Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2018/01648

 

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2018/01648

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 хаягт байрлах “ТБ” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42, өөрийн байранд байрлах, УБТЗ-д холбогдох,

 

            Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 3.658.772 ам.доллар 05 цент буюу 7.436.600.543 төгрөг гаргуулах тухай,

 

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “ТБ”ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоолгож, 721.227 ам.доллар 95 цент буцаан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Н.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХБ дахь Эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Г.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЖГ”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЖГ”ХХК-иас УБТЗд нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний талаар 2013 оны 2 дугаар сарын актаар тогтоогдсон төлбөрийн үүргийг төлбөр төлөгч УБТЗын өмнөөс “ХБ”ХХК-иас 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “ЖГ”ХХК-д төлсөн төлбөр 4.000.000 ам.доллар, түүний хүүгийн төлбөр 380.000 ам.доллараас данснаас суутгасан 721.227 ам.доллар 95 центийг хасч, үлдэгдэл болох 3.058.772 ам.доллар 05 цент буюу 7.436.600.543 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:  УБТЗ болон “ЖГ”ХХК-ийн хооронд 2013 оны 1 дүгээр сард нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийн талаар 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлж энэ тухай акт үйлдсэн. Уг актаар  УБТЗ нь “ЖГ”ХХК-д 10.500.000 ам.долларын төлбөр төлөх тооцоо гарсан. Энэхүү төлбөрийг барагдуулах зорилгоор УБТЗаас 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүүтэй болон хүүгүй 4.000.000 ам.долларын вексель, 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2.500.000 ам.долларын хүүгүй вексель, нийт 10.500.000 ам.долларын 3 вексель бичиж “ЖГ”ХХК-д олгосон байдаг. Эдгээр векселийг бичсэнээр УБТЗ нь “ЖГ”ХХК-ийн өмнө хүлээсэн нефтийн бүтээгдэхүүний төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж дуусгавар болгосон. Учир нь “ЖГ”ХХК нь  2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бичиж гардуулсан 2 векселийг “ХБ”ХХК-д 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр худалдаж, вексельд дурдсан мөнгийг авсан. Ийнхүү векселийг хүлээн авч, “ХБ”ХХК-д худалдсан нь “ЖГ”ХХК 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдсон нефтийн бүтээгдэхүүн, шатах тослох материалын төлбөрийг векселиэр төлж барагдуулах саналыг хүлээн зөвшөөрч, биелүүлж,  УБТЗ болон “ЖГ”ХХК-иудын хооронд нефтийн бүтээгдэхүүний өртэй холбоотой төлбөр тооцоог дуусгавар болгосон. Уг төлбөрийг бусдын хөрөнгөөр буюу “ХБ”ХХК-иар гүйцэтгүүлж, энэ бүхний үр дүнд векселийн төлбөрийг тодорхой хугацааны дагуу “ХБ”ХХК-д эргүүлэн төлөх чиг үүрэг үүсгэх замаар төлбөрийн хугацааг хойшлуулж УБТЗ үр ашиг хүртсэн.  УБТЗ төлбөр тооцооны хэрэгсэл болох векселийг төлбөр авагч “ЖГ”ХХК-д нефтийн бүтээгдэхүүний төлбөрийн мөнгөө бүрэн төлж, үүргийг дуусгавар болгох харилцаа нь “ХБ”ХХК уг вексельд заасан үнийн дүнгээр санхүүжилт “ЖГ”ХХК-д хийснээр УБТЗ  бусдад төлөх төлбөрийн үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн. “ХБ”ХХК ба УБТЗын хооронд төлбөр төлөгч төлбөрийн үүргээ гуравдагч этгээд “ХБ”ХХК-иар гүйцэтгүүлсэн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Уг харилцааны үр дүнд үүссэн төлбөрийг төлж барагдуулахыг УБТЗаас шаардах эрх нь “ХБ”ХХК-ийг татан буулгасантай холбоотой тус банкны зарим актив, пассив хөрөнгийг “ТБ”ХХК-д шилжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Хадгаламж банкны эрх хүлээн авч болон “Төрийн банк”-ХХК-ийн гүйцэтгэх захирлын хооронд байгуулагдсан актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ, тухайн гэрээний хавсралт болох богино хугацаанд хөрөнгө оруулалт шилжүүлэх гэрээ, мөн хавсралт болох бусад актив, хөрөнгө шилжүүлэх гэрээгээр шилжиж ирсэн. Богино хугацаанд хөрөнгө оруулалт шилжүүлэх гэрээгээр векселийн үндсэн төлбөр 4.000.000 ам.доллар шилжиж ирсэн, бусад актив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр тухайн вексель бичсэн өдрөөс хойш 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл буюу 205.000 ам.долларын хүү шилжиж ирсэн. “ТБ”ХХК нь УБТЗ, “ЖГ”ХХК-ийн өмнөөс төлсөн “ХБ”ХХК-ийн төлбөрийг буцаан шаардах эрх хэрэгжүүлэх эрх бүхий этгээд юм. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 155 дугаар тушаалыг үндэслэн “ХБ”ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчийг шилжүүлэн авсан векселийн төлбөр болон түүний хүү шаардах эрх нь дээрх гэрээнд зааснаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.9-д зааснаар “Төрийн банк”-д хадгалагдаж ирсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр шилжиж ирсэн вексель болон түүний арилжааны хэлцлийг хүчингүй болгосон хэдий ч Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1-д заасан гэрээний бус үүрэгт хамаарах журмын хүрээнд бусдын зардлаар өөрийн хөрөнгө хэмнэх аргаар хөрөнгөжсөн УБТЗаас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар төлбөр гаргуулах боломж нь “ТБ”ХХК-д нээгдсэн. Хариуцагч тал тухайн векселийн төлбөрийг 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актаар төлсөн гэдгээ хариу тайлбартаа дурдсан байсан. Хариуцагчийн гаргасан нотлох баримтаар 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр төлсөн. Энэ төлбөр хийсэн тооцоо нийлсэн акт 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн акт юм. Уг акт нь “ЖГ”ХХК болон УБТЗын хооронд хийсэн тооцоо нийлсэн акт юм. Тооцоо нийлсэн актаар векселийн төлбөр бүрэн төлөгдсөн учраас төлбөрөө “ЖГ”ХХК-иас нэхэмжил гэсэн тайлбар гаргадаг. Уг тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актаар өр төлбөр барагдсан бол 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хүүгүй векселийн төлбөрийг “Голомт” банкаар дамжуулан УБТЗ нь “ХБ”ХХК-д 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 ам.доллар, 5 дугаар сарын 28-ны өдөр мөн 2.000.000 ам.доллараар төлж барагдуулсан. Тухайн үед бичиж өгсөн хүүгүй 4.000.000 ам.долларын векселийн хугацаатай давхцаж, энэ векселиэр хаасан. 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүүгүй 2.500.000 ам.долларын вексель төлөх хуулийн хугацаатай байсан. Энэ хугацаанд “Голомт банк” ХХК-иар дамжуулж, “ХБ”ХХК-д векселийн төлбөр төлсөн. Хэрвээ талууд 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоорондоо шатах тослох материал нийлүүлж, ийм хэмжээний авлага “ЖГ”ХХК-д гарсан бол,тэр тооцоонд векселийн төлбөр төлөгдсөн бол, векселийн төлбөр оруулж тооцсон бол, энэ вексель төлөгдөх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл нэгэнт векселийн төлбөрийг тооцсон бол төлөх боломжгүй байсан. Уг төлбөрийг төлснөөс харахад тухайн тооцоо нийлсэн актыг талууд байгуулсан байж болно. Гэхдээ энэ төлбөрт векселийн төлбөр ороогүй юм. 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн тооцоо нийлсэн актаар манай нэхэмжилсэн төлбөрийг төлсөн гэдэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Улаанбаатар аудитаас УБТЗд 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гаргаж өгсөн санхүүгийн тодорхойлолт байдаг. Тодорхойлолтод 2016 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар энгийн векселийн төлбөр 4.380.000 ам.доллар, энэхүү векселийн төлбөр огноо хүү, төлбөр төлөх хугацаа зэрэг нь манайхаас ирүүлсэн тодорхойлолттой таарч байна гэсэн тодорхойлолтыг УБТЗын Санхүү эрхэлсэн орлогч захирал гаргаж өгсөн байдаг. “ТБ”ХХК-д хандаж 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 127952 дугаартай албан бичгээр УБТЗын дарга н.Сэрээнэндорж албан бичиг ирүүлсэн байдаг. Албан бичигт “ЖГ”ХХК-д бичиж өгсөн вексель “ХБ”ХХК-д шилжсэн. “ХБ”ХХК-д шилжсэн векселийг өнөөдрийн байдлаар бид төлөөгүй. Энэ төлбөрийг “ЖГ”ХХК руу шилжсэн гэх албан бичгийн манайд ирүүлсэн. 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүртэл векселийн төлбөр төлөх үүрэгтэй гэдгээ УБТЗ мэдэж байсан. Вексель бичсэн асуудлаар УБТЗ  хохирогчоор тогтоогдож Авилгатай тэмцэх газар тухайн векселийг бичиж өгсөн УБТЗын дарга н.Сэрээнэндоржид эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэгт хохирогчоор УБТЗын  удирдлагын асуудал хариуцсан орлогч захирал Лхамсүрэнгийн Даваа гэх хүн оролцсон. Хавтаст хэрэгт авагдсан Л.Даваагийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мэдүүлэгт 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хүүтэй 380.000 ам.доллар, 4.000.000 ам.долларыг хууль зөрчиж гаргаснаас өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй, “ТБ”ХХК-д өртэй болчихоод байна. Ийм учраас УБТЗд учруулсан хохирлыг н.Сэрээнэндоржоос гаргуулж өгөөч гэх мэдүүлэг 2 дугаар хавтасны 233 дугаар хуудсанд авагдсан. Дээрх нөхцөл байдлаас харахад векселийн төлбөр төлөх үүрэг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл УБТЗд байсан. Үүнээс хойш талууд тооцоо нийлсэн акт гаргаж өгөөгүй, талууд энэ талаар тодорхой зүйл яриагүй. Талууд шатах тослох материалын төлбөрийг тооцоо нийлсэн актаар дүгнэсэн бол өнөөдрийг хүртэл хугацаанд вексель дамжуулж өгсөн этгээд болох “ЖГ”ХХК-иас төлбөр хариуцах ёстой гэсэн мэдэгдэл, мэдээлэл, албан бичгийг “ТБ”ХХК-д хүргүүлээгүй байна. Бидний нэхэмжилсэн төлбөр огт төлөгдөөгүй, төлөгдөөгүй төлбөрийг “ТБ”нэхэмжлэх эрхтэй. Дээрх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

            Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэл анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй. Талуудын хооронд вексель үйлдсэн талаар маргаан байхгүй. Нэхэмжлэгч шаардах эрхтэй гэдгээ 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн актив, пассивын гэрээг үндэслэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.9, 194, 496 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон байна. Талуудын хооронд 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн векселийг арилжааны хэлцлийг  хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан. Векселийн тухай хууль болон Иргэний хуульд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангахгүй вексель нь 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр бусд тооцогдсон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Нэгэнт шүүхээр нотлогдсон үйл баримтыг өөр шатны шүүх үгүйсгэх эрхгүй учраас 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус вексель, вексель арилжаалсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон. Векселийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д зааснаар вексель шаардлага хангахгүй гэдэг нь тогтоогдсон учраас нэхэмжлэгч талд шаардах эрх байхгүй. Энэ үнэт цаас төлбөр тооцооны хэрэгсэл  биш болсон гэдгийг тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон түүнээс хэн нэгэн этгээдийн хүсэл зоригийн дагуу анхан шатны шүүх, анхан шатныхаа шүүхийн шийдвэрийг үгүйсгэж үйл баримтыг дүгнэхгүй. Хэрвээ ингэж дүгнэвэл шүүхийг шүүхээр нь үгүйсгэдэг, Монгол Улсын хуулийг шүүхээр үгүйсгүүлдэг үл бүтэх жишиг тогтоож нэхэмжлэл гаргаж байна. “ЖГ”ХХК-иас “ХБ”ХХК-д шилжсэн вексель арилжааны хэлцэл хүчин төгөлдөр бус учраас энэ нь өнөөдрийг хүртэл шаардах эрх “ТБ”ХХК-д байхгүй, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бүх хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж Иргэний хуульд заасан. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шаардах эрх шилжихгүй, “ТБ”ХХК, “ЖГ”ХХК, “ХБ”ХХК-ны хооронд төлбөр тооцооны асуудал байвал хариуцагч нь “ЖГ”ХХК байх ёстой. УБТЗ вексель арилжааны хэлцлийг “ХБ”ХХК-тай хийгээгүй учраас эрх шилжихгүй. Энэ хэргийн хариуцагч “ЖГ”ХХК, УБТЗ хариуцагч биш. Хавтаст хэрэгт авагдсан “ЖГ”ХХК, УБТЗ хооронд хийгдсэн бүх төлбөр тооцоо зөвхөн “ЖГ”ХХК, УБТЗын хооронд хийгдсэн. “ТБ”ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл төлбөрийн талаар “ЖГ”ХХК, УБТЗд мэдэгдээгүй. “ЖГ”ХХК-ийн өмнө хүлээсэн төлбөр тооцооны үүргээ УБТЗ бүрэн төлж, 3 удаагийн тооцоо нийлсэн акт үйлдсэн. Шилжсэн хэлцэл хүчин төгөлдөр бус учраас өөр этгээд андуурч буюу сайн дураараа төлсөн гэдэг үр дагавар шаардах эрх үүсээгүй. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл тайлбарласан хууль зүйн үр дагавар байхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий вексель нь Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.4-д заасан бүрдүүлбэр дутуу, дамжуулах шилжүүлэгт вексель төлөгчийн нэр, хаяг байхгүй. Энэ баримтаар вексель хэнд шилжсэн гэдэг нь нотлогдохгүй. Вексель шилжүүлсэн огноо, харилцах дансны дугаар, банкны нэр харилцах дансны дугаар зэрэг бичигдээгүй. Векселийн тухай хуульд заасан бүрдүүлбэр хангахгүй байх тул 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Векселийн тухай хуулийн 5, 17 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгосон. Векселийн тухай хуульд төлбөр тооцооны үүрэг гүйцэтгэх хугацаанаас өмнө УБТЗ векселийн татгалзлыг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн. Нэхэмжлэгч тал н.Сэрээнэндорж гэх хүн Авлагитай тэмцэх газар шалгагдаж байгаа гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхэд хянагдаж байсан хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг дээр шалгагдаж байна гэсээр өдий хүрсэн. Векселийн тухай хуульд зааснаар УБТЗын төлбөрийн татгалзлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаагүй. Хэрвээ энэ татгалзал хуулийн хүчин төгөлдөр байгаа тохиолдолд шаардах эрх үүснэ. Үндэслэлгүйгээр татгалзсан байна гэвэл татгалзал нь үндэслэлгүй гэдгийг шүүхээр тогтоож, шүүх татгалзал үндэслэлгүй гэдгийг тогтоосны дараа тухайн шүүхийн шийдвэрт үндэслэж нэхэмжлэл гаргах эрх үүснэ. Ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй. Нэхэмжлэгч шаардах эрхгүй этгээд. Нэгэнт шүүхээр хүчин төгөлдөр бус гэж тогтоогдсон хэлцэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар нэг асуудлыг нэг л удаа нотолно гэдэг зарчим хэрэгжих ёстой. “ЖГ”ХХК-иас “ХБ”ХХК-д шилжүүлсэн хэлцлийг бүгдийг нь хүчин төгөлдөр бусад тооцсон. Векселийг ч хүчин төгөлдөр бусд тооцсон, вексель шилжүүлсэн хэлцэл ч хүчин төгөлдөр бус юм. Вексель төлбөр тооцооны хэрэгсэл биш болж, хоосон цаас болсон. Үнэт цаас устгасан, гэмтээсэн, үнэт цаасыг устгасан этгээд өөрийн гэм буруугийн төлөө шүүхийн өмнө хариуцлага хүлээх болохоос биш УБТЗ үүрэг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй. н.Сэрээнэндоржийн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхээр энэ нотолгоо үнэн гэж нотлогдоогүй, хэрэг Авилгатай тэмцэх газар шалгагдаж байсныг прокурор хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийн мэдүүлэг хүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй. Анхны үйл баримт хүчин төгөлдөр байж, цаашид үр дагавар шаардах эрхтэй болохоос нэхэмжлэгч талын тайлбарласан шиг үүрэг үүсэхгүй. Векселийг 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр бус гэж тооцсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56-д зааснаар энэ үүрэг “ХБ”ХХК, “ЖГ”ХХК-ийн хооронд үүсэж байна. “ХБ”ХХК, “ЖГ”ХХК-ийн хооронд үүссэн үүрэгт шүүхийн шийдвэрт байхгүй этгээдийг оролцуулж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тийм ч учраас нэхэмжлэлийн шаардлага болсон нотлох баримтууд хүчин төгөлдөр хуулийн дагуу байж, цаашид хууль зүйн үр дагавар шаардах болохоос нэхэмжлэгч талын тайлбарласан шиг ийм үүрэг үүсэхгүй. Векселийг 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр бус гэж тооцсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талууд авсан өгснөө буцаах харилцан үүрэг хүлээнэ. Энэ үүрэг “Хадгаламж банк”, “ЖГ”2-ын хооронд үүснэ. Хэрэгт хамааралгүй, хөндлөнгийн этгээд УБТЗыг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм ч учраас Улсын Дээд шүүх хэргийг анхан шатны шүүхэд буцаахдаа нэхэмжлэгч “ТБ”ХХК-ийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч УБТЗд холбогдолгүй байна гэж дүгнэсэн. Вексель хүчин төгөлдөр бус байх тул маргаанд УБТЗ  холбогдолгүй гэдгийг шүүхээс тогтоосон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ТБ”ХХК нэхэмжлэлээсээ татгалзсан. Анхан шатны шүүхэд “ТБ”ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д заасан нөхцөл байдал үүсч дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг тогтоосон Магадлал хуулийн хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэлээсээ татгалзсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн байр суурьтай оролцож байна. УБТЗаас  “ЖГ”ХХК-д 10.500.000 ам.долларын үнийн дүн бүхий 3 вексель бичсэн талаар талууд маргадаггүй. “ЖГ”ХХК дээрх 3 векселийг УБТЗаас бичсэн өдөр нь дамжуулах бичилт үйлдэж, “ХБ”ХХК-д худалдсан. “ХБ”ХХК, “ЖГ”ХХК-ийн дансанд 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 4.000.000 ам.доллар 2 удаа, нийт 8.000.000 ам.доллар, 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2.500.000 ам.доллар, нийт 10.500.000 ам.доллар шилжүүлсэн. 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хүүгүй векселийн хугацаа 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дууссан. УБТЗаас 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 ам.доллар, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 ам.доллар,  нийт 4.000.000 ам.доллар  шилжүүлсэн. 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2.500.000 ам.долларын векселийн хугацаа 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусах байсан тул 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2.500.000 ам.доллар, нийт 6.500.000 ам.долларыг төлсөн болох нь тогтоогддог. УБТЗ 6.500.000 ам.доллар  төлсөн нь “ХБ”дахь УБТЗын 1099101515010002 ам.