Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2018/00201

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2018/00201

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, 21-12 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, Хо-т Б-гийн Ба/рд:ЧН76071000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамж, 634 тоотод байрлах, М ХХК/рд:5783089/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамжны 634 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, Б овогт Гийн Га/рд:ТИ86112107/ нарт холбогдох,

Гэрээний үүрэгт 10 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Г.Га, түүний өмгөөлөгч М.Ат /ШТЭҮД-0076/, гэрч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ба нь “Хос вансэмбэрүү” эмнэлгийг хувиараа ажиллуулдаг. Өөрийн бизнесийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх зорилгоор банкнаас зээл авах гэж шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж байхдаа танил н.Д-аар төсөл бичүүлсэн бөгөөд н.Д дамжуулж “М” ХХК-ийн захирал Г.Га-той танилцсан. Тухайн үед Б.Ба өөрийн дүү Б.Тээр дамжуулж барилга барих газар хайж байсан, түүнд бэлэн газар байгаагүй, авахаар төлөвлөж байсан газрын зөвшөөрөл гараагүй байсан юм. Газар авчвал үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд 44 айлын орон сууц барих гэсэн зорилгоор хүнээр төсөл бичүүлээд банкнаас зээл хөөцөлдөж байсан. Энэ талаар зөвлөгөө авах санаатай Г.Гатой уулзахад Г.Га нь Б.Баын санаа сэтгэлийг зураг хэрэгтэй байдлаар ойлгуулж, гэрээ байгуулан, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 12 600 000 төгрөгийг бэлнээр шилжүүлж авсан байдаг. Гэтэл Б.Баын худалдаж авахаар хөөцөлдөж байсан газар бүтэхгүй болсон талаар Г.Гат мөнгө шилжүүлснээс хойш 3, 4 хоногийн дараа хэлж, зураг зуруулах шаардлагагүй боллоо мөнгөө авъя гэдэг саналыг тавьсан. Тухайн үед Г.Га “мөнгийг чинь хэрэглэчихсэн мөнгөтэй болохоороо өгнө” гэж тайлбарласан. Ийнхүү нэхэмжлэгч Б.Ба мөнгө шилжүүлснээс хойш 3, 4 хоногийн дараа гэрээнээс татгалзсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараар нотлогддог. Хариуцагчийн хавтаст хэрэгт өгсөн барилгын зураг төсөл бол ямар нэгэн тамга тэмдэггүй, Г.Га хаанаас яаж татаж зурсан юм нэг зураг дээр өөрөө гарын үсэг зураад, н.Э гэж гарын үсгийг хуурамчаар зурсан байдаг бөгөөд энэ нь шинжээчийн 3300 дугаартай дүгнэлт, Ө.Эийн мэдүүлэг зэргээр тогтоогддог. Барилгын тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралт болох барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах журам, магадлал хийх дүрэм зэргээс харахад барилгын зураг төсөл зурагдаагүй, зурагдах ямар ч нөхцөл байдал үүсэх боломжгүй болсон. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсч, талууд гэрээнээс татгалзсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн хариу тайлбараас харагдаж байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу талууд өгсөн авснаа буцаах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь Хариуцагчийн талаас нэхэмжлэгчид ямар нэгэн байдлаар ажлын үр дүнг шилжүүлж өгөөгүй. Иймд Г.Гат 12 600 000 төгрөг шилжүүлснээс 2 000 000 төгрөгийг буцаан авсан тул үлдэх 10 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч “М” ХХК, Г.Га нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон Г.Га өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би “М” ХХК-ийг 2013 онд барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөл авах, зураг төслийн гэрээт ажил хийх зорилгоор байгуулсан. 2014 оны 6 дугаар сард манай танил н.Д- над руу яриад “зураг төслийн ажил яаралтай хийлгэх хэрэгтэй байна” гэсний дагуу би Б.Батай уулзсан. Тэр үед Б.Т гэж хүн найз н.Згийн газрыг 20 000 000 төгрөгөөр авахаар тохиролцсон гэж газрын гэрчилгээний хуулбарыг үзүүлэн, уг гэрчилгээнд заагдсан газрыг надад үзүүлээд, Б.Ба нь “гэрчилгээ арай хэвлэгдээгүй байна, зунаас өмнө барилгын ажлаа эхлүүлмээр байна, цаг хэмнээд зургаа эхлүүлж байж болох уу“ гэж гуйсны дагуу би гэрээ байгуулсан. Зургийн ажлыг хийж байх явцдаа захиалагчтай 3 удаа уулзсан, инженерүүдтэй зөвлөлдөж зургийн ажлыг хийж байсан. Манай компани зургийн тусгай зөвшөөрөлгүй гэдгийг би анхнаасаа хэлж, 90 000 000 төгрөгийн ажлыг 42 000 000 төгрөгөөр хийхээр тохиролцсон бөгөөд тусгай зөвшөөрөлтэй, хамтарч ажилладаг “Уран үзэг” ХХК-ийн нэрээр гаргуулахаар тохирч, энэ талаар гэрээнд хавсаргаж өгсөн байтал энэ талаар мэдээгүй гэж тайлбарлан хавсаргасан байсан арын хуудсыг алга болгочихоод байна. Би захиалагч талтай 3 удаа уулзаж, судалгаа явуулж, зургаа хийж байхад над руу яриад “газар түр бүтэмжгүй байна, хүлээж байгаарай” гээд л 2017 оны 02 дугаар сар хүртэл алга болсон. 