа орон сууцны ашгийн хуваах гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцлүүдээс дүгнэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн харилцаа Т.Э, Х.Б нарын хооронд үүссэн байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр бус эсэх талаар маргаагүй, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан шаардлагыг хангасан бичгээр байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Тодруулбал, талууд хэлцлээ хөрөнгө оруулалтын гэрээ гэж нэрлээд, барилга барихад хөрөнгө оруулсан, ашгаа тэнцүү хуваахаар тохиролцсон гэх хэдий ч нэхэмжлэгч Т.Эы 120,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэх үйлдэл нь талуудын хамтын үйл ажиллагаа мөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хамтын үйл ажиллагаа болоод оруулж байгаа хөрөнгө дундын өмч болох талаар тохиролцсон асуудал үгүй, Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний шинж тогтоогдохгүй байна. Харин дээр дурдсанчлан талуудын хооронд 122,500,000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн ба хариуцагч Х.Б нь зээлийг буцаан төлөх үүрэг хүлээсэн болох нь баримт бичиг хүлээн авсан нотломж бичгээр, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 122,500,000 төгрөг шилжүүлсэн болох нь мөнгө хүлээлцсэн баримтаар тус тус нотлогдож байх тул зээлдэгч буюу хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй болно.

 

Зээлийн гэрээний үүргээс хариуцагч тал 2016, 2017 онд нийт 10,000,000 төгрөг төлсөн гэдэг, энэ талаар талууд маргаагүй учир Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасанчлан 2017 оноос хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолохоор гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа хэтрээгүй байгаа нь хариуцагч талаас гаргасан гэрээний үүрэг шаардах хугацаа хэтэрсэн гэх тайлбарыг үгүйсгэж байна.

 

Талууд 122,500,000 төгрөг өгсөн, авсан талаар, үүнээс 10,000,000 төгрөг буцаан төлсөн, 112,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар маргадаггүй ба нэхэмжлэгч тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул алданги тооцон гаргуулахаар шаардлага гаргасан байдаг.

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ буюу алданги шаардаж буй үндэслэлээ арилжааны банкны хадгаламжийн хүүгээр тооцсон гэж тайлбарлах бөгөөд энэ шаардах эрх нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцэж байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь дээрх шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, хуульд заасан хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүг тооцохдоо ...буюу арилжааны банкны жилийн хүүгээр тооцсон нь хуулийн үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын нэг болох алдангийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу байх бөгөөд зээлийн гэрээ, хэлцлээр хүү, алданги тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгох нь хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Х.Баас зээлийн гэрээний үүрэгт 112,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Эд олгож, алданги 64,312,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Баас 112,500,000 /нэг зуун арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64,312,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 1,042,012.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 720,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.А.

 

 

 

.

 

.