долларын дансны хуулгаар нотлогдож байна. 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар “Хадгаламж банк”-д банкны эрх хүлээн авагч томилсон. Мөн өдрөө Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-157 дугаартай тушаалаар албадан татан буулгах тушаалаар “ХБ”ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн. Энэ тушаалаар “ХБ”ХХК-ийг хуулийн этгээдийн хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Албадан татан буулгах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэж, банкны эрх хүлээн авагчид шилжүүлж, албадан татан буулгах ажиллагаа дуусгавар болоогүй. Хэрвээ “ХБ”ХХК-ийг албадан татан буулгасан гэж яривал шүүх хуралдаанд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох боломжгүй. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйл, өөрчлөлт орсон хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, “ХБ”ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгө захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчид шилжихэд “ХБ”ХХК-ийн хуучин гүйцэтгэх удирдлагаас “ХБ”ХХК-ийн санхүүгийн тайлан гаргасан. 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Санхүүгийн тайлан гаргасан. Хэлцлийн үнэн зөв болохыг шалгаж, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр банкны эрх хүлээн авагчид хүлээлгэж өгсөн. Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д зааснаар “ХБ”ХХК-ийн нийт активыг өөрийн хяналтад авсан. УБТЗаас 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 285 хоногийн хугацаатай, 4.000.000 ам.долларын жилийн 12 хувийн хүүтэй буюу 380.000 ам.долларын хүүтэй, нийт 4.382.000 ам.долларын үнэ бүхий энгийн вексель бүртгэгдсэн. 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлбөрийн хугацаа  дуусаж тодорхой хугацааны дараа төлөгдөх нөхцөлтэй. “ХБ”ХХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн тэнцлээр төлбөр хийгдээгүй. “ХБ”ХХК үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх хугацаанд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд УБТЗаас төлбөрөөс татгалзах тухай ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй. Иймд банкны эрх хүлээн авагч гэрээнд авагдсан баримтын дагуу хуульд зааснаар энэхүү векселийг “ТБ”ХХК-д  актив хөрөнгөөс шилжүүлсэн. Хариуцагч нь “ХБ”ХХК-иас  шилжүүлсэн векселийн төлбөрийг төлсөн, нэг бол сонгож гүйцэтгэсэн гэж янз бүрээр тайлбарладаг. Хүүгүй вексель төлөгдсөн, хүүгүй векселийн төлбөр төлөгдөөгүй гэдгийг гуравдагч этгээдийн зүгээс тайлбарлаж, нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжиж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЖГ”ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЖГ”ХХК векселийн төлбөрийг “ХБ”ХХК-иар мөнгөжүүлсэн, талууд мөнгө өгсөн, авсан талаар маргаагүй. Векселийн хэлцлийг шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Векселийг нэгэнт хүчин төгөлдөр бус гэж тооцсон юм бол векселийн хэлцэл байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байна. “ХБ”ХХК-ийн эрх хүлээн авч, векселийн төлбөр шаардах эрх “ТБ”ХХК-д шилжсэн гэдгийг УБТЗд мэдэгдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Шаардах эрх шилжүүлсэн этгээд үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэгтэй, түүнээс зөвшөөрөл авах үүрэгтэй биш. “Монгол банк”-ны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тушаалыг “ТБ”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар иш татаж ярьсан. Уг тушаал захиргааны хэргийн шүүхэд маргаантай байгаа. “ТБ”ХХК-д шилжүүлсэн “Монгол банк”-ны ерөнхийлөгчийн “ХБ”ХХК-д албадлагын арга хэмжээ авсан, эрх хүлээн авагч томилсон нь захиргааны хэргийн шүүхэд өнөөдрийг хүртэл маргаантай байгаа. “ЖГ”ХХК болон иргэн Ш.Батхүүгийн зүгээс “Монгол банк”-ны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тушаалыг илт хууль бус болох талаар захиргааны хэргийн шүүхэд 5 жил маргаж байна. Нарийн яривал захиргааны хэргийн маргаан шийдэгдсэний дараа энэ маргаан шийдэгдэх ёстой байх. Ш.Батхүүгийн 84 тэрбум төгрөгийг “ХБ”ХХК-ийн эрх хүлээн авагч зүгээр л авчихсан. Ийм учраас “Монгол банк”-ны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тушаалд үндэслэж хэргийг шийдэх нь учир дутагдалтай гэж үзэж байна. 2013 оны 4 дүгээр сараас өмнө “ЖГ”ХХК нь УБТЗ, “Эрдэнэс таван толгой” ХХК зэрэг компаниудтай аалзны шүлс шиг торолсон харилцаа холбоо үүсгэсэн байсан. “ЖГ”ХХК, УБТЗл өглөгтэй, авлагатай гэж тооцоо нийлдэг болохоос тэр болгон нарийн зүйл ярьдаггүй. 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “ХБ”ХХК-ийн эрх хүлээн авагч 14:30-д тамга тэмдэгээ авсан байдаг. “ХБ”ХХК-ийг 300 ч хүрэхгүй ажилтантай “ТБ”ХХК нэг өдрийн дотор авсныг хуулийн хяналтын байгууллага шалгаж байгаа. “ТБ”ХХК нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй юм уу. Нэгэнт “ТБ”ХХК, “ХБ”ХХК-ийн векселийн төлбөр шаардах эрх авсан гэдгээ УБТЗд мэдэгдээгүй байх тул “ТБ”ХХК-д шаардах эрх үүсэхгүй гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэл хууль бус үйлдэл тогтоолгох, 721.227 ам.доллар 95 центийг  “ТБ”ХХК-иас гаргуулах гэсэн 2 шаардлагатай. Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүхийн шийдвэр биелүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжид маргааныг хянан шийдвэрлэх хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг мэдсээр байж санаатай зөрчиж, УБТЗын харилцах данснаас 721.227 ам.доллар 95 цент суутган авсан. 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11533 дугаартай Дүүргийн Иргэний хэргийн 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Уг шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан арга хэмжээ авсан. “ТБ”ХХК уг шүүгчийн захирамж гарсныг мэдсээр байж 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр УБТЗын данснаас дээр дурдсан дүн бүхий долларыг авсан. “ТБ”ХХК энэ үйлдлээрээ Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасныг зөрчиж бусдын данснаас дураараа мөнгө авсан хууль бус үйлдлийг тогтоолгох, УБТЗаас уг мөнгийг БНСАУ руу шилжүүлэхээр төлбөр бичигдсэн байсан. УБТЗаас  төлбөр хийгдэв гэсэн тэмдэг дарагдсан ч уг мөнгө БНСАУ руу шилжээгүй. Монгол улсын Засгийн газар дэмжиж, ОХУ, БНХАУ-ын нефтийн хамаарлаас гарахын тулд 70.000.000 ам долларын баталгаатай, батлан даагч нь БНСАУ, өөрийн нефть үйлдвэрлэдэг компаниудад Монгол Улсад шатах тослох материал нийлүүлж, эрсдэл хариуцна гэсэн гэрээний шалгуурт Монгол улсаас УБТЗ сонгогдсон. УБТЗ  гэрээний дагуу БНСАУ руу мөнгөө шилжүүлсэн гэтэл “ТБ”ХХК замаас нь 429.075.99 ам долларыг шилжүүлэлгүй барьснаар УБТЗ, БНСАУ-тай нефтийн гэрээ байгуулах боломжгүй болсон. “ТБ”ХХК-ийн шүүгчийн захирамж биелүүлэлгүй, бусдын данснаас дураараа авсан төлбөрийг нэхэмжилж байна. УБТЗ, “ЖГ”ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төлбөр төлсөн гэсэн тооцоо нийлсэн акт хүчин төгөлдөр байхад мэдсээр байж УБТЗын данснаас мөнгө суутгаж авахдаа банкны харилцагчдадаа үйлчлэх үүргийг зөрчсөн. Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3-д заасныг зөрчиж, ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй байхад “ТБ”ХХК, УБТЗын данснаас мөнгө шууд суутгаж авч байгаа нь хариуцагч УБТЗын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн. Дээрх нь Монгол Улсын нэрийн өмнөөс өөр улстай байгуулсан гэрээг хүчингүй болгосон хууль бус үйлдлийг тогтоож өгөөч. Банкны дураараа авирласан үйлдлээс БНСАУ-тай байгуулсан гэрээний талаар бид жич маргаан гаргах болно. “ТБ”ХХК, УБТЗын данснаас 721.227.95 ам доллар авсан. Тухайн үед 1 доллар 2.250.95 төгрөгтэй тэнцэх ханшаар улсын тэмдэгтийн хураамж төлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд “ТБ”ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй, эрхгүйг тодруулах хэрэгтэй. “ТБ”ХХК, УБТЗын дансыг царцааж байхад вексель хүчин төгөлдөр байсан. Тухайн үед вескель хүчин төгөлдөр байсан учраас “ТБ”ХХК, УБТЗаас векселийн төлбөрийг үл маргах журмаар авсан. УБТЗын данс царцаахтай холбоотой маргаан тухайн үед Сүхбаатар дүүргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан. Хэрвээ шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байсан бол шүүх гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцах үүднээс энэ ажиллагааг хийх ёстой байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бидний гуравдагч этгээдээс нефтийн бүтээгдэхүүн авах гэрээг “ТБ”ХХК бүдүүлэг үйлдлээрээ тасалсан гэж ярьлаа. “ТБ”ХХК 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр УБТЗын данснаас мөнгө авсан. Энэ талаар Солонгосын тал гомдол гаргасан гэж хариуцагч талаас нотлох баримт өгсөн. Уг нотлох баримтын огноог харвал 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн огноо байгаа. Жилийн өмнө ямар үйл явдал болохыг Солонгосын тал мэдэж УБТЗд гомдол гаргах боломжгүй. Үүнээс харахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Солонгосын талтай гэрээ байгуулах ажиллагааг саатуулсан гэдэг нь нотлогдохгүй байна. Хавтаст хэргийн 147 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтыг уншиж танилцуулж, банкны тэмдэглэгээг анхааралтай харах хэрэгтэй. Хүлээж авсан ажилтан байхгүй, гарын үсэг байхгүй, төлбөр хийх огноо дээр ямар ч тэмдэглэгээ байхгүй, гүйгээний дугаар нь ямар ч тэмдэглэгээ байхгүй, нэмэлт тайлбар нь ямар ч тэмдэглэгээ байхгүй байна. Ийм учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Солонгосын талын төлбөр саатуулсан гэх тайлбарт холбогдуулан дээр дурдсан ажиллагаа хийгдээгүй учраас бид нэхэмжлэх боломжгүй байна. Та нар дээр дурдсан ажиллагааг хийж банкинд шилжүүлээгүй учраас төлбөр нэхэмжлэх боломжгүй байсан гэсэн үйл баримтыг Солонгосын тал хэлсэн. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.3-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас нэгэнт хийгдсэн гэрээг дахин нэхэх эрхгүй. Өөрөөр хэлбэл УБТЗд “ТБ”ХХК-аас 700.000 ам доллар нэхэмжлэх эрх байхгүй. Ийм учраас УБТЗын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхлээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбарлаа хэлье. Вексель гэдэг нь О.Баясгалан төлөөлөгчийн ярьж байгаа шиг УБТЗ “ЖГ”ХХК-д төлөх төлбөрийг хойшлуулахаар үйлдэгдсэн баримт бичиг биш. Төлбөр хойшлуулахын тулд вексель бичих шаардлага байхгүй. Векселийг бичиж өгснөөр нэн даруй төлбөр барагдаж байгаа хэлбэр юм. Түүнээс 285 хоногийн дараа “ЖГ”ХХК,УБТЗд өгч төлбөр авдаг харилцаа биш. Өнөөдрийн маргаан юунаас болж гарсан юм бэ гэхээр “ЖГ”ХХК тухайн үед “Голомт банк”, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д очиж векселиэ тушаачихсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. “ЖГ”ХХК тухайн үед өөрийн хамаарал бүхий этгээд байсан “ХБ”ХХК-д вексель тушааж, “ХБ”ХХК дампуурсан. “ХБ”ХХК-ийн дампуурсан нөхцөл байдлыг УБТЗ овжноор ашиглая гэсэн зүй бус санаа зорилгоос үүдэлтэй. Хариуцагч татгалзлаа 3 янзаар тайлбарладаг. Нэгдүгээрт векселийн төлбөр төлсөн, хоёрдугаарт “ЖГ”ХХК-тай авлагатай болсон учраас векселийн төлбөр төлөхгүй, гуравдугаарт вексель хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас төлбөр төлөхгүй гэдэг. Улсын Дээд шүүх вексель хүчингүй болсон байна. 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаарУБТЗ, “ЖГ”ХХК-иас авлагатай болсон юм байна.  Хариуцагч векселийн төлбөр төлсөн гэдэг баримт нь хаана байгаа юм бэ гэдэг. Энэ бүхэн тусдаа үйл баримт. Хариуцагчийн зүгээс гаргасан 3 удаагийн тооцоо нийлсэн акт байдаг. Актанд талууд дандаа сар бүрээр тооцоо нийлсэн байдаг. Түүнээс 7 дугаар сарын 09-ний өдрийн тооцоо нийлсэн актаар хаа байсан 4 сарын тооцоо нийлсэн зүйл байхгүй. Улсын дээд шүүх тооцоо нийлсэн акт хэрэгт хамааралгүй гэж дүгнэлт хийсэн.УБТЗын векселийн төлбөр төлсөн баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлд зааснаар яаж дүгнэлт хийсэн юм бэ гээд хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдүүлэхээр буцаасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч талаас төлбөр төлсөн 6 ширхэг баримт гаргаж өгсөн. 1 баримтад 2016 оны 1 дүгээр сарын төлбөрийг мөн оныхоо 3 дугаар сарын 22-ны өдөр төлсөн. 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актад 10.500.000 ам долларын өр төлбөрийн тооцоо байна гэдгийг баталгаажуулсан. Хариуцагч 1 сард 4.680.000 ам долларын төлбөр төлсөн. Энэ тооцоо хасагдаж тооцогдсон. 2 дугаар сарын 15-наас 28 хүртэлх төлбөрийг төлж болно. Эдгээр баримтууд нь хариуцагчийг векселийн төлбөр төлсөн гэдгийг нотлохгүй байна. Ийм учраас дээд шүүх хариуцагчийн векселийн төлбөр төлсөн гэдгийг нотлох ёстой гэж хэргийг буцаасан. Хариуцагч төлбөр төлөхдөө дандаа дизелийн төлбөр гэж төлж байсан. Манайд векселийн төлбөр төлөхдөө гүйлгээний утгад векселийн төлбөр гэж бичиж байсан. Хариуцагчийн төлбөр төлөхдөө төлбөрийн зориулалт бичдэгийг дээд шатны шүүх олж мэдсэн учраас өмнөх харилцааны 2.500.000 ам доллар төлсөн төлбөр, 4.000.000 ам доллар 2 удаа хувааж төлсөн баримтуудад үндэслэж, хариуцагч 4.000.000 ам доллар төлсөн юм бол баримт нь хаана байгаа юм бэ гэж нэхэхэд хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч тийм баримт гаргаж өгч чадаагүй. Хариуцагчийн хүүтэй 4.000.0000 ам долларын векселийн төлбөр төлсөн гэсэн баримт нотлогдохгүй байна. Хариуцагчийн төлбөр төлсөн гэдгийг нотлох гэж оролцсон баримтууд хэрэгт хамааралгүй байна. Хариуцагчаас гаргасан баримтын гүйлгээний утгаар түүнийг векселийн төлбөр төлсөн гэдгийг нотолж чадахгүй байна. Бид “ЖГ”ХХК-иас вексель хүлээж авсан гэдгийг УБТЗд мэдэгдэх үүрэгтэй нь хэрэгт ач холбогдолтой гэж Дээд шатны шүүх дүгнэсэн. УБТЗ  векселийг бид хүлээж авсан гэдгийг мэдэж байсан гэдгийг нотлох маш олон үйл баримт байна. УБТЗ векселийн төлбөрийг удаа дараа төлж байсан. 8 дугаар сарын 07-ны өдөр УБТЗ танай векселийн төлбөрийн бид биш “ЖГ”ХХК төлөх ёстой болчихсон гэдэг тайлбар ирүүлж байдаг. Улсын Дээд шүүхийн тогтоосон үйл баримтаар дахин маргах шаардлага байхгүй. Бид векселийг хүлээж авчихаад тэр даруйд нь УБТЗд мэдэгдэх үүрэггүй, энэ гэрээний үүрэг хэрэгжүүлсэн харилцаа биш, төлбөр тооцоотой холбоотой харилцаа. “ЖГ”ХХК аль ч банкин дээр хамаагүй векселиэ тушаачихаад мөнгөө авах боломжтой. Вексель хүлээж авсан этгээд вексель бичсэн этгээдэд тэр даруй мэдэгдэх ямар ч үүрэг байхгүй. Иргэний хуулийн үүргийн зохицуулалт хамааралгүй, тусгайлан харилцаанд үүргийн нийтлэг ерөнхий нөхцөл хэрэглэх гэж байгаа нь хуулиар зөвшөөрөгдөхгүй. Үүргийн нийтлэг харилцааг хэрэглэж, та нар мэдэгдэх ёстой гэсэн нь алдаатай дүгнэлт. Тийм учраас векселийн тухай бие даасан хууль байна. Вексель нь тэр даруйдаа үл маргах төлбөр хийгдэх ёстой. Шүүх вексель хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон ч гэсэн уг харилцааны цаана үүссэн төлбөр тооцооны харилцааны асуудал нь хэрэгт ач холбогдолгүй. Төлбөр төлсөн харилцааг нэгэнт буцаах боломжгүй. Векселийн хугацаа дууссан байсан. Улсын дээд шүүхийн тогтоолд заасан 4.000.000  ам долларын хүүтэй векселийн төлбөр төлсөн талаар хариуцагч ямар баримт гаргаж ирсэн юм бэ. Хариуцагчийн төлбөр төлснийг нотлох гэж оролцсон баримтууд тодорхой цаг хугацааны интерваль дотор харилцаатай холбоотой. Вексель хүлээж авч, санхүүжүүлсэн этгээдэд мэдэгдэхгүйгээр нэгэн цагт өглөгтэй, авлагатай байсан этгээдүүд хоорондоо тооцоо нийлчихээд түүний үр дагавар гуравдагч этгээдэд тусаж болохгүй. УБТЗ, “ЖГ”ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн асуудал хэрэгт хамааралгүй. Хариуцагчийн 8 дугаар сарын 07-ны өдрийн төлбөр төлөхөөс татгалзсан мэдэгдлийг бид хүлээн зөвшөөрөөгүй. “УБТЗ, “ЖГ”ХХК-ийн хоорондын тохиролцоог гуравдагч этгээдийн оролцоотой, бидэнд тайлагнаснаар сая магадгүй “ЖГ”ХХК-иас төлбөр гаргуулах зөвшөөрөл өгсөн бол энэ асуудал өнөөдөр яригдахгүй байх байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэж өгнө үү гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Вексель бол өрийн бичиг. Векселиэр тодорхой хугацаагаар мөнгө шилжүүлж, төлбөр төлөх үүргийг хойшлуулсан. Вексель нэр дээр бичигдсэн өдрөөс хойш шилжинэ. “ТБ”ХХК-д дамжуулах бичилтээр вексель шилжиж очсон гэсэн бичилт хийгдсэн. Үүнээс өмнө УБТЗ төлбөр тооцоо төлсөн. 