2017 оны 4 дүгээр сард бүтэхээргүй болсон гэдгээ хэлсэн бөгөөд энэ хүртэл бид маш их ажил хийсэн байсан тул би хийсэн ажлаа 10 600 000 төгрөгөөр тооцож, үлдэх 2 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгчид зургийг хүлээлгэж өгөх гэсэн боловч өөрсдөө одоо хэрэггүй болсон гээд файл зургаа хүлээж аваагүй. Б.Ба цагдаад хандан гомдол гаргасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа 2 жил шахам явагдаж, шүүх Г.Га-ыг цагаатгасан. Г.Га гэрээ байгуулж, урьдчилгаа 12 600 000 төгрөг аваад л ажлаа хийж эхэлсэн, гэтэл сар гарангийн дараа газрын гэрчилгээ бүтэхгүй байна гэсэн болохоо бүр боль гэж хэлээгүй байдаг. Харин 2015 онд “манай газрын гэрчилгээ бүтэхээ больсон тул байшин барих шаардлагагүй болсон. Танай зураг төслийн ажлыг авахгүй” гэсэн. Г.Га 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулахдаа урьдчилгаа авсан мөнгөнийхөө дагуу ажлаа хийж байсан, скиз зураг хэрэгт байгаа. Тухайн үед энэ зургийг зурахдаа ганцаараа зураагүй. 2 ажилтны нийгмийн даатгалыг төлж цалин өгч, байрны төлбөр, компьютер, цаас бичиг энэ бүх ажлыг хийсэн. Нэхэмжлэгч тал барилгын төслийн зургийн ажлыг хийхэд заавал тусгай зөвшөөрөлтэй байх ёстой гэж тайлбарлаад байна. Тэгвэл эрүүгийн хэрэг дээр зөвшөөрөлтэй байх ёстой гэдгийг прокурор яллаж орж ирэхдээ Г.Га-ыг Барилгын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр ялласан. Гэтэл шүүх залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэж цагаатгасан. Манайх үнэлгээ хийлгэхээр Монголд ганц байдаг барилга архитектурын корпорацид хандсан бөгөөд энэ газар барилгын зураг төсөл хийхэд хэдэн төгрөг орох уу, 4 метртэй хана будахад хэдий хэмжээний зардал гарах уу, хэдэн литр будаг орох талаар үнэлгээ гаргадаг. Энэ газарт хандсны дагуу зөвлөх инженер Ш.Цгэж хүн Г.Гаыг нийт 17 208 980 төгрөгийн ажил хийсэн байна гэсэн дүгнэлт гаргасан. Захиалагч тал өөрөө гэрээнээс татгалзаж, ажлыг зогсоосон. Гэхдээ Иргэний  хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээг татгалзсан гэж үзэхгүй байна. Аль нэг тал гэрээнээс татгалзсан бол нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй. Тэгвэл гэрээнээсээ албан ёсоор татгалзсан гэдгээ яаж мэдэгдсэн юм бэ. Зүгээр зурахаа боль л гэж хэлсэн. Хариуцагч энэ гэрээний дагуу 1 сарын хугацаанд хийх ёстой ажлаа хийж дууссан учраас энэ гэрээ дуусгавар болсон. Хэрвээ энэ хүмүүсийн газрын гэрчилгээ бүтсэн бол миний үйлчлүүлэгч бүх скиз зураг, бүх зүйлийг гаргах боломжтой. Яагаад гэвэл зурж байх явцад гэрчилгээ гарсан бол газрын гэрчилгээгээ бариад дараагийн асуудлаа хөөцөлдөөд явах боломжтой байсан. Барилгын зураг төслөөсөө авахуулаад зураад барилгаа бариад эхлэхэд зөвшөөрөл шаардлагатай байдаг. Зөвшөөрөл өөрсдийнх нь нэр дээр гараагүй, өөрсдийнхөө буруутай үйл ажиллагааг бусдад халдааж болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ба нь хариуцагч “М” ХХК болон Г.Га нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10 600 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...гэрээний дагуу зургийн ажлаа хийж байтал 2017 оны 4 дүгээр сард газрын гэрчилгээ бүтэхээргүй болсон гэдгээ хэлсэн. Энэ хүртэл бид маш их ажил хийсэн байсан тул би хийсэн ажлаа 10 600 000 төгрөгөөр тооцож, үлдэх 2 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй “ гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай” гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Г.Га нь 45 айлын амины орон сууц хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний 2 га талбайд ажлын зураг, түүнд багтах 1000 м2 үйлчилгээний барилгын зураг төслийг боловсруулах ажлыг захиалагчийн өгсөн техник, эдийн засгийн үндэслэл, зургийн даалгаварын дагуу 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэж үр дүнг хүлээлгэн өгөхөөр, захиалагч нь захиалгат ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, гүйцэтгэгчид ажлын хөлсөнд нийт 42 000 000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон байх бөгөөд гэрээнд заасны дагуу урьдчилгаа 12 600 000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч талд шилжүүлсэн, хүлээн авсан талаар талууд маргаагүй.  

