| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2019/03945/И |
| Дугаар | 001/ХТ2021/00698 |
| Огноо | 2021-06-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2021/00698
М.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/02505 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2121 дүгээр магадлалтай,
М.Б-ийн нэхэмжлэлтэй,
“Өнөр-20” СӨХ-нд холбогдох
ажилласан хугацааны цалин, өөрөөс гаргасан зардалд 3,663,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч “Өнөр-20” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Наранцацралын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2009.08.13-ны өдрийн “Өнөр-20” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 4 дүгээр тогтоолоор тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдон 2019.09.26-ны өдрийг хүртэл тогтвор суурьшилтай ажилласан. Намайг СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд хэсэг оршин суугчдын хүсэлтээр “Өнөр-20” СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлаж, 2019.06.08-ны өдөр хуралдсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэснийг зөрчиж, тус СӨХ-ны 364 гишүүнээс 65 гишүүн оролцож, хурал 17,8 хувийн ирцтэй байхад хурлыг хийж, түүнээс сонгогдсон гэх Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал нар нь “Өнөр-20” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан надтай хэрүүл маргаан үүсгэж, “Өнөр-20” СӨХ-ны санхүүгийн тамгыг хулгайлан авч, хүчин төгөлдөр бус хурлаас гаргасан Хяналтын зөвлөлийг сонгосон тогтоол дээр санхүүгийн тэмдгийг дарж, “Өнөр-20” СӨХ-ны харилцдаг Төрийн банкны Өнөр тооцооны төвд тус СӨХ-ны 103500002891 дугаарын дансыг 2019.06.25-ны өдөр хаалгасан байсан.
“Өнөр-20” СӨХ-ны харилцах дансыг хаалгасны улмаас 2019.06.25-ны өдрөөс ажилтнуудын цалин хөлсийг тавьж чадахгүйд хүрсэн. 2019.09.21-ний өдөр “Өнөр-20” СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг дахин зарлан явуулж ирц хүрэлцсэн учир хурал хүчин төгөлдөр болсон. Тус хурлаас Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг шинээр сонгосон. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан би 2019.09.26-ны өдөр шинээр томилогдсон. Удирдах зөвлөлийн гишүүдэд 24,912,924.14 төгрөгийн үлдэгдэлтэй данс болон бусад эд зүйлсийг хүлээлгэн өгсөн. Шинээр гүйцэтгэх захирал томилогдох хүртэл буюу 2019.09.26-ны өдөр СӨХ-ны тамгыг хүлээлгэн өгөх хугацаанд би гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан. “Өнөр-20” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Наранцацрал нь гүйцэтгэх миний 2019.06 дугаар сарын сүүлийн 15 хоногийн хөлс 225,000 төгрөг, 7, 8, 9 сарын хөлс 1,350,00 төгрөг, нийт 1,575,000 төгрөгийг өгөхгүй хохироож байна. Энэ талаар Сууц өмчлөгчдийн Холбооны дээд зөвлөлд гомдол гаргахад 2019.11.06-ны өдөр А/72 дугаар албан бичгээр захирлын ажилласан хугацааны цалинг хуулийн дагуу олгож, холбогдох тооцоог хийж дуусгах талаар даалгавар өгсөн боловч одоог хүртэл биелүүлэхгүй байна. Би “Өнөр-20” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2019.07.09-ний өдөр бороо орсны улмаас “Өнөр-20” СӨХ-ны 20 дугаар байрны 3 дугаар орцны 105 тоот айлын дээврээс ус гоожсон тул дээврийн засварын ажлыг байцаагч нярав Д.