8 дугаар сарын 07-ны өдөронгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам төлбөр төлөгдсөн, маргаан гарвал бид хариуцахгүй гэдгийг албан бичгээр “ТБ”ХХК-д мэдэгдсэн. Бидний албан бичгийг “ТБ”ХХК хүлээн авч, 2 ажилтанд цохиж, ажиллагаа хийгдсэн байсан. Векселийн шилжүүлэг хэзээ хийгдэнэ, эрх шилжинэ. Энэ талаар Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д тодорхой заасан. Өөрөөр хэлбэл энэ үнэт цаасанд хичнээн гэрээ хийсэн байсан ч 7 дугаар сарын 22-ны өдөр векселийн эрх “ТБ”ХХК-д шилжихгүй. Дамжуулах векселийн арын хуудсанд 9 дүгээр сарын 22-ны өдөр “ТБ”ХХК-д бичилт хийгдсэн гэдгийг тэмдэглэсэн байдаг. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр вексель шилжүүлсэн гэсэн н.Аварзад гэх хүний гарын үсэгтэй бичилт байна. 9 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнөх үйл баримтад “Төрийн банк”-ны ямар ч оролцоо байгаагүй. Үүнээс өмнө “ЖГ”ХХК-д төлбөр тооцоогоор хүлээсэн үүргээ биелүүлж, тооцоо нийлсэн баримтуудаа бид гаргаж өгсөн. Улсын дээд шүүх дахин нотлох баримт гаргахаар дүгнэсэн учраас бид 16.000.000 ам доллар төлсөн  баримт гаргаж өгсөн. Энэ баримтаар нэхэмжлэгч биднийг төлбөр төлсөн гэдгээ нотолж чадахгүй байна гэлээ. УБТЗ  банк биш учраас гүйлгээ хийсэн гэсэн тэмдэгтэй төлбөрийн даалгавраа л барина. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар нэг талын гаргаж өгсөн нотлох баримт эргэлзээ төрүүлж байгаа бол нэхэмжлэгч талд уг нотлох баримтыг шалгуулах эрх нь байгаа. Хариуцагчийг татгалзлаа нотолсон баримтаа гаргаж эрхийг шаардах эрх хүртэл нэхэмжлэгч талд байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал энэ асуудлаар өнөөдрийг хүртэл мэтгэлцэхгүй байна гэдэг нь эдгээр баримтуудтай маргаагүй гэж үзэж байна. Шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагч тал татгалзлын үндэслэлээ нотолсон баримт хангалттай гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш бидний өгсөн баримтуудыг шалгуулах талаар хүсэлт гаргаагүй нь нотлох баримтыг үнэн зөв гэж хүлээн зөвшөөрч, маргахгүй мэтгэлцэхгүй гэж хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байна. Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар тэгш эрхийн зарчмын хүрээнд мэтгэлцэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал нотлох баримтын талаар ямар ч маргаан үүсгээгүй байж хамгийн сүүлийн баримтуудыг хуурамч, хариуцагчийн төлбөр төлсөн нь эргэлзээ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 8 дугаар сарын 07-ны өдөр бид “ТБ”ХХК-д сануулсан. 9 дүгээр сарын 20-ны өдөр “ТБ”ХХК-д векселийн эрх шилжихээс өмнө бид УБТЗ ямар ч өр авлагагүй гэдэг баримтыг хавсаргаж, тооцоо нийлсэн баримтуудаа хавсаргаж “ТБ”ХХК-д өгсөн. “Хадгаламж банк”-ны эрх “ТБ”ХХК-д шилжсэн гэдгийг “ЖГ”ХХК, “УБТЗ ХНН”-д хэлэх хүртэл “УБТЗ ХНН”, “ЖГ”ХХК-ийн өмнө үүргээ гүйцэтгэнэ. Түүнээс өмнө “ХБ”ХХК-ийн эрх шилжээгүй “ТБ”ХХК-ийн өмнө “УБТЗ ХНН” үүрэг гүйцэтгэхгүй. Нэхэмжлэгч талын Иргэний хуулийн 123 дугаар зүйлийг тайлбарлаж, мэтгэлцээний үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 210 дугаар зүйлд зааснаар бусдын өмнө үүрэг гүйцэтгэсэн гэж тайлбарлалаа. Ийм эрх үүсэхгүй талаар УБТЗ 8 дугаар сарын 07-ны өдөр “ТБ”ХХК-д албан бичиг хүргүүлсэн. Нэхэмжлэгч тал хариуцагчийн төлбөрийн татгалзлын талаар шүүхэд гомдол гараагүй. Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцсон шүүгчийн захирамжийг гаргасан шүүгч нь нэхэмжлэгч талын шахалт дарамтын улмаас хүчингүй болгосон. Ингээд “ТБ”ХХК-ийг оролцуулж хэрэг шийдэхээр болсон. “ТБ”ХХК анхан шатны шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. “ТБ”ХХК-ийн нэхэмжлэлээ татан авч, улсын тэмдэгтийн хураамжаа буцааж авсан үйл баримт байгаа учраас “ТБ”ХХК шүүхэд энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхээ алдана. Өдий хүртэл нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйгээр шүүхээр үйлчлүүлэх гэж байгаа юм бэ. УБТЗ хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл шүүхэд гаргаж, шүүх маргааны зүйл болсон хэлцлийг 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс хүчин төгөлдөр бусд тооцсон. Бид нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар ойлгож байсан. Гэтэл нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлэгт бид Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар нэхэмжлэл гаргахдаа хүүгийн төлбөрийг “ЖГ”ХХК-иас авна гэж бодсон гэж тайлбарлалаа.  Нэхэмжлэгч тал 4.380.000 ам.доллароос хүү хасаж, хүүгийн зөрүүнээс нэхэмжлэгчийн хариуцагчийн данснаас суутгаж авсан 721.000 ам.долларын үнийн дүнгийн зөрүүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэлцэл хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн этгээдүүд яагаад хэлцийн үр дагавар хүү болж очсон юм бэ. “Хадгаламж банк”, “ЖГ”ХХК-ийн хооронд хэлцэл хийгдсэн. Уг хэлцэл, вексель ньУБТЗаас үл хамаарах шалтгаанаар дамжуулах бичилтийн бүрдүүлбэр дутуу хийгдсэнээр хүчин төгөлдөр бус болсон. Нэхэмжлэгч яагаад хүчин төгөлдөр бус болсон үнэт цаасыг мөнгө гэж үзээд хариуцагчаас нэхэмжилж байгаа юм бэ. Векселийг мөнгө гэж үзэхгүй, төлбөр тооцооны хэрэгслээс гарчихсан. Вексель арилжааны хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бусд тооцсон. Вескелийн бүрдүүлбэрт ямар нэгэн алдаа гарвал вексель төлбөр тооцооныхоо шаардлагыг алдаж, буруутай этгээдээр хохирлоо төлүүлэх тухай Иргэний хуулийн ганц л зохицуулалт үйлчилнэ. Гэм буруу нь вексель бичсэн “ЖГ”ХХК, “Хадгаламж банк”ХХК-ийн алдаа байхад нэхэмжлэгч УБТЗаас яагаад төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн юм бэ. Хүчингүй үнэт цаасыг мөнгөжүүлж болох юм уу,  үнэт цаасыг мөнгөөр сольж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч тал үнэт цаасаа барьчихаад мөнгө нэхэж байна. Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар “ТБ”ХХК анх шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, Т.Энхжаргал шүүгчийн захирамжид гомдол гаргаснаар маргаан үүссэн. УБТЗ Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар төлбөр төлөхөөс татгалзсан тохиолдолд татгалзлаа гардуулсан. Өмнөх шүүхийн шийдвэрийн хуулбар үнэн зөв гэдгийг нотариатаар батлуулсан. Нэхэмжлэгч тал нотариатын үйлдэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гараагүй. Векселийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д зааснаар бид 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр векселийг хүчин төгөлдөр бусд тооцуулсан. Төлбөр төлөхөөс татгалзсан тухай маргааныг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж Векселийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д заасан. Өнөөдрийг хүртэл “ХБ”“ТБ”ХХК, УБТЗд векселийн зөвшөөрөл өгөөгүй. Та бүхэнтэй 9 дүгээр сарын 20-ны өдрийн эрх зүйн харилцаа үүсэхээс өмнө УБТЗ, “ЖГ”ХХК-тай төлбөр тооцооныхоо үүргийг дуусгавар болгосон. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар “ТБ”ХХК УБТЗ,  “ЖГ”ХХК-д төлбөр барагдуулж, тооцоо нийлсэн актаар “ЖГ”ХХК, “УБТЗд өртэй гарсан. Тооцоо нийлсэн акт гэдэг нь Иргэний хуульд зааснаар тогтоосон хугацаанд төлбөр тооцооны үүргийг талууд дүгнэх ёстой. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд зааснаар төлбөр тооцоо хийсэн баримтууд хуулийн хүчин төгөлдөр байна. Иймд төлбөр тооцоо хийсэн баримтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулъя, хэрэгт шууд хамаарах нотлох баримт биш гэдгийг шүүх тогтооно. Векселийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар энэ векселийг хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа  тохиолдол “ТБ”ямар үндэслэлээр УБТЗаас хүү суутгаж авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. УБТЗын төлбөрийг татгалзлыг “ТБ”ХХК мэдсэн учраас хүлээж авсан. И “ХБ”ХХК, “ТБ”ХХК 2-ын хоорондын асуудал УБТЗд хамааралгүй. Нэхэмжлэгч тал өөрсдийгөө өөртөө туслах үйл ажиллагаа явуулсан гэдэг. Иргэний хуульд зааснаар шүүх, хуулийн байгууллагын тусламж дэмжлэг авах боломжгүй тохиолдолд өөртөө туслах зөвшөөрөл олгохоос биш шууд харилцагчийн данснаас мөнгө дээрэмдэж авахыг өөртөө туслах үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигч, гуравдагч этгээдийн гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “ТБ”ХХК нь хариуцагч УБТЗд холбогдуулан 3.658.772  ам.доллар 05 цент буюу 7.436.600.543 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан “ТБ”ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоолгож, данснаас суутгасан 721.227 ам.доллар 95 центийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

            Шүүх нэхэмжлэгч “ТБ”ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон, хариуцагч УБТЗын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

            Нэхэмжлэгч “ТБ”ХХК нь хариуцагч УБТЗ холбогдуулан, тус нийгэмлэгээс 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4,000,000 ам.долларын, жилийн 12 хувийн буюу 380,000 ам.долларын хүүтэй, 285 хоногийн хугацаатай, энгийн векселийн үлдэгдэл 3,658,772.05 ам.доллар буюу 7.436.600.543 төгрөгийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1, 496 дугаар зүйлийн 496.1, 56 дугаар зүйлийн 56.4, 56.6 дахь хэсэгт заасны дагуу гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа, “ЖГ”ХХК-д бичсэн векселийн төлбөрөөс 6.500.000 ам.долларыг төлөхдөө илүү хүнд нөхцөлтэй өрийг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ гэж хуульд заасны дагуу маргаан бүхий 12 хувийн хүүтэй, 4.000.000 ам.долларын дүн бүхий, 285 хоногийн хугацаатай векселийн төлбөрийг хоёр хуваан төлж барагдуулсан, мөн уг хүүтэй векселийг хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан учир нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус векселийн төлбөрийг шаардах эрхгүй, түүнчлэн векселийн төлбөр хариуцагч нь хуульд заасны дагуу векселийн төлбөрөөс татгалзаж, түүнийгээ нотариатаар баталгаажуулсан нь хүчин төгөлдөр байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

 

Дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Хариуцагч УБТЗ нь “ЖГ”ХХК-тай байгуулсан нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 10.480.150 ам.доллар 51 центийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлэн акт /2-р хх 59/ үйлдэж,  уг 10.500.000 ам.долларын төлбөр төлөх баталгаа болгон дараах 3 вексель үйлдсэн байна.

Үүнд:  2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн 4.000.000 ам.долларын үнэ бүхий 99 хоногийн хугацаатай буюу 2013 оны 5 дугаар сарын 28 өдөр дуусах, хүүгүй вексель, 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн  4.000.000 ам.долларын үнэ бүхий 285 хоногийн хугацаатай буюу 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусах, жилийн 12 хувийн хүүтэй вексель, 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн 2.500.000 ам.долларын үнэ бүхий 121 хоногийн хугацаатай буюу 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусах, хүүгүй вексель.

            Нефтийн бүтээгдэхүүний төлбөр төлөх баталгаа болгон бичсэн дээрх 3 вексель нь Векселийн тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан энгийн вексельд хамаарах бөгөөд Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангасан байна.

Иймд хариуцагч нь Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан энгийн вексель бичигч буюу төлбөр хариуцагч болсон гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч УБТЗ нь Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн хугацаа болмогц вексельд заагдсан төлбөрийг ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр уг вексель эзэмшигчид үл маргах журмаар төлөх үүрэгтэй байжээ.

Төлбөр авагч “ЖГ”ХХК нь дээрх гурван векселийг төлбөр төлөгч УБТЗаас хүлээн аваад Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар “ХБ”ХХК-д худалдаж, тус банкнаас SV2013/01 болон SV2013/02 тоот “Вексель арилжааны хэлцэл”-үүдийн дагуу 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 8.000.000 ам.доллар, улмаар 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2.500.000 ам.доллар, нийт 10.500.000 ам.долларыг хүлээн авсан болох нь дансны хуулга, зохигч, хэргийн оролцогчийн тайлбараар тогтоогдож байна. /1-р хх 25-29/

             Хариуцагч талын дээрх хүүтэй векселийн төлбөрийг төлсөн гэх татгалзал нь УБТЗаас “Улаанбаатар аудит Корпораци” ХХК-д 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хандан гаргасан энгийн векселийн өглөг нь 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар манай данс бүртгэлд тусгагдсанаар 4.380.000 ам.доллар байна, энэ нь энгийн вексельд бичигдсэн огноо, үндсэн төлбөр, хүүний хувь, төлбөр хийх хугацаа, төлбөр хүлээн авагчийн нэр зэрэг үндсэн мэдээллүүдтэй таарч байна гэж мэдэгдсэн /1-р хх 36/ баримт, “ТБ”ХХК-д явуулсан 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 12/962 дугаар албан бичигт векселийн төлбөр төлөгдөөгүйг дурдан зөвшөөрч, уг төлбөрийг “ЖГ”ХХК хариуцахыг мэдэгдсэн /1-р хх 39/ баримт,  2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10/1433 дугаар албан бичигт “ЖГ”ХХК-тай тооцоо нийлсэн актаар төлбөрийн үүрэггүй болсон нь нотлогдсон зэргээр төлбөрөөс татгалзах тухай мэдэгдсэн /1-р хх 42/ баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гуравдагч этгээд “ЖГ”ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан дээрх векселийн төлбөрийг УБТЗ төлөөгүй, тооцоо нийлсэн актаар манайх төлбөртэй гарсан гэх тайлбар зэрэг баримтаар няцаагдлаа.

            Төлбөр хариуцагч УБТЗ нь 4.000.000 ам.долларын үнэ бүхий, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төлбөрийг төлөх хугацаатай /99 хоногийн/ хүүгүй векселийн төлбөрийг 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр, мөн оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус тус 2.000.000 ам.доллараар, мөн 2.500.000 ам.долларын үнэ бүхий 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусах /121 хоногийн хугацаатай/ хүүгүй векселийн төлбөрийг 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “ХБ”ХХК-д төлж барагдуулсан байх бөгөөд энэхүү төлбөрийг 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4.000.000 ам.долларын үнэ бүхий 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлж дуусгах /285 хоногийн/ хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй векселийн төлбөрт төлсөн гэж маргаж байсан боловч шүүх хуралдааны үеэр хүүгүй векселийн төлбөр төлсөн болохоо хүлээн зөвшөөрлөө.

            Харин хариуцагч тал хүүтэй векселийн төлбөр төлсөн гэдгээ нотолж, 6 ширхэг төлбөрийн даалгавар нотлох баримтаар гаргаж өгсөн ба эдгээр баримт нь “ЖГ”ХХК-ийн Хадгаламж банк дахь 10210000373 тоот дансанд  2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн 4.500.000 ам.доллар, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн 1.004.000 ам.доллар, 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн 1.710.227 ам.доллар 16 цент гэсэн 3 төлбөрийн даалгаврын гүйлгээний утга нь дизель түлшний төлбөр 2013 оны 2 сар гэсэн, 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн 4.070.500 ам.долларын гүйлгээний утга нь дизель түлшний 2013 оны 4 сарын урьдчилгаа гэсэн, 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 4.398.000 ам.долларын гүйлгээний утга нь дизель түлшний төлбөр 2013 оны 1 сар гэсэн, 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 617.505 ам.доллар 82 центийн гүйлгээний утга нь дизель түлшний үлдэгдэл төлбөр гэсэн гүйлгээ хийгдсэн баримт байна.

            Шүүхээс эдгээр төлбөрийн даалгаврын дагуу шилжүүлсэн төлбөрийг 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4.000.000 ам.долларын үнэ бүхий 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлж дуусгах /285 хоногийн/ хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй векселийн төлбөрт тооцох үндэслэлгүй гэж дүгнэлээ. Дээрх төлбөрийн даалгаврын эхний 4 /3-р хх 369-371/ нь вексель бичсэн хугацааны төлбөрт хамаарахгүй, түүнчлэн 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн 4.398.000 ам.долларын /3-р хх 405,406/ гүйлгээний утга нь дизель түлшний төлбөр 2013 оны 1 сар гэсэн баримтыг хүүтэй векселийн төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь төлбөр шилжүүлэх үед хүүтэй 4.000.000 ам.долларын векселийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаан үүсээгүй, хүчин төгөлдөр гэж хэн аль нь хүлээн зөвшөөрч байх үед төлбөр шилжигдсэн байх бөгөөд 32 хоногийн дараа төлөгдсөн гэж үзвэл хүү нь 42.667 ам.доллар, нийт 4.042.667 ам.доллар шилжүүлэх байтал илүү төлсөн, Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Төлбөр хариуцагч нь вексельд заасан төлбөрийг хугацаанд нь болон түүний дараагийн ажлын 2 өдрийн дотор багтаан хийж, энэ тухай вексельд тэмдэглэнэ” гэж заасан байхад вексельд төлбөр төлсөн талаар тэмдэглэл хийгээгүй, мөн гуравдагч этгээд “ЖГ”ХХК-ийн төлөөлөгчийн векселийн төлбөрийг Улаанбаатар төмөр замаас аваагүй гэх тайлбар, Улаанбаатар төмөр замаас “ТБ”ХХК болон “Улаанбаатар аудит корпораци” ХХК-д хүргүүлж байсан албан тоот зэргээр үгүйсгэгдэж байна.

Хэргийн дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл “ХБ”ХХК-аас “ЖГ”ХХК-д хүчин төгөлдөр бус векселийн үндсэн дээр 4.000.000 ам.долларыг төлснөөр “ЖГ”ХХК-ийн өмнө векселиэр баталгаажуулсан нефтийн бүтээгдэхүүний өр төлбөр төлөх үүргээс хариуцагч УБТЗ чөлөөлөгджээ.

Иймд “ХБ”ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар уг зардлаа үүргээс чөлөөлөгдсөн УБТЗаас шаардах үүссэн байна.       

Харин “ХБ”ХХК-д хуулийн дагуу үүссэн энэхүү шаардах эрх нь “ХБ”ХХК-д Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаар тушаалаар авагдсан эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хүрээнд мөн өдрийн А/157 дугаар тушаалаар “ХБ”ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгасан шийдвэр, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн эрх хүлээн авагч болон “ТБ”ХХК-ийн хооронд байгуулагдсан 002/2013/БЭХА/154 тоот Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээний /хх1-15-17/ 1.6-д шаардах эрх болон үүрэг шилжүүлэх гэрээгээр холбогдох материалыг шилжүүлэхдээ хүлээлцсэн талууд акт үйлдэх, энэ нь тухайн гэрээний салшгүй хэсэг байхаар заасны дагуу хийсэн 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 006/2013БЭХА/163 тоот Богино хугацаат хөрөнгө оруулалт шилжүүлэх тухай гэрээний хавсралтад УБТЗын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн 4.000.000 ам.долларын үнэ бүхий векселийг “ТБ”ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Иймд “ХБ”ХХК-ийн хүчин төгөлдөр бус векселийн дагуу төлбөр төлсний улмаас хариуцагч УБТЗ өр төлбөрөөс чөлөөлөгдсөнтэй холбоотой Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үүргийг шаардах “ХБ”ХХК-ийн эрх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.9 дэх хэсэгт зааснаар “ТБ”ХХК-д шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь гэрээний бус үүргийн харилцаанд гэрээний үүргийн холбогдох журмыг хэрэглэж болох талаар Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт “Үүргийн шинж чанар харшлахгүй бол гэрээний бус үүргийн харилцаанд гэрээний үүргийн холбогдох журмыг хэрэглэж болно” гэж заасан тул УБТЗд холбогдох “ХБ”ХХК-ийн гэрээний бус үүргийн шаардлагыг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан шаардах эрх шилжсэн гэж үзэх нь уг үүргийн мөн чанарт харшлахгүй гэж дүгнэж, “ТБ” ХХК нь шаардах эрхтэй гэж дүгнэв.

УБТЗын бичсэн вексель болон “ЖГ”ХХК, Хадгаламж банкны хооронд хийгдсэн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдийн вексель арилжааны хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэрээр тогтоож, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч “ТБ”ХХК нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар буруутай этгээдээс хохирлоо буцаан гаргуулахаар шаардаж байгаа нь уг шийдвэрээр тогтоогдсон “12 хувийн хүүтэй, 4.000.000 ам.долларын вексель хүчин төгөлдөр бус” гэдэгтэй маргаагүй гэж үзнэ.

   Хэдийгээр нэхэмжлэгч “ТБ”ХХК нь 4.000.000 ам.долларын векселийн хүү болох 380.000 ам.долларыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж тайлбарлах боловч маргаан бүхий вексель нь өөрөө хүчин төгөлдөр бус байхаар тогтоогдсон учир “ТБ”ХХК-д векселийн хүүгийн 380.000 ам.доллараар бодит хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй, энэ нь баримтаар тогтоогдохгүй байх тул хүүгийн 380.000 ам.долларыг хэрэгсэхгүй болголоо.

Нэхэмжлэгч нь 4.000.000 ам.долларын векселийн төлбөр болон хүү болох 380.000 ам.доллар, нийт 4.380.000 ам.доллар шаардахаас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.9 дэх хэсэгт заасан “өөртөө туслах” аргыг урьдчилан хэрэглэж суутгасан гэх 721.227 ам.доллар 95 центийг хасч, 3.658.772 ам.доллар 05 центийг хариуцагчаас гаргуулна гэж шаардсан боловч шүүх уг векселийн хүүгийн төлбөр гэх 380.000 ам.долларын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч “ТБ”ХХК-ийн хариуцагчийн банкин дахь данснаас суутган авсан 721.227 ам.доллар 95 центийг хасч, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар зардалд 3.278.772 ам.доллар 05 цент буюу 6.664.235.343 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь “ТБ”ХХК-д холбогдуулан өөрийн банкин дахь хариуцагчийн данснаас хууль бусаар суутгал хийснийг тогтоолгож, үндэслэлгүйгээр суутган авсан 721.227 ам.доллар 95 центийг “ТБ”ХХК-иас буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

УБТЗын Төрийн банк дахь 106000001517 тоот ам.долларын данснаас 721.227 ам.доллар 95 центийг “ТБ”ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр суутган авчээ.

   Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд УБТЗын нэхэмжлэлтэй, “ТБ”ХХК-д холбогдох мөнгөн гүйлгээ зогсоосон хууль бус үйлдлийг тогтоолгож, зөрчигдсөн эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус вексель, хэлцлийн үндсэн дээр төлбөр суутгасан гэж тайлбарлаж байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11533/Б дугаар захирамжаар “ТБ”ХХК-ийг УБТЗ болон “ЖГ”ХХК-ийн хооронд 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн векселийг мөнгөжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгажээ.

Нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийн векселийг мөнгөжүүлэхтэй холбоотой ажиллагаа явуулахгүй байх гэсэн нь бусдад шилжүүлэх, дамжуулан бичилт хийхгүй байх гэсэн агуулгатай байсан болохоос Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “үл маргах журмаар гаргуулах эрхтэй” гэсэн эрхийг хязгаарласан захирамж биш маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамжийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн эсэх, тухайн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн эсэх нь /2-р хх 55-58/ тогтоогдохгүй байхаас гадна УБТЗын бичсэн вексель болон “ЖГ”ХХК, Хадгаламж банкны хооронд хийгдсэн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн вексель арилжааны хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн шийдвэр гараагүй байхад Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “үл маргах журмаар гаргуулах эрхтэй” гэсэн заалтыг баримтлан 721.227 ам.доллар 95 центийг суутган авсан “ТБ”ХХК-ийн үйлдлийг хууль зөрчсөн гэж буруутгахад учир дутагдалтай байна.

Хэдийгээр нэхэмжлэгч тухайн төлбөр суутгах үед Векселийн хуулийн холбогдох заалт баримталсан боловч түүний хариуцагчийн данснаас 721.227 ам.доллар 95 центийг суутган авсан нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр бус вексель, хэлцлийн үндсэн дээр төлбөр суутгасан гэх үндэслэлээр уг төлбөрийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцэхгүй буюу хариуцагч шаардах эрхгүй байна.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ТБ”ХХК нь хариуцагч УБТЗаас ам.долларын төлбөр гаргуулахаар шаардан, нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцон гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан дүнгээс тооцож, улсын тэмдэгтийн хураамж гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх заалтыг баримтлан хариуцагч УБТЗаас 3.278.772 ам.доллар 05 цент буюу 6.664.235.343 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТБ”ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалтыг баримтлан векселийн хүүнд 380.000 ам.доллар гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан  хариуцагчийн “ТБ”ХХК-иас  721.227 ам.доллар 95 цент гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.340.953 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 8.300.615 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33.479.126 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