Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2018/0687

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2018/0687

Улаанбаатар хот

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 32 дугаар байрны 85 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, Ц овогт Чын А/рд:ЧЛ68122301/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан, 25/1 байрны 27 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, ЦБ овогт Дийн М/рд:ЧО70111010/-д холбогдох,

47 сар үл хөдлөх хөрөнгө ашигласны төлбөрт 245 380 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагчийн 265 000 587 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А, түүний өмгөөлөгч О.М /ШТЭҮД-2265/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ч.А нь 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Д.Мтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул 48б, 1 тоот хаягт байрлах, 174 м2 талбай бүхий, 1 давхар үл хөдлөх хөрөнгийг Д.Мд 426 300 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Тус гэрээнд Д.М нь нийт төлбөрөөс 226 000 000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 100 000 000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор, 100 000 000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тус тус худалдагчид төлөхөөр, гэрээний дагуу сүүлийн төлбөр орж ирэхэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагч Д.Мд шилжүүлэхээр, гэрээнд заасан хугацаанд худалдан авагч нь төлбөр тооцоогоо хийж дуусгаагүй тохиолдолд худалдан авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.05 хувиар хүү тооцож худалдагч талд төлөхөөр тус тус тохиролцсон байдаг. Гэвч хариуцагч нь төлбөрийг дээр дурдсан хуваарийн дагуу бүрэн төлөөгүй тул 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар Д.М нь тухайн өдрийн байдлаар нийт төлбөрөөс 170 500 000 төгрөгийг төлж, 255 800 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулсан бөгөөд худалдан авагч нь уг үлдэгдэл болох 255 800 000 төгрөгөөс 70 000 000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр, 185 800 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэсэн ч Д.М нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг бүрэн төлж дуусгалгүй, одоогийн байдлаар 162 460 186 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс анх гэрээ байгуулагдсан буюу 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр уг объектыг түлхүүрийн хамт худалдан авагч Д.Мд хүлээлгэж өгсөн байдаг бөгөөд Д.М нь 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 39 сарын хугацаанд уг объектыг эзэмшиж, ашиглаж, үйлдвэрлэл явуулж байгаа болно. Иймд доорх тооцооллын дагуу Д.Мэс гэрээний үлдэгдэл төлбөр болох 162 460 186 төгрөгийг, алданги 101 175 995 төгрөг нийт 263 636 181 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлийн гол утга болсон үл хөдлөх хөрөнгө Д.Мөнх-Эрдэнийн нэр дээр шилжих боломжгүй болсон бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгө н.Баттөмөр гэдэг хүний нэр лүү шилжсэн нь хэрэгт байгаа баримтаас харагдаж байгаа тул бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Д.М 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс үл хөдлөх хөрөнгө худалдан авсан цагаасаа эхлээд үйл ажиллагаа явуулж байсан. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн шинэ өмчлөгч н.Баттөмөр гэдэг хүн өөрийн өмчлөлөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа бөгөөд энэ нөхцөл байдлаас харахад Д.М 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх 47 сарын хугацаанд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулсан байна. Энэ нь Иргэний хуульд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг заалтанд хамаарна. Иргэний  хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт .хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу Д.М байр ашигласныхаа төлбөрийг Ч.А д өгөх ёстой. Д.М, Ч.А нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Энэ гэрээний үүрэг бол Д.М гэрээнд заасан хугацаанд үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг төлөх, төлбөр төлсөн тохиолдолд Ч.А үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Мд шилжүүлэх явдал. Гэтэл Д.М гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Худалдагч талын хувьд бас гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлсэн асуудал яригдана. Гэхдээ Д.М гэрээнд заасан үүргээ биелүүлээд төлбөр мөнгөө шилжүүлсэн бол бусдад шилжүүлсэн гэх асуудал гарахгүй байсан. Иймд Д.М 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд маргаан бүхий байрыг үндэслэлгүйгээр ашигласан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд 174 м2 талбайтай байрыг 1 м2 талбайг сарын 30 000 төгрөгөөр /зах зээлийн дундаж ханш/ гэж үнэлэн нэг сарын төлбөрийг 5 228 000 төгрөгөөр тооцон 47 сарын үл хөдлөх хөрөнгө ашигласны төлбөрт 245 380 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх хэд хэдэн үндэслэл байна. Нэгдүгээрт, энэ гэрээ нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 11 дүгээр зүйлд гэрээг нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж зааснаар гэрээг бүртгүүлээгүй. Учир нь Ч.А үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш нэг сарын дараа буюу 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг Капитрон банкны барьцаанд тавиад алга болсон тул үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж чадаагүй. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 8 дугаар зүйлд энэ байр нь худалдагдаагүй, битүүмжлэгдээгүй, бусдад хөлслүүлээгүй болно гэж заасан нь энэ үл хөдлөх хөрөнгийг цаашид худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 182 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн бүртгэлийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нотариатаар батлагдаад үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж тодорхой заасан асуудал. Тэгэхээр гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, Д.М нь 2000 тн багтаамжтай зоорь барьж байсан ба түүнийхээ 80%-ийн ажлыг гүйцэтгэсэн байсан, Ч.Аын байрыг ногооны үйлдвэрлэл явуулахаар худалдаж аваад Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахаар гэрээ хийгээд барьцаанд Ч.Ааас худалдаж авсан байраа барьцаалан үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэх гэсэн чинь худалдан авсан байрыг Ч.А 80 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан тул бид зээлийн гэрээг түр хойшлуулан би өөрийн байрыг 75 000 000 төгрөгийн барьцаанд тавин зээл авч худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө чөлөөлөөд 7 хоногийн дараа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан луу очиход Засгийн газар огцроод, ерөнхий сайд шинээр томилогдон, Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангийн бүх гүйлгээ хаагдан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авах зээлийн асуудал бүтэлгүйтсэн. Хэрвээ Ч.А үл хөдлөх хөрөнгийн барьцаалаагүй байсан бол Д.М Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл аваад үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх байсан. Ийм учраас нэнхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гуравдугаарт, энэ үл хөдлөх хөрөнгийг Ч.А нь н.Мөнхтулга гэдэг хүнд шилжүүлсэн, н.Мөнхтулга нь н.Баттөмөр гэдэг хүнд худалдсан, маргаан бүхий байр одоо н.Баттөмөрийн нэр дээр байгаа. Саяхан Д.Мөнх-Эрдэнийг байрнаас албадан гаргуулах тухай Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Нөхцөл байдал ийм байхад нэхэмжлэгч Д.Мд байр худалдсан гээд гэрээний үлдэгдэл төлбөр, алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байсан учир нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. Угаасаа энэ гэрээнд гэрээний үүргийг биелүүлэхгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд эд хөрөнгө ашигласны төлбөр төлнө гэж огт тусгагдаагүй. Ч.А нь Д.Мөнх-Эрдэнийн байрны төлбөрт төлсөн 263 839 814 төгрөгийг 2015 оноос хойш ямарч хүүгүй одоог хүртэл ашиглаж байгаа. Ч.А бол барилга барьдаг, бизнес эрхэлдэг хүн тул энэ мөнгийг эргэлдүүлэн ашигласан л байгаа. Харин ч би Ч.Ааас учруулсан хохирол 55 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлээгүй. Одоо маргаан бүхий байр шүүхийн шийдвэрийн дагуу чөлөөлөгдөөд Д.Мөнх-Эрдэнийн эзэмшил биш болсон. Д.М одоо байр ч үгүй, мөнгө ч үгүй үлдэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын байгуулсан гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан учир Ч.Ааас 273 750 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хүчин төгөлдөр бусад тооцуулах хэлцэл, хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг чинь хоёр өөр ойлголт. Би ерөөсөө хүчин төгөлдөр бусад тооцуулья гэж хэлээгүй бас гэрээнээс ч татгалзаагүй. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасан байгаа бөгөөд хууль зөрчсөн гэдэг нь юугаар тайлбарлаж байна гэхээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой хэлцэл заавал нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж хуулинд заасан байгаа. Хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагавар бол  өгсөн авсныгаа буцааж төлнө гэж хуулинд тов тодорхой заасан. Би гэрээг хуурч мэхэлж хийсэн гэж хэлээгүй. Дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж нэхэмжлэлд дурдсан. Яагаад дүр үзүүлсэн бэ гэхээр бид нартай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулчихаад дараа нь барьцаанд тавьсан учир дүр үзүүлж хийсэн байна гэж Д.М үзэж байгаа. Хэрвээ үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн байсан бол бид барьцаанд тавьдагаараа тавиад зээлээ авч төлбөрөө төлөөд ямарч маргаан гарахгүй байсан. Энэ маргаан бүхий байр нь нэг давхрын цулгуй нэг танхим байсан бөгөөд Д.М авсан даруйдаа өрөө тасалгаа хийж, тог цахилгаан залгаж, жорлон суултуур хийж 10 000 000 гаран төгрөгний засвар хийсэн. Энэ байрны нэг өрөөнд Д.М амьдардаг. Нэг өрөөнд нь жижигхэн тоног төхөөрөмж тавин үйл ажиллагаа явуулж байсан боловч Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл бүтээгүй учир үйл ажиллагаа нь зогссон. Маргаан бүхий байрыг чөлөөлөх шүүхийн шийдвэр гарсан тул байрыг чөлөөлнө. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр хэдэн төгрөг төлсөн дээр талууд маргасангүй санал нэгдлээ. Д.М 263 839 814 төгрөг өгсөн нь үнэн. Д.М, Ч.Ад 672.000 төгрөг, 1 076 000 төгрөгний хүнсний ногоонуудыг өгсөн. Эдгээрийг нэмээд 265 000 587 төгрөгийг төлбөл эвэлэрэх боломжтой, мөн энэ үнийн дүнгээр шүүх шийдвэрлэвэл маргахгүй гэв.

