Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0229

 

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0229

Улаанбаатар хот

 

Д.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М;

 

Нэхэмжлэгч: Д.А

Хариуцагч: НЗД

Гуравдагч этгээд: “С-А ” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/147 дугаар захирамжийн Д.А-т холбогдох хэсгийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0111 дугаартай шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Б.А,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-О нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин

Хэргийн индекс: 128/2023/0438/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.А  нь НЗД-д холбогдуулан “НЗД-ын  2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/147 дугаар захирамжийн Д.А-т холбогдох хэсгийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 111 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дүгээр зүйлийг удирдлага болгон Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, холбогдох хуулийг нэхэмжлэгчийн эсрэг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан.

3.1. ... Шүүх хууль зөрчиж газар эзэмших эрх үүссэн гэдгийг хүн хуулийн этгээд мэдэх ёстой үйл баримт бөгөөд хууль бусаар үүссэн аливаа эрхийг шүүх хамгаалах, сэргээн эдлүүлэх үндэслэл байхгүй болно. Ийнхүү маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Д.А-ын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн нөхцөл байдал нотлогдоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй” гэдгээр тодорхойлогдог. Д.А-ын эрх хууль ёсны ашиг сонирхол хөнгөдөөгүй гэж үү.

3.2. Хавтаст хэргийн 1-н 167 дахь талд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 12-р сарын 12-нд №01-06/6083 дугаар мэдэгдэх хуудсаар 2022 оны 12-р сарын 19-ний өдрийн дотор тус албанд ирүүл гэжээ. Нэг үгээр сонсгох ажиллагаанд урьсан байдаг. Гэтэл НЗД-ын  Тамгын газраас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад 2022 оны 11-р сарын 16-ны өдрийн №03/6000 албан бичгээр хууль заасан журмаар хүчингүй болгох арга хэмжээ авч, захирамжийн төсөл боловсруулж 2022 оны 11-р сарын 21-ний дотор тус газарт ирүүлнэ үү. /хх 1-н 56 дахь тал/ Нэхэмжлэгчийн зүгээс мэдэгдэх хуудаст заасан хугацаанд тайлбар болон тухайн газарт оруулсан хөрөнгө оруулалтын баримтаа өгсөн. Мөн мэдэгдэх хуудастаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэсэн агуулгатай байсан. НЗД-ын  2023 оны 02-р сарын 23-ны өдрийн А/147 захирамж гарахдаа огт өөр хуулийн зүйл заалт үндэслэл бичсэн. Шүүх сонсгох ажиллагааг хуульд нийцүүлж хийсэн гэж дүгнэсэн. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм. Захиргааны байгууллага сонсголд урихдаа шийдвэрээ аль өмнө гаргасан байсан байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт зааснаар гаргасан газартаа зарцуулсан хөрөнгийг шийдвэрлээгүй. Шийдвэрлэсэн тэмдэглэл хэрэгт байхгүй юм.

3.3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12-р сарын 04-ний өдөр баталсан “Төлөвлөгөө батлах тухай” 02/23 дугаар тогтоолоор Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан уг төлөвлөгөөгөөр Хан-Уул дүүргийн 6-р хороонд авто замын төлөвлөлт байхгүй юм. / хх 1-н 196, 197, 2-н 22, 31, 36/

3.4. Авто зам замын байгууламж төлөвлөх даалгавар 2018 оны 09-р сарын 05-ны өдрийн МЗХ2018/21-31 дугаартай гарсан байдаг. Энэ даалгаврын дагуу “Классик Роуд” ХХК төлөвлөлт зураг хийж байсан. Энэ даалгавар биелэх боломжгүй талаар Дулааны шугам сүлжээ, Ус суваг ашиглалтын газрууд, төлөвлөсөн хэсэгт замын трасс байгуулах боломжгүй өөрсдийн мэдлийн 500-1000 диаметртэй халуун ус, халаалт, цэвэр усны сувгууд байгаа талаар баримтаа гаргаж өгсөн. / хх 1-н 210-213/ Энэ л харин Яармаг, Нисэхийн нийтийн эрх ашиг юм. Энэ инженерийн шугам сүлжээн дээр зам төлөвлөж болохгүй байх. Хариуцагч ч энэ замын зураг төсөв гараагүй гэдгээ шүүхэд бичиж өгсөн байгаа. Энэ инженерийн шугам сүлжээнүүд 2000 онд байгуулагдсан гэдэг.

3.5. Шүүх төлөвлөөд хэдий 5 жил болсон боловч одоогоор хүчингүй болгоогүй тул давхцал гэж үзсэн. Аль эрт /хуулийн хугацаа дууссан/ бүрэн биелэх боломжгүй болсон төсөл төлөвлөгөө байж байх юм бол том хуулийн этгээдэд хамаагүй болно гээд хувь иргэнд хатуу хандаж хохироож байгаа нь хууль шүүхийн өмнө тэгж байх зарчим алдагдаад байна. Хэргийн бодит байдал дээр тэр төлөвлөсөн хэсэгт Д.А-ын баруун талд Оргил худалдааны төв дээрээ 16 давхар орон сууц, -зүүн талд нь заан Батзоригийн 7-н давхар худалдааны төв залган байрласан одоо ашиглалтад орж байна. Шүүхийн үзлэгээр харагдаж байгаа.

3.6. 2018 онд болсон үйл баримтад 2023 оны Хот байгуулалт хөгжлийн газрын 11-р сарын 23-ны өдрийн 10/3286 дугаартай албан бичиг, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг, төмөр замын транзит /LRT/ -аар төлөвлөсөн газартай давхцаж байна гэж дүгнэж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 12-р сарын 04-ний өдөр төлөвлөгөөг баталсан. Энэ цаг үед Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн толгойд төмөр замын транзит /LRT/ гэх шийдэл төлөвлөгөө байсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 2017, 2018 оны баримтууд шүүхэд ийм нэр томьёотой бичиг баримт хавтаст хэрэгт л би олж хараагүй.

3.7. Д.А-ын хувьд миний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, өөрт эерэг нөлөөлөл бүхий төрийн байгууллагын шийдвэрийг хууль бус эсэхийг мэдэх боломжгүй, шаардлагагүй юм. Хэрвээ хууль бус шийдвэр гаргасан бол тухайн шийдвэрийг гаргасан этгээд хариуцлага хүлээх ёстой байтал үүргээ биелүүлж байгаа иргэний эрхийг хязгаарлах нь хууль ёсонд нийцэхгүй байна.

3.8. НЗД  маргаан бүхий газрыг эзэмших эрх олгох үед Д.А  нь захиргааны байгууллагаас тодорхойлсны дагуу дуудлага худалдааны анхны үнэ 26.400.000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн бөгөөд эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахын тулд дэд бүтцийн ажилд 20,000,000 төгрөг, газрын төлбөрт 184.000 төгрөг, хашаа барих ажилд 6,300,000 төгрөг гэх мэтээр багагүй хэмжээний хөрөнгө зарцуулсан. Гэтэл НЗД  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг мөрдөөгүйгээс төрийн захиргааны байгууллагын зохих зөвшөөрлийн дагуу тодорхой хөрөнгө зарцуулж, шинээр өмч хөрөнгө бий болгох хууль ёсны үйл ажиллагаа, итгэл маань хамгаалагдахгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02-р сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/ 0111 дүгээр шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

2. НЗД  2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/147 дугаар захирамжаар “НЗД-ын  2018 оны А/1177 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар тус бүр 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай иргэн Д-ын А-т эзэмшүүлэхдээ Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт, 24.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалт, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 33.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, хот байгуулалтын төлөвлөлт хийгдсэн газар давхцуулан олгож, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл бий болох тул ...” гэсэн үндэслэлээр газар эзэмшигч Д.А-ын Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байрлах 400 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль бус болох нь тогтоогдохгүй байна. Тодруулбал,

