Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2018/02067

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Үйлдвэрийн гудамж 39/1 өөрийн байр “НЗТН” ОНӨААТҮГ /РД: 5893704, утасны дугаар: 99287799/

Хариуцагч: Баянгол дүүрэг 9 дүгээр хороох Горькийн 21-461 тоот “Б” ХХК /РД: 2645181, утасны дугаар: 89005656/

Хариуцагч: Баянгол дүүрэг 9 дүгээр хороо 3 дугаар хороолол Хасбаатар гудамж 26-32 тоотод оршин суух Дуламын Г /РД: ЧК47062418, утасны дугаар: 90470624/

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, хууль бусаар эзэмшиж байгаа газрын хашааг буулгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, Ч.Ц

                                   хариуцагч Д.Г

        хариуцагчийн төлөөлөгч О.Баяржаргал

        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “НЗТН” ОНӨААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай тус байгууллагын эзэмшлийн диспетчерийн ажлын байрны объект байрлах Нийслэлийн засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 тоот захирамжтай 584 м2 хэмжээтэй талбайд тус дүүргийн иргэн Д.Г, “Б” ХХК нь холбогдох зөвшөөрөлгүйгээр авто зогсоол ажиллуулан хууль бусаар ашиглаж байна. Байгууллагын зүгээс хууль бус эзэмшлээс газар чөлөөлөх тухай шаардлагыг удаа дараа тавьсан хэдий ч үл биелүүлсэн төдийгүй уг газрыг өөрийн эзэмшил хэмээн тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй болно. Иймд иргэн Д.Гын хууль бусаар эзэмшиж байгаа газрын хашааг буулгаж, газрыг чөлөөлж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуульд зааснаар өмчлөх эрхтэй байж захиран зарцуулах эрх нээгдэнэ. Түүнтэй адил ямар нэгэн байдлаар уг газрыг манайх эзэмших, ашиглах эрхтэй гэсэн эрх бүхий байгууллагуудаас авсан хууль ёсны бичиг баримттай байж газар эзэмших, ашиглах ёстой. Хариуцагчид тийм баримт байхгүй. 2006 онд Баянгол дүүргийн Газрын албатай гэрээ хийсэн нь сунгагдаад дуусгавар болсон байдаг. Гэрээтэй холбоотой харилцаа дууссан. Иймд хууль бусаар уг газрыг авто зогсоолын хэлбэрээр ашиглаж, эзэмшиж байгаа нь манай эрхийг зөрчиж байгаа юм. Манай байгууллагын урд талыг хууль бусаар хашаагаар хаачихаад ашиг олж байдаг. Энэ хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа газрын хашааг буулгахыг шаардаж байна. Мөн манай эзэмшиж байгаа газар дээр орж ирж эднийх машин байрлуулдаг шинжээчийн дүгнэлтээр тодорхой гарсан байгаа. Иймд хууль бус эзэмшлээс газар чөлөөлж, хашааг буулгаж өгнө үү.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НЗТН” ОНӨААТҮГ газар чөлөөлүүлэх эрхтэй байгууллага биш гэж хэлж байна. Тийм учраас бид шат шатны эрх бүхий байгууллага руу нь хандсан. Нийслэлийн Газрын албанаас Баянгол дүүргийн Газрын алба руу энэ асуудлыг шийдвэрлэ гэсэн бичиг очсон байдаг. Баянгол дүүргийн Газрын алба газрыг чөлөөлүүлэх гээд шаардах хуудсаа хэд хэдэн удаа хүргүүлсэн боловч асуудлыг шийдвэрлэж чадаагүй болохоороо манай байгууллагыг шүүхэд ханд гэсэн. Тэгэхээр эрх бүхий байгууллагууд уг газрыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа талаар хэлдэг. Хариуцагчийн авто зогсоолоор ашиглаж байгаа газрын 2 талыг өөр байгууллагууд хашаалсан байдаг харин эднийх орж, гардаг талын хашаа байгаа. Яагаад урд тал нь чөлөөтэй байж болдоггүй юм.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч НЗТНийн гаргасан хууль бус эзэмшлээс газар чөлөөлөх тухай шаардлагад дурдагдсан 548 м.кв талбай нь манай эзэмшилд байгаа 298.55 м.