Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0205

 

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0205

Улаанбаатар хот

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: УБС ХХК

            Хариуцагч: ТУБ А.Ө, Ч.Б

Гомдлын шаардлага: ТУБ А.Ө, Ч.Б нарт холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаар шийтгэлийн хуудсын үлдсэн хэсэг болох 2,650,543,074.0 төгрөгийн зөрчилд ногдох 203,736,119.8 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154.9 төгрөгийн торгууль, 73,487,657.7 төгрөгийн алданги, нийт 399,130,932.4 төгрөгийн шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах тухай” гомдол бүхий зөрчил хянан шийдвэрлэх хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, Х.Э, өмгөөлөгч Ө.С хариуцагч А.Ө, Ч.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “УС” ХХК шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо: “...“УС” ХХК нь 2006 оноос эхлэн тасралтгүй 14 жилийн хугацаанд өргөн дэлгэцийн кино театрын үйл ажиллагааг явуулж байна.

ТУБ А.Ө, Ч.Б нар нь манай компанийн 2013 оноос 2017 оны хоорондох хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татвар төлөлтийн тайлан, гаалийн мэдээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалуудад хяналт шалгалтыг хийгээд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1,1.2, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэлийн 182,978,939.20 төгрөг, хохирлын 407,126,897.70, нөхөн төлбөрийн 114,202,181.70 төгрөг, нийт 704.308,018.60 төгрөгийн торгох шийтгэлийг ногдуулсан.

Манай компаниас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Нийслэлийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 031 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан- төлбөрөөс 54,549,30 төгрөгийн торгууль, 36,368.00 төгрөгийн алданги, нийт 90,917.30 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж, 2,033,907,779.00 төгрөгийн зөрчилд ногдох 203,390,778.00 төгрөгийн нөхөн татвар, 61,017232.40 төгрөгийн торгууль, 40,678,157.00 төгрөгийн алданги, нийт 305,086.167.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 2,650,543,074.0 төгрөгийн зөрчилд ногдох 203,736,119.8 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154.9 төгрөгийн торгууль, 73,487,657.7 төгрөгийн алданги, нийт 399,130,932.4 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тодруулбал татварын улсын байцаагчийн 0294848 тоот актын хавсралт “УС” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцооны 1, 2, 3, 6, 10, 12 дугаарт заасныг хүчингүй болгон шийдвэрлэж шийтгэх хуудсанд өөрчлөлт оруулсан.

Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн тогтоолын 2 болон 4 дэх хэсэг буюу татварын улсын байцаагчийн 0294848 тоот актын хавсралт “УС” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцооны 4, 5, 7, 8, 9, 11 дугаарт заасныг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд дахин гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2020 оны 09 дүгээр ;сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Нийслэлийн маргаан Таслах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 031 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гардан авч хуульд заасан хугацаанд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд:

1.1. Татварын байцаагч нар НӨАТ-ыг төлөөгүй хэмээн үзэж “Б********” ХХК-руу шилжүүлсэн 2015 оны 553,523,185.09 төгрөгийн гүйлгээнд 55,352,318.5 төгрөгийн нөхөн татвар, 16,605,695.6 төгрөгийн торгууль, 11,070,464 төгрөгийн алданги, 2016 оны 686,725,190 төгрөгийн гүйлгээнд 68,672,519 төгрөгийн нөхөн татвар, 20,601,755.7 төгрөгийн торгууль, 13,734,504 төгрөгийн алданги, 2017 оны 793,659,404 төгрөгийн гүйлгээнд 79,365,940 төгрөгийн нөхөн татвар, 23,809,782.1 төгрөгийн торгууль, 15,873,188 төгрөгийн алданги бүхий шийтгэл ногдуулсан.

“УС” ХХК нь БНСУ-ын “Б********” ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Кино үзүүлбэрийн гэрээ” буюу хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэг талаас БНСУ-ын “Б********” ХХК киногоо, нөгөө талаас “УС” ХХК кино театр, үйлчилгээг хариуцан гаргаж хамтран ажиллаж байгаа болно. Кино үзүүлсэн орлогоос 50, 50 хувиар хуваан авахаар харилцан тохиролцсон. Кино тасалбарыг худалдан борлуулаад олсон орлогоос НӨАТ төлсөн. Олсон орлогыг шууд “Блумебэри ресорсес” ХХК-д авах боломжгүй байсан учир “УС” ХХК-аар дамжуулан 2015 онд 553,523,185,1 төгрөгийн, 2016 онд 686,725,190.0 төгрөгийн, 2017 онд 793,659,404,0 төгрөгийг “Б********” ХХК-д шилжүүлсэн.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хувь хун, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ", 8 дугаар зүйлийн 8.1-д "Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна” 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд ” гэж тус тус зааснаас үзвэл, тухайн бараа, ажил, үйлчилгээ хэдэн удаа борлуулагдана төдий удаа татвар ногдохоор, мөн НӨАТ-ын борлуулалтын ажил гүйлгээ бүрд шат дамжлагаар эцсийн хэрэглэгч хүртэл гинжин хэлхээгээр татвар ногдож, эцсийн хэрэглэгч төлж буй татвар юм. Гэтэл “Б********” ХХК-руу мөнгө шилжүүлж байгаа нь шинээр дахин борлуулсан болон импорт оруулсан, экспортод гаргасан зүйл биш болно. Мөн киноны тасалбар борлуулж олсон орлогоос НӨАТ төлсөн болно.

Тиймээс шийтгэлийн хуудсаар нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

1.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана", 16.1.2-т “оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө” гэж заасан. Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээг гаалийн мэдүүлгээр бүрдүүлэн хилээр оруулахад нь гаалийн байгууллага ногдуулан хураан авч төсөвт төлүүлдэг. Гаалийн хилээр нэвтрээгүй барааг худалдан авалт хийж буй оршин суугч этгээд төлбөр төлөхдөө НӨАТ-ын тооцоог нэмж авч төсөвт төлнө. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан гадаадын этгээдийн Монгол Улсад хийсэн борлуулалтаас нэмэгдсэн өртгийн албан татвар авах арга замууд бөгөөд аль аль нь Оршин суугч бус этгээдээс оршин суугч буюу суутган төлөх үүрэг бүхий этгээд тухайн бараа, үйлчилгээг худалдан авсан байхыг шаардаж байна. ‘‘УС” ХХК киног ямар нэгэн байдлаар худалдан аваагүй өмчлөл ямар нэгэн байдлаар шилжээгүй болно. НӨАТ нь борлуулалтын шат дамжлага бүрд ногдох нь зөв боловч энэ тохиолдолд хоёр хуулийн этгээдийн хооронд нэг нь/киног борлуулсан, нөгөө нь худалдан авсан зүйл байхгүй бөгөөд зөвхөн киноны борлуулалтын орлогыг тэнцүү хувааж авахаар тохиролцон ажилласан. Гэтэл татварын байцаагч нар нэг шат дамжлага нэмж борлуулалт, худалдан авалтыг зохиомлоор үүсгэн НӨАТ нөхөн ногдуулж торгууль, алданги ногдуулсан нь хууль зөрчсөн байна.

Тиймээс дээрх хоёр үндэслэлээр 203,390,778 төгрөгийн нөхөн татвар, 61,017,233.4 төгрөгийн торгууль, 40,678,157 төгрөгийн алдангийн нийт 305,086,168.4 төгрөгийг төлүүлэхээр шийтгэх хуудсаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хууль зөрчсөн байна.

2. Хугацаандаа төлөөгүй гэх татварын тухайд:

Татварын байцаагч нар “УС” ХХК-ийг 2016 онд 218,567,576 төгрөгийн, 2017 онд 389,141,433 төгрөгийн тайлангаар ногдуулсан НӨАТ хуулийн хугацаанд төлөөгүй хэмээн үзэж 60,337,608.9 төгрөгийн торгууль, 32,526,406.7 төгрөгийн алданги, 2016 онд 5,472,873 төгрөгийн ААНОАТ хугацаанд төлөөгүй хэмээн үзэж 503,260 төгрөгийн торгууль, 250,392 төгрөгийн алданги нийт 60,840,869.5 төгрөгийн торгууль, 32,776,798.7 төгрөгийн алданги ногдуулсан.

Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 11.3-д “Энэ хуулийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг дараахь байдлаар тоолж эхэлнэ” гээд 11.3.2.-Д “тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж алданги, торгууль ногдуулах хуулийн хугацааг тодорхойлсон байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу албан татварт хасалт хийгддэг бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан, импортолсноос үүссэн татварын илүү үлдэгдэл дараагийн тайлант саруудад үүсдэг ба нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах шалгалт хийж үлдэгдлийг тодорхойлохдоо ч тайлант татварын жилээр төсөвт төлсөн болон худалдан авалтын хасалтыг аль алиныг оруулан тооцдог.

Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-д “энэ хуулийн 60.3.1.энэ хуулийн 43.5, 43.6-д заасан буюу татвар төлөгч өөрөө тодорхойлон төлөх ёстой өдрөөс эхлэн түүнийг төлөх хүртэлх хоногийн тоогоор” гэж заасан нь алданги тооцох хугацааг тухайн тайлант татварын жилд буюу нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд 12 дугаар сарын тайлангаар гарсан эцсийн үлдэгдлээр авч үзэх ёстой байсан.

Мөн Татварын ерөнхий хуулийн /2008/ 30 дугаар зүйлийн 30.1-д “Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахи зүйлийг хориглоно” гэж заагаад 30.1.1-д “татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх ”-г хориглоно гэж заасан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Ө****, Ч.Б******* нар тусгай удирдамжгүйгээр хяналт шалгалтыг хийсэн болно. Мөн хуулийн 32 дугаар зүйлд татварын улсын байцаагч мэдээ баримт цуглуулах, хяналт шалгалт хийхдээ баримтлах журмыг хуульчилсан бөгөөд 32.1.1-д “татварын хяналт шалгалт хийх томилолт, ажлын ерөнхий болон тусгай удирдамж, татварын улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлж, үйл ажиллагааныхаа зорилгыг тайлбарлаx’, 49.2.-Д “Энэ чийн 49.1-д заасан үйл ажиллагааг татвар төлөгчийн аль байр, агуулахад хийхийг удирдамжид тодорхой тусгаж харьяалах татварын албаны даргын баталсан албан томилолтоор хяналт шалгалтын ажиллагаа явуулна” гэж заасан байхад удирдамжийг танилцуулалгүйгээр хяналт шалгалтын ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

Тиймээс 2016 онд 218,567,576 төгрөгийн, 2017 онд 389,141,433 төгрөгийн лангаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар, 2016 онд  5,472,873 төгрөгийн аж нэгжийн орлогын албан татварын хуулийн хугацаанд төлөөгүй хэмээн үзэж 60,840,869.5 төгрөгийн торгууль, 32,776,798.7 төгрөгийн алданги ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Нөгөөтээгүүр 2015 оны Зөрчлийн тухай хууль хэрэгжээгүй бөгөөд 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” заасан бөгөөд хуулийг 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан. Тодруулбал 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс л Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээрт заасан үйлдлийг зөрчил гэж үзэхээр заасан.

Гэтэл зөрчил хэмээн үзэж байгаа үйлдэл нь 2016 онд болон 2017 онд болсон байдаг. Хэдий Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 4/3673 дугаар “Тодруулга хүргүүлэх тухай” албан бичигт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2 дахь хэсэг, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг баримтална гэсэн ч эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, оногдуулах шийтгэлийн хэмжээ бага байгаа эсэх нь тодорхойгүй байна. Зөрчлийн тухай хуульд алданги тооцох талаар огт хуульчлаагүй бөгөөд алданги тооцож байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн /2017/ 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно ” гэж заагаад түүний тайлбар хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна" гэж заасан байхад НӨАТ-ын 203,390,778 төгрөгийн нөхөн татварт 61,017,233.4 төгрөгийн торгууль, 2017 онд 389,141,433 төгрөгийн тайлангаар ногдуулсан НӨАТ хуулийн хугацаанд төлөөгүй хэмээн үзэж 41,703,484.9 төгрөгийн торгууль ногдуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх тайлбар үндэслэлийг дүгнэн үзэж ТУБ А.Ө, Ч.Б нарын 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 0294848 дугаар шийтгэлийн хуудсын үлдсэн хэсэг болох 2,650,543,074.0 төгрөгийн зөрчилд ногдох 203,736,119.8 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154.9 төгрөгийн торгууль, 73,487,657.7 төгрөгийн алданги, нийт 399,130,932.4 төгрөгийн шийтгэл ногдуулсныг тус тус хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Бүгд Найрамдах Солонгос Улсын “Б********” ХХК-д 2015 онд 553,523,185.09 2016 онд 686,725,190.00 төгрөгийн, 2017 онд 793,659,404.00 төгрөгийн, нийт 7,779.09 төгрөгийн кино борлуулсны орлого олгосон боловч Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тооцож төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан аа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1-д Монгол Улсын аг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа; 7.3-д “дор дурдсан үйл ажиллагааг "бараа борлуулсан"-д хамааруулна”, 7.3.5-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар бараа борлуулах”, 16 дугаар зүйл .1.2.Монгол улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3,5, ...-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан аа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх; Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай/шинэчлэн найруулсан / хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.2-т доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна; 7.2.5-д оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ; 16.1.2-т оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө; 11 дүгээр зүйлийн 11.1-д энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна гэж зааснаар Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тухай хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлгийн 11.19 дүгээр зүйлийн 1.1 татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, 2015 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Монгол Улсын Татварын Ерөнхий Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэсэн заалтыг зөрчсөн үйлдэлд 203,390,778.00 төгрөгийн нөхөн татвар, 61,017,233.40 төгрөгийн торгууль, 40,678,157.00 төгрөгийн алдан оногдуулсан.        