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. 

 

Энэхүү гэрээг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдалд нийцүүлэн, агуулгыг өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...нэхэмжлэгч уг газрыг өөрөө бичиг баримтаа бүртгүүлээд авч байгаа биш хүнээс худалдаж авах гэтэл өөр эзэмшигчтэй байсан учраас 3,4 хоногийн үүнийг мэдэж, гэрээнээс татгалзсан. Талууд нэгэнт гэрээнээс татгалзсан учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу өгсөн авснаа буцаах үүрэгтэй. Хариуцагч хэрвээ ажил гүйцэтгэсэн гэж үзэж байгаа бол ажлын үр дүнг бид хүлээж аваагүй. Зураг боловсруулахын тулд газрын гэрчилгээ шаардлагатай, гэтэл газрын гэрчилгээ байхгүй, инженерийн шугам сүлжээнд холбогдох зөвшөөрөл байхгүй байтал зураг зураад гэрээний үүргээ биелүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарласан.

 

Хариуцагч тал “..нэхэмжлэгч гэрээ цуцлах талаар 2015 оны 4 дүгээр сард мэдэгдсэн, энэ хүртэл хийх ёстой ажлаа бараг хийж дуусгасан байсан тул хийсэн ажлаа 10 600 000 төгрөгийн хэмжээнд үнэлж, үлдэх 2 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн” гэж маргасан.    

 

Талуудын тайлбар болон хэргийн баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч тал “газрын зөвшөөрөл гараагүй” гэх үндэслэлээр гэрээг цуцалсан байх бөгөөд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй, хуулийн энэхүү зохицуулалтаар ажлын үр дүнг бий болохоос өмнө, ажил гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалахгүй нөхцөл байдлаар хэдийд ч гэрээгээ цуцлах эрхийг захиалагчид олгосон. Ийнхүү цуцлах болсон шалтгаан нь ажил гүйцэтгэгчтэй холбоогүй бол захиалагч гүйцэтгэгдсэн ажлын хэмжээгээр хөлс төлөхөөс гадна ажил гүйцэтгэгчид учирсан хохиролыг арилгах үүрэгтэй.  

 

Хариуцагч гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэхийн тулд 10 600 000 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарлан 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэлд нийт 1 408 000 төгрөг төлсөн баримт, ашиглалтын зардалд 248,874 төгрөг, түрээсийн зардалд 3 000 000 төгрөг, утасны ярианы төлбөрт 198 150, интернетийн гурвалсан үйлчилгээний зардалд 115 070 төгрөг, бичиг хэргийн зардалд 651 410 төгрөг төлсөн гэх баримтуудыг шүүхэд ирүүлснийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, түүнчлэн гэрээ байгуулагдсанаас хойш 3-4 хоногийн дараа гэрээ цуцлах талаар мэдэгдсэн болохоо нотлоогүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д “ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохиролыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь үлдэх 10 600 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.  

 

Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээг газрын зөвшөөрөл гараагүй гэх шалтгаанаар ажлын үр дүн гарахаас өмнө захиалагч цуцалсан явдалд ажил гүйцэтгэгч гэм буруугүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...”М” ХХК нь барилгын зураг төсөл зурах тусгай зөвшөөрөлгүй. Ө.Э нь Г.Гаын зурсан зургийг баталгаажуулах эрхгүй. Хариуцагч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийж, скиз зураг гаргаж өгчихөөд ажлаа хийсэн гэж байгаа нь үндэслэлгүй” гэж мэтгэлцсэн боловч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК болон Г.Га нараас 10 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Баын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авах хугацаа дууссанаас хойш  14  хоногийн  дотор  давж заалдах гомдлыг  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  тус  шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.     

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