Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2018/02182

 

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2018/02182

 

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “ГБ” ХХК /РД: /-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “З” ХХК /РД: /,

 

Хариуцагч: “ДБ” ХХК /РД: /,

 

Хариуцагч: С.Г /РД: /,

 

Хариуцагч: Б.Ж /РД: / нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11.486.554.136 төгрөг 71 мөнгө гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, хүрэлцэхгүй тохиолдолд  батлан даалтын гэрээний дагуу батлан даагч нарын хувийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.О, хариуцагч “ДБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч С.Гын өмгөөлөгч П.Е, хариуцагч “З” ХХК-ийн өмгөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар  оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “ГБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЗГ2205040399 тоот Зээлийн гэрээнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хувьд ГБ энэ тоот зээлийн гэрээг 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “З” ХХК-тай байгуулсан. Тус зээлийн гэрээний дагуу 2.000.000.000 төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар бэлэн бусаар зээлдүүлэхээр тохиролцсон. Улмаар ГБны зүгээс 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500.000.000 төгрөг, 2013 оны 07 сарын 23-ны өдөр 1.500.000.000 төгрөгийн гэрээний дагуу харилцан тохиролцсон ёсоор шилжүүлсэн. Талууд зээлийн гэрээний хавсралтаар зээл эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцсон. Зээлдэгч З ХХК нь тус зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын дагуу “Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Хавсралт №1-д заасан графикийн дагуу төлөх” үүрэг хүлээсэн. Тус зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч “З” ХХК нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй ГБийг хохироож байна. Хүү тооцооллын дэлгэрэнгүй хүснэгтээс үзвэл зээлийн гэрээний хугацаанд “З” ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 727.000.000 төгрөгийг, хүүгийн төлбөрт 195.187.535 төгрөг 46 мөнгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 74.512 төгрөг 24 мөнгийг, нийт 922.262.047 төгрөг 70 мөнгийг төлсөн байна. Үүнээс тооцоолж үзвэл төлөгдөөгүй үндсэн төлбөрт 1.273.000.000 төгрөг, зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш энэхүү төлөгдөөгүй үлдсэн зээлийн үндсэн төлбөрийг ашигласны төлбөр болох зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 179.333.422 төгрөг 65 мөнгө төлөгдөөгүй үндсэн хүүгийн хэмжээнд ногдох нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 28.806.197 төгрөг 14 мөнгө хуримтлагдсан байна. Нийт дүнгээр тооцож үзвэл 1.481.139.619 төгрөг 79 мөнгөний өр төлбөртэй байна. Талуудын хооронд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эргэн төлөгдсөн мөнгөн хөрөнгийн хэмжээнд маргаан байхгүй гэж ойлгож болно. Өмнө дурдсаны дагуу зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд зээлдэгчид бичгээр мэдэгдсэн атал мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэхгүй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш аливаа төлөлт хийгдээгүй болно.

ГБЗГ-2205040952 тоот зээлийн гэрээг 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “З” ХХК-тай байгуулсан. Тус зээлийн гэрээний дагуу 2 550 000 000.00 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай төмөр хийцийн үйлдвэр өргөтгөх зориулалтаар бэлэн бусаар зээлдүүлэхээр тохиролцсон. Улмаар ГБны зүгээс 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдөр харилцан тохиролцсон мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн. Талууд зээлийн гэрээний хавсралтаар зээл эргэн төлөлтийн хуваарийг харилцсан тохиролцсон. Зээлдэгч “З” ХХК нь тус зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын дагуу “Зээл, хүүгийн төлбөрийг Хавсралт №1-д заасан графикийн дагуу төлөх” үүрэг хүлээсэн. Талууд зээлдэгчийн хүсэлт, хувийн байдлыг харгалзан үзэж, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ЗГ2205040952-А тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийг хөнгөрүүлж тохиролцон хавсралтаар баталгаажуулсан. Улмаар ГБны зүгээс дахин боломж олгож хугацаа тогтоон, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ЗГ2205040952-Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр төлбөр төлөх хугацаа өнгөрсөн. Хугацаа дууссан боловч “З” ХХК нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй. Хүү тооцооллын дэлгэрэнгүй хүснэгтээс үзвэл зээлийн гэрээний хугацаанд “З” ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 255.000.596 төгрөг 19 мөнгийг, хүүгийн төлбөрт 399.638.652 төгрөг 43 мөнгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 229.943 төгрөг 23 мөнгийг, нийт 654.869.191 төгрөг 85 мөнгийг төлсөн байна. Үүнээс тооцож үзвэл төлөгдөөгүй үндсэн төлбөрт 2.294.999.403 төгрөг 81 мөнгө, зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш энэхүү төлөгдөөгүй үлдсэн зээлийн үндсэн төлбөрийг ашигласны төлбөр болох зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 331.863.201 төгрөг 45 мөнгө, төлөгдөөгүй үндсэн хүүгийн хэмжээнд ногдох нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 24.873.686 төгрөг 84 мөнгө хуримтлагдсан байна. Нийт дүнгээр тооцож үзвэл 2.651.736.292 төгрөг 10 мөнгөний өр төлбөртэй байна. Талуудын хооронд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болон эргэн төлөгдсөн мөнгөн хөрөнгийн хэмжээнд маргаан байхгүй гэж ойлгож болно. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш аливаа төлөлт хийгдээгүй болно.

ГБЗГ2205040399 тоот Зээлийн гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “З” ХХК-тай байгуулсан. Тус зээлийн гэрээний дагуу 5.950.000.000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай сэндвич хавтангийн үйлдвэр байгуулах зориулалтаар бэлэн бусаар зээлдүүлэхээр тохиролцсон. Улмаар ГБны зүгээс 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөнгөн хөрөнгийг бүрэн шилжүүлсэн. Талууд зээлийн гэрээний хавсралтаар зээл эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцсон. Зээлдэгч “З” ХХК нь тус зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын дагуу “Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Хавсралт №1-д заасан графикийн дагуу төлөх” үүрэг хүлээсэн. Тус зээлийн гэрээний хугацаа нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дуусах боловч өнөөдрийг хүртэл хугацаанд “З” ХХК нь үндсэн зээл рүү 3 удаагийн төлөлт хийснээс бусдаар эргэн төлөлт хийлгүй эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байна. Хүү тооцооллын дэлгэрэнгүй хүснэгтээс үзвэл зээлийн гэрээний хугацаанд “З” ХХК нь үндсэн зээлийн  төлбөрт 3.000.000 төгрөгийг, хүүгийн  төлбөрт 375.408.471 төгрөг 42 мөнгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.528 төгрөг 82 мөнгийг, нийт 378.410.000 төгрөг 24 мөнгийг төлсөн байна. Үүнээс тооцолж үзвэл төлөгдөөгүй үндсэн төлбөрт 5.947.000.000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн өдрийн байдлаар энэхүү төлөгдөөгүй үлдсэн зээлийн үндсэн төлбөрийг ашигласны төлбөр болох зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 1.369.764.268 төгрөг 52 мөнгө, төлөгдөөгүй үндсэн хүүгийн хэмжээнд ногдох нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 36.913.955  төгрөг 86 мөнгө хуримтлагдсан байна. Нийт дүнгээр тооцоолж үзвэл 7.353.678.224 төгрөг 38 мөнгөний  өр төлбөртэй байна.

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тодорхой заасан байна. ЗГ2205040399 тоот зэээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 1 ширхэг үйлдвэрийн тоног төхөөрөмж болох багц хөдлөх эр хөрөнгө,  6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 2 ширхэг газар эзэмших эрхийг үүргийн гүйцэтгэлд бариулсан. Мөн ЗГ2205040952 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 14 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 2 ширхэг газар эзэмших эрхийг үүргийн гүйцэтгэлд бариулсан. ЗГ2205101191 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 11 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 2 ширхэг газар эзэмших эрх, 1 ширхэг сэндвич үйлдвэр, түүний тоног төхөөрөмжийг үүргийн гүйцэтгэлд тус тус бариулсан. ГБны зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байх тул эдгээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, энэхүү тайлбарыг холбогдох нотлох баримттай харьцуулан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бүрэн хангаж “З” ХХК-иас ЗГ2205040399 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.481.139.619 төгрөг 86 мөнгө, ЗГ2205101191 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.353.678.224 төгрөг 71 мөнгө, нийт 11.486.554.136 төгрөг 71 мөнгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү.  Хариуцагч “З” ХХК нь үүргээ сайн дураар, зохих ёсоор гүйцэтгэхээс татгалзсан, төлөхөөс зайлсхийсэн, шаардлагын дагуу төлөөгүй нөхцөлд барьцааны гэрээний дагуу барьцаанд бариулсан хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулах, батлан даагч С.Г, Б.Ж, “ДБ” ХХК-иар төлүүлэхээр үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тус тус шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

  Хариуцагч “З” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг төрлийн үүргийг хоёр этгээдээс давхар давхар шаардаад байгаа нь ойлгомжгүй. Хамтран хариуцагчаар оролцож байгаа “ДБ” ХХК, мөн С.Г, Б.Ж нар батлан даалт гаргасан учраас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж байна гэсэн агуулга бүхий тайлбар тавьдаг. Гэтэл Батлан даалт гэдэг нь иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасны дагуу батлан даалтын гэрээ байгуулах замаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлээ батлаад хэрэв үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө төлөөд хариуцлага хүлээхийг ойлгож байгаа. Батлан даалтын үндсэн үүрэг гүйцэтгэгчээс салангид бие даасан үүргийг гүйцэтгэж байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчээс шаардаж болно эсхүл гэрээ байгуулаад шаардах эрх нь байгаа. Зээлдэгчээс үүргийн гүйцэтгэл шаардах уу батлан даагчаас шаардах уу гэдгээ нэхэмжлэгч өөрөө сонгох ёстой түүнээс биш нэг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хоёр хариуцагчаас давхар шаардах хууль зүйн үндэс байхгүй. Яагаад ингэж үзэж байна гэхээр Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дүгээр зүйлд зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнө нөхөх хариуцлага хүлээнэ гээд тодорхой заачихсан. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийг Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор тайлбарласан байгаа. Тийм учраас батлан даагчид гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  Хариуцагч “ДБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч С.Гын өмгөөлөгч, хариуцагч Б.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт, нэхэмжлэлийн үндэслэл болсон 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/2205040399 тоот, 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/2205040952 тоот, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/2205101191 тоот “Зээлийн гэрээ” –г нэг талаас ГБ, нөгөө талаас “З” ХХК нар байгуулсан. Дээр дурьдсан 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/2205040399 тоот, 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/2205040952 тоот, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/2205101191 тоот “Зээлийн гэрээ”-г ГБнь “ДБ” ХХК, С.Г нартай байгуулаагүй, “ДБ” ХХК, С.Г нар дээр дурдсан “Зээлийн гэрээ”-нд гарын үсэг зураагүй болно. “ДБ” ХХК, С.Г нараас их хэмжээний зээлийн өр төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. ГБдээр дурьдсан ЗГ-220504039, ЗГ-2205040952, ЗГ-2205101191 тоот “Зээлийн гэрээ-ний дагуу “ДБ” ХХК, С.Г нараас зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, ГБнаас зээлийн өр төлбөрт 11 242 514 781.26 төгрөг гаргуулах шаардлага давхар гаргасан байна. Энэхүү “зээлийн өр төлбөр гаргуулах”, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даагч нарын хувийн хөрөнгөнөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагууд нь ойлгомжгүй, тодорхойгүй, үндэслэлгүй хоорондоо зөрчилтэй байна гэж үзэж байна. Батлан даалт гэдэг нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасны дагуу батлан даалтын гэрээ байгуулах замаар үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, хэрэв тэрээр үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө төлбөрийг хариуцах үүрэг хүлээхийг ойлгоно. Батлан даалтын харилцаа нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс салангид батлан даагчийн хүлээх бие даасан үүргийг үүсгэж байдаг. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнө нөхөх хариуцлага хүлээдэг. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай Иргэний хуулийн 44, 45,46 дугаар бүлэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарчим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 5 дугаар зүйлийн 5.7-д “Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасан “нөхөх хариуцлага” гэдэгт үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний хүлээх хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс бүрэн нөхөн гүйцэтгэх хариуцлага хүлээхийг хэлнэ” гэж тайлбарлажээ. Харин үүрэг гүйцэтгэгч нь үүргийг цаг хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй болсны улмаас шаардлага хангуулах боломжийг алдах үүрэг гүйцэтгүүлэгчийн эрсдэлийг үүргийн харилцаанд оролцож байгаа этгээд нь батлан даагчийн хувиар биш, хамтран үүрэг гүйцэтгэгчийн байр суурьтай болно.”Хамтран үүрэг гүйцэтгэгч” болон “батлан даагч нь ялгаатай учраас хууль тогтоогч Иргэний хуулийн 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгчийн тухай ойлголт, түүний эрх, үүрэг, хүлээх хариуцлагын хэмжээг зохицуулсан бол хуулийн 458-465 дугаар зүйлд батлан даалтын гэрээ, батлан даалтын гэрээний хэлбэр, батлан даагчийн хариуцлага, эрх үүрэг, батлан даалтын гэрээг дуусгавар болгох, татгалзах үндэслэлүүдийг тус тусдаа тогтоож өгсөн байна. ГБболон “ДБ” ХХК, С.Г нар гарын үсэг зураагүй, хамтран зээлдэгчээр оролцоогүй, зээлийн гэрээгээр банкны өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байх тул хариуцагч “ДБ” ХХК, С.Г нарыг зээлдэгч “З” ХХК-ийн “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж ГБны “ДБ” ХХК, С.Г нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

                                             

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “ГБ” ХХК нь хариуцагч “З” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  11.486.554.136 төгрөг 71  мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах, хариуцагч “ДБ”ХХК, С.Г, Б.Ж нарт холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу хувийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч “З” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч “ДБ”ХХК, С.Г, Б.Ж нар нь батлан даалтын гэрээ хэрэгжих нөхцөл бүрдээгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэлийн нэг дэх шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11.486.554.136 төгрөг 71  мөнгө гаргуулах тухай

 

            Нэхэмжлэгч “ГБ”  ХХК нь хариуцагч “З” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ЗГ2205040399 тоот зээлийн гэрээгээр 2.000.000.000 төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлдүүлжээ. Энэхүү зээлийн гэрээний дагуу “ГБ” ХХК-иас 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 500.000.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 1.500.000.000 төгрөгийг хариуцагч “З” ХХК-ийн дансанд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.

            Гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч зээлдэгч “З” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, дансны хуулгаар нотлогдож байна.

            ЗГ2205040399 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлд 727.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 195.187.535 төгрөг 46 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 74.512 төгрөг 24 мөнгө, нийт 922.262.047 төгрөг 70 мөнгийг төлсөн талаар болон үндсэн зээлийн үлдэгдэл 1.273.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 179.333.422 төгрөг 65 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 28.806.197 төгрөг 14 мөнгө, нийт 1.481.139.619 төгрөг 79 мөнгөний үлдэгдэлтэй болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

           

            “ГБ”  ХХК нь хариуцагч “З” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ЗГ2205040952 тоот зээлийн гэрээгээр 2.550.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үйлдвэр өргөтгөх зориулалтаар зээлдүүлжээ. 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ЗГ2205040952-Б тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгажээ.

            Хариуцагч нь ЗГ2205040952 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлд 255.000.596 төгрөг 19 мөнгө, хүүгийн төлбөр 399.638.652 төгрөг 43 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 229.943 төгрөг 23 мөнгө, нийт 654.869.191 төгрөг 85 мөнгийг төлсөн талаар болон үндсэн зээлийн үлдэгдэл 2.294.999.403 төгрөг 81 мөнгө, хүүгийн төлбөр 331.863.201 төгрөг 45 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24.873.686 төгрөг 84 мөнгө, нийт 2.651.736.292 төгрөг 10 мөнгөний үлдэгдэлтэй болохыг хариуцагч маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

           

            “ГБ”  ХХК нь “З” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан ЗГ2205101191 тоот зээлийн гэрээгээр 5.950.000.000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, сэндвич хавтангийн үйлдвэр барих зориулалтаар зээлдүүлжээ. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5.950.000.000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.

            Энэхүү ЗГ2205101191 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлд 3.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 375.408.471 төгрөг 42 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.528 төгрөг 82 мөнгө, нийт 378.410.000 төгрөг 24 мөнгийг төлсөн талаар хариуцагч маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

            Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “ГБ”  ХХК нь “З” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан ЗГ2205101191 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрт  үндсэн зээлийн үлдэгдэл 5.947.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 1.369.764.268 төгрөг 52 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 36.913.955 төгрөг 86 мөнгө, нийт 7.353.678.224 төгрөг 38 мөнгө шаардсаныг хариуцагч “З” ХХК хүлээн зөвшөөрлөө.

 

            Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн байх тул дээрх зээлийн 3 гэрээг хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэж, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтын дагуу шаардах эрхтэй байна.

 

            Хугацаа нь дууссан 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ2205040399 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.273.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 179.333.422 төгрөг 65 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 28.806.197 төгрөг 14 мөнгө, нийт 1.481.139.619 төгрөг 79 мөнгө, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн  ЗГ2205040952 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2.294.999.403 төгрөг 81 мөнгө, хүүгийн төлбөр 331.863.201 төгрөг 45 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24.873.686 төгрөг 84 мөнгө, нийт 2.651.736.292 төгрөг 10 мөнгө төлөх талаар хариуцагч маргаагүй, зээлийн гэрээний 2.4, 2.5 үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг авахаар тохиролцож, энэ дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг зөрчөөгүй байх тул хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж шийдвэрлэлээ.

            Хугацаанаас нь өмнө цуцалж байгаа ЗГ2205101191 тоот зээлийн гэрээнд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, төлбөрөө шаардсан бөгөөд нэгэнт цуцлагдсан гэрээнд тухайн гэрээний заалтыг баримтлан хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй юм.

            Иймд ЗГ2205101191 тоот зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүү 153.970.278 төгрөг 94 мөнгө, 10.475.259 төгрөг 97 мөнгө, нийт 164.445.538 төгрөг 91 мөнгийг шаардах эрхгүй байна гэж хасч тооцон, хариуцагч “З” ХХК-иас үндсэн зээлийн төлбөрт 5.947.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 1.215.793.994 төгрөг 58 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26.438.695 төгрөг 89 мөнгө буюу 7.189.232.690 төгрөг 47 мөнгө, 3 зээлийн гэрээний үүрэгт нийт 11.322.108.597 төгрөг 80 мөнгийг хариуцагч “З” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

           

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага: Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

 

“З” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ2205040399 тоот зээлийн гэрээний барьцаа болгож, 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ЗБ/2205043399-1 тоот Ипотекийн гэрээгээр С.Ганбатын өмчлөлийн Ү-2201007355 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ЦС-1 дүгээр байр, 11 тоотын 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205043399-2 тоот Ипотекийн гэрээгээр С.Нэргүйгийн өмчлөлийн Ү-2205011195 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол  дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байр, 129  тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205043399-3 тоот Ипотекийн гэрээгээр Ц.Самдангийн өмчлөлийн Ү-2204014375 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,  39а байр, 09 тоотын 46 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205043399-4 тоот Ипотекийн гэрээгээр М.Энхтөрийн өмчлөлийн Ү-2201032348 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун Вилла хотхон /18101/, 53в байр, 111 тоотын 38.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205043399-5 тоот Ипотекийн гэрээгээр Б.Доржханд, Г.Жаргалмаа, Г.Амгалан нарын өмчлөлийн Ү-2205020756 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байр, 29 тоотын 66.23 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ЗБ/2205040399-6 тоот Ипотекийн гэрээгээр Д.Оюунболорын өмчлөлийн Ү-2206013988 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46г байр, 10 тоотын 4 өрөө орон сууц,  мөн өдрийн ЗБ/2205040399-7 тоот Ипотекийн гэрээгээр Д.Лхагвагийн өмчлөлийн Ү-2206020172 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46г байр, 9 тоотын 4 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205040399-8 тоот Ипотекийн гэрээгээр Б.Сонинмэнд, Т.Мөнхтуяа нарын өмчлөлийн Ү-2205024713 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 57 дугаар байр, 12 тоотын 60.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205040399-9 тоот Ипотекийн гэрээгээр Ц.Лхагвасүрэн, С.Г нарын өмчлөлийн Ү-2206006225 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 1  дүгээр хороо, Жаргалан хотхон, 2 дугаар байр, 31 тоотын 189.5 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205040399-10 тоот Ипотекийн гэрээгээр “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206013691 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44г байр, 5 тоотын 148.4 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн өдрийн ЗБ/2205040399-11 тоот Ипотекийн гэрээгээр, “З” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205033477 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Эрчим хүчний гудамж 62 тоотын 2.400 м.кв талбайтай,төмөр хийцийн үйлдвэр, мөн өдрийн ЗБ/2205040399-12 тоот Ипотекийн гэрээгээр “ДБ” ХХК-ийн эзэмшлийн 178020/0174 нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, 20.000 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх, 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ЗБ/2205040399-13 тоот Ипотекийн гэрээгээр С.Ганбатын өмчлөлийн Ү-2206013691 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 44г байр, 5 тоотын 148.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалжээ.

 

Нэхэмжлэгч нь “З” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ЗГ2205040952 тоот зээлийн гэрээний барьцаа болгож, мөн өдрийн ЗБ/2205040952-1 тоот Ипотекийн гэрээгээр Д.Оюунболорын өмчлөлийн Ү-2206013988 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46г байр, 10 тоотын 4 өрөө орон сууц,  мөн өдрийн ЗБ/2205040952-2 тоот Ипотекийн гэрээгээр Д.Лхагвагийн өмчлөлийн Ү-2206020172 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46г байр, 9 тоотын 4 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205040952-3 тоот Ипотекийн гэрээгээр мөн өдрийн ЗБ/2205040399-8 тоот Ипотекийн гэрээгээр Б.Сонинмэнд, Т.Мөнхтуяа нарын өмчлөлийн Ү-2205024713 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 57 дугаар байр, 12 тоотын 60.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205040952-4 тоот Ипотекийн гэрээгээр Ц.Лхагвасүрэн, С.Г нарын өмчлөлийн Ү-2206006225 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 1  дүгээр хороо, Жаргалан хотхон, 2 дугаар байр, 31 тоотын 189.5 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205040952-5 тоот Ипотекийн гэрээгээр “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206013691 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44г байр, 5 тоотын 148.4 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн өдрийн ЗБ/2205040952-6 тоот Ипотекийн гэрээгээр, “З” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205033477 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Эрчим хүчний гудамж 62 тоотын 2.400 м.кв талбайтай,төмөр хийцийн үйлдвэр, мөн өдрийн ЗБ/2205040952-7 тоот Ипотекийн гэрээгээр “ДБ” ХХК-ийн эзэмшлийн 178020/0174 нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, 20.000 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх, өдрийн ЗБ/2205040952-8 тоот Ипотекийн гэрээгээр С.Ганбатын өмчлөлийн Ү-2206013691 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 44г байр, 5 тоотын 148.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц,  мөн өдрийн БГ/2205040952 тоот Барьцааны гэрээгээр 13 нэр төрлийн 24 ширхэг тоног төхөөрөмжийг барьцаалжээ.

 

Хариуцагч “З” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн  ЗГ2205101191 тоот зээлийн гэрээний барьцаа болгож, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ЗБ/2205101191-1 тоот Ипотекийн гэрээгээр С.Ганбатын өмчлөлийн Ү-2201007355 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ЦС-1 дүгээр байр, 11 тоотын 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205101191-2 тоот Ипотекийн гэрээгээр Ц.Самдангийн өмчлөлийн Ү-2204014375 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,  39а байр, 09 тоотын 46 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205101191-3 тоот Ипотекийн гэрээгээр М.Энхтөрийн өмчлөлийн Ү-2201032348 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун Вилла хотхон /18101/, 53в байр, 111 тоотын 38.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205101191-4 тоот Ипотекийн гэрээгээр Б.Доржханд, Г.Жаргалмаа, Г.Амгалан нарын өмчлөлийн Ү-2205020756 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байр, 29 тоотын 66.23 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205101191-5 тоот Ипотекийн гэрээгээр Б.Сонинмэнд, Т.Мөнхтуяа нарын өмчлөлийн Ү-2205024713 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 57 дугаар байр, 12 тоотын 60.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205101191-6 тоот Ипотекийн гэрээгээр Ц.Лхагвасүрэн, С.Г нарын өмчлөлийн Ү-2206006225 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 1  дүгээр хороо, Жаргалан хотхон, 2 дугаар байр, 31 тоотын 189.5 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205101191-7 тоот Ипотекийн гэрээгээр “З” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205033477 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Эрчим хүчний гудамж 62 тоотын 2400 м.кв талбайтай, төмөр хийцийн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн өдрийн ЗБ/2205101191-8 тоот Ипотекийн гэрээгээр С.Нэргүйгийн өмчлөлийн Ү-2205011195 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол  дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байр, 129  тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205101191-9 тоот Ипотекийн гэрээгээр “ДБ” ХХК-ийн эзэмшлийн 178020/0174 нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, 20.000 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх, мөн өдрийн ЗБ/2205101191-10 тоот Ипотекийн гэрээгээр С.Ганбатын өмчлөлийн Ү-2206013691 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 44г байр, 5 тоотын 148.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, мөн өдрийн ЗБ/2205101191-11 тоот Ипотекийн гэрээгээр гэрээгээр “З” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205053657 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Эрчим хүчний гудамж 62/2 тоотын 7.200 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нь ЗГ2205040399 тоот зээлийн гэрээний үүрэгт 1.481.139.619 төгрөг 79 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг ЗБ/2205040399-1-13 хүртэлх 13 ипотекийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөс хангуулах, ЗГ2205040952 тоот зээлийн гэрээний үүрэгт 2.651.736.292 төгрөг 10 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг ЗБ/2205040952-1-8 хүртэлх 8 ипотекийн гэрээ, тоног төхөөрөмжийн барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

 

Нэхэмжлэгч нь ЗГ2205101191 тоот зээлийн гэрээний үүрэгт 7.353.678.224 төгрөг 38 мөнгө гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг ЗБ/2205101191-1-11 хүртэлх 11 ипотекийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. 

 

Гэвч шүүхээс ЗГ2205101191 тоот зээлийн гэрээний үүрэгт хариуцагч “З” ХХК-иас 7.189.232.690 төгрөг 47 мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах хэмжээ нь 7.189.232.690 төгрөг 47 мөнгө байна.


            Иймд хариуцагч “З” ХХК нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж зааснаар Ипотекийн болон барьцааны гэрээний зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэлийн 3 дахь шаардлага: Батлан даалтын гэрээний дагуу батлан даагч нарын хувийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай

 

Нэхэмжлэгч “ГБ” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ2205040399 тоот зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, мөн өдөр хариуцагч “ДБ” ХХК-тай БД/2205040399 тоот батлан даалтын гэрээ,  2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ2205040952 тоот зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, мөн өдөр хариуцагч “ДБ” ХХК-тай БД/2205040952 тоот батлан даалтын гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ2205101191 тоот зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч С.Гтай БД/2205101191-1 тоот батлан даалтын гэрээ, мөн өдөр хариуцагч Б.Жтай БД/2205101191-2 тоот батлан даалтын гэрээ, мөн өдөр хариуцагч “ДБ” ХХК-тай БД/2205101191-3 тоот батлан даалтын гэрээ тус тус байгуулжээ.

Эдгээр батлан даалтын гэрээний дагуу ЗГ2205040399 тоот зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангаж хүрэлцэхгүй тохиолдолд батлан даагч “ДБ” ХХК-ийн хувийн эд хөрөнгөөр, ЗГ2205040952 тоот зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангаж хүрэлцэхгүй тохиолдолд батлан даагч “ДБ” ХХК-ийн хувийн эд хөрөнгөөр, ЗГ2205101191 тоот зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангаж хүрэлцэхгүй тохиолдолд батлан даагч “ДБ” ХХК, С.Г, Б.Ж нарын хувийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан батлан даалтын гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд зааснаар бичгээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөн хариуцлага хүлээдэг.

Гэтэл нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч “З” ХХК-иас үүргээ шаардаж, улмаар үүрэг гүйцэтгэгч нь хүлээн зөвшөөрч байх тул батлан даалтын гэрээний дагуу нөхөх хариуцлага хүлээх нөхцөл бүрдээгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь батлан даалтын гэрээний дагуу батлан даагч нар болох “ДБ” ХХК, С.Г, Б.Ж нараас шаардах эрх үүсээгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.731.121 төгрөг 68 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “З” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 56.838.693 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “З” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 11.322.108.597 төгрөг 80 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч “ГБ” ХХК-д олгож, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 164.445.538 төгрөг 91 мөнгийг болон Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч “ДБ” ХХК, С.Г, Б.Ж нарт холбогдох батлан даалтын гэрээний үүрэг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “З” ХХК үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С.Ганбатын өмчлөлийн Ү-2201007355 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ЦС-1 дүгээр байр, 11 тоотын 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, С.Нэргүйгийн өмчлөлийн Ү-2205011195 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол  дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байр, 129  тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Ц.Самдангийн өмчлөлийн Ү-2204014375 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,  39а байр, 09 тоотын 46 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, М.Энхтөрийн өмчлөлийн Ү-2201032348 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун Вилла хотхон /18101/, 53в байр, 111 тоотын 38.84 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Б.Доржханд, Г.Жаргалмаа, Г.Амгалан нарын өмчлөлийн Ү-2205020756 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байр, 29 тоотын 66.23 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Д.Оюунболорын өмчлөлийн Ү-2206013988 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46г байр, 10 тоотын 4 өрөө орон сууц,  Д.Лхагвагийн өмчлөлийн Ү-2206020172 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46г байр, 9 тоотын 4 өрөө орон сууц, Б.Сонинмэнд, Т.Мөнхтуяа нарын өмчлөлийн Ү-2205024713 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 57 дугаар байр, 12 тоотын 60.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Ц.Лхагвасүрэн, С.Г нарын өмчлөлийн Ү-2206006225 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 1  дүгээр хороо, Жаргалан хотхон, 2 дугаар байр, 31 тоотын 189.5 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206013691 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44г байр, 5 тоотын 148.4 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “З” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205033477 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Эрчим хүчний гудамж 62 тоотын 2.400 м.кв талбайтай, төмөр хийцийн үйлдвэр, “ДБ” ХХК-ийн эзэмшлийн 178020/0174 нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, 20.000 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрх, С.Ганбатын өмчлөлийн Ү-2206013691 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 44г байр, 5 тоотын 148.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Д.Оюунболорын өмчлөлийн Ү-2206013988 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/, Зайсангийн тойруу, 46г байр, 10 тоотын 4 өрөө орон сууц,  гэрээгээр “З” ХХК-ийн өмчлөлийн Ү-2205053657 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Эрчим хүчний гудамж 62/2 тоотын 7.200 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, БГ/2205040952 тоот Барьцааны гэрээгээр бариулсан 13 нэр төрлийн 24 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг  Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.731.121 төгрөг 68 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “З” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 56.838.693 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 


 

                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