Үл-Олдохоор хийлгэсэн ба тухайн үед харилцах дансыг хаасан байсан тул хувиасаа 250,000 төгрөг гаргаж, дээврийн ажлын засварын ажилд хэрэглэх наадаг хар цаас 65,000 төгрөг х 2 ширхэг =130,000 төгрөг, паример 60,000 төгрөг х 2 ширхэг =120,000 төгрөг, 2019.07.19-ний өдөр “Өнөр-20” СӨХ-ны 20 дугаар байрны 10-р орцны хогийн бункерт орос креолин 100 гр х 2 ширхэг х 5,000 төгрөг =10,000 төгрөгөөр авч цацсан, цэвэрлэгээний материал тод угаалгын шингэн 10 ширхэг 13,000 төгрөг, саван 10 ширхэг 7,000 төгрөг завлин 1 хайрцаг 10,000 төгрөг, 2019.06 дугаар сарын ярианы төлбөрт 8,100 төгрөг, 2019.08.16-ны өдөр бичиг хэргийн үйлчилгээний зардалд төлсөн 14,500 төгрөг, Төрийн банктай холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хувиасаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 128,990 төгрөг, нийт 441,590 төгрөгийг өөрөө гаргасан. Иймд “Өнөр-20” СӨХ-оос 2019.06 дугаар сарын сүүлийн 15 хоногийн цалин 225,000 төгрөг, 7, 8, 9 саруудын цалин 450,000 төгрөг х 3 cap = 1,350,00 төгрөг, 2019 оны ээлжийн амралтыг эдлээгүй тул 2019 оны ээлжийн амралтын мөнгө 450,000 төгрөг, нийт 2,025,000 төгрөг, данс хаагдсаны улмаас дээврийн засварын болон бусад зүйлд хувиасаа зарцуулсан 441,590 төгрөг, нийт 2,466,590 төгрөг, мөн “Өнөр-20” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ажилчдынхаа 7 сарын эхний хагас болон сүүлийн хагас сарын цалинг олгохын тулд 2019.07.01-ний өдөр 900,000 төгрөг, 07.31-ний өдөр 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5076009555 тоот данснаас бэлнээр гарган ажилчдын цалинг хүснэгтээр олгосон. Иймд “Өнөр-20” СӨХ-ны ажилчдын цалин хөлсөнд зарцуулагдсан 1,400,000 төгрөгийг нэмж нийт 3,866,590 төгрөгөөс орлогын татвар хассан дүн болох 3,663,500 төгрөгийг хариуцагч “Өнөр-20” СӨХ-оос гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..."Өнөр-20” СӨХ 2010 оноос хойш Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлгүй ажиллаж байсан нь маш их хэмжээний санхүүгийн зөрчил үүсч, оршин суугчдын эрх ашиг хохирох хэмжээнд хүрсэн байна. 2019.09.21-ний өдөр “Өнөр-20” СӨХ-ны нийт гишүүдийн ээлжит бус хурал хуралдаж Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөө томилж, улмаар өмнөх “Өнөр-20” СӨХ-ны дарга М.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлж шинээр Б.Наранцацралыг гүйцэтгэх захирлаар томилсон. М.Б “Өнөр-20” СӨХ-ны гүйцэтгэх захирлыг 2019.09.24-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхдээ холбогдох хууль тогтоомж зөрчиж, санхүүгийн тайлан тооцоог хуулийн хугацаанд гаргадаггүй, 00 тоот өрөөнүүд болон подвалын түрээсийг хувьдаа зарцуулсан гэж үзэхээр байна. Учир нь өмнөх гүйцэтгэх захирал асан М.Б-ээс шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Б.Наранцацралд 2019.09.24-ний өдөр ажил хүлээлцүүлэхэд 2009 оноос хойших санхүүгийн тайлан, 20 байрны 1,3,4,10 дугаар орцны 00 тоот өрөөнүүдийн түрээсийн гэрээ, 2014 оноос хойших түрээсийн төлбөрийн санхүүгийн баримтууд байхгүй байгаа зөрчлүүд илрээд “Өнөр-20” СӨХ-ны гүйцэтгэх захирал М.Б нь 2016 оноос 2019 оны санхүүгийн тайлан гаргаагүйгээс болж Сонгинохайрхан дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсээс шалгалт хийж Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.1-д зааснаар 400,000 төгрөгийн торгууль ногдуулан 72 цагийн дотор тайлангаа ирүүлэхийг даалгасан. Улмаар улсын байцаагч, санхүү бүртгэлийн мэргэжилтэн н.Алтанцэцэг нь зөрчил арилгах 72 цагийг олгосон бөгөөд энэ хугацаанд нь “Маш дэлгэмэл эрдэм” ХХК-д 850,000 төгрөг төлж 2016 оноос 2019 оны хагас жилийн тайланг гаргуулсан байгаа нь гүйцэтгэх захирал М.