кв талбайгаас хойно оршиж байгаа болно. Түүх сөхвөл тролейбусын комбинатын эзэмшлийн диспетчрийн байр болох манай ар талын байр нь ашиглалтгүй болоод бараг 20 жил болж байна. 2000 оны эхэн үед энэ талбай нь “Барс” худалдааны төвийн хулгайчдын үүр болсон, энд байрлах траншейнд 20-30 аад эр, эм залуус байрладаг хамгийн үл бүтэх газар байсан бөгөөд энэ замбараагүй байдлыг арилгах гэж 3 дугаар хорооны удирдлага аргаа барж байсан үе юм. Тэр үед манайх хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байсан. Үйлчилгээний нөөцөнд байгаа олон тээврийн хэрэгслийг байрлуулах газар олдохгүй байсан учир 3 дугаар хорооны удирдлагын хүсэлтээр уг газрыг цэвэрлэн тэгшилж, удаан хугацааны уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд хулгайч траншейний хүмүүсээс чөлөөлж чадсан. Дүүргийн газрын алба бодит байдлыг ойлгож 2003 оны 4 дүгээр сарын 03-нд газар ашиглах 283 тоот гэрээ олгосноос хойш манайх газрын төлбөрийг тухай бүр ямар ч зөрчилгүйгээр одоо болтол төлж байгаа. Энэ нь Баянгол дүүргийн Газрын харилцааны албаны газрын төлбөрийг тодорхойлох тухай 3/283 Х/Г акгнаас тодорхой харагдана. Тээврийн товчоо нь “Драгон” төв рүү нүүснээс хойш уг талбайг ил зогсоолын хэлбэрээр ашиглаж байгаа болно. Манай компани 2003 оноос Тролейбусны үйлчилгээний төв болох 1 давхар байрыг гадна талаас нь өнөөдрийг хүртэл харж байгаа. Тролейбусны комбинат болон одоогийн Зорчигч тээврийн нэгтгэл нь шинэ удирдлагатай болхоороо манай талбайг авч бидний хийж эхлүүлсэн ил зогсоолын ажлыг үргэлжлүүлэхээр янз бүрээр дарамт учруулдаг боловч эцэстээ байдлыг ойлгон үйл  ажиллагаа зогсоодог юм. Энэ байдлыг ч Баянгол дүүргийн Газрын албаны үе үеийн байцаагчид, төлбөрийн байцаагчид ойлгодог болно. Эдгээр байдлаас үзэхэд 298.55 м.кв талбай нь иргэн миний хууль бус үйл ажиллагаа бус нийгмийн амьдралын шаардлагаар үүсч бий болсон бодит үйл ажиллагаа болно. Манай эзэмшиж байгаа 298.55 м.кв талбай бол Зорчигч тээврийн нэгтгэлийн ззэмших ёстой 584 м.кв талбайтай давхцаагүй түүний өмнөх талбай болно. Энэ нь кадастрын зурагнаас тодорхой харагдана. Иймд НЗТНийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч О.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Давхацсан талбайгаа нэхэмжлэгч тал хашаалаад авах бүрэн боломжтой тэгээгүй өдийг хүрсэн хашаалаад авна гэвэл зөвшөөрнө. Хэрвээ хашаа, пүтикийг буулгана гэвэл манайх хүлээн зөвшөөрөхгүй. Угаасаа нэхэмжлэгч байгууллага урд талын газрыг эзэмшиж байгаа эрх бүхий этгээдүүд биш. Манайхыг газар чөлөөлөх талаар албан ёсны шийдвэр гаргах эрх бүхий байгууллага нь Нийслэлийн Газрын алба эсвэл  Баянгол дүүргийн Газрын алба байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч байгууллага хойд талын газрыг эзэмшдэг байж урд талын газрын хашааг буулгая гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шинжээчийн дүгнэлтээр хэн аль нь ямар газар эзэмшиж байгаа нь тодорхой байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг талбайг би 2003 оноос Баянгол дүүргийн Газрын албанаас зөвшөөрөл авч ашиглаж эхэлсэн. Энэ талаарх баримт хэргийн материалд авагдсан. Өнгөрсөн оны 3 дугаар сараас нэхэмжлэгч байгууллага газар чөлөөлж өгөх талаар шаардлага тавьсан. Би зохих зөвшөөрлийн дагуу газрыг ашиглаж байгаа. Газар дээр хэмжилт хийгээд тогтоогоод өгсөн байгаа. Үүнийг үнэн зөв гаргасан гэж бодож байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч “НЗТН” ОНӨААТҮГ нь хариуцагч “Б” ХХК болон Д.Г нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, хууль бусаар эзэмшиж байгаа газрын хашааг буулгуулах шаардлагыг гаргажээ.