 

2.1. НЗД  2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.А-т Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “үйлчилгээний зориулалт”-аар 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхдээ

 

-тухайн газар буюу Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байрлах газрыг “дуудлага худалдаагаар” болон иргэдэд “үйлчилгээний зориулалт”-аар эзэмшүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан “Төлөвлөгөө батлах тухай” 02/23 дугаар тогтоолоор Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд аль аль нь тусгагдаагүй,

 

-дулааны худаг шугам, холбооны шугамын кабель, худаг сувагчлалтай давхцуулсан буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолоор баталсан Нисэх, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан туслах авто замын трасс, Наадамчдын замын хамгаалалтын зурвастай давхцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

-Мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 198 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө, мөн Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 4400.0 га талбайд Нисэх, Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө батлагдсан байна.

 

2.2. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзвэл, иргэн Д.А-т газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн НЗД-ын  2018 оны А/1177 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-т зааснаас бусад зориулалтаар болон ... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухай шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...”, 33.4-д “...нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх бөгөөд нийтийн зориулалттай автозам тавихаар төлөвлөсөн буюу хот байгуулалтын төлөвлөлт хийгдсэн газарт давхцуулсан иргэнд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр байна.

 

  2.3. Иймээс НЗД  нь Газрын хууль тогтоомж зөрчсөн хууль бус шийдвэрийг  хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “...албан тушаалтан өөрийн шийдвэр үйлдэл/эс үйлдэхүй/-ээрээ газрын хууль тогтоомж ...зөрчсөн бол уг ...албан тушаалтан өөрөө ...уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасантай нийцжээ.

 

 2.4. Энэ талаар анхан шатны шүүхийн “...Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар уг газарт туслах авто зам, хөнгөн төмөр зам байхаар төлөвлөсөн, ийнхүү төлөвлөсөн газартай давхцуулан газар олгосон, түүнчлэн уг газрыг гуравдагч этгээд “С-А” ХХК-аас уг шалтгаанаар буцаан авсан атлаа Д.А-т эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хууль дээдлэх зарчим, шударга ёсны зарчимд нийцэхгүй...” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  2.5. Түүнчлэн НЗД  шийдвэр гаргахдаа Авлигатай тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/14489 дугаар албан бичгээр ирүүлсэн “...иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхийг хориглосон Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт ..., Д-ийн А нарт худалдаа, үйлчилгээ, олгосон НЗД-ын  2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийг хүчингүй болгохыг мэдэгдэж, хариу ирүүлэхийг шаарджээ” гэх мэдэгдлийг үндэслэл болгосон нь хариуцагчийг буруутгах боломжгүй.

 

  2.6. Мөн нэхэмжлэгч Д.А т газрын дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмших үүсээгүй, дуудлага худалдааг хуульд заасны дагуу зохих журмаар явуулаагүй атлаа нийслэлийн газрын алба нь НЗД-ын  2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/1177 дугаар захирамж гарснаас хойш 13 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “дуудлага худалдааны анхны үнэ 26 400 000 төгрөг”-ийн нэхэмжлэх бичиж төлбөрийг хүлээн авсан байх тул нэхэмжлэгч нь уг хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдав.

 

3. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгчид анхнаасаа хууль зөрчиж газар эзэмших эрх үүсгэсэн ...НЗД  нь өөрийн гаргасан шийдвэрээ хууль зөрчсөн, эсхүл нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзвэл, эерэг болон сөрөг үйлчлэлээс үл хамаарч өөрөө хүчингүй болгох эрхтэй... Д.А-т олгосон эерэг үйлчлэлтэй захиргааны актыг ... хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0111 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                                                   О.ОЮУНГЭРЭЛ   

ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН    

ШҮҮГЧ                                                               Т.ЭНХМАА