2016 онд 218,567,576.00 төгрөгийн 2017 онд 389,141,433.00 төгрөгийн, нийт 607,709,009.00 төгрөгийн тайлангаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Монгол Уясын Татварын Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна, 43.8-д татварын хуульд заасан хугацаанд төлөөгүй татвар болон нөхөн ногдуулсан татвар, алданги, торгуулийг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар тогтоосон журмаар төлүүлнэ. Мөн хуулийн 60.3.1.энэ 43.5-д заасан буюу татвар татвар төлөгч өөрөө тодорхойлон төлөх ёстой өдрөөс эхлэн түүнийг төлөх хүртэл хоногийн тоогоор, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16 дугаар зүйлийн 16.1-д албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана  гэж зааснаар Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 2 татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1. хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх  татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэлд 60,337,608.90 төгрөгийн торгууль, 32,526,406.70 төгрөгийн алданги оногдуулсан...” гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “УС” ХХК-иас ТУБ А.Ө, Ч.Б нарт холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаар шийтгэлийн хуудсын үлдсэн хэсэг болох 2,650,543,074.0 төгрөгийн зөрчилд ногдох 203,736,119.8 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154.9 төгрөгийн торгууль, 73,487,657.7 төгрөгийн алданги, нийт 399,130,932.4 төгрөгийн шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1].

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гомдол гаргагч “УС” ХХК нь өргөн дэлгэцийн кино театрын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч аж ахуйн нэгж бөгөөд дэлхийн шилдэг кинонуудыг өөрийг кинотеатруудаар үзүүлэхээр Бүгд Найрамдах Солонгос Улсын “Б********” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Кино үзүүлбэрийн гэрээ”-г  байгуулжээ[2].

Энэхүү гэрээний 6. НӨАТ: Эргэлзээ үүсэхгүйн үүднээс Блумсбэри болон үзвэр гаргагчийн харилцан тохиролцсоноор гэрээ хэрэгжих өдрөөс эхлэн Блумсбэрид өгөх хувьд Монгол Улсаас ногдуулах нэмүү өртгийн албан татварын хэмжээ арван хувь /10%/ байна. Үзвэр гаргагч нь Монгол Улс /Үйлдвэрлэгч орон/  дахь татварын байгууллагаас ногдуулах өөрт татвар байгаа бол зөвхөн НӨАТ-г энэхүү гэрээний дагуу хасаж тооцож болохыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцоно. Үйлдвэрлэгч орноос бусад орны татварын байгууллагаас ногдуулах НӨАТ-г үзвэр гаргагч ганцаараа хариуцах ба үүнийг Блумсбэрид төлөх аливаа төлбөр болон Блумсбэригийн хувиас хасаж тооцохгүй болно[3]” гэжээ.

Гэрээний тухайн заалттай холбогдуулан УС” ХХК-иас гаргасан “...гадаад улс оронд хийгдэх төлбөр тооцон дээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу суутгах татварын талаар  тодорхой зүйл заалт, хувь хэмжээг тогтоон зааж бичсэн эсэх дээр хуулийн тайлбар зөвлөгөө өгнө үү...” [4], “...уг компани нь Монгол Улсад төлөөний газаргүй бөгөөд тухайн компанийн авах орлого шууд гадаад улс руу шилждэг тул бидэнд энэ тал дээр хэдэн хувийн татвар суутгах талаар зөвлөмж өгнө үү...”[5] хүсэлтэд  Татварын ерөнхий газраас “...Монгол Улсад байрладаггүй этгээдээр ажил гүйцэтгүүлэхдээ Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг уг ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлнө...”,[6]  гэх хариуг өгч байжээ.

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5 “оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”-нд татвар ногдуулна.

Энэ хуулийн 16 дугаар зүйлийн  16.1.2 “оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө” төвлөрүүлэн, тайлагнах.

Мөн /2006 оны/ Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн[7] 17 дугаар зүйлийн 17.2-т “Албан татвар төлөгчийн дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна”,  17.2.9.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар:17.2.9-г/Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого ” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн үзвэл “Б********” ХХК-аас хүлээн авч байгаа кинонуудад гаалийн бүрдүүлэлт хийж, мэдүүлэх боломжгүй тул тус компанийг өөрийн дэлхийн шилдэг кинонуудыг “УС” ХХК-ийн  өргөн дэлгэцийн кино театраар үзүүлэн ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлж орлого олсон.

“Блумсберри ресорс” ХХК гадаад улсын хуулийн этгээд болохын хувьд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж олсон орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх үүрэгтэй юм.

Гэтэл “УС” ХХК нь “Блумсберри ресорс” ХХК-ийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олсон орлогоос нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувийг суутган авах гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл “УС” ХХК-ийн 2015 онд 555,523,185,9 төгрөгийн, 2016 онд 686,725,190.00 төгрөгийн, 2017 оны 793,659,404,00 төгрөгийн нийт 2,033,907,779,09 төгрөгийн орлогыг “Б********” ХХК-д шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган тооцож, төсөвт төлөөгүй байна.

Хариуцагчаас дээрх үйлдлийг Татварын ерөнхий газрын шалгалт хийх удирдамжийн[8] хүрээнд төлөвлөгөөт шалгалтыг хийж энэхүү зөрчлийг ирүүлж  шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Товчхондоо “Блумсберри ресорс” ХХК-иас суутган авах ёстой байсан 10 хувийн татвараа акт оногдуулах замаар “УС” ХХК-иас авч байгаа нь зүйд нийцнэ.

 

Нөгөөтээгүүр хариуцагчаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Татварын ерөнхий хуулийн 74.1-д “...Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг баримталсныг буруутгах боломжгүй.

Мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсан “...хариуцагч нараас Энх-Амгалан гүйцэтгэх захирлыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон атлаа эрх, үүрэг тайлбарласан баримт зөрчлийн хувийн хэрэгт байдаггүй. Хяналт шалгалтын явцад хууль ёсны төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарлаж, санхүү тооцоо хийдэг холбогдох ажилтнуудаас тухай бүрд нь мэдүүлэг авч, тал бүрээс нь бодитой хяналт шалгалт хийх ёстой байсан...” гэх  үндэслэл нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хангалтай үндэслэл биш.

Түүнчлэн нийтэд илэрхий үйл баримтаар 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Татварын тухай багц хуулиуд батлагдсанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтууд нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүчингүй болж, татварын зөрчил, санхүү тооцооны зөрчил хоёрыг тусад нь шалгаж шийдвэрлэхээр болсон.

Харин Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 4 дүгээр зүйлд зааснаар “...Татварын ерөнхий хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх хүртэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтууд үйлчлэхээр...” байна.

Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, 11.19 дүгээр зүйл бүхэлдээ өөрчлөгдсөн. Маргаан бүхий акт гарсны дараа манай зүгээс холбогдох байгууллагуудад нь гомдол гаргаад явж байсан. Тэгэхээр “УС” ХХК-д шийтгэл оногдуулж байгаа эцсийн шийдвэр нь Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоол юм. Уг тогтоол гараад “УС” ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гардуулж өгснөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болно...” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд дээрх байдлыг нэгтгэн дүгнээд ТУБ А.Ө, Ч.Б нарын хийсэн татварын хяналт шалгалтаар гомдолд дурдагдсан зөрчил үйлдэгдсэн  болох нь баримтаар тогтоогдсон.

Үүнд хариуцагчаас шийтгэл ногдуулах арга хэмжээ авагдах нь зүй ёсны бөгөөд энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байх тул гомдол гаргагчийн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, 16 дугаар зүйлийн 16.1.2,  Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т[9] заасныг тус тус баримтлан “УС” ХХК-аас ТУБ А.Ө, Ч.Б нарт холбогдуулан гаргасан “ 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0294848 дугаар шийтгэлийн хуудсын үлдсэн хэсэг болох 2,650,543,074.0 төгрөгийн зөрчилд ногдох 203,736,119.8 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154.9 төгрөгийн торгууль, 73,487,657.7 төгрөгийн алданги, нийт 399,130,932.4 төгрөгийн шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтас хэргийн 76-79  хуудас

[2] Хавтас хэргийн 155-190 хуудас

[3] Хавтас хэргийн 155-156 хуудас

[4] Хавтас хэргийн 193 хуудас

[5] Хавтас хэргийн 192 хуудас

[6] Хавтас хэргийн 148, 191 хуудас

[7] Энэ хуулийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно.

[8] Хавтас хэргийн 145-147 хуудас