Дээрх шаардлагуудын үндэслэлээ “манай эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр автозогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа, холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй буюу газар эзэмших, ашиглах эрхгүйгээр газар ашиглаж орц, гарцыг хааж газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа” гэж тайлбарлаж байх ба харин хариуцагч нар “Баянгол дүүргийн Газрын албатай байгуулсан газар ашиглах гэрээгээр ашиглаж байгаа буюу хууль бусаар газрыг ашиглаагүй тул хашаа буулгах үндэслэлгүй” гэж маргаж, нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцсан хэсгийг чөлөөлөхөд татгалзахгүй байна.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт диспетчерийн байрны зориулалтаар нэгж талбарын 168010/0125 18641310462128 дугаар бүхий 584м2 газрыг эзэмшдэг болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба дээрх газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 676 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын Цахилгаан тээвэр” ОНӨҮГ эзэмшиж байсныг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжаар нэхэмжлэгчид шилжүүлжээ. Харин хариуцагч “Б” ХХК нь Баянгол дүүргийн Газрын албатай 2004 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр газар ашиглах гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Вояж зочид буудлын баруун талд ил зогсоолын зориулалтаар 600м2 газрыг ашиглуулахаар тохиролцож, тухайн газрын хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Газрын төлбөрийг тодорхойлох тухай №3/283 х/г тоот актаар 300м2 болгон багасгаж, газрыг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ашиглуулахаар хугацааг сунгажээ. Уг гэрээний дагуу 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Аэрогеодези” ХХК-иар нэгж талбарын байршилын кадастрын зургийг хийлгэсэн байх ба тухайн мэдээллийг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлээгүй байна. Нэхэмжлэгчийн эзэмшил газар нь хариуцагчийн ашиглаж буй газартай давхцаж байгаа үндэслэлээр маргаж байсан тул хариуцагчийн хүсэлтээр шүүх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр зохигчдын эзэмшиж, ашиглаж байгаа газрын зурган /кадастрын зураг/ мэдээллээр хоорондоо давхцалгүй, харин бодит байдал дээр “Б” ХХК нь 630.17м2 газрыг хашаалан ашиглаж байгаа, тухайн газар нь байршлын хувьд нэхэмжлэгчийн эзэмшил газартай 320.28м2 талбайгаар давхцалтай болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл хариуцагч “Б” ХХК-д газар ашиглах гэрээгээр ашиглуулж буй 300м2 /кадастрын зургаараа 298.55м2/  газар нь кадастрын зургаараа нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцахгүй байгаа боловч бодитоор 630.17м2 газар ашиглаж үүнээс 320.28м2 талбай нь нэхэмжлэгчийн эзэмшил газар байна. Иймд хариуцагч “Б” ХХК-ийг нэхэмжлэгчийн эзэмшил газраас 320.28м2 газрыг хууль бусаар ашиглаж байгаа гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-ийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн 320.28м2 эзэмшил газрыг чөлөөлүүлэх үндэслэлтэй байна.      

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага “хашаа буулгуулах” шаардлагыг тодруулбал хариуцагч “Б” ХХК нь автозогсоолын зориулалтаар 630.17м2 газрыг 3 талаар хашаалан ашиглаж байгаагаас орж, гарах зориулалтын нүүрэн талын хашаа нь хариуцагчийнх, нөгөө 2 талын хашаа нь бусдын эзэмшлийнх болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа ба үүнээс хариуцагчийн өмчлөлийн орж, гарах зориулалтын хашааны газрыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиглаж байгаагаас нэхэмжлэгчийг газраа эзэмшихэд саад учруулж байгаа үндэслэлээр хашааг буулгуулахаар шаарджээ. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, ...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж зааснаас үзвэл хариуцагч “Б” ХХК-ийн газар ашиглах хугацаа дууссан бол уг газрыг чөлөөлөхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мэдэгдсэн тохиолдолд чөлөөлөх үүрэгтэй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийг хууль бусаар газар ашиглаж байгаа үндэслэлээр тухайн газрыг чөлөөлөх, уг газар дээрх эд хөрөнгөө авахыг шаардах эрхгүй байна. Иймд хариуцагчийн хууль бусаар ашиглаж байгаа газар дээрх хашааг буулгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч “НЗТН” ОНӨААТҮГ-ын эзэмшил газар болон хариуцагч “Б” ХХК-ийн ашиглаж байгаа газар дээр авто зогсоолын үйл ажиллагаа явуулдаггүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Бие даасан хэд, хэдэн шаардлага гаргаж байгаа бол шаардлага тус бүрт улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-ийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч “НЗТН” ОНӨААТҮГ-ын 320.28м2 эзэмшил газрыг чөлөөлж, хууль бусаар эзэмшиж байгаа газар дээрх хашааг буулгуулах шаардлага болон хариуцагч Д.Гад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “НЗТН” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “НЗТН” ОНӨААТҮГ-т олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА