Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02449

 

Ц.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02493 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Б-т холбогдох

 

Гэрээгээр дутуу нийлүүлсэн  эд хөрөнгийн үнэ 27 350 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О-, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав, хариуцагч Ш.Б-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад  Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь Ш.Б-, С.Соёл-Эрдэнэ нартай 2015 оны 09 сард самар авч ашгаа хуваахаар тохирсон. Уг тохиролцооны дагуу С.Соёл-Эрдэнэ нь урьдчилгаа 4 000 000 төгрөг өгснийг нэхэмжлэгч 2015 оны 9 дүгээр сарын 18-нд Ш.Б-ийн Хаан банкны 5720371185 дансанд шилжүүлсэн. 12 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 12-нд Ш.Б-тай уулзаад С.Соёл-Эрдэнийн хамт бэлнээр өгсөн. С.Соёл-Эрдэнээс 2015 оны 10 дугаар сарын 05-нд нэхэмжлэгчийн дансанд 65 000 000 төгрөг шилжүүлсэнийг Баатархуягийн 5720371185 дансанд шилжүүлж нийт 81 000 000(наян нэгэн сая) төгрөгийг Ш.Б-т өгсөн. Ш.Б- нь 2015 оны 11 дүгээр сарын дундуур 4 тонн 100 кг самар өгснийг 1кг-ийг нь 6 500 төгрөгөөр тооцон авч  26 650 000 болсон ба  27 000 000 төгрөгийг Ш.Б-аас буцаан авсныг суутган хассан, одоо 27 350 000 төгрөгийг буцаан өгөөгүй байна. Иймд Ш.Б-аас 27 350 000 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ш.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 оны намар С.Соёл-Эрдэнэд самар нийлүүлэх талаар зуучилж өгсөн бөгөөд тухайн үед самар нийлүүлэгч Чойдорж, Саруул нартай холбож зуучилсан. Нийлүүлж буй самарыг Ц.О- нь Бат-Энх гэгч залууд зарж, хятадын компанид ашигтай өгөх нэрийдлээр хотруу ачуулсан бөгөөд зах зээлийн ханшаар өгөөгүй алдагдал хүлээсэн. Мөн нийлүүлэгч Чойдоржоос одоо хүртэл үлдэгдэл мөнгөө авч чадалгүй Баатархуягийн зүгээс төлсөн. Иймд Отгонжаргал нэхэмжлэгч биш. Эрдэнэт Хун ХХК захирал Улаан гэгч хятад иргэн, С.Соёл-Эрдэнэ нар нь Саруул, Чойдорж нараас нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Мөн самар худалдаж авах зөвшөөрөл байхгүй компани байсан учир Төв аймаг Мөнгөнморьт сумын байцаагч Чимиддорж гэгч нь бэлтгэсэн самрыг саатуулсан гэх мэт олон учир шалтгаан бий тул холбогдох хүмүүсийг шүүх хуралд дуудах хүсэлтэй байна. Ашиг олох юм бол хамт хуваана, эрсдэл хүлээх юм бол Баатархуяг эрсдлээ үүрнэ гэдэг нь шудрага ёсонд нийцэхгүй. Захиалагч талаас орж ирсэн 81 000 000 төгрөгийг Чойдоржид 18 000 0000 төгрөг, 28 000 000 төгрөг, 36 000 000 төгрөгөөр шилжүүлсэн байдаг. Хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтаар бол 11 000 000 төгрөгийг Отгонжаргалд гаруулахаар шүүхийн шийдвэр гарсан байгаа. Иймд Баатархуяг нь хариуцагч биш зуучлагч гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Б-аас 27 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ц.О-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б-аас 294700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Огтонжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ц.О- нь Ш.Б-тай хамтран ажиллахаар тохирч самар худалдан авч цаашид зах зээлийн ханшаар С.Соёл-Эрдэнэ түүний нөхөр зарж борлуулах хүсэлтэй байсан. Мөн Ц.О-ын дансаар хариуцагч Ш.Б-ийн Хаан банкны дансанд 2015 оны 9 сарын 18-ны өдөр 4 000 000 төгрөг, 2015 оны 10 сарын 05 мөн дансанд 65 000 000 төгрөг, бэлнээр 12 000 000 төгрөг шилжүүлсэн байна. Дээрх мөнгөнөөс самар худалдаж авахын тулд Чойдоржид 2015 оны 9 сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг дансаар, 2015 оны 10 сарын 05-ны өдөр 28 000 000 төгрөг дансаар, 2015 оны 10 сарын 04-ны өдөр 17 500 000 төгрөг бэлнээр 55 500 000 төгрөгийг зарцуулсан. Энэ нь Чойдоржид 2015 оны 9 сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг 1 кг-ийг 5000 төгрөгөөр бодож 2000 кг самар, 28 000 000 төгрөгийг 1кг 7 000 төгрөгөөр буюу 4тн самар, 17 500 000 төгрөгийг 1кг-ийг 7 000 000 төгрөгөөр бодож 2,5 тн самарыг тус бүр худалдан авч жинхэнэ нэхэмжлэгч болох С.Соёл-Эрдэнэ, Улаан нарт Ц.О-аар дамжуулж 4тн 100 кг самар буюу нийт 55.500.000 төгрөг, бэлнээр 27 000 000 төгрөгийг Ц.О-д буцаан өгсөн. Гэтэл бодит байдал дээр самрын зах зээлийн ханш нь 8 000 төгрөг, нэхэмжлэгч Ц.О- нь 1 кг-ийг нь 6 500 бодож авч байгаа нь худалдан худалдан авах гэрээний нөхцөл болох үнийг бичгээр тохирсон эсэх нь баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн хэдий ч, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Нэхэмжлэгч Ц.О- нь хариуцагч Ш.Б-т холбогдуулан дутуу нийлүүлсэн барааны үнэ 27 350 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, ашиг алдагдлаа хамтарч хариуцах ёстой гэж маргасан байна.  

 

Нэхэмжлэгч Ц.О- нь хариуцагч Ш.Б-ийн өмчлөлд 81 000 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нь дээрх үнийн дүнд дүйцэхүйц самрыг нэхэмжлэгчид нийлүүлэхээр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул талуудын хоорондын харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

 

Хариуцагч нь хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, ашиг, алдагдлаа хуваах, 1 кг самрыг 8 000 төгрөгөөр тооцон нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн боловч уг тайлбарыг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй гэж үзнэ.

 

Иймд 1 кг самрыг нийлүүлэх үнэ 8 000 төгрөг болох нь хэргийн баримтаар нотлогдоогүй, талуудын мэтгэлцсэн үнэ болох 6 500 төгрөгөөр тооцоход Ц.О-д нийлүүлэгдсэн 4 тонн 100 кг самрын үнэ 26 650 000 төгрөг болжээ. Хариуцагч Ш.Б-ийг энэ хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж, нийлүүлээгүй самрын зөрүү үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт  нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Б-ийн өмчлөлд нийт 81 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 4 000 000 төгрөгийн гүйлгээний баримт, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 65 000 000 төгрөгийн Хаан банкны гүйлгээний баримт болон 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бэлнээр өгсөн гэх 12 000 000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байх  бөгөөд өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 11 000 000 төгрөг гаргуулсан нь энэ хэргийн хүрээнд шийдэгдэж буй худалдах худалдан авах гэрээний маргаанаас тусдаа асуудал байна. 

 

 Харин анхан шатны шүүх шаардах эрхийн үндэслэлд хамаарах Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлаагүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

           

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02493 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “208 дугаар зүйлийн 208.2” гэснийг “254 дүгээр зүйлийн 254.4“ гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Б-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                      С.ЭНХТӨР

                                                                       Ш.ОЮУНХАНД