Б-ийн буруутай үйлдэл юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.4.1, 12.4.3, 12.4.5, 12.4.7, 12.5-д заасныг М.Б зөрчсөн тул цалин авах байтугай “Өнөр-20” СӨХ-нд учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч ажлаа хүлээлгэж өгөхдөө санхүүгийн баримтуудыг гарган өгөөгүй, санхүүгийн баримтыг албадан гаргуулахаар бид шүүхэд хандсан, одоо хяналтын шатны шүүхэд хянагдаж байна. Нэхэмжлэгч нь холбогдох санхүүгийн баримтуудаа хариуцагч “Өнөр-20” СӨХ-нд гарган өгч тооцоо нийлсний дараа авах цалин байдаг бол гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/02505 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “Өнөр-20” сууц өмчлөгчдийн холбооноос 2,750,000 төгрөг гаргуулан М.Б-д олгож, нэхэмжлэлээс 913,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 51,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Өнөр-20” сууц өмчлөгчдийн холбооноос 51,250 төгрөг гаргуулан М.Б-д олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2121 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/02505 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...359.1...” гэсний дараа, “...496 дугаар зүйлийн 496.1...” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Наранцацрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт авагдсан гүйцэтгэх захирал миний 2019.09.26-ны өдөр ажлаа хүлээн аваад, ажилчдад ажилласан хугацааны цалинг бүрэн олгосон, цалин олгосон хүснэгтийг нотлох баримтаар өгсөн. Хэрэв М.Б 2020.09.26-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөхдөө бусдад хувиасаа олгосон цалин гэх 1,400,000 төгрөгийн санхүүгийн баримтыг эхээр нь “Өнөр-20” СӨХ-нд хүлээлгэн өгсөн бол бид давхар цалин олгохгүй байсан. Түүний бусдад олгосон цалин гэх санхүүгийн баримтууд эргэлзээтэй байсан учир хавтаст хэргийн 13-23, 47- 48-р талд байх санхүүгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул эх хувийг нь М.Б-ээс гаргуулах шаардлагатай гэснийг шүүх 2020.01.16-ны өдөр хэлэлцээд эх баримтыг шүүхэд авч ирэхийг даалгаж, 1059 тоот шүүгчийн захирамж гарсан. Энэхүү захирамжийн биелэлт хангагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх эргэлзээтэй баримтуудыг үндэслэж 1,400,000 төгрөгийг М.Б-д олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
М.Б “Өнөр-20” СӨХ-ны өмч болох санхүүгийн баримтуудыг авч явсан, зайлшгүй тооцоо нийлэх субъект болохыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2.2, 12.2.3-т заасан байх бөгөөд санхүүгийн тооцооны эх баримтыг гэрлүүгээ авч явсан, шүүхэд эргэлзээтэй баримтуудыг үйлдэж, нэхэмжлэл гаргасан төдийгүй шүүх уг баримтыг үнэлсэн нь хяналтын гомдол гаргах үндэслэл болсон. Ажилчдын цалин хөлснөөс хувь хүний орлогын албан татварын 10 хувийг суутган авч, үлдэгдэл цалин хөлсийг нь олгох үүрэг нь “Өнөр-20” СӨХ-нд оногдсон байх бөгөөд энэхүү 10 хувийн татварыг суутган аваагүй байхад цалин хөлс олгох нь зөв гэж үзсэн нь ХХОАТТХ-ийг зөрчсөн, уг хуулийн холбогдох заалтуудыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаараагүй байгааг хяналтын шатны шүүх анхаарна гэдэгт итгэж байна. Мөн М.Б-ийн хувиасаа 1,400,000 төгрөгийг ажилчдад олгосон гээд байгаа цалинг “Өнөр-20” СӨХ-ноос дээрх хүмүүс давхар олгосон нь М.Б-ийн буруутай үйлдэл бөгөөд тэрээр санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, түүнийг шүүх үнэлсэн байх боломжтой гэж үзэж байна.
