Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/01254

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т. Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/01401 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т. Э хариуцагч З.О , Б.Э , Б.Э , М ХХК нарт холбогдуулан гаргасан хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт нийт 300,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Д.Төмөрпүрэв, хариуцагч бөгөөд хариуцагч З.О , Б.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, М ХХК -ийн төлөөлөгч Б.Э , хариуцагчийн өмгөөлөгч Д.Санчир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Эрдэнэчулуун нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Шүүхэд анх Х.Батчулуунд холбогдуулан гаргасан нийт 176,812,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Хариуцагч М ХХК , З.О , Б.Э , Б.Э нарт холбогдуулан 2013 оны 09 сарын 06-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээгээр өөрт ноогдох хувь 300,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Үндэслэл нь, дээрх гэрээний дагуу оруулсан 120,000,000 төгрөгөөр Увс аймагт 30 айлын 5 давхар орон сууцны барилгыг барьж, ашгаа тэнцүү хуваах байсан. М ХХК нь гэр бүлийн гишүүдийн нэр дээр байдаг бөгөөд барилгыг З.О , Б.Э , Б.Э нар барьсан. Барилга барих явцдаа зээл авах хэрэгтэй боллоо гээд гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Миний оруулсан мөнгөн хөрөнгийг 100 хувь барилгын ажилд зарцуулсан ба улмаар Х.Батчулуун нь өөрийн нэр дээрх бүх өмчлөлийн зүйлийг М ХХК болон гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр шилжүүлсэн.

Иймд Х.Батчулуун нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болж байна. Дуусаагүй барилгыг захиалгын гэрээгээр худалдаж эхэлсэн ба надад эхний төлбөрт нийт 10,000,000 төгрөг төлсөн дахин төлбөр хийгээгүй. Иймд гэрээний дагуу барилгыг худалдан борлуулсан, худалдаагүй байрны ашгийн 50 хувь буюу нийт 300,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэжээ.

 

Хариуцагч нар хариу тайлбартаа: Х.Батчулуун нь амьд ахуй цагтаа 2013 оны 09 сард нэхэмжлэгч Т. Э эцэг болох Д.Төмөрпүрэвээс 120,000,000 төгрөг зээлсэн тухай хэлж байсан. Д.Төмөрпүрэв өөрийн нэрээр мөнгө зээлж болохгүй гээд хүүгийнхээ нэрээр зээлүүлсэн. Миний эцэг Х.Батчулуун нь М ХХК -ийг байгуулан, Увс аймагт орон сууцны барилга бариулсан нь үнэн боловч, Т. Э хөрөнгө оруулалт гэсэн мөнгө нь М ХХК -ийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй, компанийн дансанд ороогүйн гадна Т.Эрдэнэчулуунтай хариуцагч нар ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл байгуулаагүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй болно. Бид байр борлуулсан мөнгөнөөс ямар ч ашиг аваагүй. Орон сууц барьсан өртөг нь хэд болсон талаар мэдэх зүйл байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2, 515 дугаар зүйлийн 515.2-т тус тус зааснаар хариуцагч М ХХК болон түүний захирал Б.Э , Б.Э , З.О нараас 218,138,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 81,862,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,658,112.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,248,640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Т.Эрдэнэчулуун нь 2017 оны 06 сарын 02-ны өдөр хариуцагч Х.Батчулуунд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 176,821,500 төгрөг гаргуулахаар шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Х.Батчулуун нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 10 сарын 03-ны өдөр өвчний учир нас барсан. Улмаар 2018 оны 11 сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч Х.Батчулуунаас татгалзаж, түүний эхнэр, хүүхдүүд болох З.О , Б.Э , Б.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан.

Хэдийгээр нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох нь хуульд заасан өөрийнх нь эрх боловч, ямар үндэслэлээр эдгээр хүмүүсийг хариуцагчаар татах болсон нь тодорхойгүй болсон. Учир нь талуудын хооронд эрх зүйн харилцаа бий болоогүй, үүрэг үүсээгүй байдаг. Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ хэрхэн тодорхойлж байгаа талаар тодруулахаар 2019 оны 11 сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч миний бие нэхэмжлэгч талаас гэрээний үүрэг, өв залгамжлагчийн хариуцлагын алийг шаардаж байгаа талаар тодруулж, энэ нь хэргийн харьяаллыг тогтооход чухал ач холбогдолтой, хэрэв өв залгамжлалаар үүрэг шаардаж байгаа бол өвлөгдөж байгаа хөрөнгө байгаа газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэх ёстой талаар тайлбарлахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг .. гэрээний үүрэг шаардаж байна... гэж хариулсан болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь талуудын хооронд гэрээний үүрэг үүсэж, улмаар гэрээний үүргийн биелэлтэд 300,000,000 төгрөг шаардаж байна гэсэн. Гэтэл анхан шатны шүүх хэргийн хариуцагч Х.Батчулуун нас барсан тул түүний гэр бүлийн гишүүдээс Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2-т хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр ... тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ гэж зааснаар өвлөгчийн хариуцлагаар шаардсан гэж үзлээ гэж дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Дээрхээс гадна анхан шатны шүүх хариуцагч нар нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2-т зааснаар хэд хэдэн өвлөгч байвал тэдгээр нь өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хувь тэнцүүлэн хүлээнэ гэж зааснаар хариуцуулах нь зүйтэй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь талийгаач Х.Батчулуунаас хариуцагч нарт өвлөгдсөн эд хөрөнгө байхгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд түүнийг нас барах үед Х.Батчулууны нэр дээр бүртгэлтэй, нэг ширхэг автомашин байсан байдаг. Хэрэв шүүх энэхүү автомашины үнэлгээг тогтоон, уг хэмжээгээр хариуцагч нараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн бол энэ нь хуульд нийцсэн шийдвэр болох байсан. Шүүх хариуцагч нар нь талийгаач Х.Батчулууны гэр бүлийн гишүүд бөгөөд улмаар 2018 оны 10 сарын 03-ны өдөр нас барж, Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар түүний өв нээгдсэн байна. Хавтаст хэрэг өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй боловч түүний эхнэр хүүхдүүд нь мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч нар болох нь баримтаар тогтоогдож байна. гэж дүгнэсэн нь мөн л үндэслэлгүй. Хэрэгт өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй бөгөөд хариуцагч нар өв хүлээн авсан, эсхүл өвлөх эрхээсээ татгалзсан аль нь болохыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Талийгаач Х.Батчулуун нь М ХХК -ийг байгуулж, захирлаар нь ажиллаж байсан ба нас барснаар түүний үүрэг нь эрх залгамжлагч болох хүү Б.Э д шилжсэн болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул эд хөрөнгийг эзэмшилдээ авсан гэж үзлээ гэж дүгнэлт хийсэн нь алдаатай. Учир нь, талийгаач Х.Батчулуун М ХХК -ийг байгуулсан нь үнэн боловч, уг компани хариуцагч Б.Э д өвлөгдөж ирээгүй. Шүүх ... Харин барилга барихад нэхэмжлэгч талаас оролцож, хамтын үйл ажиллагаа явуулаагүй болох нь талуудын бичгээр ирүүлсэн болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна... гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт ямар үндэслэлээр хамтын ажиллагааны ашиг гэж мөнгө хуваарилаад байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчид хамтын ажиллагааны ашиг тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн шүүх энэ үйлдлээ үргэлжлүүлэн, өөрөө ашиг, алдагдлыг хуваарилах журмыг тогтоон, өөрөө шинжээчийн үүргийг гүйцэтгэж, тооцоолол гарган, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Эрдэнэчулуун нь хариуцагч Х.Батчулуунд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 176,812,500 төгрөгийг гаргуулах тухай шаардлагаа /1хх1-2/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа өөрчилсөн байх бөгөөд хариуцагч Х.Батчулуун нас барсантай холбогдуулан М ХХК , З.О , Б.Э , Б.Э нарыг хариуцагчаар тодорхойлон /1хх 160, 172-173/, тэдгээрт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт нийт 300,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. /1хх 170, 190, 211/

 

Хариуцагч /талийгаач/ Х.Батчулууны хувьд өөрт нь холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагад ...Т.Эрдэнэчулуунаас барилга барих хөрөнгө оруулалтын зориулалтаар 120,000,000 төгрөг авсан бөгөөд тус барилга баригдаж, худалдан борлуулагдсанаар ашгийг 50 хувь, 50 хувиар хуваах байсан боловч ашиг олж чадаагүйн улмаас түүнд мөнгөн хөрөнгө өгч чадахгүй байгаа... тухай тайлбарласан бол /1хх 33-34/ хариуцагч М ХХК , З.О , Б.Э , Б.Э нар нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, эрх зүйн харилцаанд оролцоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /2хх 60, 61, 142/

 

Хэргийн 1 дүгээр хавтас 5-8 дах талд авагдсан Барьцааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Барьцааны гэрээний хавсралт №1, Мөнгө хүлээлцсэн баримт зэрэг бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг харьцуулан үнэлбэл, Т.Эрдэнэчулуун нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах М ХХК -ийн 30 айлын орон сууцны барилгын ажилд зориулж нийт 120,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, ашгийн 50 хувийг авах нөхцөлийг Х.Батчулуунтай харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. Анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч тухайн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж байх явцад буюу 2018 оны 10 сарын 02-ны өдөр гэрээний нэг тал Х.Батчулуун нас барсантай /1хх138/ холбогдуулан түүний гэр бүлийн гишүүдэд нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.2-т зааснаар өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хувь тэнцүүлэн хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

 

Тодруулбал, анхан шатны шүүх хариуцагч З.О , Б.Э , Б.Э нар өв хүлээн авсан эсэх, авсан бол ямар хэмжээний өв хүлээн авсан болохыг тодруулаагүй, түүнчлэн маргаан бүхий орон сууцны төсөвт өртгийн хэмжээ эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байхад 218,138,000 төгрөгийг хариуцагч нарт хувь тэнцүүлэн ногдуулсан нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.5, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т заасантай тус тус нийцээгүй. Мөн М ХХК -ийн хувьд Иргэний хуулийн 31, 32 дугаар зүйлд заасны дагуу өөрчлөн байгуулагдаагүй, татан буугдаагүй байхад тус компанийн үүсгэн байгуулагч талийгаач Х.Батчулууны хүү Б.Э ыг эрх залгамжлагч хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Зүй нь, М ХХК -ийн захирал өөрчлөгдсөн эсэхээс үл хамаараад тухайн компанийн бусдын өмнө хүлээх үүрэг хэвээр байх юм.

 

Дээрхээс гадна, хариуцагч талаас маргаан бүхий орон сууцны төсөвт өртөг 2,293,494,680 төгрөг болох тухай бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч маргасан бөгөөд уг дүнг няцаах зорилгоор 2011-2013 оны үед 2,2 тэрбум төгрөгөөр 60 айлын орон сууц барих боломжтой эсэх, 1 м.кв-ын үнэ 700,000 төгрөгт багтах эсэх тухай тодруулах хүсэлт гаргасныг шүүх шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэх үндэслэлээр хүлээн аваагүй нь /3хх 205, 207/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хэргийн оролцогчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлж, мэтгэлцэх эрхийг зөрчсөн байна.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл бий болсон гэж үзнэ.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг зөвтгөх буюу нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийх эрх хуулиар олгогдоогүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн үүргийн хэмжээг эцэслэн нэг мөр тодорхойлох, хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт хийх, маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны дэгийн дагуу татгалзал асуухад шүүгчээс татгалзахгүй гэсэн атлаа шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгчээс татгалзсаныг хүлээн аваагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгах боломжгүй болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/01401 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,248,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.НЯМБАЗАР