Нэхэмжлэгч Ч.А өмгөөлөгчийн хамт сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн гол утга болсон үл хөдлөх хөрөнгө Д.Мөнх-Эрдэнийн нэр дээр шилжих боломжгүй болсон бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгө н.Баттөмөр гэдэг хүний нэр лүү шилжсэн нь хэрэгт байгаа баримтаас харагдаж байна. Иймд бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэхдээ сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна. Энэ гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байгаагүй. Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд худалдан авагчид төлбөр тооцоо хийж дууссан өдрөөс эхлэн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх үүснэ гэж заасан байгаа ба энд бас гэрээний чөлөөт байдлын зарчим яригдах ёстой. Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээний 11 дүгээр зүйлд зааснаар гэрээ нотариатаар гэрчлэгдсэн. Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал байгаа боловч зөвхөн худалдагч тал хэрэгжүүлэх үүрэгтэй биш. Худалдан авагч тал ч гэсэн мэдүүлгээ бөглөөд эрхээ шилжүүлэх асуудал нээлттэй байгаа. Талуудын аль аль нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байж зөвхөн нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй гэж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хууль зүйн үндэслэл  байхгүй. Гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ цаашдаа биелэгдэх боломжгүй болсон учир гэрээнээс татгалзаж байна гэж үзээд өгсөн авснаа буцааж өгнө. Хариуцагч нэхэмжлэгчид 273.700.000 төгрөгийг өгсөн гэх боловч хариуцагчийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгийг банк санхүүгийн байгууллагын дансны хуулгаас харахад 263 839 814 төгрөг байгаа тул энэ үнийн дүнгээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Түүнээс биш хариуцагчийн нэхэмжилсэн 273 700 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч сая маргаан бүхий байрыг энэ бүх хугацаанд ашиглаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Д.М, Ч.Ад 263 839 814 төгрөг өгч энэ бүх хугацаанд ашиглуулсан гэж байгаа боловч Д.М нь маргаан бүхий байранд 2014 оноос хойш тодорхой үйл ажиллагаа явуулаад ашиглан орлого олсон. Зээл авах гэж байтал зээл бүтэлгүйтээд хохирсон гэж байна. Гэрээнд заасан хугацаанд гэрээний үнийг төлөх нь Д.Мөнх-Эрдэнийн үүрэг. Энэ үүргээ зээл аваад төлнө үү, яаж төлөх эсэх нь Д.Мөнх-Эрдэнийн асуудал. Д.Мөнх-Эрдэнийн зээлийн гэрээ бүтэлгүйтсэн нь Ч.Атай ямарч холбоогүй, үүрэг гүйцэтгэх хууль зүйн үндэслэл байхгүй. Энд хоёр хууль зүйн ойлголт яваад байгаа боловч утга нь нэг цэг дээр огтлолцож байгаа юм. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэл болон нэхэмжлэлийн татгалзлын утга нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулья, анхнаасаа хуурч мэхэлж хийсэн зүйл гэж байна уу, нэг бол гэрээнийхээ үүргийг гүйцэтгэх боломжгүй байгаа учраас гэрээнээсээ татгалзаж байгаа асуудал гэсэн хоёр ухагдахуун байна. Яг эцсийн үр дүн нь бол Д.М гэрээнийхээ үүргээ биелүүлсэн ч маргаан бүхий байр н.Баттөмөрийн нэр лүү шилжсэн тул маргаан бүхий байр Д.Мөнх-Эрдэнийн нэр лүү шилжих боломжгүй энэ нөхцөл байдлаас болоод гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа юм уу, гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй байгаагаас татгалзаад байгаа юм уу хууль зүйн хоёр өөр ойлголт байна. Гэхдээ эцсийн огтлолцох цэг нэг байгаа тул бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бус гэдэг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах ямар үндэслэл байгаа юм бэ. Энэ асуудлыг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Д.М байрны үлдэгдэл төлбөрийг төлсөн ч маргаан бүхий байр Д.Мөнх-Эрдэнийн нэр лүү шилжихгүй тул гэрээнээс татгалзаж байна гэж ойлгоод, 265 000 587 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч Д.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 263 636 181 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагчийг 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд маргаан бүхий байрыг үндэслэлгүйгээр ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул 174 м2 талбайтай байрыг 1 м2 талбайг сарын 30 000 төгрөгөөр тооцож, нэг сарын төлбөрийг 5 228 000 төгрөг, нийт 47 сар үл хөдлөх хөрөнгө ашигласны төлбөрт 245 380 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.   

 

Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөөрчилсөн хувийг хариуцагчид гардуулж, мөн хуулийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд хариу тайлбараа ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж өгөхөд хариуцагч хариу тайлбараа бичгээр гарган өгч, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай хүсэлтийг талууд гаргасан тул хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...талуудын байгуулсан гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан” гэж тайлбарлан 273 750 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 265 000 587 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, “...2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй. Харин Д.М байрны үлдэгдэл төлбөрийг төлсөн ч маргаан бүхий байр Д.Мөнх-Эрдэнийн нэр дээр шилжих боломжгүй тул гэрээнээс татгалзаж байна гэж ойлгоод, 265 000 587 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэж маргасан.

    

                Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

 

           Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ“ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туулын 48б-1 тоот хаягт байрлах 174 м2 талбай бүхий 1 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 426 300 000 төгрөгөөр худалдахаар талууд харилцан тохиролцжээ.   

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг. Хэлцэл гэдэг нь иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэл/-ийг хэлэх бөгөөд өөрөөр хэлбэл хэлцэл хийгч этгээдийн өөрийн хүссэн тухайн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн хүсэл зориг, түүний илэрхийллийг ойлгоно. Хэлцэл нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шууд шалтгаалдаг. Энэхүү хүсэл зориг, түүний илэрхийлэл хууль зүйн дагуу байх ёстой. 

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцэл байгуулж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Гэтэл зохигчдын байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул талууд уг хэлцэлтэй холбоотойгоор ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчээс 265 000 587 төгрөг гаргуулан хариуцагч Д.Мд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.   

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Мөнх-Эрдэнийг 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд маргаан бүхий байрыг ашигласан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн 174 м2 талбайтай байрыг 1 м2 талбайг сарын 30 000 төгрөгөөр /зах зээлийн дундаж ханш/ гэж үнэлэн нэг сарын төлбөрийг 5 228 000 төгрөгөөр тооцож, 47 сарын үл хөдлөх хөрөнгө ашигласны төлбөрт 245 380 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Д.Мөнх-Эрдэнийн уг байрыг эзэмшиж, ашиглаж байсан нөхцөл байдалд нэхэмжлэгч тал буруутай, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, уг үл хөдлөх эд хөрөнгийг өөр өмчлөгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа, мөн нэгэнт өмчлөх эрхийг шилжүүлээгүй атал өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй зэргээс Д.Мөнх-Эрдэнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 476 140 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 591 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 1 591 000 төгрөг гаргуулж хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.

                                   

                          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                              

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Д.Мэс 245 380 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч.Ааас 265 000 587 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Мд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 476 140 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 591 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 1 482 953 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