Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 651

 

 

 

 

 

 

 

     

Л.Б, А.Э нарт холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч, хохирогч Л.Б,

шүүгдэгч, хохирогч А.Э,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 7 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Харуул овгийн Лхагвын Батбаатар, Хонгор овгийн Амарцэцэгийн Эрхэмбаяр нарт холбогдох эрүүгийн 1905010820304 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1., 1986 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Булган аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гоо засалч мэргэжилтэй, Гоша салонд үсчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 59-01 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:;

 

2., 1989 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 8-21 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 25-153 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:/;

Л.Б, А.Э нар нь 2019 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн ойролцоо хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар хоорондоо зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Б, А.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, А.Э нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Ганхөлөг бичсэн эсэргүүлцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Л.Б, А.Э нар нь 2019 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 25 дугаар эмийн сангийн ойролцоо хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар хоорондоо зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Б, А.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн.

Гэвч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт торгох ялыг биелүүлэх хугацааг заагаагүй, торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна", 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана" гэж заасан шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Л.Б, А.Э нарт шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэх, торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх талаар нэмэлт заалт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдол, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэв. 

 

Шүүгдэгч, хохирогч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдол, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүлцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Л.Б, А.Э нар нь 2019 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн ойролцоо хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар хоорондоо зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

А.Эын хохирогчоор өгсөн: “...Тухайн үед Батбаатар миний урдаас намайг заамдаад цохиод байсан. Би зодуулахгүй гээд Батбаатарын урдаас цохиж байгаад зугтсан. Би зугтааж байгаад зам дээр ухаан алдан унасан. Тэгээд нэг сэрэхэд гуравдугаар эмнэлэгт сэрсэн. ...” /хх 13-14/,

 

А.Эын яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед гэмтэл учруулсан асуудалд маш их харамсаж байна. ...” /хх 56/,

 

Л.Бын хохирогчоор өгсөн: “...миний биед учирсан гэмтлийг Эрхэмбаяр гэх залуу Айлофт бааранд байхад цохиж, дараа нь 25-р эмийн сангийн автобусны буудал дээр ирсэн байхад дахин цохиж учруулсан. ...Тухайн үед Эрхэмбаяр гэх залуу дандаа гараараа цохиж гэмтэл учруулсан байгаа. Тэр өдөр миний биед Эрхэмбаяр гэх залуугаас өөр халдсан хүн байхгүй. ...” /хх 17-18/,

 

Л.Бын яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...хохирогч А.Эыг намайг цохилоо гэх шалтгаанаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь хохирол учруулсан асуудалдаа маш их харамсаж байна. Ийм асуудал дахин гаргахгүй. ...” /хх 50/,

 

гэрч Ч.Ганжигүүрийн: “...Тэгээд бид гурав хоорондоо сайхан эвлэрээд үйл ажиллагаа өндөрлөөд баарнаас гарахаар болсон. ...Батбаатартай утсаар ярьтал Батбаатар “надад чиний гар утас байна хөгшөөн, 25 дугаар эмийн сангийн ойрхон байна, ирээд авчих” гэхээр нь би гэрийнхээ гаднаас такси бариад 25 дугаар эмийн сангийн 10 дугаар хороолол явдаг автобусны буудал дээр очтол ... автобусны буудлын зүүн хойд талын байрнуудын дунд хоёр хүн зодолдоод байх шиг болохоор нь би яваад очтол Батбаатар, Эрхэмбаяр хоёр хоорондоо зодолдож байсан. Тэр үед би тэр хоёрыг салгах гэж нилээн зууралдсан. Нэгийг нь тэврээд салгах үед нөгөөх нь гүйж ирээд нэгийгээ цохиод байсан. ...Тэр үед Батбаатарын нүд, хамар аймаар болчихсон, нилээн цус болчихсон байсан. Мөн хөл дээрээ тогтож чадахгүй байгаад байсан. ...” /хх 19-20/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “1. А.Эын биед хамрын таславчийн мурийлт, дээд уруулд шарх, зүүн зовхины гадна булан, дух, баруун тохой, баруун сарвууны хуруунууд, баруун алга, зүүн алга, зүүн шуу, баруун өвдөгөнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, хамрын уг, хүзүү, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 26/ гэх 2787 дугаартай,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “1. Л.Бын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар яс, таславчийн хугарал, мурийлт, тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, хүзүү, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 30/ гэх 2797 дугаартай дүгнэлтүүд,

 

Бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Л.Б нь А.Эын цээжин тус газар баруун гараараа тулан ширээ рүү түлхэх үед А.Э нь ширээ налан суугаад босож ирэн баруун гараараа Л.Бын нүүр орчимд цохих үйлдэл гаргах үед Л.Б хойшоо савах ба энэ үед Л.Б нь А.Эыг баруун гараараа зөрүүлэн цохих ба А.Э, Л.Б нар хоорондоо зодолдох үйлдэл гаргах үед Ганжигүүр дундуур нь орж салгах ба энэ үед Ганжигүүрийг үл таних эмэгтэй гарч ирэн татах үед баарны хамгаалагч нар ирэн Л.Б, А.Э, Ганжигүүр нарыг салгаад Л.Быг нэг хамгаалагч аван дэлгэцийн баруун тал руу дагуулан яваад алга болох ба өөр хоёр хамгаалагч Ганжигүүр, А.Э нарыг буйдан руу суулгаад хоорондоо ярилцаж байгаад бичлэг 04 минут 59 секунтэд дуусав...” /хх 36-38/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт өгч, шүүгдэгч Л.Б, А.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Л.Б, А.Э нарын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх Л.Б, А.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.

Гэхдээ  анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт торгох ялыг биелүүлэх хугацааг заагаагүй, торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна", мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана" гэж заасан шаардлагад нийцэхгүй байгаа учраас энэ заалтыг шийтгэх тогтоолд тусгах талаар гаргасан    улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.  

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзэв.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж заажээ. Иймд торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Иймд прокурор Г.Ганхөлөгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, А.Э нарт оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, А.Э нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.   

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

 

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