Шүүхээр хэрэг хянагдаж байх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан нөхцөл байдал үүссэн. М.Б нь санхүүгийн 1-р гарын үсэг зурдаг “Өнөр-20” СӨХ-ны гүйцэтгэх захирал байхдаа нийт 10 гаруй ажилчдын талаар үнэн зөв тайланг СХД-ийн Татварын хэлтэст гаргаж байгаагүй болох нь тус газраас ирүүлсэн санхүүгийн тайлангийн баримтаар тогтоогдож байгаа бөгөөд тэрээр 5 хүний ХХОАТ-ийн мэдээллийг илгээж, бусад ажилчдын цалингаас 10 хувийг нь хувьдаа шунахайн сэдлээр авч ашиглаж байсан, байгууллагыг хохироож, ажилчдыг ч хохироож, төрд төлөгдөх татварыг хувьдаа авч байсан нь шударга бус үйлдэл бөгөөд үүнийг “Өнөр-20” СӨХ-ны Хяналтын зөвлөлөөс шалгаж акт гарсан байх бөгөөд анхан шатны шүүхэд “Өнөр-20” СӨХ-ны нэхэмжлэлтэй М.Б-д холбогдох хэрэг хянагдаж байгаа. Энэ талаар холбогдох шүүгчийн захирамж, түүнтэй холбоотой нотлох баримт хангалттай байхад давж заалдах шатны шүүх зөвтгөн засаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан нөхцөл байдал үүссэн нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.
Шүүгчийн 2020.01.16-ны өдрийн 1059 тоот захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдаанаар эргэлзээтэй баримтыг үнэлсэн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.
ХЯНАВАЛ:
М.Б “Өнөр-20” СӨХ-д холбогдуулан ажилласан хугацааны хөлс, өөрөөс гаргасан зардал, нийт 3,663,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан “Өнөр-20” СӨХ-оос 2,750,000 төгрөг гаргуулан М.Б-д олгож, нэхэмжлэлээс 913,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...359.1...” гэсний дараа, “...496 дугаар зүйлийн 496.1...” гэж нэмж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан “Өнөр-20” СӨХ-ны төлөөлөгч Б.Наранцацралын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэлээс 913,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд М.Бгомдол гаргаагүй тул хариуцагчийн гомдлын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.
М.Б “Өнөр-20” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2009.08.13-ны өдрийн №04 тоот тогтоолоор тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан бөгөөд тус зөвлөлийн 2019.09.22-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Б.Наранцацралыг гүйцэтгэх захирлаар томилсон тул тэрээр 2019.09.26-ны өдөр ажлаа хүлээлгэн өгчээ. Ажил хүлээлцсэн актын 24-т “Өнөр-20” СӨХ-ны ажилчдын 6, 7, 8, 9 дүгээр сарын цалин …Төрийн банкин дээр очиж хийхээр удирдах зөвлөлийн дарга Э.Амгаланбаатар, хяналтын зөвлөлийн дарга н.Ганбат нар өөрсдөө байлцан баталгаа гаргаж өгч М.Б-ийн хамт дээрх тооцоог хийхээр болов...” гэж тохиролцсон байна.
“Өнөр-20” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2016.09.27-ны өдрийн 04 тоот тогтоол, талуудын хооронд байгуулсан 2016.09.27-ны өдрийн 06 тоот гэрээнд гүйцэтгэх захирлын ажлын хөлсийг сарын 450,000 төгрөгөөр тогтоож, сард 2 хуваан олгохоор заажээ.
М.Б-ийн ажилласан хугацаа болон ажлын хөлсний хэмжээний талаар талууд маргаагүй байв.
Шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэгчийн ажлын хөлс шаардсан шаардлагаас 6 дугаар сарын хөлс 225,000 төгрөг, 7, 8, 9 дүгээр сарын хөлс 1,350,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцсэн байна.
“Өнөр-20” СӨХ-ны бүх гишүүдийн 2019.09.08-ны өдрийн ээлжит бус хурлаас сонгогдсон удирдах зөвлөл, хяналтын зөвлөл нь Төрийн банк дахь 103500002891 тоот харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон байх бөгөөд нэхэмжлэгч нэр бүхий ажилчдын цалин 1,400,000 төгрөгийг хувиасаа гаргаж, олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.
Хариуцагч ажилчдын цалинд олгосон 1,400,000 төгрөгийн баримтыг эргэлзээтэй, хуурамч болохыг баримтаар нотлоогүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэснийг хуулийн зохицуулалтыг оновчтой тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг зөрчөөгүй, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан СӨХ-нд хохирол учирсан гэх асуудлаар тусдаа шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлжээ.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “Өнөр-20” СӨХ-ны төлөөлөгч Б.Наранцацралын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2121 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч “Өнөр-20” СӨХ-ны төлөөлөг Б.Наранцацралын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР
Г.ЦАГААНЦООЖ
Х.ЭРДЭНЭСУВД